НЭВТ: Эрхэм сонсогчид оо, монгол ардын бүүвэйн дууны домгоос сэдэвлэн бичсэн радио зохиомж хүлээн авч сонсоно уу.
/ хөгжим /
Хөтлөгч: Эрт нэгэн цагт хан буурал Алтай хангайн
өндөр их өвөрт нь, өргөн их суганд нь, уужим их хормойд нь идээ будааныхаа
дээжийг өргөн, ан гөрөө хөөн амьдардаг Элдэй, Дэлдэй гэдэг ах дүү хоёр анчин
байжээ. Элдэй, Дэлдэй хоёр Эрдэнэ-тана нэртэй эрх жаахан охин дүүтэй юмсанж.
Эрх жаахан Эрдэнэ-тана дүүгээ Элдэй, Дэлдэй хоёр ах нь уяатай моринд орчих вий,
ууртай нохойд хазуулчих вий, ухмал хутагт уначих вий, улс амьтанд зодуулчих вий
гэж харах нүдний цөцгий мэт хайрлан өсгөж иржээ.
Харин Элдэй, Дэлдэй хоёр ахын нь эхнэрүүд эрх жаахан
Эрдэнэ-тана охиныг хоёр ахын нь нүдэн дээр хошуу дэвсэн эвийлж, ганцаар байхад нь нааш харан инээж, цааш
харан ярвайж, ад шоо үздэг байжээ. Гэсэн хэдий ч Эрдэнэ-тана охин 16 нас
хүрэхийн үесд гэр нэвт гэрэлтэй, туурга нэвт туяатай, үгэнд цэцэн, үйлэнд уран
улс амьтны хараа булаасан сайхан бүсгүй болжээ.
/ хөгжим /
Бэргэн-1: Энэ
Эрдэнэ-тана өсөж том боллоо. Хүүхэн бие бөөрөнхий ч хүний газар очдог жамтай...
Бэргэн-2: Айлын газар очвол ах нар нь адуу мал, алт
мөнгө ихээр тасалж өгнө дөө...
Бэргэн-1: Тийм шүү,
адуу мал, алт мөнгө хэдий элбэг ч Элдэй,
Дэлдэй хоёр эрх дүү Эрдэнэ-танатай тасалж өгөхөөр чи бид хоёрын эдэлж хэрэглэх
зүйл хомсдож дутах биш үү?
Бэргэн-2: Тэгэхээр одоо яах билээ, хоёул нэг арга
сүвэгчлэх хэрэгтэй дээ?
Бэргэн-1: Чи сайн
сонсож бай. Удахгүй Элдэй, Дэлдэй хоёр ан гөрөөндөө явна. Тэр үеэр хоёул нийлж
байгаад эрх жаахан Эрдэнэ-таныг хөнөөх хэрэгтэй байна.
Бэргэн-2: Яаж...
Бэргэн-1: Харин түүнийг л бодож олох хэрэгтэй дээ...
/ таслал /
Хөтлөгч: Хоёр эхнэр
нь үгсэж эвсээд ямар нэгэн юм нууцалж ярилцаад байгааг ажигласан Элдэй, Дэлдэй
хоёр хонгор жаахан дүүгээ хамгаалахын тулд тусгай гэр барьж дүүгээ оруулаад,
үүдийг нь дотор талаас нь сайтар бэхлэн уяулаад, “Биднээс өөр хэнд ч бүү тайлж
өгөөрэй” гэж захиж хэлэв. Дараа нь арван гурван сангаа тавьж, “согоо гэж
томдохгүй, сойр гэж жижигдэхгүй” хэмээн ангын шившлэгээ хэлж, Борвоон нуурын
давсаа шатаан өргөж, өргөст алтан харганаар авгай хүүхдээр хормой юугаа
шавхуурдуулан анд гарахын өмнө хийдэг ёслолоо гүйцэтгээд морджээ.
/ хөгжим /
Хөтлөгч: Элдэй,
Дэлдэй хоёрыг анд явсан хойгуур хоёр эхнэр нь хошуу нийлүүлэн ийн шивнэлдэн
сууна.
Бэргэн-1: Чи Эрдэнэ-таныг хороох арга олов уу?
Бэргэн-2: Алтан бөлзөг залгиж наадаж байгаад хахааж
алах нэг арга байна.
Бэргэн-1: Ээ горьгүй.
Элдэй, Дэлдэй хоёр амнаас нь гаргаад ирвэл чинийх гэдгийг таньчихна шүү дээ...
Бэргэн-2: Нээрэн тийм юм байна. За байз тэгвэл яах
билээ?
Бэргэн-1: Чиний наад
хахааж ална гэдэг санаа чинь зөв байна. Тэгэхээр байна шүү... ерөөсөө шагай
наадаж байгаад, дараа нь шагай залгиулж хахаая...
Бэргэн-2: Тэгье, тэгье... Ингэхэд гэрт нь яаж орно
доо...
Бэргэн-1: Тэр бололгүй
дээ. Эрдэнэ-тана хэдий ухаантай ч нас нь бага, цус нь шингэн болохоор гэнэдүүлж
бололгүй дээ
Бэргэн-2: За тэгвэл шалавлая...
/ хөгжим /
Хөтлөгч: Эрх жаахан
Эрдэнэ-тана гэртээ Өнгийн ургасан цохиотой, Өнхөрч ойчсон самартай, Өнөр сайхан
жимстэй, Хөвч сайхан ойд нь хөхөө шувуу донгодсон, Хөглөгөр сайхан биед нь хөх
униар хүдэндсэн, Бөмбөгөр сайхан оройд нь борооны үүл хурсан, Бодтой өндөр
оргилд нь будан манан татсан сайхан хангайн дүр зургийг хоргой торго нийллүүлэн
зүйж, алт мөнгөн утсаар мэтгэн суух авай. Гэтэл үүдэнд хоёр бэргэн нь хүрч
ирээд:
Бэргэн-1: Эрх жаахан Эрдэнэ-тана минь, үүдээ
нээгээч...?
Бэргэн-2: Чи ганцаараа уйдаж байгаа биз дээ?
Охин: Үгүй ээ, би огтхон ч уйдаагүй байна.
Бэргэн-1: Худлаа байлгүй дээ, чи ганцаараа юу хийж
суугаа юм дээ, аа?
Охин: Би
Элдэй, Дэлдэй хоёр ахаасаа сонсож дуулсан Алтай хангайн сайхан дүр зургийг
хоргой торгон дээр алт мөнгөн утсаар урлаж байна...
Бэргэн-1: Чи өдөржин
үйл мэтгээд ядарч байгаа шүү дээ, хоёр бэргэндээ үүдээ тайлаад өгчих, тэгээд
гурвуул шагай наадъя л даа...
Охин: Шагай наадъя гэнээ...?
Хоёул: /зэрэг/
Тиймээ, тийм...
Хөтлөгч: Эрдэнэ-тана
охины эрэвгэр алаг нүд сэргэн ухасхийн босож ирснээ хоёр ахынхаа захиж хэлсэн
үгийг санаад буцаад суучихав. Гэсэн хэдий ч аргат хоёр эмийн үгэнд арга буюу
автаж үүднийхээ уяаг тайлж өгөхөд, хоёр бэргэн нь урд хормойгоо гишгэлэн
уралдан орж ирээд хошуу дэвсэн эвийлцгээгээд:
Бэргэн-1: За, хонгор жаахан дүү минь шагайгаа
гаргаад ир, хэдүүл наадъя...
Охин: Бэргээн, яаж наадах вэ?
Бэргэн-2: Яах юу байхав, шагай шүүрч наадъя...
Охин: Өө гоё гоё, би их дуртай...
Бэргэн-1: Эвий минь гэж дээ, ганцаараа бүр уйдчихсан
байна шүү дээ...
Бэргэн-2: Хөөрхий дөө, хөөрхий...
/ шагай наадах чимээ орж ирэх /
Бэргэн-2: За одоо цөмөөрөө амандаа шагай нууж
наадъя...
Охин: Яаж... би мэдэхгүй шүү дээ...?
Бэргэн-1: Бэргэн нь заагаад өгнө, их амархан...
Хөтлөгч: гээд урт
эрүүтэй бэргэн нь нэг зээрийн шагай шүүрэн авч даравгар амандаа хийх дүр
үзүүлээд, сэм ханцуй руугаа хийчхийг охин ажигласангүй. Дараа нь нөгөө бэргэн
нь мөн адил тийм дүр үзүүлээд урт улаан хэлээ гарган хоосон амаа үзүүлэв. Тэр
хоёрыг ихэд сонирхон гайхаж суусан Эрдэнэ-танад өнөө урт эрүүтэй бэргэн нь нэг
зээрийн шагай өгөөд, “Одоо чиний ээлж...” гэхэд, гэнэн охин түүнийг амандаа
хийгээд тэр хоёрыг дуурайн залгих байдал үзүүлэх гэтэл шагай хоолойд нь тээглэн
хахав. Тэрээр хөөрхөн нүдээ бүлтэлзүүлэн, хоёр гараа сарвалзуулан тэднээс
тусламж хүсэхэд хоёр бэргэн нь жишим ч үгүй мушилзан мишилзэн гараад, үүдийг нь
тасхийн хааж хатавчны завсраар гараа оруулан уяаг нь сайтар гэгч бөхөлж
уячихаад гэр гэр өөдөө шалбалзан, шулбалзан явцгаав.
/ хөгжим /
Хөтлөгч: Элдэй, Дэлдэй хоёр анчин Алтай хангайн ууланд
ирэх бүрдээ:
Харгайг нь
бариад гарахад
Халиун
халтар буга нь бутардаг...
Үзүүрийг нь
бариад гарахад
Үнэг чоно нь
бутардаг...
Өргөн түмэн
хүдэр өндөр
Баян хан Алтай мину
зэ... хэмээн уул усаа
магтан баясгаад, ан гөрөөгөө хийж эхэлдэг билээ. Энэ өдөр нар шингэхийн үесд
нэг хөөрхөн цоохор буга модны чөлөөнд гарч ирэхийг ах дүү хоёр хараад буудах
гэсэнгүй, харин түүнийг эрх жаахан Эрдэнэ-тана дүүдээ авч очъё. Тэр маань
үүнтэй тоглож өдрийг өнгөрөөж байг хэмээн шийдээд цоохор бугыг бугуйлдав.
Цоохор буга ах дүү хоёрын санааг мэдсэн шиг цахилж давхисангүй номхон зөөлөн
даган явлаа.
Элдэй, Дэлдэй хоёр дүүдээ хөөрхөн цоохор буга бэлэглэхээр
яаран яаран гэртээ ирээд дүүгээ дуудсан чинь гарч ирдэггүй. Гайхсан хоёр ах нь
гэрийн үүдэнд нь очоод, “хонгор жаахан дүү минь, үүдээ тайлаарай” гэсэн чинь
ямарч хариу байдаггүй. Тэгээд уяаг нь
тайлаад ортол дүү нь хаалга нь дотроосоо уяатай атал үхчихсэн байхыг хараад эрх
жаахан дүүгээ тэврэн энэлэн шаналан уйлжээ. Дараа нь Элдэй, Дэлдэй хоёр уулнаас
авчирсан цоохор бугын нуруун дээр алт
мөнгөөр чимэглэсэн хоёр агар зандан авдар тэгнэн бөхлөөд нэгэнд нь хонгор
хайртай дүүгээ хийж, нөгөөд нь дүүгийнхээ гутал хувцас болоод наадгайг нь
хийгээд уул өөд тавьж явуулжээ.
/ хөгжим /
Хөтлөгч: Маргаашийн
ургах улаан нарнаар Харагусан хаан ан ав хийж яваад нэг ачаатай цоохор буга явж
байхыг олж хараад, түүнийг гэртээ авчирч авдрыг буулган нээж үзвэл, нэг сайхан
охин үл мэдэг амьсгаатай хэвтэж байна гэнэ. Тэгээд охиноос хэн болох, юун учир
ийн явааг асуухад тэрээр юу ч дуугарсангүй, харин хоолой өөдөө заагаад байна
гэнэ. Тэгэхээр нь Харагусан хааныхан юм ууя гэж байна гэж бодоод халуун сүү
аягалж байтал гэнэт гэрэл цахилж, тэнгэр тас хийн нүргэлэн дуугарахад өнөө охин
айн цочсондоо хашгирах гэтэл хоолойд нь тээглэж байсан шагай амнаас үсрэн
гарчээ. Ингээд Эрдэнэ-тана охин өөрийнхөө тухай ярьж өгсөнд хаан, хатан хоёр
ихэд өрөвдөж, түүнийг үгээр хэлэх аргагүй үзэсгэлэн гоо, бас цэцэн цэлмэг
болохыг нь мэдээд хүү Харалдай мэргэндээ хатан болгон буулгажээ.
/ хөгжим /
Хөтлөгч: Нэн удалгүй
Харагусан хааны хүү Харалдай мэргэний хатан Эрдэнэ-тана нэгэн хөвүүн төрүүлжээ.
Нэг өдөр Эрдэнэ-тана бүсгүй хатан ээждээ: “Та намайг байхгүй хойгуур хүн ирвэл
хөвүүнийг саатуулахдаа,
Элдэй,
Дэлдэйгийн зээ нь бүүвэй бүүвэй
Эрдэнэ-таны
хүү нь бүүвэй бүүвэй
Харалдай
мэргэний хүү нь бүүвэй бүүвэй
Харагасун хааны ач
нь бүүвэй бүүвэй...” гэж дуулж байгаарай гэж захижээ. Түүнээс хойш
хатан ээж нь ач хүүгээ саатуулахдаа дандаа ингэж дуулан бүүвэйлдэг болжээ.
/ бүүвэйн дуу
дуулах /
Хөтлөгч: Нэг өдөр
Элдэй, Дэлдэй хоёр ан ав хийгээд буцаж явтал гадаа нь адуу мал багширсан улаан
халзтай том цагаан өргөө гэр тааралдахад замын хүний ёсоор тэр айлд буужээ. Тэр
гэрт нэг настай хатан, бас өөжин өлгий дотор нэгэн мантгар цагаан хөвүүн байна
гэнэ. Хатан ах дүү хоёр анчинд цэгээ аягалан өгөөд ойр зуурын юм ярилцан сууж
байтал өнөө бяцхан хөвүүн уйлахад, хатан өөжин өлгийг нь хөдөлгөөд:
Элдэй,
Дэлдэйгийн зээ нь бүүвэй бүүвэй
Эрдэнэ-таны
хүү нь бүүвэй бүүвэй
Харалдай
мэргэний хүү нь бүүвэй бүүвэй
Харагасун хааны ач
нь бүүвэй бүүвэй... гэж дуулжээ.
/ бүүвэйн дуу дуу /
Хөтлөгч: Бүүвэйн дууг Элдэй, Дэлдэй хоёр сонсоод ихэд гайхан дууны үгийн учрыг
асуухад, хөгшин хатан тэр хоёрт бэрээ хэрхэн яаж олсон тухай, бэр нь энэ дууг
зааж өгч, хүн ирэхээр дуулж байгаарай гэж захисан тухай нэгд нэгэнгүй ярьж
өгчээ. Энэ үеэр гадагш явсан Эрдэнэ-тана бүсгүй ирж ахан дүүс уулзан золгож
бөөн баяр хөөр болцгоов.
Тэр цагаас хойш өргөн уудам монгол орны газар бүр энэ
бүүвэйн дуу түгэн дэлгэрч өнөөг хүртэл дуулан байдаг юм.
/ бүүвэйн дуу
тодорч ирээд дуусах /
НЭВТ: Та бүхэн монгол
ардын бүүвэйн дууны домгоос сэдэвлэн бичсэн радио зохиомж хүлээн авч сонслоо.
2010 он
No comments:
Post a Comment