Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

СЭТГҮҮЛЧИЙН БОР ДЭВТЭР - 2


НЭВТ: СЭТГҮҮЛЧИЙН БОР ДЭВТЭР...
 
                                                                  / хөгжим /
 
ХӨТЛӨГЧ: Эрхэм сонсогчид оо, сэтгүүлч Чулуунцэцэг "Бор дэвтэр"-тэйгээ миний хажууд сууж байна. /дэвтэр эргүүлэх чимээ/ Энд бичсэн “Сүүлчийн зогсоол буюу Чин гүрний үеийн сэрүүн ордноос үүдсэн бодол гэсэн аян замын тэмдэглэл тань сонирхол татаад байна. Яагаад сүүлчийн зогсоол гэсэн юм бэ?
ЧУКА: Аливаа аялал бүр зогсоолтой байдаг шүү дээ. ХОУР-ийн гадаад, дотоодын сурвалжлагчид хойд нутгийн хилээр хийсэн аяллынхаа жолоог Бээжин рүү залах зам зуур Хэ-бэй мужийн Чэн-Де хотод бууж нэг хоносон юм. Энэ утгаар нь би сүүлчийн зогсоол гэсэн юм.
ХӨТЛӨГЧ: Энэ хот Бээжингээс хойд зүгт 230 км-ийн зайтай, байгалийн үзэсгэлэнт газар оршдог, түүхийн дурсгалт зүйл элбэг тул аялал жуулчлал их хөгжсөн газар даа...
ЧУКА: Тийм юм билээ. Үнэхээр их хөлийн газар байсан. Миний хувьд байгалийн үзэмж, сонин тогтоц гэхээс илүүтэй Чин гүрний үеийн хаадын сэрүүн ордон илүү сонирхол татаж байсан.
ХӨТЛӨГЧ: Яагаад...?
ЧУКА: Чин гүрний үед манай хоёр монгол эзэрхийлэлд нь байсан шүү дээ. Энэ утгаараа монголчуудын үүх түүхтэй холбоотой зүйл их бий. Нөгөө утгаараа Чин гүрнийг үүсгэн байгуулсан манжууд бол манай монголчуудын нэгэн адил талын нүүдэлчид. Цагаан хэрмийн дотор орж их гүрэн байгуулж явсан хоёр үндэстний нэг нь монгол, нөгөө нь зүрчид угсааны манж нар. Монголын нууц товчоон дээр Тэмүүжин Зүрчид аймгийг нэгтгэлээ гэж тэмдэглэсэн байдаг. Тэр Зүрчид угсааныхан анх цагаан хэрмийн дотор орж Алтан улсыг байгуулж, хожим 1644 онд Чин гүрнийг байгуулж 300 гаруй жил оршин тогтносон. Түүхэндээ ингэж мандан бадарч, өөрсдийнхөөр нь "дүүлэн нисэж яваа луу" байсан үндэстэн өнөөдөр байхгүй болсон гэж бодохоор сонин байгаа биз дээ? Энэ үүднээс нь би манжийн түүхийг өөрийн хэмжээндээ сонирхож, холбогдолтой зүйлийг үзэж харах дуртай байдгийм. Тиймээс Чин гүрний хааны сэрүүн ордныг онцолсон хэрэг.
ХӨТЛӨГЧ: Хааны сэрүүн ордон Бээжингийн өвлийн ордон буюу Гу-гунээс ялгаа их биз?
ЧУКА: Мэдээж ялгаатай байлгүй яахав. Гу-гун хааны гол том ордон. Гу-гуныг манжууд биш Мин гүрний үеийн хаад байгуулсан. Тэгээд ч цар хэмжээгээрээ асар том. Дэлхийд хамгийн том ордон гэж тооцогддог. Гэхдээ Сэрүүн ордон халуун дулааны улиралд ирж саатдаг ордон гэхэд их том юм билээ. 1754 онд байгуулсан Сэрүүн ордон Гу-гуны нэгэн адил төрийн ёслол хүндэтгэл үйлдэх танхим, хурал чуулган хийх танхим, хаад хатдын, ихэс дээдсийн өргөө, бичиг номын өргөө гээд ордны бүхий л зүйл цөм байх юм билээ. За тэгээд ордны хүрээн доторх гоёмсог замбага цэцэг бүрхсэн нуур ус гээд байгалийн үзэмжийн талаар ярих юм их. Бүр цоохор буга хүртэл чөлөөтэй бэлчиж явсан шүү. Түүнээс гадна Сэрүүн ордон түүхт үйл явдлынхаа хувьд ч бас сонирхолтой. Жишээ нь 1860 оны 10 сарын 23-ны Бээжингийн гэрээг энд байгуулсан юм байна. Хар тамхины дайны улмаас энэ гэрээгээр Сян-ганыг Английн мэдэл өгсөн шүү дээ. Бас хоёр ч хаан энд нас барсан гээд түүхэн үйл явдалтай холбоотой зүйл олон байсан.
ХӨТЛӨГЧ: Эд өлгий болоод түүхийн дурсгалт зүйл бас олон байгаа биз дээ...?
ЧУКА: Байнаа, байна. Хааны ордон юм чинь дээ. Харин сонирхолтой нь Чин гүрний үед бурхны шашин түгэн дэлгэрч байсны нэг гэрч гэвэл Түвдийн Бутала ордны жижигрүүлсэн Бутала байх юм. Чи энэ зургийг хар даа. Жинхэнэ нь энэ, дуураймал нь энэ... Энэ харьцуулсан зургийн яг дунд нь би зогссон байгаа биз? Жинхэнэ Буталад очиж амжаагүй юм чинь дуураймал Буталад орж бас мөргөл хийгээд авсан шүү. Бурхны шашинтай хүн лав зүгээр өнгөрч чадахгүй юм билээ. Намайг мөргөхөөр манайхан миний зургийг авах гээд байсан болохоор тухтай мөргөж чадсангүй ээ. Энэ Буталаг Чин-лунь буюу Тэнгэр тэтгэсэн хааны 60, эхийх нь 80 насны сүүдэрт зориулж байгуулсан юм байна. Эд өлгийн зүйлсээс гэвэл цэнхэр эрээн аяга шаазан, ваар сав Чин гүрний үеийн дурсгал гэдгийг олж мэдсэн.
ХӨТЛӨГЧ: Та энд Хааны сэрүүн ордны дэргэд төрсөн бодрол... гэж бичсэн байх юм. Энэ талаар сонирхуулахгүй юу?
ЧУКА: Түүхэн дурсгалт зүйлийг үзэж харж явахад юу эсийг эргэцүүлж бодох билээ дээ. Чухам бодол минь эндээс эхэлсэн юм. Манай монголчууд Чин гүрний үндэс суурийг тавьсан Нурхачийг Цогт тайж кинон дээрээс, бас Нурхачийн 8-р хөвүүн Хунтайжийн хатан Хиад аймгийн боржгин овогт эмэгтэйг "Монгол хатан" хятадын олон ангит кинон дээрээс сайн мэдэх байхаа. Манж үндэстэн Чин гүрнийг үүсгэн байгуулж, мандан бадрах эгзэгтэй үед Амирлангуй хэмээх монгол хатны гүйцэтгэсэн үүрэг тун их юм билээ.
ХӨТЛӨГЧ: Сонин байна, цааш нь яриач...?
ЧУКА: За... Аль ч улс үндэстний бүсгүйчүүдээс илүүтэй монгол эмэгтэй, монгол хатад түүхийн үйл хэрэгт гар бие оролцож, оюун бодлоо зориулж ирсэн уламжлалтай. Тухайлбал, домогт хатан Алун-Гоогоос эхлээд Чингис хааны эх Өлүн, хатан Бөртэ... дараа үеийн хатад болох их хаан Мөнхийн эх, Хубилай хааны эмэг эх Сорхогтан, Хубилай хааны хатан Чимбай, Түмэдийн Алтан ханы хатан Юнгэн, бас бид бүгдээрээ хамгийн сайн мэдэх Мандухай цэцэн, Манжийн Энхамгалан хааны зүрхний өргөс болж авсан Галдан бошготын хатан Ану гээд алдарт хатдыг нэрлэж барахгүй ээ. Монгол хаад хатныхаа үгийг сонсож, оюун бэлигт хатад нь хааныхаа түшиг тулгуур нь болж ирсэн түүхтэй. Тэр л ёсоор Манжийн хунтайжид хатан болж очсон монгол эмэгтэй саруул ухаан, оюун бодол, шантаршгүй эр зориг, бас зальжин ааш төрхөөрөө Чин гүрний түүхэнд нэр нь дурсагдаад өнгөрөх бус, үйл хэргээрээ мөнхөрсөн гэдэг юм. Энд би Чин гүрний эхний, бас сүүлчийн ч гэж хэлж болох хоёр хатны тухай бодол хэлхсэн юм. Үүнийгээ уншчих уу...?
ХӨТЛӨГЧ: Тэгэлгүй яахав... 
                                                                  / хөгжим дээр /
ЧУКА: Хиад аймгийн Боржигон овогт бүсгүй таныг Чин гүрний З үеийн хааныг тэтгэн дэмжиж, төрийн эрхийг бататган бэхжүүлсэн гавьяа түүхтэй гэдэг билээ. Амирлангуй хатаан!  Таны үр сад хүчирхэг гүрэн байгуулж мандан бадарч явсан хэдий ч уг гарвал, үндэс угсаагаа гээж, өнөө байна уу, үгүй юу эргэлзээтэй болжээ. Ийн өгүүлэхийн учир гэвээс үндэстэн оршин тогтнохын эх сурвалж нь хэл яриа, ёс заншил, газар нутаг гэдэг. Гэтэл таны үр сад суурин иргэншлийн соёлд хэт улайрч, жаргал цэнгэл хөөцөлдөж, бусдын нуруун дээр дэндүү их ачаа үүрүүлснээс өөрөө өөрсдийгөө устгачихаа юу даа. Хэрэв та босож ирвэл энэ талаар юу хэлэх байсан бол...? Таныг би түүхийн хуудаснаас эрмэг зоригтой, ухаантай, бас зальжин бүсгүй байсан гэж уншсан. Та бас угсаа нэгтнүүд рүүгээ довтлон дайрч, эзлэн түрэмгийлэхийг санаархдаг байжээ. Гэхдээ энэ таны буруу биш, харьд очсон бүсгүй заяагаа дагасан биз хэмээн бодном. Нэгэнт энгэрийг нь түшсэн бол эр нөхөртөө үнэнч байж, үйл хэрэгт нь тус болж явдаг монгол эмэгтэйн цус судсаар чинь лугшиж байсных бизээ.
 
                                                                / хөгжим тодорч ирээд  /


  

ЧУКА: Чин гүрний хойч үеийн сүүлчийн цуут хатан Цы-си та намайг сонсож байна уу? Би таны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйл, өргөө гэрийг тань хараад зогсож байна. Түүхийн хуудаснаас үзвэл баян тансаг нь дэндүү гэмээр дэндүү байжээ, та. Санаанд минь байгаа ганцхан жишээ гэвэл та нэг удаагийн зоогтоо зориулж 700 мянган тариачны нэг жил идэх хоол хүнстэй тэнцэхүйц хэмжээний мөнгө зардаг байжээ. Зөвхөн цагаан будаагаар хийсэн зоог тань гэхэд 50 төрөл байсан гэдэг. Та хоргой торгоны дээдийг, шүр сувдны сайныг шилж хэрэглэдэг. Энэ ертөнцөөс явахдаа хүртэл тэн тэнгээр ачих алт эрдэнэсээр бүрүүлж, бүтээлгэж байсан гэсэн. Харамсалтай нь дэндүү их баялгаар бүтээлгэснийхээ гайгаар энэ бие тань газар дор нүцгэрч хоцорсон гэдэг. Та 50 жил хөшигний араас төр барихдаа хатуу гэмээр хатуу, харгис гэмээр харгис хатан байжээ. Цы-си таныг би монгол биш манж бүсгүй гэсэндээ ингэж хэлж байгаа юм биш. Чин гүрний сүүл үеийн хаад, ихэс дээдсийн тансаглал, зугаа цэнгэл мөхлийх нь эх үндэс болсон ч юм билүү. Одоо би аль тэртээх он жилийн өмнөх Юан гүрний үеийн Хубилай хааны хатан Чимбайн тухай уншсанаа эрхгүй эргэн санаж байна. Хатан хүн, тэр дундаа хааны хатан юугаар ч дутахгүй, бүр дээдийн дээдийг эдэлж хэрэглэж, өмсөж зүүх боломжтой. Тийм эрх нь ч бий. Үүнийг Цы-си та хэтрүүлж хэрэглэснээс биш дутаагаагүй ээ. Гэтэл Чимбай хатан дордосд ээлтэй, арвич хямгач хүн байжээ. Нэг удаа хааны ордны зарц шивэгчин нарт хоргой торгон дээл, эрээн алаг хивс түгээж байхыг хаан хараад: Хааны ордны сан хэдий элбэг баян боловч энэ мэт түгээгээд байвал хоосрох цаг ирнэ буйзаа хэмээхүйд, олон зарц шивэгчид нэгэн дуугаар: Хаан эзэн минь ээ, энэ бүгд бол Чинбай хатны санаачилгаар ордны доторх хэрэгцээ үгүй болсон элдэв эд зүйлийг цуглуулан сайныг шилж, мууг орхин зүйж хийсэн гутал хувцас билээ. Эдгээр эрээн хивс болбоос нумын саадагны цацаг уяа, хуучирч муудсан том дээс, тохом эсгий зэргийг дахин ашиглаж бүтээсэн эд билээ" хэмээсэн гэдэг. Чимбай хатан эх бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж, Пагва ламыг улсын их багш хэмээн өргөмжилж байсан түүх бий. Тиймээс Юань гүрэн 100 гаруй жил оршин тогтнохдоо бичиг соёлтойгоо, хэл яриатайгаа, үндэс угсаатайгаа байж, сүүлчийн хаан Тогоонтөмөр Бээжингээс хөөгдөж, нутаг буцах замдаа бичсэн эмгэнэлийн шүлгээ эх монгол хэлээрээ зохион бичиж байсан. Тийм дээ ч өнөөдөр монголчуудад эх хэл нь байна, бичиг соёл нь байна, газар нутаг нь байгаа бусуу. Гэтэл манж хэл, бичиг соёл нь зөвхөн түүх судлалын хүрээнд үлджээ. Өмсдөг гутал хувцас, гөрмөл гэзгээ тэд кинон дээрээс л харж байна...

ХӨТЛӨГЧ: Та бас түүх сонирхдог байхнээ...?

ЧУКА: Зөвхөн сэтгүүлчийнхээ хэмжээнд холбогдолтой ном зохиол үзэж хардаг юм. Түүнээс биш судлаачийн хэмжээнд биш шүү дээ.

ХӨТЛӨГЧ: Тэгвэл Сэрүүн ордноор аялах зам зуураа бас ганзага хоосонгүй л биз дээ. Чэн-Де хотод манжийн үүх түүх, соёлтой холбоотой зүйл элбэг байдаг гэж дуулсан юм байна?

ЧУКА: Тийм юм билээ. Сониноос манай аяллынхан "Дахин давтагдашгүй найман тансаг амттан" гэсэн нэртэй хоолны газар орсон. Энэ хоолны газар манж үндэстний онцлогтой хоол хийдэг юм байна. Санаа дагаад ч тэр үү, хоол нь тун амттай байсан шүү.

ХӨТЛӨГЧ: Та тэнд өнөө тансаг хатан Цы-сигийн зооглож байсан идээ будаа амсаа л биз дээ?

ЧУКА: Тэгэлгүй яахав. Тэнд би "гө-жөнө" гэдэг нэртэй хавтгай гурилд ороосон эгэл борогжуу нэг хоол идсэн. Тэр хоолыг Цы-си хатан хүртдэг байсан гэнэ. Гө-жөнө Цы-си хатны зоогт орох болсон нь их учиртай юм байна...

ХӨТЛӨГЧ: Юу гэнэв...?

ЧУКА: Цы-си хатан ардын дунд явж байгаад нэг айлд орсон чинь тэд хоол хийж байснаа, хатныг харуутаа өнөө хоолноосоо санаа нь зовоод далд хийх гэж л дээ. Түүнийг харсан хатан: "Гө жөнө" гэсэн гэнэ...
            ХӨТЛӨГЧ: Аа, байж байг... гэсэн байна шүү дээ...

 ЧУКА:Тийм гэнээ.Тэгээд амсаж үзээд тун амттай хоол болохыг мэдээд өөрийнхөө зоогийн ширээн дээрээ өнөө ардын хоолыг тавиулдаг болж, тэр хоолыг Цы-си хатны хэлсэн "гө-жөнө" гэсэн үгээр нэрлэдэг болсон юм байна.

ХӨТЛӨГЧ: Сүүлийн тэмээний ачаа хүнд гээчээр сүүлчийн зогсоол дээрээ та бас олзтой явжээ. Сонирхож явдаг манж үндэстнийхээ хоолыг зооглож, бас Цы-си хатны талаар ярьж хөөрөх сонинтой болсон байна.

ЧУКА: Тийм шүү. Би яг ингэж хэлээд замын тэмдэглэлээ дуусгая гэж байлаа. Харин чи төгсгөчихлөө. Одоо дэвтрээ хаах уу даа...? 

                                                                             2009 он. Бээжин. 
 

1 comment:

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив