Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

ЦАС ХАЙЛАХААС ӨМНӨ ИРЭЭРЭЙ...

/ Сонсож болно /



НЭВТ: Эрхэм сонсогчид оо, нэгэн ангийнханы тухай ЦАС ХАЙЛАХААС ӨМНӨ ИРЭЭРЭЙ  тэмдэглэл хүлээн авч сонсоно уу. 
 
                                                                               / хөгжим /
                                                            / охин дуулах дуу орж ирээд /
 
            НЭВТ: Тунгалаг хар нүдтэй хөөрхөн охин:
Яргуй нүдлэх цагаар таньдаа очих гэж яардагсан
Ялдам зантай эжийдээ эрхэлж нялхраад буцдагсан
Дэндүү давчуу орчлонд үдлээд буцахыг мэдсэн бол
Дээлээ тавиад орхиход нь дэрлээд унтах минь ч яав даа... гэж FM-ээр хит болсон дууг даган дуулна. Харваас хэвтэрт их удаан байсан бололтой. Түүний орны дэргэдэх жижиг ширээн дээрх шилэн саванд тоолшгүй олон цаасан тогоруу, бас зөндөө ил захидал харагдана. Ажваас охин тэдгээрийг үргэлж үзэж харж уншиж байдаг бололтой. Охин дуулж байснаа болиод дэргэдээ байгаа нэгэн захиаг авч уншлаа. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ОХИН: Сайн байна уу? Батцэцэг ээ. Хэдийгээр би чамайг танихгүй  ч гэсэн сэтгэлд нэг л таних ч шиг санагдаад энэ захидлыг бичиж сууна. Энхтуяа багш чамайг сэтгэлийн их зориг тэвчээртэй охин гэсэн. Энэ бол хүний эрхэм чанар юм шүү. Яагаад гэвэл хүмүүст энэ сахйхан чанар дутсанаас ямар нэгэн таагүй зүйл хийдэг байх. Би хайртай дүүгээ алдчихаад ямар хэцүү байсан гэж санана. Хайртай хүнээ алдах шиг хэцүү юм орчлонд үгүй бизээ. Иймээс чи ямар ч хүнд хэцүү байсан битгий сөхрөөрэй. Ингэж чадвал чи ялна шүү дээ. Захгүй уудам хорвоод зовлон жаргал ээлжилдэг юм. Түлхүүрийн оосор эрүүл энхийг бэлгэддэг гэж дуулсан тул би чамд нэг түлхүүрийн оосор явууллаа. Сайн сайхныг хүсье.
                                                           10 Б ангийн сурагч Номин- Эрдэнэ...
 
НЭВТ: Охины тунгалаг нүдэнд нулимс нэг дүүрч ирснээ хүчээр инээвхийлэв. Батцэцэг охин хоёр сарын өмнө нугасны маш хүнд хагалгаа хийлгэсэн болохоор одоохондоо цээжээ ч хөдөлгөж чадахгүй байна. Ийнхүү хүнд өвдсөн жаахан охинд хайртай эжий аав, эгч дүүсээс нь гадна ангийн нөхөд нь хань болдог гэнэ. Хүүхдүүд болж л өгвөл өдөртөө очоод байх санаа байвч бас сургууль төгсөх гэж байгаа болохоор ажил мундахгүй. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Чамд зөндөө олон цаасан шувуу иржээ. Тэгээд бас захиа их ирдэг бололтой...?
ОХИН: Энэ бүгд надад урам зориг хайрласан захиа, бас бэлэг дандаа ирдэг. Олонх захиа нь хурдан босоод сургуульдаа ирээрэй гэсэн байдаг юм. Захиа хүлээж авах болгондоо би юу бичээ бол гэж их догдолдог. Удахгүй тэргэнцэр дээр суудаг болчихоороо хичээлдээ очиж ангийнхаа, бас сургуулийнхаа хүүхдүүдийг баярлуулна даа  гэхээс бүр яардаг гээч... 
 
НЭВТ: Батцэцэг  бид хоёр энэ тэрийг ярьж, түүний зурсан зургийг үзэж сонирхож суутал гаднаас хэдэн охид хөвгүүд шуугин орж ирлээ. Тэд тун хөгжилтэйгээр нэг бичил хуурцаг гаргаж ирээд: Батцэцэг ээ, энд юу байгаа гэж бодож байна...? гэхэд охин дуугүйхэн толгой сэгсрээд инээмсэглэв. Өнөө хэд авчирсан бэлгээ магнитофондоо хийж сонсголоо. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ХҮҮ: Батцэцэг ээ, би ангийнхаа бүх охидуудыг цасаар угаасан. Одоо ганц чи л үлдээд байна. Танай гэрт цас бариад орж болохгүй байнаа. Чи цас орохоос өмнө сургуульдаа ирээрэй....
ОХИН: Батцэцэг ээ, хаан болсон аавд чинь, хатан болсон ээжид чинь, идэр залуу ахад чинь, эелдэг зөөлөн эгчид чинь, алиа хөөрхөн дүүд чинь, хойшид ханилах ханьд чинь, хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Батцэцэг ээ чи, наран адил мандаж, саран адил мишээж яваарай
ОХИН: Батцэцэг ээ өөртөө итгэлтэй байгаарай. Тэгвэл бүгдийг ялна...
Хоёр ОХИН: /зэрэг/ Батцэцэг ээ, чи ялна шүү. Урагшаа... зоригтой ура...
ХҮҮ: Батцэцэг ээ, амьдрал үргэлж сайхнаараа шүү...
ОХИН: Батцэцэг ээ, чи бидний нүдийг бүлтийтэл, багшийнхаа амыг ангайтал хүрээд ирээрэй...
ОХИН: Миний найз сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Би 2-3 хоногоос очно шүү...
Дөрвөн ОХИН: /нэг зэрэг/ Батцэцэг ээ, бидний нөхөрлөлийн дэргэд өвчин юу ч биш шүү. Чи бидний дунд байсан. Одоо ч байна, хойшид ч байх болно. Хурдан эдгээрэй. Бид бүгдээрэй чамд хайртай шүү.
/Ангийн хүүхдүүд ингэж хэлээд “Арван жилийн дурсамж”                                  дуу дуулах бичлэг орж ирээд фон дээр/
 
                                           / таслал /
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
 БАТЦЭЦЭГ: Манай ангийнхан надад их өвөрмөц мэндчилгээ ирүүлжээ. Би их баяртай байна. Найз нар маань их гоё үг хэлжээ...
СУРВАЛЖЛАГЧ: Танай ангийн нэг хүү чиний нүүрийг цасаар угаах үлдээд байна.  Цас хайлахаас өмнө ирээч гэсэн байна даа...
БАТЦЭЦЭГ: Харин тиймээ. Харамсалтай нь цас хайлахаас өмнө очиж чадахгүй байхаа... Гэхдээ төгсөлтийн баяр дээрээ тэргэнцэртэй ч болов очноо. Би ангийхандаа үнэхээр их баярлаж байна... / уйлна / 
 
                                                                             / хөгжим орж ирээд /
 
НЭВТ: Саяхан л үеийн нөхөдтэйгээ тоглож наадаж, дуулж бүжиглэж явсан Батцэцэг охин нуруу нугасны хүнд өвчний улмаас хэвтэрт орсон хэдий ч найз нөхдийнхөө халуун дотно сэтгэлийн хүчээр өдрөөс өдөрт өндийж байна. Охин өндийх бүрдээ өмнөө байгаа тэргэнцэрийг харна. Учир нь ангийхан нь энэ тэргэнцэрийг УИХ-ын гишүүн Болормаад  хүсэлт тавьж, хөөцөлдөж олж ирсэн аж. Охины хувьд түүн дээрээ суух нь юу юунаас илүү чухал. Суудаг болчихвол нөхдийнхөө хамт шалгалтаа өгч эхлэнэ. Тэгээд сургуулиа төгсөнө, хонхны баяртаа оролцоно. Ингэж бодохоор бүр ч яарах сэтгэл төрнө. Охины бодолд сургууль нь, анги нь, багш нь, найз нар нь зураг шиг тодроод л ирнэ. 
 
                                     / хөгжим дээр олон хүүхдийн хөгжилтэй шум орж ирээд /
 
ОХИН: /бодол/ Би том болоод Энхтуяа багш шигээ багш болноо. Манай багш их сайхан хүн. Дандаа бидний төлөө явж байдгийм. Олон хүүхэд зөвхөн манай багшид захиа бичдэг гээч. За тэгээд манай ангийн дарга Гантулга байна. Тэр ер нь их хөгжилтэй. Ямартаа л сая намайг цасаар угаах үлдээд байна гэхэв дээ. Манай Мөнгөнзаяа 10 жил дараалан онц сурч байгаа ёстой мундаг хүүхэд. Мөнгөнзаяа маань ямар мэргэжилтэй болох гэж байгаа юм болдоо. Дараа ирэхэд нь заавал асуух юм шүү. Манай ангийн тоочин нь Анхбаяр... Харин Наранцогтыг биологийн олимпиадад дүүрэгтээ 3-р байранд орсон, одоо хотын олимпиадад бэлтгэж байгаа гэж дуулсан юм байна. Аа бас, манай ангийн Ариунтунгалаг, Хэрлэнтуул, Дуламсүрэн, Цэнд-Аюуш, Нарангэрэл, Ууганжаргал охидын бүжгийн хамтлаг байгуулаад цэнгээнт бүжгээр бүр сургуульдаа түрүүлсэн гэсэн. Намайг очихоор лав бүжиглэж өгнө дөө. Харин Халиунаа телевизийн “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч болохоор би байн байн харах юм даа. Минжбадгар лав загвар зохион бүтээгч болох байх шүү. Өө тийм, Нарангэрэл “Улаан сарнай” хамтлагт бүжиглээд мөнгөн медаль хүртсэн гэсэн. Манай ангийн гол тамирчин нь Золбоо... Ер нь манай ангид ёстой мундаг хүүхдүүд байх юмаа. Манай ангийнхныг бүхэлд нь нэг хүн гэж үзвэл, “Сайхан сэтгэлтэй хүн л” гэсэн үг. Харин манай ангийнхан юу гэж боддог юм бол доо? 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
Намайг Туяа гэдэг. Манай ангийнхан их нийтэч, бие биендээ их тусархуу. Нэгнийхээ сэтгэл санааг ойлгож тусалж дэмжиж явдаг. Иймээс надад онцлох хүн байхгүй. Яагаад гэвэл би бүгдийг нь онцолдог.
Намайг Ариунтунгалаг гэдэг. Би ч мөн хэн нэгнийг онцолж чадахгүй. Учир нь бид нэг хүн шиг нэгдмэл хамт олон. Биднийг нэгдмэл, нэг хүн шиг бодол санаатай болгоход манай ангийн дарга Гантулга их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
Намайг Наранцогт гэдэг. Бидний дунд нэгээсээ эхлээд хамт явсан хүүхэд сүүлд шинээр ирсэн хүүхэд ч байдаг. Гэхдээ бид цөм эртний найзууд шиг л байдаг.
Намайг Минжээ гэдэг. Бид нэг нэгийгээ ойлгодог. Ядарсан цагт нь хамт гуниж, баярлахад нь хамт баярлаж, нэг л хүн шиг байдаг даа. Бүгд л нэг нэгийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй. Үүгээрээ би бахархах дуртай.
-Бид нэг өгүүлбэрээр илэрхийлбэл, нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэсэн уриатай хамт олон...
                                                -Бид нэг сэтгэлтэй...
                                                -Бид хамтач...
                                                -Бид нэг үгээр хэлбэл сайхан сэтгэлтэй гэсэн үг
                                                -Бид Ханбүргэд шиг хүчтэй...
 
ОХИН: Би алдсангүй. Манайхан яг надтай адилхан бодолтой юм байна. Ангийхантайгаа хамт байх сайхаан. Хэрэв би эдэнтэйгээ хамт суугаад ярьсан бол юу хэлэх байсан болоо. Эсвэл тулгамдаад санаагаа илэрхийлж чадахгүй байсан болов уу... Ингэхэд манай ангийнханы сайхан сэтгэл юутай холбоотой юм болов оо? Хүмүүс ярих нь манай ангийн багштай холбоотой гэдэг юм. Магадгүй байх шүү. Манай багш ёстой хүүхэд бүрийн ээж шиг хүндээ... 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
БАГШ: Хүүхдүүдийг шинжлэх ухааны боловсролтой болгохын хамт зүрх сэтгэлийн боловсрол олгох нь чухал гэж би боддог манай хүүхдүүд сурагчийн цагаараа өөрсдөө ангийн ажлаа явуулдаг юм. Энэ ажлаа их чөлөөтэй, сонирхолтой явуулдаг. Үүний үр дүнд ямарч байсан хүүхдүүд маань хайрын орчныг бүрдүүлж чаддаг гэж бодож байна. Манай хүүхдүүд бие биендээ их хайртай, их нөхөрсөг. Үүний нэг жишээ бол манай ангид шинээр ирсэн хүүхэд маш хурдан бидэнтэй дасдаг. Бас зовж зүдэрсэн нэгэндээ жинхэнэ хүний сайхан сэтгэлээрээ ханддаг юм. Ер нь хойч үе маань жинхэнэ хүн байж чадвал тэд юуг ч бүтээж чадна шүү дээ. 
 
ОХИН: Одоо хэдэн сарын дараа хонхны баяр болно доо. Тэгээд сургуулиа төгсөнө. Манай бусад ангийнхан ч бас сайхаан. Ер нь манай “Ирээдүй” цогцолбор их онцлогтой. Арван найман 10 дугаар ангитай гээд боддоо. Бас тэгээд манай сургууль их тохилог сайхан, их цэвэрхэн. Өөр сургуулийн хүүхдүүд: “ Танай сургууль яг коллеж шиг, их дээд сургууль шиг нам гүмхэн, та нар оюутнууд шиг байх юм” гэдэг гэсэн шүү. Оюутан гэснээс би оюутан болж чадах боловуу? Уг нь ч манай ангийнхан чамд тусална. Чи чадна гэдгийм. Багш болчихоод сургуульдаа багшилвал ч мөн сайхнаа...
Манай ангийнхан намайг цас хайлахаас өмнө ирээрэй гээд байдаг. Гэтэл би тэргэнцэр дээрээ ч сууж чадахгүй байдаг. Гэхдээ найзууд минь хүлээж байгаарай. Би буйлс цэцэглэх цагаар та нар дээрээ очноо. Бүр хонхныхоо баярт оролцоно шүү, итгэж байна. 
 
                                                            / хүүхдүүд дуулах дуу орж ирээд /
 
НЭВТ: Тэмдэглэлийн маань баатрыг Очирдоржийн Батцэцэг гэдэг. Тэр 17 настай. Батцэцэгийн сургууль нь СХД-ийн “Ирээдүй” цогцолбор. Түүний дотны найз нөхөд нь гэвэл 10 “3” ангийнхан бүгдээрээ. Харин багш нь АБТ-ний ажилтан Энхтуяа. Охины хамгийн хайртай хүн нь эжий аав нь... Батцэцэг охин сайхан зурдаг юм билээ. Түүний зургууд нэг л өвөрмөц. Ямартаа л би загвар зохион бүтээгч болох хүсэлтэй юм байна гэж бодох вэ. “Хуримын даашинз” нэртэй зураг нь дэндүү сайхан. Ер нь л зураг бүхэнд охины хүсэл мөрөөдөл гүн шингэжээ. 
 
                                                                                   / хөгжим /
 
НЭВТ: Эрхам сонсогчид оо. Та бүхэн “Хүмүүс” нэвтрүүлгийн энэ ээлжээр нэгэн ангийнханы тухай “Цас хайлахаас өмнө ирээрэй” тэмдэглэл хүлээн авч сонслоо.

                                                                                                                                          2008 он 

Зохиогчийн зүгээс нэмж хэлэх үг. Эл сурвалжлагаас хойш буйлс цэцэглэж Батцэцэг охин сургуульдаа очсоон. Тэргэнцэртэй ч хонхны баяртаа оролцож жаргалтай байсан. Харамсалтай нь 17 дахь зунтайгаа золгож чадалгүй нарт хорвоогоос одсон юм. Гэвч түүний хүсэл мөрөөдөл, баяр хөөр, дуутай, нулимстай яриа эл сурвалжлагын соронзон хальсанд мөнхрөн үлдсэн юм.




No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив