Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Дөрвөн настай халиун

/ Бичлэгтэй, сонсож болно /


НЭВТ: Эрхэм сонсогчид оо, “Дөрвөн настай халиун” ардын дууны домгоос сэдэвлэн бэлтгэсэн радио зохиомж хүлээн авч сонсоно уу.
 
                                                                                       / хөгжим /
                                             / морьтой хүн шогшуулж ирээд уяан буух чимээ /
 
Хөтлөгч:        Хэдэн өөвгөр бор гэрийн гаднах хусан уяаны дэргэд хурган лоовууз сөхөж тавьсан монхордуу хамартай, өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй идэр эр халтар хээр мориныхоо амыг нар зөв эргүүлэн зөөлөн татаж, буугаад зүүн захын жижиг гэрийг чиглэн  тэвхэлзтэл алхав. Өндөр чилгэр нурууг нь даган сунайсан урт хар гэзгээ бүснээсээ хавчуулсан нь хүний анхаарлыг эрхгүй татах аж. Энэ бол Цэцэн хан аймгийн Халхын гол хошууны ядуу эр Барамсайн ганц хүү Сэрээтэр. Үс зүс, нуруу туруу сайтай, бас цуутай уран дархан гэгддэг, нутаг усандаа ёстой л  сор болсон сайхан залуу. Сэрээтэрийг дуулахаар голын ус  урсгалаа татан сонсдог гэлцдэг юм.
Хүйтэн жавар дагуулан орж ирэх хүүгээ Должин авгай зөөлөн харцтай бор нүдээрээ мишээн угтаад, Иш хүү минь, ямар эрт ирэх юм дээ. Адуу сайн хонов уу...? Хүйтэн байв уу...?  гэж хойно хойноос нь давхцуулан асуухад,
Сэрээтэр:      Сайн сайн, ээж минь санаа зоволтгүй. Харин урьд шөнө Гачин ламын эрмэг цагаагч гүүнээс босоо унага төрсөн шүү дээ. Хөөрхөн бор унага... Би “ганзган” им тавьчихлаа...
Эх:                  Адууны манаатай хоноход чинь босоо унага төрнө гэдэг билэгтэй юм болж дээ, хүү минь...
Сэрээтэр:      Хэлээд юухэв...
Эх:                  Алив, наашаа суу, цай цүйгээ уу...
Сэрээтэр:      Ээжээ, манайд хүн ирээ юү дээ, хэн ирээв?
Эх:                  Хошуу захирагч Гандан бээсийн хиа ирж, чамайг даруй хүрээд ир гэж хэлүүлжээ.
Сэрээтэр:      Яаралтай хэрэг гараа юм болов уу?
Эх:                  Мэдэхгүй дээ, хүү минь
Сэрээтэр:      За, би ингэсхийгээд мордьё доо...
 
                                                                 / хөгжим /
                                        / морьтой довтолгох давхих чимээ /
 
Сэрээтэр:      Амар сайн байцгаана уу?
Бээс:              Өө, Сэрээтэр хүү... өөдөө суу... Алив, шинэ цай, идээ будаа бэлд...
Сэрээтэр:      Зүгээр дээ... Бээс гуай, яаралтай хэрэг гараа юу?
Бээс:               Үгүй дээ. Яаралтай ч юу байхав дээ, жороо халиундаа ганц сайхан эмээл, хазаарын тоног хийлгэюү гэсэн юм. Манай нутагт  чиний хийцийг л гэх юм байна шүү дээ. Шан харамжыг бол ёстой гомдоохгүй шүү...
Сэрээтэр:      Бололгүй дээ... Бээс гуай, урьд шөнө танай адуун сүрэгт  босоо унага төрлөө шүү дээ...
Бээс:               Пээ... ямар өлзий дэмбэрэлтэй юм болоо вэ?
Сэрээтэр:      Тэгсэн. Танай сүрэгт байдаг Гачин ламын эрмэг цагаагч гүүнээс нэг хөөрхөн бор унага босоо төрлөө шүү дээ...
Бээс:               /Их л баяртай/ Буяны юм, буяны юм... өлзий хишиг дуудаж байгаа нь тэр дээ. За тэгээд Сэрээтэр минь... Бээсдээ нэг сайхан эмээл хазаарын чимэг хийж өгч дээ, үнэ хөлсийг гомдоохгүй ээ...
Сэрээтэр:      Та надад нэг хөл дөрөөвчлөх сайн хүлэг өгвөл ч...
Бээс:               Бололгүй яахав. Чи өөрөө миний адуун сүргээс сэтэртэйгээс нь бусдаас нь сонгоод ав...
Сэрээтэр:      Тэгвэл сая төрсөн босоо унагыг авъя даа...
Хөтлөгч:        Гандан бээсийн нүүр улсхийн, живэр сахлаа сандчин имэрснээ “Энэ муу гуйлгачин буян хурайлах босоо төрсөн унагыг нэхэж байна гээч. Үгүй гэвэл адарчих шийртэй золиг байгаа юм. За байз, яадаг юм билээ дээ. За за, минийх ч юм биш, Гачин ламынх. Харин ч түүнийг гуйсан нь  бас болж байна. Хэдэн жороо адуунаас минь авна гээгүй нь их юм. Түүгээр нь амыг нь таглаад авдаг хэрэг” гэж дотроо бодсоноо,
Бээс:               Эрийн шийр юм даа, чи.  Сүргийн минь сорыг авъя гэж байх шив дээ. За яахав, хүссэнээр чинь тохироё... ха ха ха...
Сэрээтэр:      /Их л баяртайгаар/ Босоо унаганы чинь хариуд би танд гараа гаргаж сайхан эмээл, хазаарын тоног хийж өгнөө...
Хөтлөгч:        гэхэд “Баярлах ч бас болоогүй шүү. Чи босоо унагыг минь автал бас зай ч бий, лай ч бий” хэмээн Гандан бээс дотроо эгдүүцэн суув.
 
                                                             / хөгжим /
 
Хөтлөгч:        Должин авгай халуу дүүгсэн бор гэртээ үйл үртэс болон сууж байтал гаднаас хүү нь их л баяр хөөртэй орж ирээд:
Сэрээтэр:      Ээж, ээжээ... Би урьд шөнө төрсөн босоо бор унагыг авах болчихлоо...
Эх:                  Хүүе, яаж байгаа нь тэр вэ? Бээстэн юу болоод босоо унагаа өгөх болчихоов?
Сэрээтэр:      Жороо халиуныхаа эмээл, хазаарт мөнгөн тоног хийлгэх хөлсөндөө өгнө гэсэн...
Эх:                  /нэгийг бодсон янзтай/ Жороо халиуны гоёл гэнээ...?
Сэрээтэр:      Тийм. Та юунд гайхаав...?
Эх:                  Үгүй дээ, Балгарын голын Алимаа бүсгүйг буулгах юм гэж дуулдаад байсан, үнэн байхнээ. Бодвол тэр бүсгүйн унах морины гоёл юм болов уу даа...
Сэрээтэр:      /их л цочмог ширүүн дуугаар/  Юу...? Алимааг уу...?
Эх:                  Хүү минь, ихэсийн явдал хойно дуугүй байгаарай даа...
Сэрээтэр:      Ээж минь, та Алимаа бид хоёрын явдлыг мэдэх хүн байж,  арай ч дээ...
Эх:                  Үгүй ээ...  хүү минь ээ...
Сэрээтэр:      Сэтгэл дийлдэг юм уу, эрх мэдэл дийлдэг юм уу, үзнэ дээ... Би явж Алимаатай уулзанаа...
Эх:                  /сандран/  Хүүе, Сэрээтэр ээ...  Хүү минь ээ, нохойтой өширхвөл хормойгүй, ноёнтой өширхвөл хонгогүй гэдэг юм. Аядуухан байгаарай даа...
 
                                                              / хөгжим /
 
Хөтлөгч:        Тал нутгийг бүтээсэн их цас тарлантаж, газрын өнгө алаг цоог. Сэрээтэрийн унасан морины хөлөөр цас шороо бутарч, чулуу үсчинэ. Сэтгэлд нь ч мөн адил хуй босож буй бололтой. Тэрээр сэтгэлийн хямарлаа дарах гэсэн үү, эсвэл гомдол тунирхлаа илэрхийлэх гэсэн үү ингэж дууллаа.
 
                       / Будал цолмон хүрэн-уртын дуу орж ирээд фон дээр /
 
Арын цагаан дэрсийг
Нална гэж санасангүй
Амраг жаахан хүүгээсээ
Сална гэж санасангүй... 
Гэнэн бага насандаа
Гэндэнэ гэж санасангүй
Гэнэхэн хоёр бие
Сална гэж санасангүй...
  
                                       / дуу тодорч ирээд дуусах /
 
Хөтлөгч:        Сэрээтэр удаж төдөлгүй овон товон хад чулуутай зүрхэн улаан уулын энгэрт байх  хот айлын гадаа бууж, хэдэн бор гэрийн баруунтаах том цагаан гэрийг чиглэн яаран алхтал, өмнөөс нь дөрвөн нүдтэй халтар нохой давхин ирснээ сүүлээ шарвалзуулан эрхлэв. Залуу эрийг гэрт ороход гэрийн эзэн өглөө эрт довтолгон ирснийг нь гадарлав бололтой, залуугийн мэндийн хариуд ёс төдий хариулах авай. Гэрийн эзэн тарган шар өвгөн үг дуугүй том мөнгөн аягатай цайгаа оочно. Цагаан алчуураар толгойгоо ороосон эзэгтэй хийх юмаа олж ядсан аятай тулгатай галаараа оролдоно. Гэрийн баруунтаагаас жижигхэн цагаан бүсгүй босож, хээ гаргаж шагласан ногоон өнгийн үзэмчин дээлээ нөмгөн хөдрөөд, гуулин тоногтой агар зандан хувин авангаа залуу руу урт сормостой хөөрхөн хар нүдээрээ сэм дохиод гарлаа. 
 
                                        / үхрийн зэлэн дээр үнээ тугал мөөрөлдөх /
 
Хөтлөгч:        Бүсгүй мухар улаан үхрээс тугалыг нь татахгүй мэлрэн зогсож буйг харсан залуу,  “Хүүе Алимаа, тугалаа татаач...” гээд хөөс сахруулан хахаж цацан хөхөж байгаа тугалын амыг яаран татлаа. Бүсгүй хувингаа барьсан чигтээ залуу руу харснаа:
Алимаа:         Дуулаа биз дээ..?
Сэрээтэр:      Тэглээ... Дуулаад л ирлээ шүү дээ. Тэгээд бүр шийдчихээ юу?
Алимаа:         Чи аав, ээжийн байдлыг хараа биз дээ?
Сэрээтэр:      Харин чи...?
Алимаа:         Би чамаас өөр хэнд ч очихгүй ээ, ерөөсөө хоёулаа оргоё...
Сэрээтэр:      Тэгээд чамайг хэзээ буулгана гэж байна?
Алимаа:         Надад ч бас мэдэх юм алга... Эд надаас нуугаад байх шиг байна.
Сэрээтэр:      Бээстэн надаар жороо халиуныхаа эмээл, хазаарын тоногыг хийлгэх гэнэ.
Алимаа:         Чи хийхгүй биз дээ?
Сэрээтэр:      Хийнэ дээ... Ямартаа ч би нэг сайн унаатай болох хэрэгтэй байна.
Алимаа:         Тэр нялх амьтны сайн мууг одоо яаж мэдэх вэ дээ?
Сэрээтэр:      Харж л байгаарай. Дөрвөн жилийн дараа ямар хүлэг болсон байхыг хүмүүс харах л болно. Ямар ч байсан бээстний юмыг хийж өгчихөөд босоо борыг, чамтайгаа аваад эндээс явна даа...
Алимаа:         Чиш... чимээгүй хүн сонсчихно. Маргааш хонины хишиг дээр уулзъя...
 
                                                                / хөгжим /
 
Хөтлөгч:        Уудам талд ноёлсон харахуйг гийгүүлэн үүр хаяарах зүгээс хоёр морьтон салхи сөрөн довтолгосоор айсуй. Тэд шөнөжин яаран давхисан янзтай. Ганзаглаастай зүйлийг нь харваас лав босуул хүмүүс бололтой.
Сэрээтэр:      Ядарч байна уу, миний хүү...?
Алимаа:         Гайгүй дээ...
Сэрээтэр:      Тэр харагдаж байгаа хөндлөн хөх уулыг өнгөрвөл чивчин баргын нутагт хүрч байгаа юм даа.
Алимаа:         /гунигтайгаар/ Ингээд хоёулаа нутаг уснаасаа дайжиж харийн хошууны хүн болж дээ...
Сэрээтэр:      Нэгэнтээ нутаг усандаа амьдарч болохгүйгээс хойш яая гэхэв дээ. Баргын нутаг гэлээ ч монгол газар шороо минь шүү дээ
Алимаа:         Тиймдээ, харин чи минь босоо бор унагаа авч чадсангүй дээ
Сэрээтэр:      Болно биз дээ, хө...
Алимаа:         Уг нь сайн хүлэг эр хүний хань юмсан даа...
/ алсаас айсуй морьтны чимээ орж ирнэ /
Алимаа:         Сэрээтэрээ... Тэр морьтнууд бидний араас нэхэж байх шиг байна?
Сэрээтэр:      Тийм байна...  Хурдал, цулбуураа сайн бариарай...
Алимаа:         Одоо яанаа...
 
                         / хос морьтон мориндоо ташуур өгөн ухасхийх давхих чимээ
                                        / ноцолдох, хэн нэгнийг жанчих, ёолон дуу алдах чимээ /
 
Хөтлөгч:        Удаж төдөлгүй муна бороохойгоор зэвсэглэсэн олон морьтон гүйцэн ирж Сэрээтэрийг морин дээрээс нь гуд татан унагаад зэрэг дайран нүдэж гарлаа. Сэрээтэр ач тач  үзэлцэвч хүний олонд арга буюу дийлдэв.  Үүнийг харсан Алимаа бүсгүй уйлан хайлан:
 
Алимаа:         Та нар болиоч дээ, хүн аллаа шүү дээ. Түүнийг амьд үлдээгээч дээ. Оронд нь намайг аваад яв...
Хөтлөгч:        гэхэд, хууз сахалтай, жартгар улаан нүдтэй түрэмгийн байрын бүдүүн эр,
Эр:                  Чамайг хүссэн хүсээгүй авч явна. Харин түүнийг чинь амьд үлдээх эсэхийг Гандан  бээс мэдэх хэрэг...
Хөтлөгч:        гээд бүсгүйн гараас мориных нь цулбуурыг шувт татан аваад:
Эр:                  За, за... та нар наадахаа орхи, тэртэй тэргүй хээрийн боохой зооглоно биз...  ха ха ха...
Хөтлөгч:        Бүдүүн эрд цулбуураа булаалгасан бүсгүй цус шороотой хутгалдан хэвтэх хайрт хүнээ нулимстай нүдээр эргэн эргэн харсаар холдон явлаа.
 
                                                                                        / хөгжим /
 
Хөтлөгч:        Сэрээтэр Чивчин баргын нутагт морины наймаачин баян данжаадын адуун сүргийг малласаар 4 жилийн нүүр үзжээ. Нэг өдөр морины наймаачин баян данжаад хэдэн сайхан адуу авчирсны дотор Гачин ламын “ганзган” имтэй дөрвөн настай бор морь нь байгааг хараад шууд таньжээ. Үдэш нь Сэрээтэр баян данжаад дээр очиж 4 жил адуу малласан хөлсөө авъя  гэхэд,
Данжаад:       Тэг ва, тэг ва... сүүлд авчирсан адуун дотроос дуртайгаа ав ба... хэдийг авах хүсэлтэй байна?
Сэрээтэр:      Данжаад гуай, би ганцхан бор морийг авья даа...
Хөтлөгч:        гэхэд,  данжаад гайхсандаа жоотгор нүдээ хурдан хурдан цавчлан хэсэг чимээгүй сууснаа, хүн мордуулдаггүй эмнэг хангал морийг нь авья гэсэнд нь их л олзуурхан,
Данжаад:       Тэг ва, тэг ва... сайн морио, сайн морио...
Хөтлөгч:        гээд хол хол зайтай шар шүдээ гарган маасайтал инээв.
/ уянгын хөгжим /
Хөтлөгч:        Сэрээтэр халиун борынхоо ялгуун өндөр толгой, уран солбио чихийг бахдан харж, мөрний урсгал адил тэнүүн зоо ташааг халуун алгаараа энхрийлэн илбэн шувтрахад нарны алтан туяанаа мөнгөн зоо нь боронзлон гялтагнана. Тэгээд мөнөөх халуун алгаараа мориныхоо магнаг толгойг илээд дух руу нь давж унжсан туг согсоог хоёр чихийг нь давуулаад,  “Хүний газар дахин уулзах хувьтай байжээ, бид хоёр” гэж амандаа шивнэхэд хайртай хүлэг нь бүрээ хамраа сарталзуулан үүрсээд, эзнийхээ сэтгэлийн чагтагыг  эрэн эрэн,  уран толгойгоо дүүхэлзүүлэн хаялахад, хөх мах нь үл мэдэг чичирхийлнэ.
 
                                                            / морь үүрсэх чимээ өгөх /
 
Хөтлөгч:        Энэ цагаас хойш эрийн сайн эр, хүлгийн сайн хүлэг хоёр  хүний газар, гүний нутагт  аж төрсөөр. Дал мөрөө даран сунайсан урт сайхан гэзэгтэй, өндөр чилгэр нуруутай дууч залуугийн уягат дуу, уран хийц, нисэх мэт хурдлах бор морины шандас баргынхны бахархал болдог байсан хэдий ч залуу эр Сэрээтэр амраг жаахан Алимаагаа,  нутаг усаа санан санан тэмүүлэхдээ ийм нэгэн дуу зохион дуулжээ. / Дөрвөн настай халиун дуугаа дуулах /
                                                             Дөрвөн настай бор нь
                                                Дөрөө жихэд ергөөтэй
                                                Дөрвөлжлөөд харагдах нутаг
                                                Халхын дөрвөн хансар уу
                                                             Таваар тавьсан гэзэг нь
                                                Талын бутуул шиг саглайгаад байна
                                                Танилцаагүй чивчин баргатай
                                                Танилцсан миний заяа...
Хөтлөгч:        Тэр нэгэн өдөр Сэрээтэр босоо бороо унаад Хайлаараас хойш байх Мэргэл голын орчим орших Нагатайн нарснаас Баруун үзэмчний нутаг дахь Түхэгнэг улиастай хүртэл олон бээр газрыг ганцхан хоногт туулж хүрчээ. Тэрээр найр наадамдаа гэр нь хөвсөлзөн байх Гандан бээсийн хажуугаар халиун мориныхоо задгай хатираагаар давхин өнгөрөхдөө ингэж дуулжээ.
 
                            / морин дэл дээр дуулан давхиж өнгөрөх чимээ фон дээр /
Хөтлөгч:        Босоо чихтэй бор нь
            Богдын гачингийн унага даа
            Буцаад харья гэхээр
            Буцмал Алимаагаас эмээгээд байна
Ганзган имтэй бор нь
Гачингийн сүргийн унага даа
Газар нутагтаа харья гэхээр
Гандан бээлээс айгаад байна...
 
Хөтлөгч:        Ер бусын уянгалаг сайхан дуу сонссон найрчид гэрээс уралдан гарч ирээд хүлгийн сайныг унасан эрийн сайхан эрийг гайхан биширч, ам амандаа шагшин магтаж байлаа. Ясны өстөн нь ингэж найр наадмыг нь эвдэн үймүүлээд зогсохгүй, түмэн олныг анхаарлыг өөр дээрээ татсанд атаархаж хорссон Гандан бээс тэр даруй араас нь хэдэн туршуул нууцаар илгээж, босоо бор морийг нь буудан хороож, Сэрээтэрийг барьж аваад, Цагаан үзүүр гэдэг газар 4 алд нүхэнд хийж хорьжээ. Санаа муутын үйлээр харанхуй хар нүхэнд үйгдэж гэгээн нар, гэрэлт орчлонгоос  тасарсан ч сайхан эр Сэрээтэр уянгат дуугаа дуулан дуулсаар байсан гэдэг. Тавилан заяаны эрхээр тамын нүхэнд хоригдсон Сэрээтэрийн уянгат дуу хүний орчлонгийн сайн муу, алаг эрээн, ач бач, атаа хорсол, хайр сэтгэл, эерэл нигүүлсэл бүгдийг өчин дуурсаар байв. Харин нэг л өдөр хар нүхнээс эгшиглэн цуурайлах түүний сайхан дуу хаданд уусан шингэх мэт сонсогдохгүй болсон  юм гэдэг. Гэсэн хэдий ч сайхан эр Сэрээтэрийн зохион дуулсан “Дөрвөн настай халиун” хэмээх дуу нь өнөөг хүртэл ард олныхоо дунд дуулагдсаар авай.
 
                     / “Дөрвөн настай халиун” дууг дуучин Цоодолын дуулснаар өгөх /
 
НЭВТ: Эрхэм сонсогч та бүхэн “Дөрвөн настай халиун” ардын дууны домгоос сэдэвлэн бэлтгэсэн радио зохиомж хүлээн авч сонслоо.

2010 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив