Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Мэндсэн ээж...

/ Сонсож болно /



НЭВТ: Захидлаас үүдсэн сэдэв...
 
                                                                                     / хөгжим /
 
НЭВТ: “Монгол эмэгтэйчүүдийг олон хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ ажил хөдөлмөр хийдэг тухай би нэг сэтгүүл дээрээс олж уншсан юм. Ажил хөдөлмөр хийхийн хажуугаар олон хүүхэд яаж өсгөж байнаа, энэ надад их сонин санагдаад байна. Иймээс та бүхэн олон хүүхэдтэй ээжтэй танилцуулж өгнө үү” гэсэн Японы сонсогчийн захидлаас үүдэн олон хүүхэдтэй сайхан ээжийн эрэлд мордсон юм. Олон хүүхэд төрүүлж өсгөхийн хамт ажил хөдөлмөр эрхэлдэг эмэгтэй монгол газар дэндүү олон болохоор хэнийг сонгож уулзах вэ гэдэг амаргүй ээ. Гэсэн ч эрлийн эцэст нэгэн сайхан ээжтэй уулзсан юм. Тэр бол баруун хязгаарын Увс нутгийн уугуул 11 хүүхдийн эх Тамирын Мэндсэн юм.
Ингээд та бүхэн үр хүүхэд үрийн үрээ тойруулан жарган суугаа Мэндсэн ээжийн тухай хөрөг тэмдэглэл хүлээн авч сонсоно уу.
 
                                                                        / хөгжим /
 
НЭВТ: ҮРИЙН БАЯСГАЛАН...
 
                        / баруун монголын хуурын татлага орж ирээд фон дээр /
 
НЭВТ: Баруун хязгаарын Увс нутгийн Тэс сумын элс нь алтарч, таван голын ус нь бүрдсэн сайхан нутагт ажилч хөдөлмөрчөөрөө хол ойрдоо зард гарсан далан улаан үхэртэй Данаа гэх бийлэгжүү эр байжээ. Данаан хүү Тамир бас л эцгийн удмыг залгасан гайхалтай ажилсаг хүн болжээ. Тэрээр буурлын буян мал сүргээ өсгөн үржүүлж “мянгат малчин” болсон төдийгүй гол усандаа “сайн малчин Тамир” гэж хүндлэгддэг боллоо. Сайн малчин Тамирийн хөндий дүүрэн мал сүрэг ер дундарч байсангүй ээ. Энэ нь дээрээс заяасан буян ч биз, бас  ажилсаг хөдөлмөрчийн үр шим ч бизээ. Тамирийн гэргийн Намсан бас л ажилсаг нэгэн.
1936 оны хавар Тамирынд нэгэн охин дуу хадаан ертөнцөд ирснээ зарлан төрсөн нь тэдний цорын ганц үр Мэндсэн юм. Бурхан тэднийд ердөө ганц үр заяасан ч гэлээ эдүгээ үрийн үр гээд нэгэнтээ 20 хол илүү гарчээ. 
 
                                                      / хөгжим /
 
НЭВТ: Хөндий дүүрэн малтай чинээлэг айлын ганц үр болж төрсөн болохоор Мэндсэн охин эрх гэж тамтаггүй байсан байх даа гэхэд, Мэндсэн гуай инээд алдаад: “Дутагдаж гачигдах юм гэж юу байхав дээ. Гэхдээ гэдэс цатгалан явна гэж бараг үгүй шүү. Яагаад гэдгийг одоо цагийн хүмүүс ойлгохгүй байх даа.  Өглөө эрт босно, үдэш орой унтана. Ээжийнхээ аягалж тавьсан тараг хоормог, атгаж өгсөн ааруул хуруудыг идэхээс биш, цааш давираад өрөм тосонд хүрэх гэж байхгүй шүү дээ. Энэ бол эжий аавын минь харамч хатуугынх биш, харин гэдэс цатгалан хүн юм сурч, ажил хийдэггүй гэсэн тэдний үзэл баримтлалтай холбоотой юм. Үүнийг би ч бас амьдралынхаа мөрдлөг болгож ирсэн юм шүү” гэж билээ. Удам сайт хүний үр хойно Мэндсэн охин ажилсагын дээр сэргэлэн цовоо нэгэн байжээ. Олон малтай, бүл цөөтэй айлын хүүхэд болохоор түүнийг бичиг үсгийн дугуйланд шахаж шаардаад явуулчихдаггүй байж. Үүнд Мэндсэн охин ихэд харуусавч эцэг нь цэрэгт явсан болохоор эжийдээ тус дэм болохоос яахав. Өглөөнөөс үдэш болтол олон зуун малтай хөөцөлдөж, хажуугаар нь бичиг үсэг сурч байгаа хүмүүсийн ар өврөөр нь гүйн асууж лавласаар бичиг үсэгтэй болоод авчээ.
Энэ үед эцэг нь таван жилийн хугацаатай цэргийн албанаасаа буцаж ирлээ. Мэндсэн охин ч 17 хүрч нутгийн ёсоор айлын бэр болох болжээ. Хүргэний эцэг Баатар чадалтай ч, чадалгүй ч хүүдээ заавал гэр бэлтгэж өгдөг баруун аймгийнхны ёсоор сумын контороос эсгийн бүрээс зээлээр авч хүүдээ хөөрхөн гэгчийн бөмбөгөр цагаан гэр барьж өгчээ. Энэ л бөмбөгөр цагаан гэрт 11 хүүхэд нь төрж өссөн. Энэ л бөмбөгөр цагаан гэрээс хожмын эмч, багш, инженер, сэтгүүлч, эдийн засагч, хуульч, орчуулагч гээд олон мэргэжлийн хүмүүс төрж гарсан юм. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
МЭНДСЭН: Тэр жил аймгийн төвд  би эмийн найруулагчийн сургуульд 45 хоног сурч эм найруулагч болов. Тэгээд арваад жил найруулагч хийж байгаад дахиад курсд сууж  тогооч болов. Сургуулийн 260-аад хүүхдийн хоолыг хоёр хүнтэй хамтарч хийнэ. Олон хүүхдийн хоол хийнэ гэдэг амаргүй ажил, ёстой амиа гартал зүтгэдэг байлаа. Миний амьдралдаа хамгийн их зүдэрсэн нь тэр байсан даа.  Шөнийн нэг цаг гэхэд бүх хүүхлийнхээ хувцсыг угаагаад тавьчихна. Өглөө харанхуйгаар босоод хүүхдүүдийн хувцсыг нь янзалж бэлтгэж тавьчихаад 4 цаг гэхэл ажилдаа яваад өгнө.
СУРВАЛЖЛАГЧ: Энэ үед та хэдэн хүүхэдтэй болчихсон байв?
МЭНДСЭН: Өө олон, олон. Долоо найман хүүхэдтэй болчихсон байсан. Тэр үед малаа маллая гэж бодсон л доо. Гэхдээ би өөрөө хүний ганц, эрдэм ном бага сурсан болохоор их зүдэрсэн. Мэдлэг бага болохоор тогооч энэ тэр гээд шавар шавхайтай ажил хийнэ шүү дээ. Тогооч ч гэсэн цэвэрлэгээгээ өөрөө хийнэ. Бараг л таван хүний ажил хийнэ. Тиймээс үр хүүхдээ юм сурч аваг гээд бүх малаа нийгэмчилч өгчихөөд сургууль бараадсан хэрэг шүү дээ. Хүүхдүүдээ эрдэм номтой болгох гэж амьдралынхаа туж нүүсээр ирсэн.  Түрүүчийн хүүхдүүдээ Таван улиас гэдэг газар 4-р анги төгсөхөөр нь 8-р анги төгсгөх гэж суманд ирээд, 8-р ангиа төгсөхөөр нь 10-р анги төгсгөх гэж аймагт ирж, 10 –р анги төгсөхөөр нь их дээд сургуульд оруулах гэж УБ хотод нүүж ирсэн юм. 
 
                                          / хөгжим /
 
НЭВТ: Үдэш хэдийн болж унтахаар жирийтэл хэвтсэн хүүхдүүд гэрийн хойморыг бараг бүтэн зулжээ. Хамгийн захад хэвтсэн түнжин толгойтой бор хүүгийн хоосон гэдэс нь хоржигноод нойр нь хүрэхгүй эргэж хөрвөнө. “Маргааш тооны хичээл дээрээ заавал онц авах юм шүү. Байрны хэдэн хүүхэдтэй тоглож өнжөөгүй бол яах гэж муу авах билээ. Уг нь би дандаа л онц авдаг даа. Гэтэл миний оройн хоолыг хасаж шийтгэх юм. Аав их л уурласных л даа” гэж бодоод хүү нүднийхээ завсраар сэмхэн хартал, аав нь хучлагыг нь засаад “Муу хүү дээ арай л ширүүлчихэв үү дээ” гээд духыг нь үнэрлээд бослоо. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
МЭНДСЭН: Цэцэрлэгийн хүүхдүүд ч яахав. Сургуулийн хүүхдүүддээ би “Та нар өнөөдөр онц аваад ирвэл 5 төгрөг өгнө. Түүгээр та нар киногоо үзнэ үү, юугаа хийнэ өөрсдөө мэд. Сайн аваад ирвэл З төгрөг, дунд авбал нэг төгрөг 50 мөнгө өгнө, харин муу авбал хоол өгөхгүй гээд их хатуу байдаг байсан. Манай тэр Ядмаа хүү 9-р ангид байхдаа дунд авчихаж, аав нь орж ирээд шууд жанчсан. Уг нь манай өвгөн их зөөлөн хүн. Гэхдээ хүүхдээ юм сургах тал дээр бол надтай ёстой санаа нийлнэ. 
 
НЭВТ: Айл хотлынх нь “Тэр Дэмчигийн хүүхдүүдийг хар. Яаж сурч байна, орон гэрийнхээ ажлыг яаж хийж байна, дүү нараа яаж харж хандаж байна. Тэднээс сур...” гэж ирээд л үр хүүхдээ зэмлэх нь олонтоо. Үнэндээ ч “Олон хүүхэд цөөнөөсөө дэгтэй. Олон хүүхдээс сурах юм их бий” гэж монголчууд бид ярьдаг үнэний ортой.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
МЭНДСЭН: Үгүй яахав, олон хүүхдээ сайхан өсгөжээ гээд өнөөдрийг хүртэл ганц ч хүн надаас ингэж ярилцлага авч байсангүй ээ. Одоо бодоход миний тэр үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж ирсэн ажлыг үнэн тодорхойлох юм бол ямарч гавьяатнаас дутахгүй дээ, тиймээ?  Би бас хамаг их малаа улсад өгсөн хүн. Ганц ч хурга ишиг авсангүй, хамаг үр хүүхдээ хүн шиг болгож, эрдэм номтой, ажил хөдөлмөртэй болгож эх орондоо өглөө. Үүний хариу ч байхгүй. Хүний ордонд төрснийх их ажил хийлээ, олон хүүхэд өсгөлөө, их ч зүдэрлээ. Үүнийгээ  засаг төрдөө дуулгахсан, мэдүүлэхсэн гэж бодогддог юм шүү.
СУРВАЛЖЛАГЧ: Таныг 11 хүүхдээ эрдэм номтой, ажил мэргэжилтэй сайн сайхан хүмүүжүүлсний төлөө улсаас ганц өрөө байр өгсөн ч болох нь байна шүү дээ?
МЭНДСЭН: Тэр байр өгөх хамаагүй ээ. Нутгаа яваад нэг ирчих хэмжээний тус дэм, халамж үзүүлчихвэл болох юм байгаа ш дээ. Мэдэхгүй байгаа л даа. Гэхдээ иргэнээ мэдэхгүй дарга нар юугаа хийдэг юм. Надад ингэж л бодогддог.
 
НЭВТ: Мэндсэн гуай өнөөдөр нас сүүдэр 70 дөхсөн ч ануухан сайхнаараа харагдана. Тэрбээр сэтгэл нь тун их хөдөлсөн бололтой “Хэдэн хүүхэд минь надаас хойш үзэж суугдаа гээд ийм юм бичиж байна” гээд нэгэн хуучивтар дэвтэр гаргаж үзүүллээ. Хүн хүндээ тусалж яв. Уурыг тэвч. Аливаа асуудлыг тайван, ухаанаар шийдэж бай... гэхчлэн эх хүний олон сайхан сургаал бичжээ.
 
                                                                    / хөгжим /
 
НЭВТ: Мэндсэн гуайн төрүүлж өсгөсөн 11 хүүхэд бүгд дээд боловсролтой. Зарим нь бүр хоёр дээд сургууль төгсжээ. Тэд цөмөөрөө төрийн байгууллагад ажиллаж байна. Өнөөдөр Мэндсэн эмээгийн ажил дуусаагүй л байна. Үрийн үр гээд наад зах нь 2-3 хүүхэд харж халамжлах албатай. Гар дээрээ өсгөсөн зээ хүү нь одоо 10-р ангиа төгсөх гээд бөөн ажил. Түүнийгээ ямарч байсан дээд боловсролтой болгоно доо гэж ярьж суусан юм.
Саяхан л өөрийнхөө хэдийг хүн шиг хүн болгох гээд борви бохисхийхгүй гүйж явсан Мэндсэн гуай “энэ хэдэн ач зээ нар маань миний баяр баясгалан юм шүү” гэж ярьж байлаа.
 
                            / ач зээ хоёр дуу дуулж эмээдээ баяр хүргэж байна /
 
НЭВТ: 70 жилийн тэртээ Тэсийн голын хөндийн малчин Тамирийн ганц үр болон заяаж төрсөн Мэндсэн өдгөө үр хүүхэд ач зээ нийлээд 26 болжээ. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод цэцэглэдэг гэж энэ буюу.
 
                               / Наддаа ээж минь заяасан билээ... дуу орж ирнэ /
 
                                                                                                                               2003 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив