Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Монгол улсын нэрийн өмнөөс...



НЭВТ: Та бүхэн ахмад дипломатч Дашцэрэнгийн тухай МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС хөрөг тэмдэглэл хүлээн авч сонсоно уу.
 
                                                                                  / хөгжим /
 
НЭВТ: Монгол улс эдүгээс 40 жилийн тэртээ 1961 оны 10 сарын 17-нд НҮБ-д элсэж, 101 дэхь гишүүн болсноор дэлхийд данстай орон болсон юм. Тэр цагт Монгол улсыг дэлхий дахинд төдийлөн мэдэхгүй, ялангуяа өрнөдийн орнуудын хувьд үл мэдэгдэгч орон байлаа. Ийм үед НҮБ-ын гэр бүлд багтана гэдэг бол Монгол улс үндэстний хувьд түүхэн чухал үйл явдлын нэг яах аргагүй мөн билээ.
Энэ түүхэн үйл явдалд гар бие оролцож явсан нэгэн эрхэмтэй уулзаж хуучилсан минь сэтгүүлч миний нэгэн олз болсон юм. 
 
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Түүхэн тэр мөчийг эргэж нэг дурсана уу?
ДАШЦЭРЭН: Монгол улс НҮБ-д элссэн явдал бол их түүхтэй. НҮБ-ын 189 гишүүн улсаас манайх шиг зовж зүдэрч элссэн улс орон байхгүй ээ. Монгол улс анх 1946 онд өргөдлөө өгөөд 1961 он буюу 15 жилийн дараа НҮБ-д элссэн юм. Энэ хугацаанд хэд хэдэн удаа өргөдлөө сэргээсэн. Улс орон бүр л энэ жил Монголын асуудал яаж тавигдах бол гэж сонирходог болчихсон байв. Тэр үед дэлхий ертөнц хоёр лагерьт хуваагдчихсан, хүйтэн дайны уур амьсгалтай байсан цаг. Бид НҮБ-д 101 дэх гишүүн орон болсон. Түүнээс өмнө НҮБ-д 50, 60 гишүүн орон байсан. Тэдний ихэнх нь өрнөдийн орнууд. Хүйтэн дайны үед тэр улсуудад нэг ч гэсэн социалист орныг дэмжих сонирхол байгаагүй байх. Тэд ч Монголыг одоо яах бол гэж харж л байсан байх. Төвийг сахисан бусад улсууд ч ацан шалаанд орчихсон жижиг Монголыг дэмжих үү, эсвэл сайн харилцаатай өрнөдийн орныг дэмжих үү гэдэг дээр байсан. Тиймээс ч жил бүрийн чуулган дээр Монголын асуудал яаж хэлцэгдэх бол гэж ярьдаг байсан тийм л цаг үе байсан даа. 
 
НЭВТ: Ахмад дипломатч Жалайр овогт Буянтын Дашцэрэн уугуул нутаг ус Дорнод аймгийн Халх гол сум. Эцэг Буянт нь хэдийгээр малчин хүн байсан ч бичиг үсэгтэй нэгэн байжээ. Дашцэрэн 1947 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд явснаар түүний 40 гаруй жилийн дипломат албаны эхлэл нь болсон юм. Тэрээр дипломатч болно ч гэж бодсонгүй. Ердөө л цаг үеийн хэрэгцээ шаардлагаар энэ сургуульд явсан байж. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн залуу эрд Монгол улсын гадаад харилцаанд жинхэнэ хүч сорих зүйл барагтай байсанд Биеийн тамирын дээд сургуульд явах минь яалаа. Тэгсэн бол сайхан дасгалжуулагч болохгүй юу... гэж бодох үе ч байсан гэдэг. 
 
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
ДАШЦЭРЭН: НҮБ-д анх орсон паянг ярих юм бол зөндөө зөндөө. 1961 онд НҮБ-ын доторх хүчний харьцаа өөрчлөгдчихсөн байсан. 1960 онд шинэ тусгаар тогтносон Ази, Африкийн улс орнууд арав, хориороо НҮБ-ын гишүүн болсон байлаа. Энэтхэг төвийг сахисан орнуудыг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг толгойлж байсан том орон. Төвийн удирдагч, нэр төртэй улс төрийн зүтгэлтэн Ж.Неру хүртэл НҮБ-ын индэр дээрээс Монгол улсыг элсүүлж авахыг шаардаж үг хэлж байсан юм. Түүний энэ үг их нөлөөлсөн байх. Ингээд манайх НҮБ-ын гишүүн болсон. Болохдоо бас наймаалцаж байж болсон юм шүү. Юу гэвэл, тэр үед Африкийн Мавертон гэдэг улс НҮБ-д элсэх гээд, түүнд нь Арабын орнууд их эсэргүүцэж байсан юм. Арабын орнууд яагаад эсэргүүцэж байсан гэхээр Марок, Мавертоныг өөрийн дэвсгэр нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг болохоор оруулахгүй гэж бүх аргаа хэрэглэж байсан юм. Арабын орнууд социалист лагерь гэгддэг Зөвлөлт тэргүүтэй орнуудыг эсэргүүцдэг байсан. Франц улс Мавертоныг оруулах сонирхолтой байсан учраас Франц, Зөвлөлтийн төлөөлөгчид хоорондоо ярилцаад та нар Мавертоны эсрэг санал өгөхгүй бол бид Монголыг оруулахад татгалзахгүй, түүнийг бид даана гэжээ. Урьд Аюулгүй зөвлөлийн байнгын таван гишүүн орон гэж байлаа шүү дээ. Тэдний аль нэг нь эсрэг санал өгвөл ямарваа асуудал бүтэхгүй. Гэтэл Чанкай-Ши манай эсрэг байдаг учраас бид орж чаддаггүй байсан юм. Тэрнийг Францын тал “Бид аргална, харин та нар Мавертонд л саналаа өг” гэж тохиролцсон юм. Тэгээд Аюулгүй зөвлөл хуралдлаа. Монголын төлөөлөгчдийн тэргүүлэгч нь ГЯЯ-ны нэгдүгээр орлогч, эрдэмтэн зохиолч Дондогийн Цэвэгмид, бүрэлдэхүүнд нь туршлагатай элчин сайд Жаргалсайхан, залуугаас Дамдинсүрэн бид хоёр явсан. Ингээд бид чагнаад л сууж байлаа. Чанкай-Шигийн төлөөлөгч манай улсыг газар дор ортол муу хэлж байнаа. Монгол манай улсын эсрэг довтолсон, гучин хэдэн онд лам хуврагаа үй олноор нь хэлмэгдүүлсэн, НҮБ-ын гишүүн хэрхэвч байж болохгүй гээд яриад байв. Үүнийг сонсоод зүрх түг түг цохилоод л, манай нөхөр тамхиа баагуулаад л сууж байлаа. За ингээд эд хориг тавих нь гээд бодож суутал Хятадын төлөөлөгч үгээ хэлчихээд гараад явчихлаа. Тэр хооронд нь хурлын дарга санал хураатал нэг ч хүн татгалзалгүй орчихгүй юу. Ингэж л Чанкай Ши-гийн төлөөлөгч морь харах хооронд нь санал хураачихсан юм. Аюулгүй зөвлөл баталсны дараа нь ерөнхий Ассамблейд орно. Тэр нь их амархан. Манайх хоёр өдрийн дараа Ерөнхий Ассамблейд орсон. Тэгээд бүгд алга ташин хүлээн авч бид батлагдсан юм даа. Ингэж Монгол улс НҮБ-ын гишүүн орон болсон юм. НҮБ-ын ёслолын хэлтсийн дарга биднийг дагуулаад нэр хаягтай суудалд залж суулгалаа. Энэ үед ямар сайхан байсан гээч. Сэтгэл зүрх маш их догдолж байсан. Хамар шархирч нүдний нулимс гарч байсан шүү. 
 
                                                                                         / хөгжим /
 
НЭВТ: Дашцэрэн гуай нэр хүндтэй олон үйл явдалд оролцож, Монгол улсын нэрийн өмнөөс... гээд хэлж ярьж, илтгэж явсан хүний хувьд өнөөдөр дурсаж ярих юм тун олон аж. Түүнээс гадна Энэтхэг, Япон зэрэг орнуудад элчин сайдаар сууж, НҮБ-д олон жил ажил алба гүйцэтгэж, эх орноо төлөөлж дэлхийн гуч гаруй улс орноор бууж мордож явахдаа Энэтхэгийн ерөнхий сайд агсан Индра Гандиг гэртээ зочилж, аж амьдралын халуун яриа өрнүүлж суусан. Эдүгээгийн Японы эзэн хааны гэргий Мичико өөрийг нь өрнөдийн орны төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзахдаа монголын тухай онцгойлон сонирхож халуун яриа өрнүүлж байсан зэрэг олон сайхан дурсаж ярих зүйлтэй хүн. Энэ бүгдийн дундаас хувь заяаны эрхээр Америкт амьдран сууж байсан Дилав хутагттай уулзаж явсныгаа бахархан ярих дуртай. 
 
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
ДАШЦЭРЭН: Ер нь энд тэнд явж байхад сонин улсууд их тааралдана.  Дэлхий нийтийн биш ч гэсэн уулзаж учирсан хүн нь маш ховор Дилав хутагттай уулзаж явлаа. 1962 оны үе шиг санагдаж байна. Дилав хутагт их өндөр, цэх нуруутай, цоохор сэвхтэй нүүртэй, том биетэй хүн байлаа. Хамба торгон монгол дээлтэй явж байсан. Тэр намайг “Та чинь хүрээний хүүхэд юмаа даа. Наад ярианы өнгө, төрх чинь танигдаад байнаа” гэж байж билээ. Би хутагтаас “Та монголдоо очих уу, нутаг усанд тань хамаатан садан бий юу?” гэхэд, “ За одоо ч бараг байхгүй дээ” гэж байлаа. “Та одоо төрсөн нутагтаа очвол яасан юм. Цаг их өөр болсон шүү дээ” гэхэд, “Цаг уу... цаг дахиад л өөр болно доо” гэж байсан юм. Хөөрхий дөө, их л болгоомжилдог байсан шиг. Тэр бүр хүн хартай уулзаад байдаггүй юм билээ. Тэгээд салахдаа намайг “Хүүхэдтэй юу, хүүхэдтэй бол манай энд нэг их хортой ургамал байдаг юм шүү. Хүүхдээ тэрнээс хол байлгаарай. Тэр ургамалын хор нэг хүрчихвэл насан туршийн өвчтэй болно. Ер нь хүний газар өвдөх хэцүү шүү” гэж байсан юм даа. Би ингэж санаандгүй учралаар монголын нэгэн түүхэн хүнтэй учирч явсан юм.
 
НЭВТ: Та өөрийнхөө намтар түүхээс сонирхуулж ярихгүй гэхэд “Охин минь миний намтар түүх гэвээс бусад хүмүүсийнхээс ялгарах юу байхав. 40 гаран жил дипломат албанд зүтгэж, 20 гаран жилд нь НҮБ-д ажиллаж, хурал чуулганд оролцож явахдаа “Монгол улсын нэрийн өмнөөс...” гэж дуугарч, ажиллаж зүтгэж ирсэн л хүн. Ингэж явахдаа ёстой эцэг эхээс заяасан нэрээрээ дуудуулахаасаа илүүтэй “Монгол”, “Монгол улсын төлөөлөгч” гэсэн ганц нэртэй явж ирсэн дээ. Энэ л миний бусдаас ялгарах нэг зүйл болов уу даа” гэж билээ. Монгол улсын нэрийн өмнөөс олон үйл явдалд оролцож, түүхийн гэрч болж явсан энэ эрхэм хүний үзэж харсан, хийж бүтээсэн бүхнийг нэвтрүүлгийн энэхэн хугацаанд бүү хэл хэдэн арван дэвтэр бичээд ч барахгүй бизээ. 
 
 / халуун элгэн нутаг- дуу орж ирээд /
 
НЭВТ: Нэгдсэн Үндэсний байгууллагын цогцолборын өмнө өргөсөн дэлхийн улс үндэстний бэлгэдэл болох төрийн далбаанууд дунд Тусгаар тогтносон Бүрэн эрхт Монгол улсын алтан соёмбот төрийн далбаа 40 дэхь жилдээ сүр хүчин төгс намиран хийсэж байна. Улс үндэстний маань эрхэм чухал энэ тэмдэглэлт үйл явдал ахмад дипломатч Дашцэрэн гуайн амьдрал, ажил үйлстэй ийн холбогджээ. 
 
                                                                                                                   2001 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив