НЭВТ: ДОМОГТ
НЭВТРҮҮЛЭГЧ дурсамж тэмдэглэл хүлээн авч сонсоно уу.
/ хөгжим /
НЭВТ: Оршил
өгүүлэхүй...
РЕДАКТОР: Эдүгээгээс дөч, тавь бүр жаран жилийн тэртээ Монголын
радиогоор дуугарч байсан нэвтрүүлэгч Цэвээндоржийг хүмүүс мартаагүйгээр үл
барам улам бүр дурсан санасаар байна. Үүнийг миний өмнө буй энэ захидал гэрчлэх
бизээ. Хэдэн арван жилийн дараа ч дурсагдаад байдаг юун сүртэй нэвтрүүлэгч вэ
гэж зарим нь бодож болох. Тиймээ, тэр үнэхээр сүртэй, түүнд бахархмаар
биширмээр гэх үг ч багадах тийм л сүртэй хүн байж. Тиймдээ ч домог болон үлдсэн
хүн.
Одоо та бүхэнд нэвтрүүлэгч Цэвээндорж агсны нэгэн
бүтээлийг сонсгоё. Үүний дараа ахмад үеийнхэн сэтгэл зүрхээ догдлуулан сонсдог
байсан кино драм, бас олон сайхан нэвтрүүлгээр нь танил болсон дуу хоолойг
эргэн дурсаж, шинэ үеийнхэн түүнийг ямар гайхамшигтай нэвтрүүлэгч байсныг мэдэх
болно. Итгэлтэй байна.
-Найруулагчаа, нэвтрүүлэгч Цэвээндорж гуай өөрөө радиод зохицуулан
найруулж, бас өөрөө уншсан “Хүний хувь заяа” уран сайхны киноны хэсгээс тавина
уу.
/
нэвтрүүлгийн хэсгээс орж ирэх /
РЕДАКТОР: /фон дээр/
Бүрэн хэмжээний кинон дээрх олон дүрийн ааш араншинг гаргах, дээр нь үйл явдал,
дүр дүрслэлийг илэрхийлж хөтлөх гээд хоромхон зуур өөрчлөгдөх бүхнийг ганц хүн
сонсогчдод үзэж харж байгаа мэт хүргэж
уншина гэдэг үнэхээр амаргүй хөдөлмөр, гайхамшигт чадвар. Бүр хүний
сэтгэл зүрх рүү шингээж шүү.
/ тодорч ирэх /
РЕДАКТОР: Цэвээндорж энэ бүтээлээ туурвиж байх тэр цаг үед ямар
телевиз гэж байсан биш. Хүмүүс радиогоор түүний найруулж уншсан “Радио киног”
сэтгэл догдлон “үзэж” суудаг байсан. Энэчлэн Цэвээндоржийн олон арван бүтээл
манай радиогийн “Алтан сан”-д мөнхөрсөн юм.
Ингээд би Цэвээндорж эрхэмтэй хамт ажиллаж, бүтээж
туурвиж явсан радиогийн ахмад үеийн олон хүнээс сонсож дуулсан домог мэт
дурсамж яриаг өөрийн өчүүхэн оюун бодолдоо ширгээн байж гаргаж авсан
“тунгаамал”-аа сонсогч танд өргөн барья.
/ хөгжим /
НЭВТ: ТУНГААМАЛ...
бодрол эссе
НЭВТ: Бурхнаас заяасан авъяастай хүн гэж байдаг даа. Тэгвэл
Цэвээндорж гуайд дээдийн дээд бурхнаас заяасан тэнгэрлэг авъяас өгөгдсөн хүмүүн
гэж бодогдох бөлгөө. Лавшруулан үзэх, ухан бодох гайхам авъяас түүнд оршиж
байжээ. Уншсан зүйл нь хүний оюун тархинд шууд бууна. Яг л сүүдэр ший үзүүлэх
хальс эргэхэд цагаан самбар дээр зураг дүрс тодорч нүднээ үйл явдал, үзэгдэл
тодорхой, тунгалаг харагдах лугаа адил.
Тэр бүтээл дээрээ маш их ажилладаг байсан гэсэн.
Зүйрлэвээс, ихээ алагласан хээ хуар бүхий торгон дээр зүү ороож хатгах лугаа
ханддаг байжээ. Оёдол, ширхэг бүрээр нь ой тойнд хэвлээд л... Цэвээндорж шиг
уншдаг хүн алгаа гэцгээнэ. Тэр үнэхээр жүжигчин мэт. Урвалд орж буй химийн
түмэн бодисийн нийлмэл шиг найруулж байгаа юм чинь, тэгэж хэлэхээс ч яалтай.
Хүнийхээ хувьд ч онцгой содон. Ой тогтоомж үлэмж төгс. Тийм болохоор уншиж
байгаа зүйлээ элдүүр нь ханасан нэхий, хээг нь нийлүүлсэн торго шиг болгодог
байжээ.
/ хөгжим /
НЭВТ: Цэвээндорж гуайг хурдан сэтгэдэг, бүтэн нүүр текст уншиж
байхдаа тээр доор буй алдааны засварыг хийгээд уншдаг өвөрмөц онцгой авъяастай
гэдэг юм. Ерөөсөө Цэвээндорж гуай зэрэгцүүлэн үйлдэх ой ухааны ер бусын
гайхамшигтан, хувилбарын олон сонголтод боломжийг буй болгосон хүн байжээ.
Түүний уншилтыг сонсож байхад хоолойны тавилт маш нарийн, эрэмбэ дараалал сайн.
Теонороос баретони, баретоноос теонор
болж хувирах нь шидийн гэмээр. Дууныхаа өнгө, үг хэллэгийнхээ хурцаар сэтгэлийн
өнгийг ялгана. Түүний өгүүлэхүйн эрхтний нь мэдрэмж онцгойн дээр яруу сайхан нь
ятга хуучир мэт.
Хоолойн тавилт гэдэг нь өөрт заяасан хоолойн өнгийг бүрэн
ашиглана гэсэн үг л дээ. Тэгвэл Цэвээндоржийн хоолойн тавилтыг өнөө хэн ч
гаргаж чадахгүй байгаа нь тэр үнэхээр ганц хувь, хувилбаргүй эрхэм гоц
авъяастан байсныг илтгэмүй. Зохиогчийн илэрхийлсэн санааг тэрээр төгс уянгалаг
гаргахын дээр бүр илүү, илүү цэлмээн төгөлдөршүүлж уншдаг нь эдүгээ улам бүр
үгүйлэгдэх шиг. Үгийн, өгүүлбэрийн цохилтыг түүн шиг гаргахыг олон авъяастан
шамдан хичээвч эдүгээ дуурайх төдий байгаа нь Цэвээндорж гуай хэтэрхий хол,
алсад харвасан од байсныг гэрчилнэ. Тэр авиа зүйн урлаг, түүний онцгойрлыг
өөрийн биеэр, өөрийн үлгэрээр үзүүлсэн хүн.
Ер нь Цэвээндорж гуайн сонор алтан сонор байсан юм уу
даа. “Эхлээд 3-4 мөрийн цаадахыг хар, дараа нь дахиад хэдэн мөрийн цаадахыг
харж уншиж сур. Эцэст нь бүтэн нүүрээр нь харж уншиж чаддаг болно” гэж
Цэвээндорж гуай хэлдэг байж. Ухаандаа хоёр нүдээ дөрөв, дөрвөн нүдээ зургаа ч
болгосон юм уу гэмээр харж, тархиныхаа соронзонд гурваас дөрвөн давхар хальс
боловсруулан бичих нь л дээ. Тэгээд бүхий л өнгө будаг, айзам хэмнэл, эгшиг
аялгуу гээд бүгдийг нэг дор шүү.
/ хөгжим /
НЭВТ: Цэвээндорж гуай омог бардам, өөртөө үлэмж итгэлтэй эр
байсан гэдэг. Мууг нь эрсэн хүнд бол онгироо, сагсуу ч гэхээр. Алив алдаа
дутагтлыг халуу шаттал хэлдэг байж. Хайргаар үрж, хадаар хатгасан мэт ил шууд
хэлдэг гал цог бадарсан эр байж дээ, тэр. Текстийг ямарч мэдрэмжгүй уншвал ихэд
хилэгнэж “Малсан бол заазанд явуулах хуна” гэдэг гэсэн. Энэ бол өөртөө итгэх
итгэлийг чухамхүү хуралдуулж хунзалсан хүний хэлэх үг, шийдмэг алхам билээ.
Радиогийн текст ямар байх ёстой, радиогоор яаж дуугарч,
яаж уншихын шидийг олж, хутгийг манасан хүмүүн гэвэл тэр яахын аргагүй мөн
гэдгийг урлаг соёлын эрт, эдүгээ, хойчийн оюун билэгт бүхэн тунхаглан нотолно.
Радио бол сэтгэлийн урлаг гэдгийг өөрийн чадамж
авъяасаараа мөрөн гол мэт урсган үзүүлсэн хүн бол Цэвээндорж гуай. Сэтгэлийн
хэлийг түүн шиг мэдэрч уншдаг хүн өнөө ховордон татарчээ. Бурхан багшийг гурван
мэлмийтэй, магнай дээр нь бэлгийн мэлмий нь байдаг гэдэг. Тэгвэл тэрхүү бэлгийн
мэлмий энэ хүнд байж уу даа. Бэлгийн мэлмийгээр хол ойр, алс хязгаарыг үл
хамааран орон зай, цаг хугацааг туулан харж, даяарт дуурссан хүн бол гагцхүү
Цэвээндорж эрхэм мөн.
Өнөө бидний дунд домог болон яригдах энэ эрхэм орчлонд
тэтгэгдэж, эгшиг авиан аялгуут тэнгэрийн сансарлагт өнө мөнх сацран орших хүн
суврага ажаамуй.
/ хөгжим /
НЭВТ: Та бүхэн Домогт
нэвтрүүлэгч дурсамж тэмдэглэл хүлээн авч сонслоо.
2008 он
No comments:
Post a Comment