Lucky Charms Rainbow

Sunday, February 17, 2013

Наадмын хуушуур...



НЭВТ: Та бүхэн РТВС-ийн сэтгүүлчийн 2-р ангийн оюутан Мөнхцэцэгийн бичсэн “Наадмын хуушуур” холбоо тэмдэглэл хүлээн авч сонсоно уу.
 
/ хөгжим /
 
           НЭВТ: Эхний хэсэг буюу Наадмын хуушуурын тухай чимээ...
 
/ таслал /
 
ХӨТ: Бага насны минь хамгийн сайхан наадам манай сумын наадам байсан. Хөдөөгийн жаахан хүүхдүүд бидэнд наадам гэхээр нов ногоон зүлгэн дээр дэрвэлзэн хийсэх асар майхан, дэл сүүлийг нь гоёж зассан морьд, хаа нэгтээ паржигнан цуурайтах цагаан хоолой, зодог шуудгаа бүсэндээ зүүгээд таахалзан алхах бөхчүүд, халуу дүүгсэн гэрийн хаяагаар ханх тавих хуушуурын үнэрээр төсөөлдөг хамгийн сайхан баяр байдагсан. Жижиг цагаан тоосгоор дугуйруулан босгосон сумын наадмын талбайг  хүүхэд бид тойроод тойроод бардаггүйсэн, мөн ч том байдаг байж билээ.
Наадмын хуушуур, айрагны амт нь тэр жилдээ аманд амтагдаж, сэтгэлд хадагдан дараа жилийн наадмыг тэсэн ядан хүлээнэ. Ай, сумын наадам... Дэнж хотолзуулах морьдын төвөргөөн тачигнаж, тэнгэрт дуу хуур цалгиж өнгөрдөг хоёр өдөр миний амьдралын нэг гэгээн дурсамж билээ.
Хөдөөгийн оюутан би энэ жил анх удаа улсынхаа баяр наадмыг үзэх гэж байна. Зурагтынхаа өмнө тухлан суугаад бөхийн барилдаан хорхойсон үздэг ааваасаа түрүүлээд манай сумын наадмын талбайгаас хэд дахин том төв цэнгэлдэхэд наадам үзэх гэж байна. Сайхан даа, сайхан. Бага ахуйн нэгэн дурсамж одоо ч санаанд минь тодхон. Тэр жил манай сумын Болдоо  ах улсын баяр наадам үзэж ирчихээд “Улсын наадмын дэргэд манай сумын наадам юу ч биш. Хүмүүс нь гэж дэндүү олон. Бас нүд эрээлжлэм гоё ганган.  За тэгээд наадмын хууршуур нь юу гээч... хачин сайхан  амттай, өнгө нь шаргалтаад л...” гэж шүлсээ залгин байж ярихад нь өөрийн эрхгүй арааны шүлс асгарч, Болдоо ахыг дагаад шүлсээ залгиж суусансан. Тэр үед том болоод  улсын наадмын тэр сайхан хуушуурыг заавал иднэ дээ гэж бодож байсан юм.
/ хөгжим /
 
ХӨТ: Маргааш наадам болно. Юутай ч улсын баяр наадмын тухай хүмүүсийн бодол сэтгэгдлийг сонсоё.
 
/ХАЛЬС/ Хүмүүсийн яриа: Агуулга: Бөхийн барилдаан үзэх гэж наадмын талбай руу очдог гэж ярих боловч бүгд л наадмын хуушуур идэх гэж очдог. Наадмын хуушуур амсахгүй бол ямар юмны наадам байх гэж зарим нь ярих.../
 
ХӨТ: Та сонсов уу? Хүн бүхний амнаас наадмын хуушуур унахыг...  Нээрэн л олон хүмүүс наадам үзэхийнхээ хажуугаар хуушуур идэх гэж наадмын талбайг зорьдог бололтой. Өнөө бага насны минь  “наадмын хуушуур” идэх хүсэл улам төрж байх чинээ...
/ хөгжим /
 
НЭВТ: Удаах хэсэг буюу Наадмын хуушуурын амт... 
 
/ наадмын чимээ орж ирэх /
 
ХӨТ: Өнөөдөр монголын ард түмний үндэсний их баяр наадмын өдөр. Тэр дундаа Ардын хувьсгалын түүхт ойн баяр тохиосон онцгой нэгэн өдөр. 
 
/ чимээ тодорч ирээд/
 
ХӨТ: Дээлээр гоёсон жинхэнэ монгол наадам гэж ёстой энэ байх даа. Эргэн тойронд хуучны уламжлалт хэв загвараас эхлээд орчин цагийн хийц маягтай дээл өмссөн наадамчид хөвнө. Монгол үндэсний хувцасны бүхий л загварыг эндээс харж болно. Би ийн эргэн тойрноо сонирхон харж явахдаа өнөө “наадмын хуушуураа” мартаагүй ээ. Наадмын талбайн эргэн тойронд зүйл бүрийн амттан, чихэр жимс, бас өнөө “наадмын хуушуур” зарж байгаа цэг олон байна. Хамгийн олон хүн дугаарлан зогссон цэг бүхэн хуушуурынх байсан нь сонин. Нээрэн л наадам үзэхээр ирсэн бүхэн наадмын хуушуур иддэг нь ёс бололтойдог шүү.  Хуушуураа авсан зарим нь модны сүүдэр бараадан тухалж суугаад идэж харагдана. Харваас тун сайхан, бас ч жаргалтай.  Тэднийг харсан би өөрийн эрхгүй багын хүсэлдээ хөтлөгдөн нэгэн урт дараалалд орж зогслоо. Яарах сэтгэл төрнө...
/ чимээ /
 
ХӨТ: Гурван хуушуур авлаа. Ногоон ширгэн дээр суугаад наадмын хуушуураа амслаа. Нэгийг идэж дууслаа... Өнөө алдартай наадмын хуушуур гэхэд манай сумын хуушуураас нэг их ялгарах юм алга. Харин ч мах багатай, нимгэн ч юм шиг. Дахиад хоёр дахиа идлээ. Дажгүй л юм. Гэхдээ л... Яагаад “наадмын хуушуур”, “наадмын хуушуур амттай”,  “наадмын хуушуур идэхгүй бол наадам биш” гэсэн үг гарсан юм бол доо...?  Аа, мэдлээ. Наадмын хуушуурын амттай байдаг учрыг ч  оллоо. Баяр хөөрөөр бялхсан хүн зонд юм бүхэн сайхан байдаг болохоор наадмын хуушуур амттай байдаг юм байна. Бас эргэн тойрны энэ сайхан уур амьсгал наадмын хуушууранд шингэдэг болохоор наадмын хуушуур амттай байдаг байх нь. Би гурав дахь хуушуураа идлээ... Нээрэн амттай юм гээч. Бага байхдаа нутгийн ах Болдоо шүлсээ залгин байж сумын хүүхдүүд бидэнд наадмын хуушуурын сайхныг магтан магтан ярьсан нь ийм учиртай байжээ. Монгол түмэн маань баяр наадмаараа бөхөө барилдуулж, морьдоо уралдуулж, цэц мэргэнээ шалгаруулж цэнгэхдээ заавал ч үгүй айргаа ууж, хуушуураа идэж нааддаг нь нэгэн ёс болжээ.
Хараач...! Tэнд бас гадаадынхан наадмын хуушуур идэж байна. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг энэ дээ. Монгол наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй юм даа.
/ хөгжим /
 
НЭВТ: Та бүхэн РТВС-ийн оюутан Мөнхцэцэгийн бичсэн  “Наадмын хуушуур” тэмдэглэл сонслоо. 
 
                                                                                                                               2010 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив