Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Соёг бор

/ Бичлэгтэй, сонсож болно /



НЭВТ: Эрхэм сонсогчид оо. Соёг бор морь” ардын уртын дууны домгоос сэдэвлэн бичсэн радио зохиомж хүлээн авч сонсоно уу.
 
                                                                               / хөгжим /
 
Хөтлөгч:        Хаврын зөөлөн нар ээсэн тунгалаг өглөө Гэгээний хийдээс урагш хөврөх нарийхан улаан замаар эцэнхий цагаан морь унасан янхигар өвгөн бодолд дарагдан сажлуулна. Энэ бол Үзэмчний зүүн хойд биеэр орших Хөхборын говиор нутагладаг Сирэнчүүд овгийн Хован-дарна гэгч билээ. Энэ хүн туйлын ядуу тул бусдын сүргээс хамжилцаж гэдсээ тэжээж хорвоогийн бор хоног шар өдрийг өнгөрүүлнэ. Гэсэн хэдий ч түүнд нар болсон ганц хүү бий. Хайртай ганц хүүдээ Өндөг нэр хайрлаж, аль өөдтэй өнгөтэйгээ илүүчлэн хөгшинтэйгээ гар дээрээ ээлжлэн бөмбөрүүлж өсгөсөн билээ.
Өвгөн энэ өдөр  гэгээнтэнд бараалхан голын хайртай хүүгийнхээ заяа төөргийг асуухад, “Халхын Хүрэл ноёныг бараадуул” хэмээн айлдсан учир бодолд дарагдан яваа нь энэ ажгуу. Өнгөрсөн өвөл Халхын нутагт зуд турхан болж, Хүрэл нэрт олон адуутай нэгэн баян айл Үзэмчний зүүн хойт биеэр ирж оторлон өвөлжөөд одоо нутаг буцах гэж буй билээ. 
 
                                                                                 / хөгжим /
 
Эмгэн:            /уйлагнан/  Ганц хүүгээ хол газар, хүний нутагт  явуулчихаад юугаа ч бодож суух билээ дээ...
Өвгөн:            Нэгэнт гэгээнтэн айлдсан хойно яах билээ дээ, хөгшин минь...
Хүү:                Аав эжий минь дээ, хүү нь нас хорь хүрлээ. Одоо та хоёрыгоо харж хандах цаг болсон биш үү. Бүү гунигла даа...
Өвгөн:            Хөгшин минь, хүүгийнхээ холын замыг хар нулимсаар бүү үд дээ. Хүүгийн хэлдэг ч бас зөв шүү. Эр хүн болж дээ, миний хүү...
 
                                   / хөгжим дээр нүүдлийн чимээ орж ирээд фон дээр /
 
Хөтлөгч:        Зуны эхэн ногооны түрүүчээр Хүрэл баяны нүүдэл нутгийн зүг  хөдөлж, Өндөг хүү тэдний адуучнаар гурван жил зарагдах болж, урт нүүдлийн араас түмэн адууг нь туун явна.
 
  / Нүүдлийн чимээ тодорч ирсний дараа адуун сүргийн чимээ орж ирэх /
                                                                           / хөгжим /
 
Хөтлөгч:         Халхын нутагт ирсээр олон хоног сар өнгөрч, Өндөг хүү шинэ  газар уснаа дасаж, хичээнгүй хөдөлмөрч зангаараа Хүрэл баяны сэтгэлийг татаж чаджээ. Залуу хүү бас энэ газар нэн баяр баягалантай байх авай. Учир нь Хүрэл баяны бага охин Бүжмаад сэтгэл алдарч, өдөр хоногийн удаанд бүсгүй ч залуу хүүд сэтгэл татагдаж, улмаар тэд нууцхан амраг хосууд болжээ. Амраг хоёрын аз жаргал харвасан сум шиг өнгөрч нэгэнт гурван жил болсон тул Өндөг хүү нутаг буцах болжээ. Түүнд унасан газар шороо, хөгшин аав ээж рүүгээ тэмүүлэх сэтгэл их байвч ард үлдэх хонгор жаахан бүсгүйдээ сэтгэл бас хорогдоно. Өндөг хүүг нутаг буцахын урд орой Хүрэл баян: “Чи өнгөрсөн гурван жил их сайн ажиллаа. Тиймээс миний адуун сүргээс аль дуртайгаа сонгож ав даа” хэмээжээ.
 
                                                                            / хөгжим /
 
Өндөг:            Хонгор жаахан Бүжмаа минь, би одоо нутаг буцах боллоо. Аав ээжтэйгээ уулзах минь сайхан ч амраг жаахан чамаасаа холдож явна гэхээр хэцүү байна даа...
Бүжмаа:        Миний сэтгэл ч мөн адил, яана даа... Ингэхэд аав ажлын чинь хөлс харамжинд юу амлав даа?
Өндөг:            /их л баяртайгаар/ Адуун сүргээсээ аль дуртайгаа ав гэсэн шүү...
Бүжмаа:        Тэгэж болохгүй ээ...
Өндөг:            Яагаад...?
Бүжмаа:        Адууны сүүлд явдаг даахитай бор даагыг чинь авъя гэж хэл...
Өндөг:            /ихэд гайхан/ Чи юун учир ингэж  хэлнэм?
Бүжмаа:        Чи аавын үгээр санаандаа тохирсон морио авна уу, эсвэл миний үгэнд ороод адууны сүүлд явдаг даахитай бор даагыг авна уу,  өөрөө мэддээ...
 
                                                                   / хөгжим /
 
Хөтлөгч:        Өндөг хүү амраг бүсгүйнхээ захиж хэлснээр адууны сүүлд явдаг даахитай бор даагыг авахад Хүрэл баян ихэд гайхсан боловч үг хэлсэнгүй. Ингээд Өндөг хархүү Хүрэл баяныхаас мордохын өмнө өөрийн зүүж явсан мөнгөн бөлзгийг сэтгэлийн амрагтай өгсөнд, бүсгүй хариуд нь мөнгөн дэгээтэй тамхины уут бэлэглээд:
Бүжмаа:        Чи намайг санавал мориныхоо сүүлийг ажиглаж байгаарай. Дааганы чинь сүүл газар З нугаларбал намайг эрж ирдэг юм шүү. Битгий мартаарай...
 
                                                                 / хөгжим /
 
Хөтлөгч:        Өндөг хархүү өөрийн хошуу нутаг, төрсөн гэртээ харьж ирээд болзоот  амрагаа санах бүрдээ дааганыхаа сүүлийг ажиглан хардаг болжээ. Гэтэл төдий л урт болж өгөхгүй байж гэнэ. Тэрээр нэгэн айлын адуу малыг хамжилцан хариулсаар гурван жил болжээ. Нэг өдөр бор мориныхоо сүүлийг харсан чинь газар З нугаларчихсан байна гэнэ. Баярлаж хөөрсөн залуу эр яаран сандран гэртээ ирээд нандигнаж хадгалсан тамхины уутаа авч бүсэндээ хавчуулаад Халхын нутаг руу бор мориныхоо хурдаар довтолголоо.
 
                                             / морьтон давхих чимээ орж ирэх /
 
Хөтлөгч:        Өндөгийг яаран довтолгосоор Хүрэл баянынд иртэл тэднийх бага охин Бүжмаагаа айлд мордуулахаар их найр наадам хийж байна гэнэ. Өвгөн хөгшин хоёр ч залуу хархүүг хараад: “Ай хө, манай адууны хүү хүрээд ирлээ, яасан билэг дэмбэрэлтэй юм болж байнаа... дээшээ суу, дээшээ суу...”  хэмээн сүйд болон угтан авч, ихэд хүндлэн дайлжээ. Залуу  ч алсаас ирсэн зочны ёсоор тэдэнд хариу  хүндэтгэл үзүүлэн архи  дарс хэмнэж суухдаа:
Соёг бор мориороо
Сайварлуулан тэмүүлээд ирлээ
Сонихон зантай авхай чинь
Ороод ирдэггүй нь юуны учир вэ... хэмээн дуулжээ.
 
                     / Соёг бор морь-дуу орж ирээд фон дээр хэлэх /
 
Хөтлөгч:    Товгор бор морь минь
                     Тохмон дороо хөлстэй дээ
                     Томоогүй бяцхан тэр минь
                    Торомгор нүдэндээ нулимстай даа
 Хөх бор мориороо
 Хөндөлсүүлээд ирлээ дээ
 Хөөрхий жаалхан тэр минь
 Хөмсгөн дороо нулимстай даа...
 
                                       / дуу тодорч ирээд фон дээр /
 
Хөтлөгч:        Хажуугийн гэрт улаан торгоор толгойг нь бүтээсэн Бүжмаа бүсгүй залуу эрийн дуулах дууг сонсоод нэг л дотно танил санагдсан тул дэргэдийн хүүхнээ зарж,
Бүжмаа:        Чи аавын гэрт орж, ирсэн гийчинд архи хэмнэх далимаар тэр хүний тамхины уутыг нь сэмээрхэн аваад ир...
Зарц:              Жа, ахайтан... 
 
                                                               / дуу тодорч ирэх /
 
Хөтлөгч:        Бүжмаа бүсгүй зарц эмэгтэйн сэм авчирсан зүйлийг харсан чинь өөрийн нь урласан мөнгөн дэгээтэй тамхины уут мөн байсанд ихэд догдлон баярлаж, хуруундаа зүүж байсан бөлзгөө өгч,
Бүжмаа:        Чи энэ бөлзгийг тэр зочинд архи хэмнэх зуураа аяган дотор нь хийгээд өгөөрэй...
Зарц:               Мэдлээ, ахайтан...
 
                                                      / дуу тодорч ирээд дуусах /
 
Хөтлөгч:        Залуу хархүү зарц бүсгүйн барьсан архийг ууж дуусаад харсан чинь дотор нь нэг бөлзөг байх бөгөөд нягтлан ажиглавал өөрийнх нь өлзий хээтэй мөнгөн бөлзөг мөн байхыг таниад, “Энэ лав намайг ирснийг мэдээд харьд мордох бэр боллоо гээд миний өгсөн бөлзгийг буцааж байгаа юм байна” гэж бодоод сэмхэн аваад өвөрлөчихжээ. 
 
                                                  / найр наадмын гадаах чимээ /
 
Хөтлөгч:        Удаж төдөлгүй бэр мордох дөхөж, шинэ бэр сан эргэхэд бор зүсмийн морь унах хэрэгтэй болсон тул тийм зүсмийн морь эрж хайж эхэлжээ. Эрлийн эцэст Өндөг залуугийн үзэмчин эмээлтэй өндөр бор морь олны сэтгэлд ихэд нийцсэн тул, Хүрэл баян: “ Морио бэрд унуулаач...” гэж Өндөгөөс гуйхад,
Өндөг:            Миний морь их догшин, надаас өөр хүн унахад хэцүү морь доо...
Хүрэл баян: Тэгвэл хүү минь, чи өөрөө унаад бэрийг сундлаад санг эргэчихвэл болчихно шүү дээ...
Олон:             Тэгээч, тэгээч... тэгж болно шүү дээ...
Хөтлөгч:        Ингээд залуу хархүү сэтгэлийн амраг Бүжмаагаа бор  морин дээрээ сундлаад санг нар зөв гурав эргээд, дараа нь өөрийн нутаг Үзэмчин хошууны зүг соёг борынхоо хурдаар нисэх мэт давхилаа.
 
                                                              / ганц морь хурдлан давхих чимээ орж ирээд араас  нь                                                             олон морьтон хөөх чимээ /
 
Хөтлөгч:        Сандарч тэвдсэн олон морьтон хулгайлагдсан бэрийн хойноос нь нэхэн хөөсөн боловч соёг бор морийг нэг нь ч гүйцсэнгүй. Ийнхүү үзэмчин хархүү соёг борынхоо хурдаар амраг бүсгүй Бүжмаагаа өөрийн нутаг хошуундаа саадгүй авчирч, хөгшин буурал аав эжийдээ золгуулж, тооноо өргөж, галаа асаан он удаан жил аз жаргалтай амьдарчээ.
 
                                                                      / хөгжим /
 
НЭВТ: Сонсогч та бүхэн “Соёг бор морь” ардын уртын дууны домгоос сэдэвлэн бэлтгэсэн радио зохиомж хүлээн авч сонслоо. 
 
2010 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив