Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Дуунд мөнхөрсөн ээж...

/ Сонсож болно /



НЭВТ: Захидлаас үүдсэн сэдэв...
 
НЭВТ: Японы Хеүго мужийн сонсогч бидэнд ирүүлсэн захидалдаа: “Саяхан би Кёкюшүзаны ээжид зориулсан нэг сайхан дуу сонслоо. Би болон манай гэр бүлийнхэн Кёкюшүзаныг хайрлан хүндэтгэдэг хүмүүс билээ. Гэтэл түүний гэр бүл, эжий аавын тухай төдийлөн сайн мэдэхгүй юм. Иймд та бүхэн энэ дууны эзэн Кёкюшүзаны ээжийг танилцуулж өгнө үү” гэж бичжээ. Холын холд байх сонсогч та бүү хэл хажууд нь шахуу амьдардаг бид ч энэ эмэгтэйг тун бага мэддэг юм байна. Ингээд олон олон сонсогчдийнхоо хүсэлтээр ДУУНД МӨНХӨРСӨН ЭЭЖ  хөрөг тэмдэглэлээ хүргье.
 
                                                            / Азтай заяа-дуу орж ирээд /
 
НЭВТ: Жавзандулам нэлээд нуруулаг, хөнгөн шингэн, тун яриасаг нэгэн байв. Үнэндээ миний төсөөлж байснаас тэс өөр эмэгтэй байв. Үе тэнгийн болоод ч тэр үү ямар ч байсан бид хоёр хэзээний танил, дотно найз нөхөд шиг хэдэн цагийг өнгөрөөж билээ. Бид удам судар, эцэг эх, хань ижил, үр хүүхэд гээд юу эсийн тухай ярих билээ. Бидний ярианы гол сэдэв мэдээж Батана буюу Кёкюшүзан байсан юм.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
 СУРВАЛЖЛАГЧ: Би одоо ч санадаг юм. 90-ээд оны эхээр японы сонсогчоос ирсэн нэг захидалд сумо бөхөөр хичээллэж байсан монгол хүүхдүүдийн хоёроос бусад нь цөм зугатаад ЭСЯ дээрээ очсон тухай бичсэн байсан. Тэгэхлээр тэр үлдсэн хоёрын нэг нь Батбаяр байв уу?
ЖАВЗАНДУЛАМ: Яг ч бишээ. Эхлээд нэг л хүүхэд үлдсэн гэдэг. Тэр хүүхэд нь одоо энэ Энхбат шүү дээ. Тэр үед Ошима дэвжээнийхэн Батбаярын хойноос очиж бүр аргадаж байж буцааж авч явсан юм. Тэгээд л хоёр хүүхэд үлдсэн гэж ярьдаг биз дээ. Угтаа Батбаяр зугатаж байсан хүн шүү дээ. /инээнэ/
                                                СУРВАЛЖЛАГЧ: Анх яагаад сумод явах болсон юм бэ?
ЖАВЗАНДУЛАМ: 92 онд. Сумод хүүхэд шалгаруулж байна гэсэн зарлал үзлээ гэж Батана хэлж ирлээ. Тэгээд бид чиний өндөр хэд билээ гэхэд 183 см гэв. Тэгвэл шалгуулья, юмыг яаж мэдэх вэ тэнцэх ч юм билүү гээд шалгаруулалтанд орсон юм. Ингэж л эхэлсэн юм даа. 
 
                            / Батбаяр анх япон явахынхаа өмнө үдэлтийнхээ баяр дээр
                                         дуулж байсан дууны бичлэг орж ирэх /
 
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, та бүхэн Кёкюшүзан одоогоос арваад жилийн өмнө Сумод хүч сорихоор алс газар явахын өмнө төрсөн гэртээ эжий, аавдаа зориулж дуулсан дууны нэгэн бичлэгийг сонсож байна. 
 
                                                                     / дуу тодорч ирээд фон дээр /
 
             СИНХРОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Яг энэ үед та юу хэлж захиж байсан бол. Ер нь үр хүүхэддээ дандаа хэлж суудаг үг тань юу вэ?
ЖАВЗАНДУЛАМ: “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлэх дуртай. Ер нь аливаа алдар нэр, амжилт бүхэн хичээл зүтгэлээр л бий болно шүү дээ.
                                                СУРВАЛЖЛАГЧ: Тэгвэл хүү нь ээждээ юу гэж хэлдэг бол?
ЖАВЗАНДУЛАМ:  Нэг удаа хүү маань Японоос ярих үед миний бие тааруухан байсан юм. Тэгэхэд хүү минь санаа нь их зовж “Ээж минь би таны төлөө дутуу л залбирч байж дээ” гэсэн юм. Энэ үг намайг ямар их баярлуулсан гээч. Эх хүн л үр хүүхдийнхээ төлөө залбирч явдаг гэж ойлгож байсан чинь хүү минь бас миний төлөө залбирдаг юм байна гэж бодохоос одоо ч сэтгэл хөдөлдөг юм. 
 
                                                                /  дуу тодорч ирээд дуусна /
 
СУРВАЛЖЛАГЧ: Хүүгийнхээ бага насны хөгжилтэй дурсамжаас сонирхуулж яриач?
ЖАВЗАНДУЛАМ: Олон хөгтэй дурсамж бий. Би хүүдээ бага байхад нь “Хөхөөний үлгэр” их ярьж өгнө. Нэг өдөр ажлаасаа их оройтож ирлээ. Тэгсэн чинь хүү маань гэрийнхээ тоонон дээр гараад суучихсан тэнгэр өөд ширтээд сууж байх юм. Би сандраад Батана миний хүү... гээд дуудсан чинь таг чиг. Гэтэл манай айлын авгай дуу алдаж ирээд л  “Жавзандуламаа хүүгээ битгий загнаарай. Энэ чинь их бэлгэтэй зүйл болж байна. Бөх болох хүүхэд гэрийнхээ тоонон дээр суудаг юм” гэлээ. Хүүгээ дахиад дуудтал гэнэт намайг харснаа, “Өө, миний ээж хөхөө шувуу шиг биднийгээ орхиж яваагүй юм байна. Хүрээд ирлээ” гээд сүйд болж байсансан. Уг нь намайг оройтохоор хөхөө шувуу болоод нисчихэж, тэгээд олоод харчих санаатай гэрийнхээ тоонон дээр гараад тэнгэр ширтээд сууж байсан юм билээ л дээ. Ер нь манай Батана их дуулгавартай хүүхэд байсан юм. Би 24-тэйдээ  жил дараалсан дөрвөн хүүхэдтэй байсан хүн. Нэг удаа ажлаасаа шинэ танилуудынхаа хамт ирж байлаа. Тэгтэл өдөржингөө элсэн дээр тоглосон Батана 3 халтар дүүгээ дагуулчихсан “ээжээ... ээжээ...” гээд гүйж ирэх нь тэр. Залуугийн “ өвчин” юм биз дээ, би Батанад “Үүнээс хойш ийм байдалтай битгий “ээжээ гэж ирээрэй” гээд хэлчихлээ. Тэгтэл дараа нэг өдөр бас л олуулаа ирж байтал урьдаас өнөө Батана 3 дүүгээ дагуулчихсан “Эгчээ... эгчээ...” гээд гүйж ирэх нь тэр. Ичиж улайсан би яагаад эгчээ гээд байгаа юм бэ? гэсэн чинь, “Та чинь олон хүнтэй байхад битгий ээжээ... ээжээ... гээрэй гэсэн биз дээ” гэдэг байх шүү. /инээнэ/
 
НЭВТ: Кёкюшүзаны ээж Жавзандулам Ховд аймгийн Мянгад сумын хүн. Аав Жанцан нь баруун зүгийн дөрвөд, баяд, мянгад, өөлд дөрвөн аймгийн наадамд зард гарсан бөх хүн байжээ. Тиймдээ ч нутаг усныхан тэднийхийг “Бөхийнхөн” гээд бүр андахгүй. Энэ л “Бөхийнхөн”-өөс төрсөн зээ хүү Батбаяр нь бөх удмынхаа шийрийг хатааж явна.
Ингэхэд таны нөхөр Даваа Увс аймгийн Хяргас сумын хүн. Бас л хүчтэй, тэнхээтэй бөхчүүд төрж гардаг нутаг ус. Ингэхэд Батбаяр маань хэнийгээ дагасан бөх болж байна даа? гэхэд, тэрээр: Манай удмыг дагасан гэж боддог. Тэгээд ч монголчууд бөхийн удам охин үрд нь заяадаг гэлцдэг биз дээ гээд баясгалантай инээж билээ. Тэгвэл таны өвөг, өвгийн тань удамд бөхчүүд байсан л байхнээ гэхэд тэрээр шүүрс алдсанаа, Энэ талаар тодорхой юм хэлж мэдэхгүй л дээ. Өвгөө ярина гэхээс нэг их гунигтай түүх ярих болчихоод байдаг юм даа гэж билээ. 
 
                                                                                     / хөгжим /
 
НЭВТ: Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант хэмээх уул ус жигдэрсэн сайхан нутагт Гунаажав гэх залуу эр гэрээ барьж, үрийн зулайгаа үнэрлээд гурван жилийн нүүр ч үзээгүй байсан цаг. Эр бие, хүч чадал төгс дүүрэн Гунаажав нэг л өдөр орон, гэр хань ижил, жаахан хүүдээ эргэж ирэлгүйгээр үүрд алга болсон юм гэдэг. Хожим сонсвоос хойлогийн мах идэж өссөн хүний ганц хүү болохоор нь Гунаажаваар туг тахисан тухай гунигт мэдээг олж дуулсан юм. Маш ховорт тооцогдох хойлог шувууны мах идэж өссөн хүний цусыг амсваас аливаа үхэл, нэн ялангуяа шарх сорви олдоггүй гэдэг нэгэн ёс эрт цагт байсан юм. Гэвч үлдэж хоцорсон ганц хүү Жанцан нь нутаг хошуундаа зартай сайн бөх болж үр удмаа ийн үлдээж чаджээ.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ЖАВЗАНДУЛАМ: Аав минь сайн бөхөөс гадна усанд гайхамшигтай сэлдэг хүн байсым. Миний багад болсон нэг явдлыг би тодоос тод санадаг юм. Ховд гол их том шүү дээ. Манай нутгийнханы дунд Ховд голыг сэлж гарах зуураа хонины чанасан толгойг мөлжөөд хоосон ясыг нь авч гарах ёстой нэг наргиантай тоглоом байсан юм. Тэгээд түрүүлсэн хүнд нь хонины өвчүү шагнана. Тэр үед би жаахан байсан болохоор аавыгаа түрүүлээсэй, хонины өвчүүгээр шагнуулаасай гэж их бодно. Аав минь заавал түрүүлнэ. Миний аав усанд сэлэхдээ яг хөлөөрөө явж байгаа юм шиг их сонин сэлдэг хүн байсан. Ингэж сэлдэг хүнийг би одоо ч олж хараагүй. Манай нутагт хоёрхон хүн ингэж сэлдэг байсан юм. Одоо би аавынхаа тухай дурсамжийн ном бичиж байгаа. Энэ номондоо тэр босоо сэлэлтийн тухай их дэлгэрэнгүй бичнэ гэж бодож байна. 
 
НЭВТ: Жавзандулам морь жилтэй. 70-аад онд дээд боловсрол эзэмшсэн. Худалдаа эдийн засагчийн мэргэжилтэй. Өнөөдөр Кёкюшүзан хүүгийнхээ багын нэрээр нэрлэсэн “БАТАНА” нэртэй компаныг эрхэлж байна. Түүнээс үргэлж эрч хүч оргилж байх шиг санагдах юм билээ. Тиймдээ ч сурч, хөдөлмөрлөхийнхөө зэрэгцээ 5 хүүхэд төрүүлэн хүний зэрэгтэй өсгөсөн бизээ. Жавзандулам хөдөө газар төрж өссөн болохоор тэрүү эмнэг хангал морь унах дуртай. Чөлөөт цагаараа шүлэг бичдэг. Одоо шүлгийнхээ номыг хэвлэлтэнд бэлэн болгоод байна.
Уул шиг том болсон ч эхийнхээ сэтгэл зүрхэнд өнөө л балчир жаахан Батана чигээрээ байдаг Кёкюшүзан ийм л эжийтэй хүн дээ.

                                                                                                                                             2000 он
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив