НЭВТ: ХОТ ХҮМҮҮС...
/ хөгжим /
НЭВТ: Өнөөдөр манай улсад 6000 хүний их эмч ажиллаж байна.
Түүний 4 хувь буюу 270 шахам нь мэс засалч эмч аж. Үүнээс үзэхэд мэс засал гэж
хүн бүр, эмч бүр хийгээд байдаг ажил биш бололтой. “Мэс засалч хүний хутга хоёр
иртэй. Нэг ир нь өвчтөн рүү, нөгөө ир нь өөр рүү нь харж байдаг” гэдэг. Энэ нь
мэс засалч эмч ямар өндөр хариуцлагатай болохыг хэлсэн хэрэг. Ингээд манай
сурвалжлагчийн бэлтгэсэн
МЭС
ЗАСАЛЧИДТАЙ ӨНГӨРҮҮЛСЭН НЭГ ӨДӨР - сурвалжилсан тэмдэглэл хүлээн авч сонсоно
уу.
/ таслал /
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо,УБ хотын нэгдсэн 3-р эмнэлгийн
Яаралтай мэс заслын тасгаас ярьж байна! Энд өдөрт дунджаар 5-8 хүнд мэс засал
хийдэг юм байна. Би мэс заслын өрөө рүү орлоо. Их эмч Батхуяг, залуу эмч Баяраа
нар элэг цөсний хүндрэлтэй хагалгаанд ороход бэлэн болжээ. Өвчтөнг мэс заслын
ширээн дээр байрлуулж, мэс засалд бэлтгэлээ. Мэс ажилбар гэж дан ганц мэс засалч хүний хөдөлмөр биш ажээ. Энд унтуулагч эмч,
сувилагч гээд нийт 5 хүн ажиллаж байна. Яг одоо өглөөний 10 цаг 30 минут болж,
мэс засал эхэллээ.
/ Мэс засал хийх шум
орж ирээд эмч нар хоорондоо ярилцах чимээ /
НЭВТ: /Фон дээр/ Мэс засал ёс журмын
дагуу болж байтал гэнэт гэрэл тасарлаа...
Сонсов уу,
та! цахилгаан эрчим хүч тасарчээ...
/мэс ажилбарын
шум-огцом тасраад харанга өгөх /
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо, гэрэл тасраад 10 минут өнгөрч байна.
Гэтэл сураг ч алга. Яалтай билээ, эмч нар өөрсдөөсөө эрчим хүч гаргалтай биш...
Одоо яанаа... Энэ байдал манай өнөөгийн амьдралд, тэр дундаа мэс засалчдын
хувьд хэвийн зүйл болсон нь ажиглагдаж байна. Тэд гайхаж мэлрэлгүй, сандарч
тэвдэлгүй, уурлаж бухимдалгүй ажлаа үргэлжлүүлсээр, ажиглалтаа хийсээр байна.
/ мэс ажилбарын шум
дахин орж ирнэ /
СУРВАЛЖЛАГЧ: 15 минутын дараа гэрэл ирлээ, ёох санаа минь амарлаа.
Эмч нараа, мэс ажилбар одоо аль үе шатандаа явж байнаа...?
ЭМЧ: Дунд үе шатандаа... Одоо рентген гэрлийн зураг аваад
дуусна.
СУРВАЛЖЛАГЧ:
Мэс заслын үед бас зураг авдаг юм уу...?
ЭМЧ: Мэс заслын явцад зураг авах нь асар их ач холбогдолтой
зүйл. Учир нь ямар нэгэн эмгэг согог байвал энэ зургаар илэрч, түүнийг засах
ажил нэг хагалгаан дээр хийгдэнэ гэсэн үг. Хэрэв зураг аваагүй бол илрэхгүй.
СУРВАЛЖЛАГЧ: Тэгвэл мэс засал хийх бүрд зураг авдаг уу...?
ЭМЧ: Харамсалтай нь үгүй. Зураг авах тоног төхөөрөмж тэр бүр
хүрэлцээтэй биш. Түүнээс гадна зургийн хальс өнөөгийн нөхцөлд маш ховор зүйлийн
нэг шүү дээ.
/ шум огцом тасраад
харанга өгөх /
НЭВТ: Сонсов уу, та!
Зургийн хальс бас хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой байх нь...
/ Мэс ажилбарын шум
үргэлжлэн орж ирээд /
ЭМЧ: Сурвалжлагчаа, одоо бидний оёод байгаа энэ утас
зориулалтын утас биш шүү дээ...
СУРВАЛЖЛАГЧ: Юу... Тэгээд ямар утсаар оёж байгаа юм...?
ЭМЧ: Оёдолчин үйл үртэс хийдэг, гуталчин гутал оёдог утас шүү
дээ.
СУРВАЛЖЛАГЧ:
Юу...юу гэнээ, ойлгосонгүй. Гутал оёдог утас гэв үү...?
ЭМЧ: Тиймээ... Бид энэ утсыг гуталчнаас гуйж авчраад ариутгаж
цэвэрлээд, дараа нь задалж бүдүүн нарийнийг тохируулаад оёдог юм.
СУРВАЛЖЛАГЧ: Хм... хүний эрүүл мэндэд лав сайнгүй дээ?
ЭМЧ: Зориулалтын биш зүйл болохоор ямар олиг байх вэ...
/ мэс ажилбарын шум
огцом тасраад харанга өгөх /
НЭВТ: Сонсов уу, та!
Хүний амь нас, эрүүл мэнд бас утаснаас шалтгаалах нь...
/мэс ажилбарын шум орж ирээд хэсэг яваад дуусах/
/ таслал хөгжим /
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчдоо, түгшүүртэй мэс ажилбар дуусаж, бидний
яриа эмч нарын өрөөнд үргэлжилсэн юм. -Батхуяг эмчээ, мэс засал амжилттай болов
уу?
БАТХУЯГ: Зүгээр боллоо. Энэ айхтар хүнд хагалгаа биш, ердийн нэг
мэс засал...
СУРВАЛЖЛАГЧ: Ямар ч хүн ажил үйл гүйцэтгэсний дараа эргээд бодож
санах зүйл байдаг даа. Тэгэхээр саяын хагалгаанаас ямар ололттой зүйл харагдав,
бас ямар бэрхшээл байв?
БАТХУЯГ: Цөсний чулуу авах хагалгааны үеэр зураг авах ёстой
байдаг. Өнөөгийн нөхцөлд плёнк ховор байна. Тиймээс бид энэ удаа урьдчилан
хөөцөлдсөний үр дүнд зураг авсан нь сайн боллоо. Учир нь цөсний ерөнхий сувганд
чулуу байсан нь зургаар илэрч түүнийг авлаа. Зураг аваагүй бол дахин хагалгаа
хийх байсан. Мэс засалч бид хагалгааг хамгийн бага хугацаанд үр дүнтэй хийх
зорилготой байдаг. Гэтэл саяны хагалгааны үеэр 3 удаа тус бүр 10-15 минутын
хугацаатай гэрэл тасарлаа. Азаар цус алдсангүй, өвчтөн ч хүндрэл үзүүлсэнгүй.
Гэвч энэ хүн норкозны хордлогод байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Эндээс үүдээд
нэг зүйл хэлэхэд эмнэлгийн байгууллагуудыг цахилгаан үүсгүүр, эм хэрэгсэл,
тоног төхөөрөмжөөр эн тэргүүн хангах хэрэгтэй байна. Улс орны байдал хүнд хэцүү
нөхцөлд хүн бүр ажлаа хийсэн шиг хийгээсэй гэж хүсэж байна. Гэрэл тасарснаас
болоод мэс заслын ширээн дээр хүн амь насаа алдахыг үгүйсгэх аргагүй. Гэрэл
тасарснаас болоод хүний амь аварч чадсангүй гээд гарч ирэх ямар байх вэ? Энэ
бүгдийг дээр ажил хариуцсан хүмүүс ойлгоосой гэж хэлмээр байна.
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо, миний дэргэд Батхуяг эмчээс гадна, мэс заслын их эмч
Баяраа, мэс заслын их эмч Ганбаатар байна. Энэ хоёр эмч 30 орчим насны залуу
мэс засалчид. Өнөөдөр энэ хүмүүсийн аж амьдрал сайнгүй. Түүний дээр ажил үүргээ
хэвийн явуулахад олон бэрхшээл учирч байна. Гэвч бид тэр бүгдийг ярьсангүй. Ердөө
ганц зүйлийг сонголоо. -Гуталчин гутал оёдог утсаар хүний эмзэг эрхтнийг оёж
байгаад үнэхээр гайхаж байна. Яагаад ийм утсаар оёх болов, энэ байх ёстой зүйл
гэж үү, Ганбаатар эмчээ...?
ГАНБААТАР: Тиймээ, өнөөдөр бидний хэрэглэсэн утас зориулалтын биш
утас мөн. Ер нь жинхэнэ утсыг ч урьд нь хэрэглэж байгаагүй гэдгийг одоо нуух юм
алга. Бид үйлдвэрээр явж утас гуйж авчраад, түүнийгээ ариутгаад, задалж
тохируулж хэрэглэдэг юм. Ийм утаснаас үүдээд ямар нэгэн хүндрэл гарахвий гэдэгт
сэтгэл шаналж л явдаг...
СУРВАЛЖЛАГЧ: Энэ утаснаас үүдээд ямар нэг хүндрэл гарсан тохиолдол та
бүхний практикт учирч байв уу, Баяраа эмчээ?
БАЯРАА: Бид гуйврын утсаа тухайн мэс ажилбартаа тохируулж
хэрэглэдэг. Зориулалтын биш утсаар судас боож байхад тасрах, тасарснаас болоод
цус алдах явдал бий. Харин өнөөгийн практикт ийм утас хэрэглэснээс хүндрэл
гарсангүй. Үүнийг мэс засалчийн ур чадвартай холбоотой гэж хэлж болно. Магадгүй
өрнөд, дорнодын айхтар орны мэс засалчид ирээд бидний хэрэглэж байгаа энэ
бүдүүлэгдүү утсаар оёвол хүндрэл гаргаж магадгүй л юм. Үнэндээ энэ бахархаад
байх зүйл биш л дээ. Иймээс даруй зогсоох шаардлагатай зүйлийн нэг...
ГАНБААТАР: Ер нь энэ мэтчилэн бид ажил үйлээ явуулахад дутагдаж
гачигдах олон зүйл бий. Бид болгоод бүтээгээд байгаа болохоор болж байна, бүтэж
байна гэж ойлгоод байна. Хэрэв бид бүх юмыг зүй ёсоор нь хийнэ гээд байвал бас
болох юм гэж байхгүй шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Өнөөдөр улс оронд маань хүнд бэрх асуудал хаа сайгүй л
байна. Тэр дундаа эмнэлгийн байгуулага, эмч нарт бүр ч тод мэдрэгдэж байна.
Гэлээ ч хүн ардынхаа өмнө хүлээсэн тэдний хатуу хариуцлага нь, хүний төлөө
гэсэн сэтгэл нь болохгүйг болгож, бүтэхгүйг бүтээж явна. Үхэх сэхэхийн дэнсэн
дээр амь авраач! гээд ирэхэд хүлээж бай, бидний цалин хөлс бага байна,
хүлээж бай, шаардлагатай эд зүйл хангалтгүй байна гээд бусдын адил шаардах эрх
тэдэнд алга.
/ таслал хөгжим /
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо, би энд аюулт өвчний уршгаар алаг
хорвоод арав хоног ч амьдрах чадваргүй болсон ч энэ хүмүүсийн буянаар хэдэн
арван жил амьдрах болсондоо баярлан суугаа хоёр хүнтэй уулзаад байна.
-Намайг Оюун гэдэг. Би одоо дахин амьдрах болсондоо баяртай байна. Мэс
засалчдын хөдөлмөр гэж ямар их хүч чадал, ямар их оюун ухаан зардаг болохыг энд
байх хугацаадаа мэдэрлээ. Тэд өдөр бүр орж ирнэ, тэр бүрийдээ, “Өө тун сайхан
болж байна, их сайн байна” гэж хэлнэ. Тэдний ингэж хэлэх бүр амьдралд гишгэх
алхаа минь чангарах шиг болдог.
-Намайг Бямбаренчин гэдэг. Миний биед хорт
хавдар үүсч амьдралд итгэх итгэл минь алдарч эхэлсэн юм. Тэгээд энэ эмнэлэгт
хоёр удаа хагалгаа хийлгэсэн. Одоо өнөө мөдгүй гарах болоод байна. Би мэс
засалчдын ач тусаар амьдралд шинээр төрөөд байна. Хамгийн ач буянтай хүмүүс
чинь энэ мэс засалчид юм байна шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: “Манай мэс
засалчид гайхамшигтай хүмүүс байдаг юм байна. Дэлхий нийтээр эмчилж болдоггүй
гэж ойлгодог хорт хавдраа эмчлүүлээд дахин шинээр төрөөд байна” гэж сэтгэлийн
угаас баярлан ярих энэ хүмүүсийн дараа би нэрт мэс засалч, эрдэмтэн профессор
Гооштой уулзсан юм.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ГООШ: Мэс засалчийн хөдөлмөр үнэхээр амаргүй, их хүнд. Бусад
мэргэжлийн эмч нарын нэг адил өвчтөнөө эмчилнэ, арчилна. Энэ бүгдийн дээр мэс
ажилбар гэж хариуцлагатай том ажил гүйцэтгэнэ. Мэс заслын дараа өвчтөнөө үзнэ,
сувилна гээд ажил тун их дээ. Ер нь мэс засалч эмч бусдаас илүү ажилтай байдаг
хүмүүс. Гэтэл өнөө хүртэл эдгээр хүмүүсийн хөдөлмөр хамгаалал, ажлын зохион
байгуулалт, цалин хөлс, ахуй хангамж гээд харж үзэж, тооцож үзсэн юм алга л
байна. Мэс засал бол олон янз байдаг л даа. Тэр дундаа яаралтай мэс засал бол
бүр ч онцгой хүнд хөдөлмөр. Ер нь манай улсаас бусад улс оронд бол мэс засалчдын
хөдөлмөрийг онцгойд үздэг юм билээ.
СУРВАЛЖЛАГЧ: Манай мэс засалчид олон улсын хэмжээнд хир үнэлэгддэг
вэ?
ГООШ: Манай мэс засал нилээд олон зүйлээр олон улсын түвшинд
ойртож очсон. Үүний нэг нь яаралтай мэс засал юм. Манай хот хөдөөгийн олон мэс
засалчид олон түвшинд мэс засал хийж байна. тухайлбал элэгний хорт хавдар
тайрах, элэгний бэтэг авах, мөн цөсний мэс заслын нэлээд төрлүүд дээр сайн
ажилладаг. Энэ талаар ч монголын гэсэн туршлага бий. Түүнээс гадна тархи,
зүрхний мэс заслын нэлээд төрлөөр олон улсын түвшинд ажиллаж байна. Ер нь манай
ард түмэн үүгээр бахархах ёстой юм шүү.
СУРВАЛЖЛАГЧ: Өнөөдөр манай улсад мэс засалчдыг нэгтгэсэн ямар нэг
байгууллага бий юу?
ГООШ: Бий. 1991 онд манай орны мэс засалчид сайн дурын үндсэн
дээр Монголын үндэсний мэс засалчдын нийгэмлэг гэж байгуулсан. Энэ нийгэмлэгт
манай хот, хөдөөгийн 268 мэс засалч нэгдэж байна. Нийгэмлэгийн гол зорилго бол
мэргэжил нэгт нөхөд ололт амжилтаа солилцож, харилцан суралцаж байх юм. Мөн
олон улсын хэмжээнд гарсан шинэ ололт амжилт, шинэ зүйлийг мэдээлж, мэс заслын
талаарх шинэ ололтыг амьдралд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж, нэг нэгнийхээ
эрдэм шинжилгээний ололт бүтээлийг дүгнэн ярилцдаг юм. Манай нийгэмлэг нь энэ
жилээс олон улсын мэс засалчдын нийгэмлэгт элсэх хүсэлтээ тавьсан. Энэ талаар
ЭХЯ дэмжиж, энэ байгууллагад элсэх татварын их хэмжээний мөнгөний төлөх гэж
байгаад бид баяртай байна. Бид нэр хүнд бүхий олон улсын байгууллагын гишүүн
болсноор манай нийгэмлэгийн үйл ажиллагаанд их тус нэмэр болох нь тодорхой.
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо, эл тэмдэглэлийнхээ эцэст тийм ч олон
биш мэс засалчдынхаа хөдөлмөрийг төр засаг нь үнэлээсэй, түмэн олон нь урам
хайрлаасай. Эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд хөгжин дэвжиж, хөлжин
баяжиж яваа улс хоршооллын болоод хувийн пүүс, компаниуд хүний амь насны төлөө
тэмцэж байгаа эдгээр хүмүүст тус дэм болоосой гэж хүсэж байгаагаа дуулгая.
1993 он
No comments:
Post a Comment