Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

МАНАЙ КАВАСАКИ ГУАЙ...

/ Сонсож болно /



НЭВТ: Сонсогч та “Монголын дуу хоолой” радиогийн Япон хэлний мэргэжилтэн, Монголын Радио-Телевикийн тэргүүний ажилтан Кавасаки Шимийн тухай “МАНАЙ КАВАСАКИ ГУАЙ” хөрөг хүлээн авч сонсоно уу.
 
                                                            / хөгжим /
 
РЕДАКТОР: Манай Кавасаки гуайг япончууд Кавасаки сан гэх юм билээ. Энэ японы ёс биз. Харин бидний хувьд Кавасаки сан гэхээр нэг л хол хөндий санагдаад байдаг юм. Тийм болохоор монгол ёсоороо Кавасаки гуай гэе.
Япон хэлний редакцид шинэ мэргэжилтэн иржээ гэх сургаар сониучирхан орвол буурал үстэй, сүрхий цоглог харцтай эр япон хүний ёсоор үл ялих мэхийн мэндчилж байсан тэр цагаас хойш хоёр жил өнгөрчээ. Манай Кавасаки гуай хүмүүстэй ажиллаж байгаа арга барил нь их сонин. Комьпюторын ард орчуулагчтайгаа хамт суучихсан тэд орчуулсан материалаа чангаар уншиж, Каваски гуай үг хэллэгийн алдаа, орчуулгын найруулгыг нь засаж байгаа харагддаг юм.
Жаахан хүүхэд айлд орохдоо ааваас нь эмээдэг шиг бид Кавасаки гуайг өрөөндөө байвал чанга ярьж, хамаа дүрэмгүй хөдөлж чадахгүй. Ер нь л айлын аав шиг сүрдмээр хүн дээ. Ховорхон инээдэг болохоор нь тэр үү нэг л эмээгээд байдаг юм. Гэхдээ маш энгийн, тун нийтэч, бас их хөгжилтэй хүн болохыг нь бид хоёр сарын дараа мэдсэн юм.
Манай “Монголын дуу хоолой” радиогийнхон шинэ жилийн мэндчилгээний уралдаанд бэлтгэж хүн бүр жижигхэн Санто Клаусын дүрд хувирч, хөлөө тахимаараа нугалж явах болов. Кавасаки гуай энэ амаргүй албанд бидэнтэй хамт зүтгэж, тэр бүү хэл биднийг манлайлж, хамгийн хөгжилтэй Санто Клаус нь болсон юм. Ингэж л бид Кавасаки гуайг илүү дотно мэдэх болсон. Хамгийн хөгжилтэй Санто Клаус нь манай өвгөн мэргэжилтэн байсан болохоор тэр үү,  Радио-Телевизийн бүх уран бүтээлчид оролцсон тэр тэмцээнд бид тэргүүлсэн юм даа.
Манай Кавасаки гуай дуу хөгжим дээдэлдэг гэр бүлд төрж өссөн юм билээ. Түүний эцэг, эх нь япон даяар алдартай Латин Америкийн бүжгийн Рио хамтлагт хөгжимчин байсан болохоор тэр хар багаасаа л дуу хөгжимд дуртай байжээ. “Хүний амьдрал дурсамж дүүрэн байдаг даа. Таны бага нас насны хамгийн мартагдашгүй дурсамж юу бол...? ” гэхэд, тэрээр нэлээд бодлогшрон сууснаа, “Миний бага нас дайны хүнд бэрх цаг, өлсгөлөнгийн үед өнгөрсөн юм шүү дээ” гээд цааш нь ингэж ярьсан юм.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
КАВАСАКИ: Би чинь 1937 онд төрсөн хүн шүү дээ. Дайны үеийн 40-өөд оныг та нар сайн мэдэх байх. Шанхай хот Японы мэдэлд байсан цаг. Тэр үед манай гэр бүл Шанхайд таван жил болсон юм. Гэхдээ би цэрэг биш хүүхэд, миний аав цэрэг биш Шанхайн нисэх онгоцны компаны жирийн ажилтан байсан. Дайн дуусахаас жилийн өмнө ээж дүү бид хоёрын хамт нутаг буцаж, дараа жил нь аав ирж байсан. Орос, Монгол ялалт байгуулсан тэр дайны жилүүдэд би хүүхэд байсан болохоор бодит зүйлийг сайн мэдэхгүй ч манай япончууд дайнд ялагдсан нь харамсах зүйл биш, гагцхүү дайн дууссан нь баяр хөөр юм гэдгийг сайн ойлгож байсан. Япон цэрэг буцаж ирснээр цэрэг дайны холбогдолтой бүх зүйлийг хуу татан хаяж, цэрэг татлага зогссон. Ингэж л миний эргэн тойронд бүх зүйл цочиж гайхтал өөрчлөгдөж байлаа. Яг энэ үед Америк Хирошимо, Нагасаки  хот дээр атомын бөмбөг хаяж, 13 жилийн дайны хөлд цочроогүй японы ард түмэн ёстой нэг цочрохын дээдээр цочирсон юм даа. Хэдийгээр би хүүхэд байсан ч гэсэн хүн ардын нүүр царай, байр байдал, хэлж ярих үгнээс нь бүгдийг мэдэрч байсан юм. Дайн бидэнд сайн сайхан юу ч авчраагүй. Харин зовлон гамшиг, хүнд хэцүү амьдралыг авчирсан. Дайны дараа өлсгөлөн залгалаа. Үнэндээ миний бага насанд гэрэл гэгээтэй зүйл бараг л байгаагүй. Өлсгөлөнгийн үед ажилгүйдэл тоймоо алдаж, хүмүүсийн толгойд яаж амьдрах вэ гэсэн ганц бодол байлаа. Гэдэс өлсөх шиг тийм хэцүү юм ер нь байдаг болов уу даа. Олон хүн өлсгөлөнгөөр үхэж байсан. Үр хүүхдээ өлсгөж үхүүлэхгүйн тулд хүмүүс орон гэрийнхээ хамгийн үнэтэй гэсэн бүхнээ атга будаагаар өгч байсан юм. Тэр үед олон айл өрх үеэс үед уламжлагдаж ирсэн гэр бүлийнхээ үнэт зүйлийг үгүй хийсэндээ. Өлсгөлөнгийн жилүүдэд би найзуудтайгаа хааяахан далайн эрэг дээр очиж сэрээгээр загас хатгаж тоглодог байсан юм. Тэр үедээ л  өлсөж байгаагаа түр боловч мартдаг байж дээ. Ингээд 56-57 он буюу миний ахлах сургуульд орох үеэс амьдрал жаахан гайгүй болж ирсэн юм. Хүүхэд насны минь гэгээлэг үе гэвэл энэ юм уу даа. Өнөөдөр хүмүүс япон хүмүүсийг баян, япон орныг баян гэдэг. Угтаа бол тийм биш. Учир нь бид өнгөрсөн тэр хүнд бэрх үеийг туулж, амьдрахын тулд тэмцэж, амьдралын үнэт зүйл гэж чухам юу болохыг бие болоод сэтгэл зүрхээрээ мэдэрч чадсан юм. Чухам энэ нь л биднийг болоод манай орныг баян болгож чадсан хэрэг юм шүү дээ.
РЕДАКТОР: Кавасаки гуай ингэж яриад хэсэг дуугүй суусан юм. Түүнд өнгөрсөн хүнд хэцүү цаг үеэсээ эргэж гарах амаргүй л байсан байх. Ингэхэд монголчууд бид энэ ард түмэн шиг өлсөж, бас зовж зүдэрсэн гэж үү? Ингэж бодоод би түүнээс “Хэрвээ таныг УБ хотын гудамжинд явж байхад миний гэдэс өлсөөд байна гээд хүүхэд юм гуйвал та яах вэ” гэсэн юм. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
КАВАСАКИ: Янз бүрийн л хүүхэд байна. Зарим нь ажил хийж ар гэрээ тэжээж байхад, зарим нь зүгээр л юм гуйж суудаг. Харин би ажил хийгээд явж байгаа хүүхдэд харамгүй тусалнаа.
СУРВАЛЖЛАГЧ: Хэрэвээ та монгол хэл мэддэг бол, тэр гуйлга гуйгаад сууж байгаа хүүхдэд юу гэж хэлэх вэ? Таныг нэг удаа өгөх мөнгөнөөс илүү үнэтэй үг хэлэх байх гэж бодож байна?
КАВАСАКИ: Би хүүхэд байхдаа чамаас илүү өлсөж явсан. Аливаа хүн юм сураад өөрийнхөө чадлаар амьдрах сайхан байдаг юм. Хүнээс гуйж авсан мөнгөөр юм авах, өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөр юм авах хоёр адилгүй. Өөрийн олсон мөнгөөр авсан хоол хамгийн амттай нь байдаг юм гэж хэлэх байхаа.
 
                                                                   / хөгжим /
 
РЕДАКТОР: Манай Кавасаки гуай Токиогийн хүн. Тэрээр гоо сайханч байсан гэсэн. Анх эдийн засгийн мэргэжлээр сурсан боловч энэ нь түүний эзэмших мэргэжил биш юм гэдгийг ойлгоод гоо сайхны чиглэлээр суралцаж төгсчээ. Ээж нь гоо сайхны салонтой байсан болохоор түүнд нөлөөлсөн хэрэг. Тэдний гоо сайхны салон Америкийн элчин сайдын яамны ойролцоо байсан болохоор элчин сайд, элчин сайдын гэргий, америкийн дипломатч гээд олны танил хүмүүс үйлчлүүлдэг байжээ. Кавасаки гуай гоо сайханч хийж байхдаа телевизд ажилладаг Аюүшими гэдэг хүнтэй танилцсан нь хожим радио-телевизд ажиллах эхлэлийг нь тавьжээ. Гайгүй чадварлаг гоо сайханч байсан хүнийг радио-телевизийн уран бүтээлд уруу татсан Аюүшими хожим нь Токио хотын дарга, парламентийн гишүүн болсон гэсэн.
Манай Кавасаки гуай Токио хотын Ти Би Эс радио, Эйн Эйч-ке телевизд гэрээгээр ажиллаж, найз Аюүшимитэй хамтран өдөр бүр 30 минутын нэвтрүүлэг эрхлэн явуулна. Кавасаки гуай зохиомжыг нь бичиж, Аюүшими хөтлөнө. Тэд нэвтрүүлгээ сонирхолтой явуулахын тулд хөгжмийн аян дээр чөлөөтэй ярилцаж, хөтөлдөг байжээ. Бас радио жүжиг бичиж, хийсвэр сэтгэлгээтэй хүмүүсийн чөлөөт цагт зориулж жоомоор төлөөлүүлж нэвтрүүлэг бэлтгэдэг байсан нь олны анхаарлыг их татдаг байжээ.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Радио-телевизийн чамгүй уран бүтээл яахаараа монголд ирчихдэг байнаа?
КАВАСАКИ:  Манай Японд 60 хүрээд тэтгэвэрт гардаг юм. Хэдийгээр би 38 жил чөлөөт уран бүтээлч байсан ч гэсэн цаашид ажиллах, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байлаа. Тэгээд Жайка-гийн шугамаар монголд ажиллах мэргэжилтэн сонгож байна гэдгийг дуулаад тэр шалгаруултанд орж тэнцээд монголд ирсэн юм.
СУРВАЛЖЛАГЧ: Анхны бүхэн санаанаас гарах нь ховор. Та монголд ирсэн анхны сэтгэгдлээ хувцаалцаач...?
КАВАСАКИ: Би шөнийн 11 цагт нисэх онгоцны буудал дээр буусан. Цас их орсон болохоор их хүйтэн байлаа. Иймэрхүү хүйтэн байна гэдгийг би мэдэж байсан. Харин бөөн утаа униар, бүр амьсгаа боогдмоор байсан. Би үнэхээр гайхаж байлаа. Бүр буцдаг ч юм билүү гэсэн бодол төрж байсан шүү. Харин маргааш нь УБ-аар явж байхад сайхан байсан. Яг л европын хот шиг санагдаж, ялангуяа монголын хөх тэнгэрийг хараад ёстой сэтгэл уужрах шиг болсон шүү.
СУРВАЛЖЛАГЧ: Тэгвэл радио дээр ирэхэд ямар байв?
КАВАСАКИ: Анхны өдөр үү... Радиогийн тоног төхөөрөмжийг хараад үнэхээр их гайхсан. Бараг хэрэглэгдэхээ больсон ийм тоног төхөөрөмжөөр нэвтрүүлэг хийж болдог л юм байхдаа гэж бодож байсан шүү.
СУРВАЛЖЛАГЧ: Хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд үзэж харсан зүйлийнхээ талаар юу эсийг хэлж барах билээ. Уран бүтээлч хүний хувьд та биднээс юу олж харав аа?
КАВАСАКИ: Монгол хүний онцлогыг олж харлаа гэж бодож байна. Монголчууд та нар аливаа юмыг яаж ийгээд болгочихдог хүмүүс юм. Болохгүй юмыг хүртэл шүү... Япончууд бид аливаа зүйлийг урьдчилж нарийн нягт төлөвлөж байж хийдэг. Гэтэл монголчууд цагийг нь тулгаж байж хийх юм. Ингэж цагийг нь тулгадаг мөртлөө яаж ийгээд бүтээгээд болгоод явчихдаг, үнэхээр сонин хүмүүс. Замд гарсан хойно машин нь эвдрээд зогчихно. За даа, одоо ёстой өнгөрсөндөө гээд бодож зогстол яаж ийгээд засаад явчих жишээтэй. Энэ бол наад захын жишээ.
СУРВАЛЖЛАГЧ: Та Монголын Радио-Телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэг хүртлээ. Энэ шагналынхаа талаар юу хэлэхсэн бол?
КАВАСАКИ: Би З8 жил уран бүтээл хийж явахдаа авсан шагнал урамшил гэж байлгүй л яахав. Гэхдээ япондоо авч байгаагүй хүндтэй шагналыг танай радиогоос хүлээж авсандаа их баяртай байна. Бас нутагтаа очоод монголчуудын тухай, та бүхний тухай улам ихийг хийх болсноо ухамсарлаж байна, хийх ч болно.
 
                                                                          / хөгжим /
 
РЕДАКТОР: Манай Кавасаки гуай ийм л хүн дээ. Хүн хийх юмаа хийчихсэн гээд амарч суух биш, харин хийх зүйл улам их байна гээд илүү их шунаж, тэмүүлж амьдрах ёстойг би түүнээс олж харсан юм. Манай Кавасаки гуай бидэнтэй хоёр жил хамт ажиллахдаа зөвхөн орчуулгын найруулга зүйн редактор байсангүй ээ, радио-телевизийн туршлагатай уран бүтээлчийн хувьд ажил мэргэжлийн зөвлөгөө өгнө. Өөрөө нэвтрүүлгээ төлөвлөнө, хөтөлнө гээд ер нь бүхий л ажилд оролцдог байсан. Энэ бүгдээс гадна манайхны ажлын урам, хурдыг нэмэх гэж Жайка-д хандаж хэд хэдэн комьпютор, оффисийн иж бүрэн тоног төхөөрөмж, сурвалжлагын аппарат хэрэгсэл гээд олон зүйлийг бидэнд олж өгсөн юм. Түүнийг зөвхөн радиод төдийгүй монголд элэгтэй хүн гэж хэлж болно. Ганцхан жишээ хэлэхэд, өвлийн хүйтэнд хүүхдүүдийг гэртээ саатаж байгаасай гэсэн сэтгэлийн үүднээс Жайка-гаар уламжлуулан телевизийн тоглоом оруулж ирсэн нь 25-р суваг телевизээр нэвтэрч олон хүүхдийг баяруулсан.
“Та нутагтаа очоод биднийг санах болов уу? гэхэд тэр хөгжилтэй инээгээд “Асуух юу байнаа, би та нарыг, бүр монгол орныг санах болноо” гэсэн юм. Тиймээ, манай Кавасаки гуай биднийг мартахгүй ээ. Бид ч түүний цааш цаашид хийх уран бүтээлийнх нь баатрууд байх бизээ. Тэр бас манай радио-телевизийн цайны газрын амт тааруухан хуушуурыг ч санах байх. Яагаад гэвэл манай Кавасаки гуай бидэнтэй хамт хуушуур иддэг байсан юм чинь. 
 
                                                                                                                            2004 он
 
Зохиогчийн тайлбар: Кавасаки гуай 2006 онд УБ хотод муу хүний гарт харамсалтайгаар амиа алдсан юм. Гэсэн хэдий ч тэр сэтгүүлчийн бор дэвтэрт ийн амьд сэрүүнээрээ үлдсэн.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив