Lucky Charms Rainbow

Monday, February 25, 2013

НАСАН БАГЫН ДУРСАМЖ - 1




Саяхны нэг орой “Оршихуй, эс оршихуй” жүжигчилсэн реалити шоун дээр чулуун гэрээс сэдэвлэсэн нэг итуд үзлээ. Их хөөрхөн юмаа. Өнөөдөр хөдөөд хүүхдүүд чулуун гэр барьж, айл гэр болж тоглодог хэвээр болов уу... 
 
Эхний хэсэг буюу Сүүтэй шил...
Миний хувьд төрсөн газар шороо минь хөдөө ч хөлд орж, хэлд орсон газар минь Улаанбаатар. Гэхдээ хотын хөдөөд өссөн дөө. Зайсан толгойн ар өврөөр, Туул голын хоёр эргээр, Богдын ордон-музейн орчимд миний хүүхэд нас өнгөрсөн юм. Хотын хүүхдүүд бид бас айл гэр болж тоголдог байсан. Гэхдээ чулуу биш гоё хээтэй шил шаазангын хагархай түүж түүнийгээ жирийтэл өрж айл гэр байгуулна. Тэр шил шаазангаа хаанаас олдог вэ, гэж үү? Хогон дээрээс түүнэ шүү дээ, сонин байна уу. Одоогийн та нар үнэмшихэд бэрхтэй л байх.  Бид олсон эд хогшлоо голын усанд сайтар угааж хөрөнгөө босгоно. Довон дээрээ хамгийн гоё хээ хуар бүхий цуглуулгатай нь буюу хөрөнгөлөг нь би байсан. Нэг үгээр хамгийн сайн “хог түүгч” байжээ дээ, хэ хэ хэ...   Цуглуулсан эд хогшлоо өнгө донж, хэлбэр дүрсийг нь тааруулан гоё сайхан өрж хураана гэдэг том эрдэм. Өнөөгийн хэлээр бол дизайны урлагт суралцаж байж. Энд олж авсан эрдмийн эхлэл минь цааш цааш гүнгийрсээр насан туршид хэрэг минь болсоор ирсэн, хэрэг болж ч байна. Хэрэвзээ бидэнд бэлэн зэлэн тоглоом байсан бол бидний сэтгэлгээ хэр хөгжих байсан бол доо.
Харин нэг гайхмаар, сонирхолтой зүйл нь тэр үед маш ховорт тооцогддог “сүүтэй шил” юм. Өнөөдөр бол өдрийн гэрлээс эхлээд газар сайгүй л байдаг цагаан шил. Яагаад ч юм бидний дунд “сүүтэй шил”-ийг хөхөөд байвал сүү гардаг юм гэсэн яриа гарч, бид мөн ч их хөхдөг байж билээ. Айлчилж ирсэн зочиндоо “сүүтэй цай” гээд өнөө шилээ өгөөд хөхүүлнэ шүү дээ. Ам хэлээ эсгэж энэ тэр болдоггүй нь гайхалтай. Энэ “сүүтэй шил”-ээ хаанаас олдог вэ, гэж үү? Мэдээж хагарч хэмхэрсэн шил болохоор хогон дээрээс... Итгэмээргүй байгаа биз? Гэвч энэ үнэн. Гайхуулаад байх юмгүй зүйлийг юуг нь яриад дурсаад байдаг юм гэж бодож байна уу? Нэг бодлын тийм ч нөгөө бодлын бидний эргэн тойрон үнэхээр эрүүл байж дээ...

Удаах хэсэг буюу Дурсамжаас үүдсэн дурсамж...
Залхуураагүй бол цааш уншина уу. Би бараг л төрсөн цагаасаа ясли, цэцэрлэг дамжиж өссөн. Зундаа 24-ын цэцэрлэгт явна. Энэ нь долоо хоногтоо нэг удаа гэртээ харьдаг цэцэрлэг. Манай цэцэрлэгийн хоёр давхар хос дүнзэн байшин Зайсан толгойн өмнө талд саяхныг хүртэл байсан даа. Зарим хүн санаж байгаа байх.
24-ын цэцэрлэгийн хүүхдүүд их өвөрмөц, тэр орчиндоо бол нэгэн “вант улс” гэсэн үг. Гүнж, ханхүү, баатар жанжин, цэрэг дайчид, ард олон гээд бүгд байж дээ. Мэдээж авьаяслаг бөгөөд хөөрхөн охин нь гүнж, дэггүй сахилгагүй нь жанжин, хожуу үеийн хэлээр бол атаман. За тэгээд одоогийн хэлээр бол хэд хэдэн бүлэг фракц болоод үзэлцэнэ. Миний хувьд гэвэл гүнж бол бүр ч биш, фракцийн толгойлогч удирдагч ч биш, харин нөлөө бүхий гишүүн байсан шиг. Яагаад гэвэл хүүхдүүд тойруулж суулгачихаад ямар нэгэн юм ярьж, зааж зааварлана. Тэд маш анхааралтай сонсдог байсан санагдана. Тэгэхлээр удирдагч биш юмаа гэхэд нэлээд нөлөөтэй нэгэн байсан шиг. 
 Цэцэрлэгт байх үеийн нэг сонин содон зүйл одоо ч санаанд тодхон. Өдөр бүр давтагддаг үйлдэл болохоор тэр биз. Одоо бодоход яг л мал шиг... инээдтэй байж. Тэр үеийн цэцэрлэгт тоглох тоглоом ховор. Өглөөний цайны дараагаар багш бидэнд: “Хүүхдүүдээ уул руу гараарай, уралдаарай...” гэнэ. Тэгээд бид уул өөд уралдах нь уралдаж, алхах нь алхаж өгнө. Жаал явж байснаа айраг гээд далбагар ногоон навчтай ургамал /гишүү байж/ сугалж аваад улаан ишийг нь зажлаад сороход их амттай шүүс гарна. За тэгээд хэсэг “айраг” ууж аваад дээшилнэ. Дараа нь хадтай чулуурхаг газар ургадаг бүлтгэр бүлтгэр ургамалыг “үхрийн нүд” гээд сугалж аваад зажилж өгнө. Авахад тийм ч амар биш болохоор хавтгай чулуугаар хөндийлж байгаад авна. Зарим хүүхэд үүнийг мулталж авдаг зэвсэгтэй гэж байгаа. Тэгээд үхрийн нүдээ идэж “цадаж” аваад дээшээ явж модон дотор орно. Тэнд төмсний улаан гээд өндөр иштэй час улаан ганган хээнцэр цэцэг байх. Түүнийг түүж жаргана. Бас үндсийг нь ухаж болцгор цагаан зүйл гаргаж ирээд “төмс” гээд идэж өгнө. Төмсний улаан тийм ч элбэг биш болохоор гүнж болоод удирдагчид голдуу зооглоно. За тэгээд охидууд замдаа түүж ирсэн цэцгээрээ малгай сүлжиж гангарч гарна. Зарим охидын цэцгэн малгайд ховор гоё цэцэг орчихсон байх. Мэдээж хөвгүүд сэм бэлгэлсэн хэрэг шүү дээ. Би охидын хүрээний явдлыг ярьж байна. Харин хөвгүүд юу хийж явдагыг сайн санахгүй байна. Охид л болсон хойно бие биеийнхээ палаажны гоё сайхныг ам булаалдан ярьж, хэнийх нь палаажны хормой хамгийн том дэрвэж эргэдгийг үзүүлэх гэж толгойгоо манарч унатал эргэлдэнэ. Дараа нь чихрийн цаасны цуглуулгаа гаргаж хэн нь хамгийн баян цуглуулгатай болохоо үзэж, мөнгө шиг тоолж эхэлнэ. Харин би баялаг цуглуулгатай, бас палаажны хормой нь гоё эргэдэгээрээ нэлээд дээгүүр орчихно. Энүүхэндээ гэж хэлэхэд нөлөө бүхий хүн л баян байхаас энгийн олон бол ганц ширхэг ч цаасгүй. Тэгэж байтал тээр доороос багш: “Хүүхдүүдээ, хоолондоо” гээд дуудах чимээнээр уулын уруу ёстой урд хойноо ороод унаж тусан гүйлдэж эхэлнэ дээ. Унаж л байдаг, босож л байдагсан. Бэртэж гэмтсэн нь ер үгүй. Хааяа нэг өвдөг тохойгоо шалбалчихвал эм гээд шороо авч шүлсээрээ норгоод шархан дээрээ тавиад хатаачихна. Хувилж идээлсэн нь ер үгүй. Тэр үеийн явдлаа эргээд санахаар үнэхээр сайхан. Мал шиг өвс ургамал идэж явсан нь хачирхалтай ч, харин сайн нөлөө болсон шиг. Учир нь элдэв өвчин зовлон тоочилгүй 60 хүрчээ. Энэ нь тэр бүгдийн ач тус ч юм билүү, хэн мэдлээ.
Багын явдлаа гэж хөгтэй ч хөгжилтэй ч байх юм даа.

                                            2012 оны 12-р сарын 6



No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив