Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

ТҮМЭН АГТЫН ТӨВӨРГӨӨН




НЭВТ: ТҮМЭН АГТЫН ТӨВӨРГӨӨН - хөгжимт тэмдэглэл...
 
                                                           /  хуурын аялгуу орж ирэх /
 
НЭВТ: Германы Нюрнберг хотын ойролцоох Лауф хэмээх газар хоёр давхар эгэлхэн байшингаас үе үе дуурсах энэ аялгуу ойр тойрныхондоо хэдийн танил болжээ. Морин хуурын хүнгэнэх аялгуунд салхи сэвэлзэн хөдөлж, цэцэгсийн үнэр нээлтэй цонхоор сэнхийхүйд  хүмүүс “Тэд түмэн агтаа тачигнуулж, талын хөх салхиа сэвэлзүүлж эхэллээ” хэмээн их л тааламжтай ярилцан, хийж байсан зүйлээ түр орхиод нүд  анин морьдын төвөргөөнтэй тал нутгийн түмэн өнгө, мянган эгшиглэнг сонсох дуртай байдаг юм. 
 
                                                      / хуурын аялгуу тодорч ирээд /
 
НЭВТ: Тэд гэж хэн бэ...? Тэд бол Монголын морин хуурын “Эгшиглэн” хамтлагийнхан. Өдгөөгөөс таван жилийн өмнө дөнгөж хорь шүргэж байсан хэдэн залуу монголчуудын морин хуурын гайхамшгийг өрнөдийнхөнд гайхуулахаар зориг шулуудан эх нутгийнхаа дээсийг алхан одсон юм. Саяхан “Эгшиглэн” хамтлагийнхан нутагтаа түр ирэх үеэр манай сурвалжлагч уулзаж ярилцлаа.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Та нар Германы Вильсхофен хотод хийсэн  анхны тоглолтоосоо хойш  олон улс орноор аялан тоглож, бас олон удаагийн хөгжмийн наадамд амжилттай оролцжээ. Анхны бүхэн сэтгэлд тод үлддэг дээ...?
- Тийм шүү, Бельгид болсон том хэмжээний хөгжмийн наадам их содон санагдаж байна. Бидний өмнө Латин Америкийн, Оросын гээд маш их ритмтэй цоглог хамтлагууд тоглосон юм. Гэтэл манай монгол аялгуу их уянгалаг, уужуу тайвуу шүү дээ. Тийм болохоор яаж хүлээж авах бол гэж түгшиж байлаа. Бид тоглож дууслаа. Эргэн тойрон нам гүм байснаа гэнэт нүргэлсэн их чимээ гарч... уухайлан хашгиралдаж маш их хүчтэй хүлээж авсан. Танхимд их бүгчим халуун байсан болохоор олон хүн “Талын салхи сэвэлзэж, сэтгэл дотор уужирлаа” гэж ярьж байсан. Энэ наадамд бид шилдэг багийн тоонд багтсандаа их урам орсон доо.
СУРВАЛЖЛАГЧ: Газар газрын сонсогчид янз бүрээр л хүлээж авдаг байх даа?
- Ер нь л адилхан шүү. Морин хуурын аялгууг бүгд л халуун дотноор хүлээж авдаг юм. Ялангуяа Италийн үзэгч, сонсогчид маш халуун, их мэдрэмжтэй хүлээж авдаг юм. Тоглолт бүрийн дараа үзэгчид морин хуурын хоёр чавхдасыг барьж үзээд хялгасаар бүтсэн гэдгийг сонсоод бүр ч их гайхна. Сая тоглосон аялгууг энэ хоёр чавхдасаар тоглосон гэж үү, дор хаяж 4 чавхдас байхаар сонсдож байсан даа гэж ирээд тун их гайхдаг юм.
СУРВАЛЖЛАГЧ: Морин хуурын нэг онцлог тэр чигээрээ байгалийн цэвэр бүтээгдэхүүн шүү дээ...?
- Тийм болохоороо  байгалийг илүү тод дүрслэн аялгуулдаг юм. Хүмүүс ч тэгэж үнэлдэг юм. Бүр тоглолтоос тоглолт хүртэл дагаад үзээд явдаг хүмүүс байдаг юм.
НЭВТ: Сая та бүхэн “Эгшиглэн” хамтлагийн ахлагч, 1-р морин хуурч Түмэнбаяр, 3-р морин хуурч Төмөрсайхан нарын яриаг сонслоо.
 
                                  / Чингэс хааны магтаал 7 минут /
 
НЭВТ: “Эгшиглэн” хамтлагийнхан 1991 онд Хөгжим Бүжгийн Дунд сургуулийн морин хуурын анги төгссөн нэг ангийнхан. 1992 онд хамтлагаа байгуулаад анхны тайлан тоглолтоо морин хуурын дөрвөлөөр хийж, дараа жилээс нь европийн орнуудаар аялахаар гарчээ. Өнөөдөр тус хамтлаг ёочинчин, ятгачин, хөөмийчин, бас бүжигчин гээд найман хүний бүрэлдэхүүнтэй “Альпа культур актион”  агентлагийн харьяанд тоглолт хийж явна. Германд байдаг тус агентлаг нь өвөрмөц хамтлаг, дуучдад зуучилдаг европийн 10 том агентлагийн нэг юм.
 
                                       / Хайрын гүүр-дуу хамтарсан тоглолт 3.30  /
 
НЭВТ: Та бүхэн “Эгшиглэн хамтлагынхан Германы гитарчин Марк Хиртетэй хийсэн хамтарсан тоглолтыг сонсож байна. “Хайрын гүүр” энэ дууны аяыг Марк Хирте бичиж, үгийг нь манай залуус зохиожээ. Харин дууг нь Марк Хиртегийн дүү дуучин бүсгүй дуулж байна. Ийм хамтарсан бүтээл “Эгшиглэн” хамтлагийн урын санд олон бий.
                                                   / дуу тодорч ирээд дуусах /
 
НЭВТ: Одоо “Эгшиглэн” хамтлагынхантай хийсэн ярилцлагаа цааш үргэлжлүүлье.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Та бүхнийг Италийн нэг алдартай театрт тоглолт хийсэн гэж дуулсан, энэ талаар сонирхуулаач?
- Италийн хоёр залуу жүжигчин “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэн “Чингэс хаан” модерн жүжиг хийсэн юм билээ. Тэгээд энэ жүжгийнхээ хөгжмийг биднийг тоглож өгөөч гэж хүссэн юм. Энэ тун сонин жүжиг болсон. Бид энэ жүжүгийг Италийн Ром болоод хэд хэдэн хотод тоглосон. Хүмүүс маш их сонирхон хүлээн авч байсан. Бидэнд ч бас сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Гадаадын хүн манай их хааны тухай жүжиг хийгээд, түүнийгээ олон түмэнд хүргэж явна гэдэг сайхан биз дээ. Энэ жүжгийн дараагаар Италийн “Ларис публика” гэдэг хэвлэл дээр том шүүмж гарсан. Манай хоёр жүжигчин бөөн баяр болж, бидэнд баяр хүргээд л... Тэр шүүмж дээр ялангуяа монголын морин хуурын тоглолтыг их онцолж бичсэн байсан.
-   Ер нь манай хамтлаг тоглолтын дараа тухайн улс орны хэвлэл мэдээлэл дээр шүүмж болоод тэмдэглэл заавал гарна. Бас очиж тоглохын өмнө бидний тухай танилцуудга заавал гарна.
- Тийм шүү, энэ бүгдийн дундаас нэг зүйлийг онцолж хэлбэл Германы том паркад болсон тоглолтын үеэр хөтлөгч ингэж хэлж байсан. “Монголчууд германд хоёр дахь удаагаа ирж байна. Эхний удаад морио унаад дайлаар ирж байсан бол энэ удаа морин хуураа бариад биднийг цэнгүүлэхээр ирж байна” гэхэд тэнд цугласан мянга мянган хүмүүс дэмжин хашгиралдаж, талархан хүлээж авахад их сайхан санагдаж байсан.
СУРВАЛЖЛАГЧ: Баярлалаа, сонсож суугаа надад ч үнэхээр сайхан санагдаж байна.
НЭВТ: Эрхэм сонсогчидоо, одоо “Эгшиглэн” хамтлагийн уран бүтээлийн сангаас “Лхасын хавар” хэмээх аялгууг сонсгоё.
 
                                                       / Лхасын хавар-аялгуу /
 
НЭВТ: Эгшиглэн хамтлаг Герман, Итали, Бельги, Голланд, Австри, Унгар, Румын гээд арав гаруй орноор аялан тоглолт хийжээ. Одоо Англи, Норвеги, Испани, Португал гээд 4 орноос урилга хүлээн аваад байна. Өнгөрсөн хугацаанд “Эгшиглэн” сиди нь тухайн жилийнхээ шилдэг бичлэгийн тоонд орж, одоо Германы Бермн хотод хэвлүүлж байгаа “Говь” нэртэй сиди-гээ дараагийн шалгаруултанд зэхэж байгаа юм байна. Хэрэв энэ сиди нь шилдгээр шалгарч чадвал “Эгшиглэн” хамтлаг Дэлхийн хөгжмийн катологид бүртгэгдэх юм байна. Мөн хэд хэдэн бүтээл нь дэлхийн алдартай “МТВ” хөгжмийн хөтөлбөрт оруулах санал хүлээн аваад байна.
 
                                                 / Түмэн агтын төвөргөөн аялгуу – бичлэг /
 
НЭВТ: Сонсогч та “Эгшиглэн” хамтлагийн бүтээл “Түмэн агтын төвөргөөн” сонсож байна.
                                                               / аялгуу тодорч ирээд /
  
НЭВТ: “Эгшиглэн” хамтлагийн залуус түмэн агтаа тачигнуулж, цаст уулсынхаа домогт аялгууг хөөмийлөн хархирч, алтан говийнхоо усан зэрэглээг мяралзуулж,  тунгалаг уст голын харгиа, уран шувуудын жиргээ, талын цэцэгсийн шивнээг морин хуурынхаа хос чавхдаснаа илэрхийлж, өөрсдөө хүлэг морьд шигээ давхиж, талын гөрөөс шигээ цахилж, уулын горхи шигээ баясан хөөрч МОНГОЛ нэрээрээ овоглуулж, ЭГШИГЛЭН нэрээрээ дуудуулж явнаа. Тэдний дэгдээсэн талын хөх салхи европ даяар салхилж эхэлжээ. Одоо цааш дэлхийн хаана хүрч сэвэлзэхийг таашгүй нь...
 
                                                    / аялгуу ахин тодорч ирээд дуусах /
 
                                                                                                                                            1993 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив