Lucky Charms Rainbow

Thursday, February 21, 2013

СӨХӨРЧ БОЛДОГГҮЙ АМЬДРАЛ- 9



 / сонсож болно /
 
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, та бүхэн “Сөхөрч болдоггүй амьдрал” цувралын Тэргэнцэртэй хүний түүх буюу “Холын гийчний үг” хэмээх нэгэн бүлгийг хүлээн авч сонсоно уу. 
 
/ хөгжим /
/  Хонх дуугараад гаднаас нэг авгай орж ирнэ /
 
 Эх:                 Үгүй хө, Должин юу даа, сайн байна уу? Ямар сонин хүн явж байх юм дээ... 
 
Авгай:            Сайн, сайн байна уу, сайхан зусаж байна уу? 
 
Эх:                  Сайн сайн. Сайхан зусаж байна. Чи ч бүр гялалзаад сайхан байна шүү. Ингэхэд үзэгдэж харагдахгүй хаагуур яваад байна даа? 
 
Авгай:            Хөгшин чинь энэ зуныг бараг л Бээжинд хүү дээрээ өнгөрөөлөө. 
 
Эх:                  Өө тэгээ юү, за тэгээд хүү сайн. Бээжинд сайхан л байсан биз дээ, халуун байна уу? 
 
Авгай:            Халуун, халуун. Мань шиг сэрүүн газрын хүмүүст амаргүй л юм. Гэхдээ сайхан байлаа хө. Тэр газар хөгжиж байгаа гэж хачин, хачин. Хүмүүсийн амьдрал ахуй ч дээшилж, юм юм л байдаг болж. Төмөр дажгүй юу, бие хаа нь ямаршуу байна даа. Өнөө бээлийгээ оёж шидээд л байна уу? 
 
Эх:                  Дажгүй дээ. Гэхдээ л залуу хүн тэргэнцэр дээр амьдарна гэдэг ямар олиг байх вэ. Уг нь савхин бээлий оёж сурчихаад сүрхий л урамтай байсан юм. Одоо цаг дулаарчихаад борлуулалт бараг байхгүй, гиеүрсэн хүн л байх юм байна шүү. Хааяа спортын ордон дээр бэлтгэлд явах юм. Гэхдээ хүргэж өгнө, авчирна гэдэг мань шиг хүн бүл муутай хүмүүст хэцүү юм. Өнөө муу найз охин нь л авч явах юм даа. Манайд ийм хүмүүст зориулсан зам харилцаа, үйлчилгээ гэж байхгүй болохоор амаргүй юмаа, хө. 
 
Авгай:            Би сая Бээжинд байхдаа тэргэнцэртэй хүмүүсийг их ч олон харлаа. Их ч байдаг бололтой юмаа. Хүүг чинь ийм болоогүйсэн бол ёстой нүд харанхуй яваад ирэх байлаа шүү. 
 
Эх:                  Үгүй ер, тэгээд хө...? 
 
Авгай:           Тэргэнцэртэй хүмүүст зориулсан бүр тусгай зам байх юм. Метронд орж гарахад зориулсан тусгай замтай, тэгээд бүр дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрын ариун цэврийн өрөө бүрд ийм хүмүүст зориулсан тусгай 00-ын өрөө юм гээч. Би бүр татаж үзлээ намхан суултууртай, суултуурын хоёр талд нь босож, суухад нь зориулсан бариултай... Хачин, хачин... Тэгсэн чинь манай хүүхдүүд, ээжийн саваагүй гэдэг нь гэж ирээд загнахаар нь Төмөр автын осолд ороод нуруу нугасны гэмтэл аваад тэргэнцэр дээр суудаг болсон гээд хэлчихлээ. 
 
Эх:             Тэгэлгүй яахав. Хол байгаа хүмүүс яаж мэдэх вэ, хөөрхий. Уг нь хар багын л найзууд юм шүү дээ. 
 
Авгай:            Тэгээд Төмөрийн тухай сонсоод бүр сүйд болсон. Хятадад тахир дутуу хүмүүст зориулсан тусгай эмнэлэг, эмийн сан байдаг юм байна. Тэнд бүхий л зүйл байдаг гэнэ. Тэгээд Төмөрт хэрэг болно гээд эднийг явуулсан юм. Энэ нь нуруу нугасны гэмтэлтэй хүн хэрэглэдэг бүслүүр гэнэ. Үүнийг бүслээд хөдөлж байхад нь маш их тулгууртай байдаг гэнэ. Эд нар нь тэргэнцэртэй хүмүүсийн дэргэд байдаг ойр зуурын хэрэглээний иж бүрдэл гэсэн. Халуун сав,аяга шаазан... гээд гар дор хэрэг болох бүх л юм байгаа гэсэн. Заримыг нь би ойлгохгүй юм билээ. Төмөр өөрөө хараад мэдэх байхаа. 
 
Эх:                  Үгүй ер, ямар сайхан зүйлүүд вэ? Хүү маань хараад их баярлана даа. 
 
Авгай:            Ингэхэд Төмөр хаачсан бэ? 
 
Эх:          Төмөр спортын ордон руу бэлтгэлдээ явсан. Хүү маань одоо тэргэнцэртэй хүмүүсийн гүйлтийн тэмцээнд оролцох гээд бэлтгэл хийж байгаа юм? 
 
Авгай:         За тийм. Энэ билүү... Үгүй энэ нь билүү... тэргэнцэртэй хүмүүс дасгал сургуулилт хийхэд хэрэглэдэг юм гэсэн шүү...
 
Эх:                 Үгүй ер ямар сайхан юм бэ. Хүү маань түргэн ирээсэй, ямар их баярлах бол доо. Цэнгэл ямар их юм явуулаа вэ. Их ч үнэтэй эд байх даа. Цэнгэлийнхээ тусыг бид хоёр яаж хариулна даа. 
 
Авгай:            За больж үз. Бид та хоёрт туслалгүй яадаг юм. Цэнгэл, Төмөр хоёр хар багаасаа өвөр түрийдээ орж өссөн найзууд. Харин хүү маань өдий хүртэл мэдээгүй дээ их гэмшиж байсан шүү. 
 
Эх:                  /ихэд гайхан/  Хөөх... Энэ хайрцаг савтай шүр сувд, өнгийн утас шөрмөс чинь одоо юу вэ...? 
 
Авгай:          Наадах чинь ёстой сонирхолтой зүйл дээ. Энэ шүр сувдыг энэ мяндсан утсуудаар хэлхэж холбож сүлжээд түрийвч, бүсгүйчүүдийн гоёл чимэглэлийн уут, бүр цүнх хүртэл хийнэ шүү дээ. Бүх хэрэглэгдэх зүйл нь энэ хайрцагт байгаа. Энэ номон дээрээс нь хар... Яаж хийхийг нь заасан байгаа. Номыг нь мэдэхгүй хүн ч хараад сурчихаж болмоор байгаа биз...? Одоо миний энэ барьж яваа цүнхийг хар даа, дан хар чимэглэлээр сүлжиж хийсэн цүнх байгаа юм. 
 
Эх:                  Үгүй, одоо энэ үү... Ямар гоё юм бэ? Чамайг орж ирэхэд л нүд унаад байсан юм. Ямар чамин юм бэ? 
 
Авгай:            Би үүнийг Цэнгэлтэй хамт явж байгаад захиалж хийлгэсэн юм. Ердөө өдрийн хагаст л хийчих юм билээ. Одоо хүү чинь зун болоод бээлий борлогдохоо байлаа гэж гиеүрч суух биш, харин үүнийг даруйхан сүлжиж сураад зун өнгөрөхөөс өмнө хүүхнүүдийн зуны гоёлын уут, цүнх хийх хэрэгтэй. За тэгээд косметикийн сав, гоё ганган түрийвч бол байнга хэрэглэдэг эд шүү дээ. Энэ шигтгэдэг зүйл утас шөрмөсийг нь Цэнгэл нь тасралтгүй явуулаад байна гэсэн.
 
Эх:                  Энэ зүйлүүд хэр үнэ өртөгтэй юм болоо... Энэ тухай хүүгийнхээ ижил зовлонтой найз нөхдөд нь дуулгах юмсан. Хөөрхий тэд бас л амьдрах гэж зовж зүдэрч яваа хүмүүс. Бүр 4-5 хүүхэдтэй бүсгүй хүн түлхүүрийн оосор, бугуйвч энэ тэрхэн сүлжиж зангидаад хүүхдүүдийнхээ хоолны мөнгийг залгах гэж зүдэрч явна. Тэдэнд нь бас дуулгачихвал яаж ийгээд олоод авчих ч юм билүү? 
 
Авгай:           Тэгэлгүй дээ. Иймэрхүү зүйлүүд голчлон ардын уламжлалт бараа зардаг дэлгүүр хоршоо буюу ардын захаар байдаг юм билээ. Андашгүй дээ, андашгүй. Нүдэнд бүр содон тусдаг юм. Би хэзээний оёж хатгачих иймэрхүү зүйл сонирхдогыг чи мэдэх хойно доо. Тэгээд нэг захаар орж яваад үүнийг олж хараад яаж хийдгийг нь нэлээд сонирхож зогслоо. Өөртөө энэ цүнхийг захиалаад яаж хийхийг нь хараад байсан чинь үгүй ер их амархан юмаа. Тэгээд ч Төмөрийг хүүхэд байхдаа хэзээний гарын ур дүйтэйг нь мэдэх хойно. Бас савхин бээлий ямар сайхан хийдэг болсон билээ дээ. Ер нь бодоод байсан чинь үүнээс аваад очвол Төмөртөө их том бэлэгтэй очих юм шиг санагдаад авсан юм. Хөгшин чинь бас сурсан болохоор Төмөртөө багшилчих байхаа... 
 
Эх:              Тэгэлгүй яахав. Би чинь хүүгийнхээ хийсэн бээлийг хэрэглээд л амьтан хүнд үзүүлж хөөрөөд явдаг юм. Одоо наадах шиг чинь сайхан цүнх хийлгэж авах юм шүү. Үгүй тэгээд наадуул чинь ямар үнэ өртгөөр босдог эд байнаа? Хүүгийн маань ижил зовлонтой найз нөхдөд нь ч сонсог доо. Бас мэдэж сурч аваг, хөөрхий. 
 
Авгай:            За чи сонсож бай...
 
/ хонх дуугараад Төмөр ирэх чимээ /
 
Эх:                  За, Төмөр ирлээ шүү...  Өө миний хүүхдүүд хүрээд ирэв үү, ядрав уу...?  Должин эгч нь ирчихээд байна. 
 
Төмөр:           Өө, Должин эгч... Сайн байна уу, сайхан зусаж байна уу? 
 
Авгай:            Сайн, сайн. Миний хүү бие сайн уу, алив эгч нь үнсье. Миний хүү царай зүс дажгүй сайхан байна шүү дээ. Тэмцээнд оролцох гээд л бэлтгэл хийгээд байна уу? 
 
Эх:                  Төмөрөө миний хүү, Цэнгэл нь чамд ийм их юм явуулсан байна...
 
Төмөр:           Өө ямар их юм бэ, алив үзье. За тэгээд манай Цэнгэл сайн уу? Сургуулиа хэзээ төгсөх гэж байна. Эмнэлгийн сургууль болохоор нэлээд хэдэн жил сурах байх даа?
 
Авгай:            Цэнгэл нь сайн, сайн. Одоо тэнд байр сууц хөлслөөд нэг эмнэлэг дээр дадлага хийж байгаа. Чиний тухай сонсоод сүйд болж байсан. Өдий болтол дуулгасангүй гэж эгч нь жаал зэм сонслоо. Өөрөө эмч болох хүн болохоор бүгдийг мэдэж байна билээ. Хамгийн гол нь сэтгэл санаа өөдрөг байх хэрэгтэй гэж онцолж захисан шүү. 
 
Төмөр:           /хоолой нь зангираад/ Цэнгэлдээ их баярлалаа... Тэгээд Цэнгэл маань... /уйлна/
 
Авгай:            Иш... хүү минь битгий уйлдаа. Хөөрхий минь гэж... 
 
Эх:                  Аргагүй дээ, багын найздаа баярлаа биз дээ. Төмөрөө, миний хүү Должин эгч нь чамд бас ийм сонин юм авчирсан байна, хар даа....? 
 
Төмөр:           Өөх энэ юу вэ? Нээрэн сонин зүйл байх чинээ...
 
Авгай:          Үүгээр ийм, ийм зүйл хийдэг юм байна. Чи хар даа, эгчийн нь энэ цүнхийг хүртэл үүгээр... ингэж хийж байгаа юм шүү дээ. 
 
Сувд:              Ямар гоё юм бэ...?
 
/ Төмөр нэлээд сонирхож үзэж байгаа бололтой /
 
Төмөр:           Должин эгчээ, ёстой их баярлалаа. Энэ чинь ёстой над шиг хүн л хийж суух эд байна даа. Ямар гоё юм бэ? Гэхдээ хийх ч бас л амаргүй байх даа. 
 
Авгай:            Гайгүй дээ. Чи хэдэн өдөр суухад л хийгээд сурчихна. Эгч нь бас зааж өгнө. За даа, та нар шиг залуу хүмүүс энэ номыг нь үзээд байхад надтай надгүй сурчих эд байна лээ. 
 
Төмөр:           /Номыг нь үзэж байгаа бололтой чимээ орж ирээд/  Ёстой догь юмаа... Юу гэдэг билээ...? хот газраас ирсэн гэдэг чинь хоргой торгоноос илүү сонин байна гэж “Учиртай гурван толгой” дуурь дээр дуулдаг шиг Должин эгчийн энэ бэлэг үнэхээр сонин байна шүү, таньд баярлалаа. 
 
Авгай:            Иш хөөрхий минь хийх юмтай боллоо гээд бүр сүйд болж байна. 
 
Эх:             Тэгэлгүй яахав цаг дулаарч бээлий нь борлогдохгүй болсноос хойш нэг их гиеүрсэн хүн байсан юм. Уг нь миний хүүгийн хийсэн бээлийг хүмүүс их авдаг байсан юм шүү. Ганболд багш нь амархан сурснаас гадна их уран хүн байна гэж миний хүүг магтаж байсан юм. 
 
Төмөр:      Холын гийчнээс үг сонс гэдэг дээ, Должин эгч минь сонин сайхнаа яриад байгаарай...
 
Авгай:        Өө би гэдэг хүн, хамаг чухал юмаа мартах шахаж шүү. Энэ Цэнгэлийн чамд бичсэн захидал... 
 
Төмөр:           Өө, Цэнгэл маань захидал ирүүлээ юу? 
 
/ Захиа задлах чимээ гараад захиагаа намуухан өнгөөр унших /
 
Төмөр:       Сайн байна уу, найз минь? Би чинийхээ тухай харамсалтай мэдээ сонсоод сэтгэл маш хүнд байна. Гэхдээ найз минь эр хүн амьдралд сөхөрч болохгүй шүү. Бид хоёр бага байхдаа яадаг байлаа даа? Бидний хэдэн найзууд өдөржин Туулын хөвөөн дээр жараахай шүүрч тоглож байхдаа, Туул голыг зогсолтгүйгээр гаталж чадсан нь баатар зоригтой эр болно гэж андгайлаад гол гатлах бүрд хамгийн зориг тэсвэртэй нь ганц чи л байдаг байсан шүү. Тийм болохоор найз нь чамайг одоо ч зориг тэсвэртэй хэвээр байгаа, бүхнийг ялан дийлж чадна гэдэгт итгэж байна. Ийм цаг үед хүнд гагцхүү сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байдаг юм шүү. Дөрвөн мөчгүй ч эрүүл хүнээс ч гарамгүй тэсвэр тэвчээр, хүч чадал гаргаж яваа Баярмагнай ахын тухай бага байхдаа бид хоёр уншчихаад ямар их бахархаж байснаа миний найз мартаагүй биз дээ? Нэгэнт би чиний тухай мэдснээс хойш чи ганцаараа биш шүү. Найз нь чиний түшиг тулгуур болж явах болно. Надад  итгээрэй. Гагцхүү сэтгэлийн тэнхээ бүхнийг ялдаг гэдгийг санаж амьдралд бүү сөхрөөрөй. Би дараа дараагийнхаа захидал дээр чиний адил хүмүүс энэ газар яаж амьдарч, сурч, хөдөлмөрлөж байдаг тухай бичиж байх болно. Баяртай, чамайгаа чанга тэвэрье. Цэнгэл... 
 
Төмөр:         Баярлалаа, Цэнгэлээ... Найз нь чинийхээ үгийг санаж явах болно, надад итгээрэй... Би амьдралд сөхрөхгүй ээ, хараарай хүмүүсээ...
 
/ хөгжим /
 
НЭВТ: Та бүхэн “Сөхөрч болдоггүй амьдрал” цувралын Тэргэнцэртэй хүний түүх хэмээх радио жүжигчилсэн зохиомж үүгээр өндөрлөж байна.



No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив