НЭВТ: БОДОЦГООЁ... сурвалжилсан
тэмдэглэл
/ хөгжим /
РЕДАКТОР: Өнөөдөр ДОХ буюу ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа
хүмүүсийн тэн хагас нь эмэгтэйчүүд бөгөөд халдвар авсан эмэгтэйчүүдийн олонх нь
гэр бүлтэй эмэгтэйчүүд байна. Тиймээс энэ жил
“ДОХ-оос эмэгтэйчүүдээ хамгаалъя” гэсэн уриа дэвшүүлжээ.
Дэлхий дахинаа өдөр бүр 15-24 насны зургаан мянган залуус
ДОХ-ын халдвар шинээр авч байна. Өөрөөр хэлбэл 14 секунд тутамд нэг залуу өртөж
байна гэсэн үг. “ДОХ нь халдварлах боломж бүрийг овсгоотой ашиглан, хэлбэр
дүрсээ байнга өөрчилж байна. Нэг үгээр ХДХВ хүчирхэг хэвээр байна” хэмээн
ЮНЭЙДС- ийн тайланд тэмдэглэсэн байх юм. Тэгвэл манай улсад байдал ямар байна
вэ? Тун саяхан ДОХ-ын халдвартай 5 дахь
хүн бүртгэгдсэн. Энэ нь халдвар өндөр тархсан улс оронтой харьцуулахад маш бага
тоо хэдий ч монголчууд бид чухам хэдүүлээ билээ, бодох л зүйл. ДОХ-ын
халдвартай нэг хүний ард 100 хүн байдаг гэсэн судалгаа бий. Манай улсын дийлэнх
нь залуучууд, талаас илүү хувь нь эмэгтэйчүүд. Бас хаяа нийлсэн хоёр хөрш оронд
ДОХ хэдийн аюулын харангаа дэлдчихсэн. Юутай ч хүмүүс ямар байгаа юм бол
сонирхож үзье.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
-ДОХ-ын талаар та юу мэдэх вэ?
- ДОХ аюул
мөн үү?
-Та ДОХ-ын
халдвар авчихсан байвал яах вэ?
-ДОХ-ын
шинжилгээ өг гэвэл та яах вэ?
-Та сайн
дураараа шинжилгээ өгөх үү?
РЕДАКТОР: Байдал ийм байна. Таван жилийн өмнө би яг энэ сэдвээр
гадаадын сонсогчдод зориулсан нэг нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Одоо тэр
нэвтрүүлгийг эргэж сонсоё. Эрхэм сонсогчид оо, одоогоос таван жилийн өмнөх
нэвтрүүлэг гэдгийг дахин сануулъя.
/ сигнал /
НЭВТ: ДОХ БА МОНГОЛ АРАНШИН...
/ хөгжим /
НЭВТ: AIDS....
НЭВТ: AIDS...
НЭВТ: Өнөөдөр энэ үгийг дэлхий даяараа андахгүй болжээ. Дөрөвхөн үгээр илэрхийлэх
энэ үхлийн өвчний нэрийг сонссон хэн бүхэнд өөрийн эрхгүй айдас төрнө. Ангилиар
AIDS гэж дуудах нь монгол хэлний “айдас”
гэсэн үгтэй бараг адилхан сонсогддог юм. Ямартаа л 80-аад оноос эхлэн дэлхийн
олон улс үндэстнийг хэмэлж эхэлсэн энэ тахлыг ерөөсөө “ айдас” гэж монголоор
нэрлэвэл яасан юм гэсэн яриа бидний дунд гарч байхав. Гэхдээ монголчууд үнэн
сэтгэлээсээ айж байна гэж үү...?
/ хөгжим - олон чоно улих чимээ орж ирээд /
НЭВТ: Яс үндэс, алдар нэр, албан тушаал, хөрөнгө чинээ хэнийг
ч ялгалгүй залгилсаар ДОХ өвчин монголчууд бидэн рүү дөхсөөр хажууханд минь
ирэх үед ч өөрсдөд нь огт хамаагүй юм шиг байсан. Яагаад гэвэл халдвар авсан
хүн байхгүй болохоор тэр. Энэ үед бидний дунд ямар сонин яриа гарсан гээч. “Монголчууд
мах их иддэг болохоор ДОХ өвчний нян халдадгүй байх нь...”, “Энэ өвчний нян
хүйтэн сэрүүнд тэсвэргүй байх нь...” гэсэн гэнэн яриа бидний дунд тарж, бараг
түүндээ итгэх шахан хэдэн жилийн нүүр үзсэн. Ийм инээдтэй сэтгэл зүй нийгмийн
дунд даваамгайлж байсан 1992 оны хавар ДОХ-ын нян тээгч анхны залуу эр гарч
ирснээр монгол үндэстэнд огтхон ч хамаагүй мэт сэтгэгдэж байсан ДОХ жинхэнэ
айдас төрүүлсэн юм.
Энэ үед монголчууд үймж бужигнаж, алхаг залхаг зангаа
татаж, орсон гарсан ч гар хөлөө угааж, бараг л хажуугаар өнгөрсөн нэгийгээ
хүртэл хардаж сэжиглэх аятай их л хэрсүү болж ирсэн. Энэ бол өнөө оюун
сэтгэхүйд нь оршиж байсан итгэл бишрэл нь нуран унасан хэрэг. Ингэж ДОХ-гүй
цөөхөн улс орны нэг гэгдэж байсан монгол улс дэлхийн ДОХ- той улс орны
жагсаалтын 164-т бичигдэх болсон юм. За ингээд дараа дараагийн нян тээгчийг
хүлээсээр дахиад хэдэн жилийн нүүр үзлээ. Энэ үед бас ямар яриа гарсан гээч. “Тэр
залуугийн шинжилгээ зөв л байсан байгаа даа”, “Эсвэл тэр монгол цустан биш юм
болов уу” гэхчлэн өөрсдийнхөө үүсгэсэн таамаглалдаа ахин итгэж, өнөө айдас
түгшүүр нь алга болох шахаж байв.
/ гуниг харууслын хөгжим /
СОРОНЗОН БИЧЛЭГ:
БҮСГҮЙ: Алхаж явах
тоолондоо би чамайг үзэн ядна
Азгүй учралаар би чамтай дэр нэгтгэсэндээ
өөрийгөө үзэн ядна
Зах хязгааргүй замбуулин хорвоогоор
тэнүүчилсэн
Харийн хүн хар нигер чамайг
Халх монголын бүсгүй би үзэн ядаж байна...
/ шүлгийн фон дээр /
НЭВТ: Та бүхэн уншиж буй шүлгээс нь энэ бүсгүй юун хүн болохыг
гадарлаж байгаа бизээ. Ганц удаагийн учралаар хаврын яргуй шиг 21 насандаа
монгол нутгаар тэнүүчилж явсан Камероны иргэнээс ДОХ-ын халдвар авсан сайхь
бүсгүйн яриаг цааш жаахан сонсоё. Магадгүй эндээс та монгол араншинг олж харах
ч юм бил үү.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
БҮСГҮЙ: Анх би энэ өвчний халдвар авчихаад байх тэр үед үгээр
илэрхийлэх аргагүй хүнд байсан. Бараг жил шахам хүнтэй уулзахгүй гэртээ л
байдаг байв. Ийм үед хүнд онгод гээч юм орж ирэх юм билээ. Би өдрийн тэмдэглэл
хөтөлж, шүлэг бичдэг болсон. Тэр үед би халдвар өгсөн Камероны иргэнийг
буруутгаж байсан бол одоо больсон.
СУРВАЛЖЛАГЧ: Нүдний чинь өмнө өсөж торниод улам хөөрхөн
болж байгаа үрээ хараад бас л юм бодогддог байх даа?
БҮСГҮЙ: Тэгэлгүй яахав. Хүүхдэд ээж шиг нь сайхан хүн хаа ч
үгүй. Халдвар авсан цагаас хойш намайг жинхэнэ ёсоор хайрладаг ганц хүн миний
жаахан хүү. Миний ээж хамгийн сайхан нь гэж ирээд намайг тэврээд үнсэнэ.
Хүүгийн минь хайр надад амьдрах итгэл өгдөг юм. Би хүүгээрээ амьсгалж яваа хүн.
Ер нь эх хүн гэдэг агуу. Надад хүүгийнхээ өмнө хүлээх хариуцлага гэж бий. Хүү
минь надад амьдрах хүсэл, итгэл хайрладаг юм. Гэхдээ хэзээ нэгэн цагт би үгүй
болсон хойно хүү минь миний тухай мэдэж сонсоод намайг буруутгах байх даа
гэхээс л айдаг...
СУРВАЛЖЛАГЧ: Чи ДОХ-ын халдвар авсныхаа буруутанг юу гэж
үздэг вэ?
БҮСГҮЙ: Би өөрийгөө буруутан гэж боддоггүй. Энэ өвчин гарсан нь
миний буруу биш шүү дээ...
СУРВАЛЖЛАГЧ: Магадгүй монголчууд бидний үр хүүхэддээ илэн
далангүй байдаггүй, тэр дундаа бэлгийн амьдралыг хэлж ярьж өгдөггүй уламжлал
буруутан байж болох шүү дээ?
БҮСГҮЙ: Нээрэн ингэж бодож байгаагүй юм байна. Би гэхэд л анх
5-р ангид сарын тэмдэг ирэхэд нь их айж, ээждээ уйлж ирээд хэлж байхав. Энэ
талаар охидууд ч хоорондоо нээлттэй
ярилцдаггүй. Бэлгийн амьдралын талаар сургууль, багш нар ч юм хэлдэггүй байсан.
Харин өнөөдөр арай өөр болсон шиг байна лээ.
СУРВАЛЖЛАГЧ: Чи бэлгэвч яагаад
хэрэглэсэнгүй вэ?
БҮСГҮЙ: Харин тиймээ, гадаад хүн гэхээр л... Ер нь манайхан хэт
хошуураад байх шиг санагддаг. Энэ өвчнийг эмзэг бүлгийнхэн л авах юм шиг,
тэдэнтэй хөөцөлдөөд байдаг. Гэтэл хэн ч
энэ өвчний халдвар авах эрсдэлтэй шүү дээ. Гадаад дотоодод урт хугацаагаар явах
хүмүүсийг шинжлээд байдаг атлаа орж ирэхэд огт шинжилдэггүй. Түүнээс гадна
өнөөдөр манайд архидалт, БЗХӨ бүр дэндээд байна. Энэ чинь бас нэг юм хэлээд
байгаа биз дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Манай монголчууд их сонин хүмүүс шиг. Анхны
халдвар авсан залуу илэрмэгц ямар их сүр дуулиан болов доо. Тэгээд удалгүй
мартчихсан. Гэтэл өнөө залуу гэнэт өвдөөд ердийн нэг эмнэлэгт ирээд өнгөрсөн.
Өөд болсон хойно нь бүгд өнөө залууг гэж мэдээ биз дээ?
БҮСГҮЙ: Тэр залууг би их өрөвддөг юм. Түүнийг мэддэг байсаан.
Тэр өөрийгөө хэт ганцаардуулж байсан шиг санагддаг. Нусаа нийсэн цаасаа өчнөөн
олон нугалаад хаяна. Чихээ ухаад түүнийгээ бас арав нугалж хогны саванд хаядаг
гэж ярьдаг байсан.
СУРВАЛЖЛАГЧ: Энэ нь сайхан сэтгэл юмаа даа. Ямар ч байсан
энэ өвчин надаар дуусаг гэж боддог байж дээ?
БҮСГҮЙ: Хүн гэдэг чинь ухаантай амьтан шүү дээ. Надад лав бусдад
халдаах сэтгэл төрөхгүй. Хүн чанараа алдвал хамгийн адгийн юм тэр шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ:
Чи ер нь ил гарч ирвэл яасан юм?
БҮСГҮЙ:
Үгүй. Би ил гарахгүй...
СУРВАЛЖЛАГЧ:
Яагаад...?
БҮСГҮЙ: Учир нь би ганцаараа. Намайг хүмүүс хүлээж авч чадахгүй.
Бидэнд орчин алга....
СУРВАЛЖЛАГЧ: Чи цэл залуухан
сайхан бүсгүй юм. Заримдаа хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярьж, бас хүний ёсоор
жаргахсан гэж боддог л байх даа?
БҮСГҮЙ: Үнэхээр тийм. Би залуу хүн. Би хүн хайрлаж, хүнд
хайрлуулж хүний ёсоор амьдрахсан гэж их боддог. Гэлээ ч яах билээ дээ. Би цор
ганцаараа шүү дээ. Би жаахан охин
байхдаа их гоёо хуримын хувцас өмсөөд гэрлэнэ гэж мөрөөддөг байлаа. 19 насандаа
зуурдын учралаар төрүүлсэн үр минь өнөөдөр миний амь амьдрал болж байна. Гэхдээ
би хуримын сайхан хувцас өмсөнө гэдэгтэй итгэлтэй байдаг. Учир нь нэг гадны
залуутай Э-мэйлээр харилцдаг. Тэр ДОХ-той учир бид хоёр бие биенээ ойлгодог. Би
хуримын хувцас өмсөөд хуримлахсан гэж хүлээж, мөрөөдөж сууна...
/ хөгжим /
НЭВТ: “Монголын хууль гурав хоног” гэж өөрөө өөрсдийгөө
тодорхойлж, бас өөрөө өөрсдийгөө шүүмжилсэн энэ үг ямар үнэн болохыг монголчууд
бидэнд анхааруулж хоёр дахь харанга дуугарч, анхны гэгдэх залуу эр насан өөд болж,
хоёр дахь нь болох бүсгүй ийн ярьж сууна. Гэлээ ч бүсгүйн бие эрүүл саруул,
сэтгэл санаа өөдрөг, бусдын нэгэн адил ажиллаж амьдарч, ДОХ-ын эсрэг хөдөлгөөнд
дуу хоолойгоо нэгтгэж явна.
/ хөгжим /
НЭВТ: Бидний дунд хоёр дахь нь болсон энэ бүсгүйгээс хойш
монголын тал хээр нутагт дөрвөнтөө яргуй дэлгэрч, бас дөрвөндөө хагдарлаа. Геометрийн
прогрессоор өсдөг гэх ДОХ-ын нян тээгчид сайх бүсгүйгээс өөр ахиж гарч ирээгүй
л байна. Гэтэл сардаа гэхэд л хэдэн зуун хүн нааш цааш орж гарч байдаг манай
өмнөд, хойд хоёр хөршид энэ хар үхэл дэлбэрэлтийн явцаар тархаж байх юм. Хятад
улсад 600 мянган хүн халдвар авч, энэ тоо 4 жилийн дараа гэхэд арав дахин өсөж
6 сая болж магадгүй гэнэ. Мөн 2-3 сая мансуурагчид байдаг бөгөөд тэдний тал
хувь нь ДОХ-ын халдвар тээгчид гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл хойд хөршид байдал
өмнөд хөршийнхөөс бүр ч долоон дор байна. Өнгөрсөн 2-р сард явуулсан бүртгэлээр
тус улсын 89 мужийн 86-д нь халдвар авсан 86 мянга гаруй хүн байгаа нь
тогтоогджээ. Зөвхөн 2000 онд шинээр халдвар авсан хүн өмнөх оныхоос 3 дахин
нэмэгдсэн байна. ОХУ-ын Засгийн газрын ДОХ-той тэмцэх үндэсний төвийн тэргүүн
Вадим Покровскийн мэдэгдсэнээр бол энэ оны эцэс гэхэд халдвар авагчдийн тоо нэг
саяас давж, арван жилийн дараа гэхэд нийт хүн амын тал хувь нь үүнд өртөх байх
гэжээ. Ингэж аюул манай хаяанд тулж ирчихээд үхлийн хар цагираг биднийг улам
чивчрэн ороосоор байхад монгочууд маань юу бодож сууна вэ?
СОРОНЗОН БИЧЛЭГ:
-ДОХ манай хоёр хөршид сэтгэл түгшүүлсэн тоонд хүрч
байгаа тухай мэдээлэл дуулаа биз дээ?
-Дуулсан. Хэдэн
хүүхэддээ л санаа зовох юм. Гэлээ гээд яах ч юм билээ...
-Та юу хэлэхсэн бол?
-Бөөн
аюул гэдгийг ойгож л байна. Гэхдээ гайгүй биз дээ...
НЭВТ: ДОХ-ын талаар та юу хэлэхсэн бол? гэсэн ганц асуултад
бараг л уулзсан бүхэн өөрт нь огт хамаагүй мэт ярихыг та бүхэн анзаарсан байх.
“Тэнэгийн дотор уужуухан” гэж ярьдаг шигээ монголчууд энэ асуудал дээр дэндүү
“уужуухан” хандаж байх шиг. “Энэ бол аюултай тайвшрал бөгөөд үүнээс болж энэ
сайхан орны ирээдүйд аймшиг учрахыг үгүйсгэх аргагүй” гэж НҮБ-ын төрөлжсөн
байгууллагуудын ДОХ ба БЗХӨ-ний асуудлаарх багын ахлагч, Хүн амын Сангийн
Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Линда Дёмерсийн хэлсэн үгийг энд онцлон
тэмдэглэе.
НЭВТ: Монголчууд бид ердөө 2 сая 300 гаруйхан. Магадгүй энэ
тоо сонсогч таны амьдран суудаг хотын хүн амаас өчнөөн бага сонсогдохвий.
Тэгээд зогсохгүй манай хүн амын 80 шахам хувь нь хүүхэд, залуучууд. Ингээд
бодохоор ДОХ гэдэг аюул монгол нутагт нэг дэлбэрвэл биднээс хэнийг ч үлдээхгүй
хамж одно гэсэн үг.
ДОХ-ын талаархи мэдээлэл, сурталчилгаа бидэнд багадаагүй.
ДОХ-ын аюулыг мэдэрч ойлгох бидний мэдлэг боловсрол ч бас муугүй гэж хэлж
болно. Манай улс 1988 оноос эхлэн ДЭМБ-тай хамтран ДОХ, БЗХӨ-тэй тэмцэх
хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 1996 онд Монгол улсын засгийн газар, НҮБ-ын
төрөлжсөн байгууллагуудын хооронд ХДХВ, ДОХ,БЗХӨ-тэй тэмцэх, сэргийлэх ажлаар
2001 он хүртэл хамтран ажиллах, харилцан ойлголцох баримт бичигт гарын үсэг
зурснаас хойш энэ хүрээнд олон талт үйл ажил явуулж байна.
ДОХ халдварлах олон замтай. Эн тэргүүнд хар тамхичид,
ижил хүйстнүүд... гээд эхлэнэ. Хар тамхичдын тухайд гэвэл гадны улс оронтой
харьцуулбал бараг л байхгүй гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед хар тамхичдын түрүүч
ганц нэг дуулдах болсон. Үүнтэй адил ижил хүйстний явдал цөөн ч гэсэн бас бий.
Монголд ДОХ-ын халдвартнууд олшрохгүй байгаагийн нэг нөхцөл бол үүнтэй
холбоотой ч байж болох. Гэхдээ нэг аюул маш түгээмэл болоод байна. Тэр юу вэ?
/ шум /
НЭВТ: БЗХӨ-ний тархалт сүүлийн жилүүдэд сэтгэл түгшүүлсэн
тоонд хүрээд байгаагын дийлэнх хувийг залуучууд эзэлж байна. Энэ бол ДОХ огцом
халдварлан түгэх нэг нөхцөл хэдийн бүрдчихээд байна гэсэн үг.
НЭВТ: Монголд ДОХ халдварлан түгэх бас нэг нөхцөл байна. Энэ
юу вэ...? Энэ бол архидалт.
Өнөөдөр ажилгүйдэл, хүмүүсийн аж байдлын доройтол зэрэг нийгмийн хямралаас
үүдэлтэй архидалт газар авч ДОХ-оос илүүтэйгээр аюул болоод байна. Дордсоосоо
эхлээд дээдсээ хүртэл гагцхүү архидалтай тэмцэх хөдөлгөөн өрнүүлж байна. Тэгээд
ч хүчрэхгүй л байна. Сүүлийн үед явуулсан судалгаанаас үзвэл архи тамхинд
автагсдын 35 илүү хувь нь насанд хүрсэн эрэгтэйчүүд, 80 хувь нь эмэгтэй, 25
хувь нь оюутнууд болж залуужжээ. Гэтэл ямар нэгэн улс оронд архи, тамхинд
донтогсод нийгмийн 40 хувийг эзэлж байвал боломжийн гэж үздэг бол энэ тоо манай
улсын хувьд хэдийн хол давжээ. Гэтэл бэлгийн замын халдварт өвчнөөр
халдварлагсдын олонх нь архидалтын уршгаар олсон байх жишээтэй. Архи хэтэртлээ
ууж оюун ухаанаа алдсан хэн ч бэлгийн замын халдварт өвчин төдийгүй ДОХ гээч
аюул байдгийг мартах нь гарцаагүй.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
-Архидалтын улмаас зан мэдэхгүй хүнтэй учир ургуулах
тохиолдлыг та үгүйсгэхгүй биз дээ?
-Байж
болох л юм.
-Тэгвэл
дараа нь та яах вэ, эмчид очих уу?
-Очихгүй...
-Яагаад?
-Тийм
заяа нь хаясан юм гэж хаа байх вэ...
НЭВТ: Сонсоо биз. Ингэж ярих монголчууд цөөхөн гэж би лав
хэлэхгүй. Ийм сэтгэл зүй ноёрхсон монголчуудад ДОХ орж ирэхэд ямарч саад алга.
Үүд хаалгаа ингэж дэлгээд байхад өнөө ДОХ яагаад өдий болтол бидний дунд ахиж
гарч ирэхгүй байна вэ? Энэ талаар Монгол улсын ДОХ-ын төвийн Тандан судлах
албаны ажилтан Нямхүү эмчийн яриаг сонсоё.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
-ДОХ-той хүн дахиад гарахгүй байна гэж үү. Аль эсвэл
манайхан оношилж илрүүлж чадахгүй байна уу?
-Манай улсын
илрүүлэх чадвар сайн. Манай мэргэжилтнүүд жил бүрийн шалгалтаар сайн
шалгагддаг. Энэ талаар санаа зоволтгүй. Гэхдээ дээрхи бүсгүйгээс өөр халдвар
тээгч байхгүй ээ гэж хэлэхгүй. Байгаа гэж үздэг.
-Тэгвэл
яагаад бүртгэгдэхгүй байна вэ?
-Үзлэгээр илрэхгүй
байна. Урьдчилсан үзлэгт бүгдийг хамруулж чадахгүй байна.
-Тэгвэл албадан үзлэгт хамруулж болохгүй
юу?
-Хүний
эрхийг хүндэтгэх ёстой.
-ДОХ-ын халдвар авсан хүндээ яаж хандаж байна. Эхний
хүнийг яагаад алдчихав?
-Бид халдвар авсан хүнээ
байнгын хяналтанд авдаг. ДОХ-ын халдвар авсан бүсгүйг ажил төрөлтэй болгож,
байнга сургалт, зөвлөгөө өгдөг. Харин бидэнд өвчлөлийн процессийг хянах аппарат
хэрэгсэл байхгүй. Маш өндөр үнэтэй энэ аппарат хэрэгсэл бидэнд байхгүй л байгаа
шүү дээ.
/ таслал/
НЭВТ: Хүний эрхийн олон улсын хуулийг дэлхийн олон улс
үндэстэн сахин хүндэтгэдэг. Тэр дундаа бидний монголчууд хүний эрхийг ямар их
дээдлэн хүндэтгэдэг болохыг энэ удаа би юунаас ч илүү мэдэрлээ.
Дэлхийн ууган үндэстний нэг монголчууд бид мөхлийн ирмэгт
хүрээд байсан цаг бий. 1921 оны хувьсгалын өмнө Монгол улс ердөө 700 мянгаад
хүн амтай болж ирсэн. Энэ сүйрлийн нэг шалтаг нь яр, хүйтэн өвчин байсан юм.
Гэхдээ бид давж чадсан. Яаж? гэдэгт ганц л хариулт бий. Энэ бол хүн ардыг
албадан шинжилгээнд хамруулж, албадан эмчилгээ хийж эмчлүүлсний үр дүнд
сүйрлийн аюулыг гэтэлсэн.
/морьтой залуу бүсгүйчүүд хөгжилтэй инээлдэн
дуу дуулсаар
алслан холдох чимээ орж ирээд/
НЭВТ: Эд бол улаан тариандаа явж байгаа залуу сайхан
бүсгүйчүүд.
/ хөгжилтэй дуу чимээг фонлоод /
НЭВТ: Бага жаахан үед нь яр хүйтэн өвчнөө эмчлүүлэхээр ийн
баяр наадамд явж байгаа юм шиг гоёж гангалаад дуулалдаж явдаг нутгийн сайхан
эгч нарынхаа тухай манай нэрт зохиолч Б.Догмид одоогоос 5 жилийн өмнө “Улаан
тарианы хүүхнүүд” богино өгүүлэл бичсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм.
Үүнийг уншсан хууччуул “Нээрэн л ийм байсан юм шүү. Ямартаа л яр, хүйтэн
өвчнийг “сайн эр, сайхан эмийн өвчин” гэж ярьж байгаад сүйрэх дөхөж байхав”
гэдэг юм. Тэр цагт шийдвэртэй арга хэмжээ авч чадсан учраас монголчууд эрүүлжиж,
хүний ёсоор амьдарч, үр удмаа үлдээсэн.
/ хуучин пянзны
бичлэг дуусаад хөгжим залгана /
НЭВТ: Монголчууд түүхэндээ ийм зам туулсан ард түмэн. Дэлхийн
хаана ч, хэн ч ДОХ-ыг бүрэн төгс эмчилж эдгэрүүлж чадахгүй байгаа өнөө цагт
монголчууд бид хүний эрхийн олон улсын хуулийг сахин хүндэтгээд өөрсдөө мөхөж
дуусах болж байна уу?!
Бидний цөөхөн монголчууд орших уу, эс орших уу. Ухаарч
бодох цаг иржээ.
/ хөгжим /
РЕДАКТОР: Сонсогч та сая 5 жилийн өмнө миний бэлтгэсэн “ДОХ ба
Монгол араншин” нэвтрүүлэг сонслоо. Энэ нэвтрүүлгээс хойш бидний дунд ямар өөрчлөлт гарч вэ? /гурав давт/
ДОХ-ын халдвар авсан гурав дахь бүсгүй халдвар авснаа
мэдэхгүй явсаар өвчлөлийнхөө эцсийн шатанд хүрч удалгүй нас барсан. Дахиад нэг
бүсгүй ДОХ-той гэж бүртгэгдээд, хоёр жилийн нүүр үзээгүй байтал, тав дахь
ДОХ-той эр бүртгэгдлээ. Эдгээр мэдээг бидний олонх нь цаг уурын мэдээ сонсож
байгаа мэт хүлээн авч байсан. Яагаад гэвэл, ДОХ-ын халдвартай нэг хүний ард 100
хүн байдаг гэдгийг санахаас илүүтэйгээр тэр хүн ямар ажил эрхэлдэг, хэдэн настай,
хэн гэдэг хүн болохыг нь сонирхоод байсан. Ийн монголчууд бид ДОХ-ын талаархи
мэдээлэл,түүнд хандах хандлага нь онц өөрчлөлтгүйгээр таван жилийг өнгөрүүлсэн
шиг. Гэтэл энэ хугацаанд дэлхийд юу болж өнгөрч вэ?
/ таслал /
1999 онд ДЭМБ, ДОХ-ыг хүн төрөлхтөний дөрөв дэх том алуурчин гэж
зарласан.
2000 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анх удаа ДОХ-ын асуудлыг авч
хэлэлцсэн. ДОХ-той 36 сая хүн амьдарч байгаа бөгөөд, Европт халдварын тархалт
огцом өсөж байгааг мэдээлсэн.
2001 онд ДОХ хүн төрөлхтөнд нүүрлэж байсан өвчнүүдээс хамгийн
аюултайд тооцогдож, уг өвчин анх гарснаас хойш 60 сая хүн халдвар авч, Африкийн
Сахарт ДОХ үхлийн гол шалтгаан болж байна.
2002 онд ДОХ-той тэмцэх олон улсын бага хурлаас хүн төрөлхтөний
шийдвэрлэвэл зохих 2 том асуудлын нэг нь халдвараас урьдчилан сэргийлэх, нөгөө
нь ДОХ-ыг эмчлэх үр дүнтэй арга олох хэмээн тодорхойлжээ.
2003 онд 14 секунд тутамд нэг хүн ДОХ-ын халдвар авч байна.
/ таслал /
РЕДАКТОР: Байдал ийм байхад бид урьдийн адил амгалан суусаар байх
гэж үү, бодоцгооё. Олны бодол саналыг сонсоё...
СОРОНЗОН БИЧЛЭГ: олны бодол санаа...
РЕДАКТОР: ДОХ-оос сэргийлэхийн тулд яах ёстой юм бэ? ДОХ-оос
сэргийлнэ гэдэг ДОХ-той хүнтэй тэмцэнэ гэсэн үг биш. Тэд ч бид ч адилхан хүн.
Гагцхүү ДОХ-оос сэргийлэх гол арга зам бол мэдлэг юм. Мэдлэг бол вакцин...
ДОХ-ыг эмчлэх төгс эмчилгээ байхгүй өнөө үед ХДХВ, ДОХ-ын
талаарх үнэн зөв мэдлэг, мэдээлэл нь ДОХ-оос хамгаалах цор ганц найдвартай
вакцин бусуу, хүмүүсээ. Бодоцгооё...
2004 он
No comments:
Post a Comment