Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Сэтгэлийн нүд...




НЭВТ: СЭТГЭЛИЙН НҮД...
 
                                                                                   / хөгжим /
 
РЕДАКТОР: Хотын гудамжаар үеийн хоёр бүсгүй хөтөлцөн их л хөгжилтэй алхана. Тэдний царай зүс, алхах гишгэх намба төрх хажуугаар өнгөрөх хэн бүхний харцыг эрхгүй булаана. Ив ижилхэн хоёр бүсгүйн ганц ялгаа нь гэвэл нэг нь нарт хорвоог харах мэлмий үгүй ажээ. Гэлээ ч тэр бусдын адил баяр жаргалтай... 
 
                            / “Дассан сэтгэл” дуу Баярдуламын дуулснаар орж ирээд фон дээр /
 
РЕДАКТОР: Энэ дуулж буй бүсгүйг  Баярдулам гэдэг. Энэ жил 20 настай. Атаархал төрүүлэм эрэвгэр хоёр алаг нүд нь баримжаат хөдөлгөөнөө үе үе алдавч түүний гоо сайхныг эвдэхгүй нь хорвоо түүнд харах мэлмий дутаасан ч бүсгүй хүний гоо сайхныг харин ч нэг өгч дээ гэж бодож суулаа. 
 
                                                                         / дуу тодорч ирээд дуусна /
 
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
БАЯРДУЛАМ: Би эмэгтэй хүнийг хамгийн сайхнаар төсөөлдөг. Зүйрлүүлж хэлбэл цэлмэг тэнгэр шиг, тунгалаг ус шиг тийм л ариухан хүмүүс гэж боддог. Хүн хүний дээд нь эх хүн байдаг болохоор миний эжий бас л хамгийн сайхан, хамгийн ариухан нь. Эжий сэтгэлд минь төсөөлөгддөг. Тэр төсөөллөөрөө би эжийгээ дүрсэлж, ургуулж хардаг. Тэр л төсөөллөөрөө би дунд сургуулийн 5-р ангид байхдаа хол газар сурч байсан эжийгээ санаж дурсаж анхныхаа дууг зохиож дуулсан юм. Энэ дуу бол миний сэтгэлд боссон миний эжий юм шүү дээ. Одоо энэ дуугаа дуулж өгье.
 
                                                                                      / дуугаа дуулна /
 
РЕДАКТОР: Цагаан сүүгээ шимүүлж өсгөсөн
                                    Буянт ээж минь та миний нар билээ
                                    Хорвоогийн эхчүүдийн нэгэн адил
                                    Бүүвэйн дуугаа нь аялж л сууна уу даа
                                    Үр нь болсон минийхээ төлөө санаа зовдог л байлгүй
                                    Үнэндээ би ч таныгаа зовоодог бизээ
                                    Хорвоод дахиад заяхгүй ээж таныхаа ачийг яалтай билээ би... 
 
                                                                           / дуу тодорч ирээд дуусна /
 
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Хорвоо ертөнцийн өнгийг хэрхэн төсөөлж хардаг вэ...?
БАЯРДУЛАМ:  Хүмүүс хорвоогийн өнгө, амьдралын өнгө гэж ярьдаг. Бас жаргал зовлон ээлжлэн байдаг жамыг хар цагаан хэмээдэг. Үнэндээ би хар гэж ямар, цагаан гэж ямар өнгө байдгыг мэдэхгүй л дээ. Гэхдээ надад харах мэлмий байхгүй ч сэтгэлийн нүд гэж бий. Тэр л сэтгэлийн нүдээрээ бүхнийг хардаг юм. Миний эргэн тойронд дандаа сайн сайхан хүмүүс байдаг болохоор би хамгийн жаргалтай нь. Би тэднийхээ ачаар хорвоог харж, амьдралын өнгийг таниад ирэхийн цагт гутах гуних зүйлгүй болдог. Ер нь би өөрийгөө хараагүй хүн гэж боддоггүй ш дээ. Яагаад гэвэл надад сэтгэлийн нүд байна. Энэ сэтгэлийн нүдээрээ би хорвоог харж, хүмүүсийн дунд орж тэднээс дутахгүй амьдарч хөдөлмөрлөж явна. Гэтэл өнөөдөр амьдралд... бие махбодийн мэлмий нь нээлттэй атлаа сэтгэл оюун нь харалган хүмүүс байна шүү дээ. Харах нүдтэй атлаа аав ээжээрээ тэжээлгээд, би ийм тийм ажил хийхгүй гээд голж шилээд явж байгаа миний үе тэнгийнхэн цөөнгүй байна. Би тэднийг их гайхдаг. Ямартаа ч хүн хөдөлмөрлөж байсан цагт амьдарна. Иймээс хүмүүсийн сэтгэлийн мэлмий нь ямагт нээлттэй байгаасай гэж боддог.
СУРВАЛЖЛАГЧ: Чи эмээгийн хүүхэд юмаа даа...?
БАЯРДУЛАМ: Тийм шүү. Миний хамгийн хайртай хүн бол ээж, эмээ хоёр минь. Улаан нялцгайгаас минь эхлээд өөрөөс унаснаас өөрцгүй өсгөж, хүмүүжүүлж ирсэн хүн бол миний хайртай эмээ. Сонин юм шүү... Би эмээдээ хамгаас их хайртай атлаа дуу зохиож чадахгүй л байгаа юм. Яагаад гэхээр эмээгийн хайр халамж эхийн хайр халамжаас ч илүү их байдаг бололтой. Тийм болохоор дүйцүүлэх юм олдохгүй байна уу гэж боддог юм. Миний эмээ ээж бид хоёрыг зэрэг өсгөж хүмүүжүүлсэн хүн. Яагаад гэвэл ээж минь 20 хүрээгүй, бараг хүүхдээрээ шахуу байхдаа намайг төрүүлсэнюм билээ. Тийм дээ ч бага залуугын гайгаар төрөх гэж байгаагаа мэдэхгүй хугацаа тулгаснаас хүндрэлтэй төрж, миний хараагүй болохын шалтаг болсон гэсэн. Гэхдээ үеийн охидуудаас дутахааргүй хувцаслаж, мэдлэг боловсрол эзэмшиж, хүний дайтай явж байгаа минь ач энэ хоёр хүний сэтгэл юм шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Чи хэн ч харсан атаархмаар сайхан хувцаслах юмаа. Ингэж хувцасаа тохируулж өмсөхөд чинь хэн тусалдаг вэ? Ер нь ямар стилээр хувцаслах дуртай вэ?
БАЯРДУЛАМ: Мэдээж намайг хувцасаа сонгоход эмээ, ээж хоёр минь тусална. Бас найз хөхөд минь зөвөлж тусалдаг. Би тэдний ярианаас ямар хэлбэрийн хувцас, ямар гутал моодонд орж байгааг олж мэднэ. Бас ямар өнгө, ямар гоёлыг бүсгүйчүүд хэрэглэж байгаа... гээд хувцас загварын ертөнцөөс хоцрохгүйг их хичээдэг. Стилийн хувьд гэвэл би нэлээд этгээд маягтай хувцаслахыг боддог. 
 
                                                           / дуулсан дууны нь бичлэг орж ирээд /
 
РЕДАКТОР: Сонсогч та Баярдулам бүсгүйтэй танилцлаа. Түүнийг олон хүн дуучин гэдгээр нь мэдэх боловч юу хэлж ярьдаг, ямар үзэл бодолтой болохыг нь тэр бүр болов уу... Өнгөрсөн жилээс Баярдулам хөдөө нутгаар аялан тоглолт хийж эхэлсэн. Уяхан сэтгэлтэй хөдөөгийнхөн “Ийм сайхан амьтанд байгаль эх минь юунд алтан мэлмийгий нь дутаагаа вэ...” хэмээн  харуусан гаславч бүсгүйн цог жавхаалаг, сэтгэл өөдрөг байдлыг харж, уянгат дууг нь сонсоод тайвширдаг юм. 
 
                                                                             / дуу тодорч ирээд дуусах /
 
                                                                                                                                      1997 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив