Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

НАРТАЙ, ХУРТАЙ, НУЛИМСТАЙ ХУРИМ

/ Сонсож болно /



НЭВТ: Сонсогч та  Их тэнгэрийн аманд болсон Монгол улсын гавъяат тамирчин, мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Дагвадоржийн хуримаас бэлтгэсэн “Нартай, хуртай, нулимстай хурим” сурвалжлага хүлээн авч сонсоно уу. 
 
                                     / хөгжим дээр борооны шум орж ирэх /
 

НЭВТ: Наран гэтэлгэгч мичин жилийн намрын эхэн сарын өлзий хишиг бүрдсэн өдөр их аваргын хурим боллоо. Ойрын өдрүүдэд хур ховорхон байснаа гэнэт энэ өглөө тэнгэр хураа буулгаж, байгаль дэлхийн өнгийг улам ч заслаа. Их аваргын хурим ийн хуртай байсанд “сайн бүхэн хур дагуулдаг” хэмээн бэлэгшээдэг монголчуудын хувьд бүр ч бэлэгтэй зүйл болж байлаа. 
 
                                                                           / дан хөгжим /
 
НЭВТ: Их тэнгэрийн аманд их аваргын хуримын өргөөг задгай хэлбэртэй байрлуулсан байна. Мичин цаг тонгоймогц зочид гийчдийн түрүүч ирэх үесд Симфони найрал хөгжим, Үндэсний найрал хөгжим, Морин хуур чуулгын хөгжимчид болоод олны дунд нэрд гарсан дуучид, бүжигчид хэдийн байраа эзэлсэн байв. Их өргөөний хоймор хүргэн бэрийн эжий аав, УИХ-ын дарга Энхбаяр, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Улаан, Их аваргын эрхэм зочин Такасаго дэвжээний эзэн Такасаго сан болоод хоёр талын ургын хамгийн хүндтэй хүмүүс суужээ.  Хүндэт зочдын суудлын баруун жигүүрийн эхэнд парламентийн гишүүд болоод төр засгийн төлөөлөгчид, доошлоод монгол бөхийн аваргууд, урлаг соёлын одууд, лам хуврага, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, найз нөхөд нь байраа эзэлжээ. Зүүн жигүүрийн эхэнд Японы нэрт сумоч Токи, Асасэкура-Дашням тэргүүлсэн сумо бөхчүүд болон элчин сайдууд, гадаадын төлөөлөгчид, доод хэсэгт нь, хоёр талын ураг садан, төрөл төрөгсөд үр хүүхдийнхээ хамт суусан байна.
Яг энэ үед тэнгэрт бөөн үүл харанхуйлан цахилгаан цахиж, юу юугүй айхтар аадар буухнээ гэхээр байлаа. Их өргөөнд морилсон мянга гаруй зочид гийчид шинэ хүргэн, бэр хоёрыг нүдээрээ сэм хайж, хаанаас гарч ирэх бол...? гэж ярьж суух тэр агшинд тэнгэр нэгэнтээ хүчтэй нүргэлэн дуугарсанд зарим хүний сэтгэл түгшиж байлаа. 
 
                                 / тэнгэр тасхийн дуугарах чимээ /
 
НЭВТ: Тэнгэрийн дууны дараахан их өргөөний үүдэнд цагаан морьтой, цагаан өмсгөлтэй эр давхин ирж хурсан олонд хандан хүргэн бэр дөтлөн ирж буйг ийн тунхаглан зарлалаа. 
 
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
 

НЭВТ: Эрхэм сонсогчдид оо, бүгээн зүсмийн морь ижилсүүлэн унасан хүргэн, бэр хоёр дөрөө харшуулсаар их өргөөний үүдэнд ирэхүйд тосуулууд хүндэтгэн буулгалаа. 
 
                                                                           / шум /
 
НЭВТ: Хүргэн, бэр хоёр өргөөний үүднээс хоймор хүртэл дэвссэн 90 метр урт цагаан эсгий дэвсгэр дээгүүр явж байна. Шинэ хүргэн, монголчуудын ихэс дээдсийн уламжлалт хийц бүхий отго жинстэй малгай духдуулж, луу ороосон шар торгон дээлэн дээр, хар хөх өнгийн торгон хантааз өмсчээ. Харин шинэ бэр, улаан хээтэй хул шар торгоор урласан нарийн хийц бүхий эртний уламжлалт эхнэр хүний дээл, ууж хослуулан өмсөж, уран хийц бүхий сувдан унжлагатай, толгойн мөнгөн хэрэгслээр гоёжээ. 
 
                                                                         / таслал /
 
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, олны хараа булаасан хосууд өргөөний голд байрлуулсан хорол хээ бүхий ган тулганд хүрч очоод гал голомт үүсгэх ёслолоо хийж байна.
            Халуун галыг эгүүтгэж
            Хал ургийн үндэс болсон
            Ханат гэрээ ёсолдог нь
            Хамаг монголын жам аа
            Ураг садан барилдаж
            Уньт гэрийг үүсгэхэд
            Уран гоо бүсгүй нь
            Утаагүй улаан галаа түлж
            Уургүй улаан цайгаа чанадаг
Улс монголынхоон эрхэм ёсоор Тамир бүсгүй уураг улаан цайгаа чанаж, мөнгөн бүслүүр бүхий домбонд уудлаад шинэ бэрийн анхны цайгаа эр нөхрөөсөө эхлээд эжий аав, элгэн садандаа барьж байна. Шинэ бэрийн цайны дараагаар их хэнгэрэг нэгэнтээ дэлдэхүйд төрийн шагналт, ардын уран зохиолч Пүрэвдорж, найр эхлүүлж ерөөл талбилаа. 
 
           СОРОНЗОН БИЧЛЭГ:
/ Пүрэвдорж ерөөл хэлэх... / 
 
 
НЭВТ: Найр дэлгэрүүлж ерөөл хэлсний дараа хүргэний аав Долгорсүрэн хундаганы үг хэлж дуусахад найрын хөтөч хүргэнийг дагуулан гарч ирээд, найрын тосуулуудаас нум сум авч хүргэнд өгөхөд тэрээр нумыг нэгэнтээ эвшээлгээд буцааж өглөө. Дараа нь ардын жүжигчин Батчулуун шинэ айлын хоймор залах морин хуурыг хөглөж, хүргэн хүү хуурынхаа толгойд цэнхэр хадаг уяж чавхдасыг нэгэнтээ татан адис авлаа.
Ийн Долгорсүрэнгийн Дагвадоржийнх гэдэг нэгэн айл хорол тулгаа тулж, галаа асааж, хоймор юугаан морин хуураа заллаа. Шинэ айлын тооно өндөр, багана бат, үүд өлзийтэй байх болтугай, хурай...хурай...хурай...
 
                                                     / найрын дуу орж ирээд фон дээр /
 
НЭВТ: Найр улам дэлгэрлээ. Энэ үеэр оддын тоглолт, монгол хувцасны үзүүлбэр, үндэсний барилдаан гээд олон сонирхолтой үзүүлбэр, тоглолт болсны дундаас хамгийн сонирхолтой нь их аваргын ёсолгоо байв.
Хүссэн бүхэн дэргэдээс нь үзэж чаддаггүй Их аваргын ёсолгоог нүдээр үзсэндээ хөөрөн баясаж байгаа хүн олон байлаа. Их аваргын ёсолгоонд оролцсон сумоч Токи-г монгол фэнүүд нь Токи... Токи... хэмээн өөриймсөн дуудахад нь тэрээр их л сэтгэл хангалуун инээмсэглэж байгаа харагдана. 
 
                                                     / Өглөөний хөх луу- дуу орж ирнэ /
 
НЭВТ: Та бүхэн Асашёорюү Дагвадоржийн тухай “Өглөөний хөх луу” дууг УГЖ Түвшинтөгс дуулж байгааг сонсож байна. 
 
                                                         / дуу тодорч ирээд намсах /
 
НЭВТ: Аливаад санаанд оромгүй зүйл гэж байдаг. Тэгвэл их аваргын хуримын хамгийн сэтгэл догдлом, бас хамгийн уяралтай нэг зүйл бол хүргэний хэлсэн үг байсан юм.
           СОРОНЗОН БИЧЛЭГ: Дагвадорж үг хэлэх...
 
 
НЭВТ: Эх нутаг элгэн садныхаа дунд Их аварга ёсолгоо хийж түмэн олноо баясгахсан гэсэн мөрөөдлөө биелүүсэндээ баярлаж байгаагаа хэлэхдээ өөрийн эрхгүй нулимс унагахыг харсан олон “Эвий дээ хөөрхий минь, Их аварга болохоос биш жаахан юм шүү дээ” гэж хайрлан энхрийлж, өхөөрдөн инээлдэж байсан юм. 
 
                                                           / дуу гарч ирээд дуусах /
                                              / борооны шум орж ирээд фон дээр /
 
НЭВТ: Өргөн дэлгэр хурим найрын эргэн тойрныг энэхэн хугацаанд яахан хэлж барах билээ. Харин найрлагчдийн дунд олон хүний анхаарлыг татаж байсан хүмүүсийн нэг бол аврага Мөнхбат, түүний гэргий Тамир байсан юм. Их аваргын хуримд ирсэн хүмүүс тэр хоёрыг хараад дараагын Их аврагын эжий, аав... гээд их л бахархан ярилцаж байгаа нь чих дэлсээд авсан шүү. Ингээд би Сумо-д гаргуутай сайхан барилдаж байгаа Хакухогийн ээж Тамир, Монгол улсын гавъяат зүтгэлтэн Мэнд-Ооёо нартай ярилцсан юм.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
                                    Тамир:
                                    Мэнд-Ооёо ярих...

                                                                / Эрхэмбаяр дуулах фон дээр /
 
НЭВТ: Та бүхэн “Их аварга” дуу сонсож байна. Энэ дууг их аварга 3-р сарын башёд тасралтгүй 15 давж, бүх монголчуудыг баярлуулж байсан тэр мөчид зохиосон түүхтэй. Сонирхолтой нь энэ дууны үгийг улсын начин Эрхэмбаяр зохиожээ. Тэрээр дууныхаа тухай ингэж ярьж байна.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
                                    Эрхэмбаяр ярих...

 
                                                                  / дуу тодорч ирээд дуусах /
 
НЭВТ: Их аваргын хуримын ёслолыг Японы Эй Эч Кей телевизийнхэн сурвалжилж байв. Дуулахнээ их аваргын хуримын тухай кино хийх юм гэнэ. Түүнээс гадна зочид гийчдийн дунд олон сонирхолтой хүмүүс байсны нэг нь Японы дуурийн нэрт дуучин Акими Юми байлаа. Тэрээр дуурийн залуу дуучин Болдтой хамтран “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаагийн хэсгээс дуулж, залуу хосуудад бэлэг барилаа. 
 
                                                  / учиртай гурван толгой дуурийн хэсгээс /
 
            НЭВТ: Хяруу унаж тос царцлаа
                          Нар шингэж найр өндөрлөлөө
                          Үүд дутааж үнэг хайчлуулъя
                          Өрхөө дутааж өлгий хайчлуулъя
                          Шинэ хүргэн, шинэ бэрээ
                          Аргай цагаан үүдтэй
                          Их цагаан өргөөнд нь залсу
  Болгоохтун, мөргөгтүн...
хэмээн цагаан морьтой эр харанга цохиж найр өндөрлөж буйг найрлагсдад дуулгаж, хүргэн, бэр хоёр бүгээн зүсмийн хос мориндоо мордож ергүүлсээр урд ухааг даван одлоо. 
 
                                                                            / хөгжим /
 
            НЭВТ: Манцуйтай байхдаа манайх байлаа
                          Малгай тавихдаа хүний боллоо
                         Угжтай байхдаа манайх байлаа
                          Уужаа өмсөхөөр хүнийх боллоо...
ийн аав нь, ахан дүүс нь, эжий нь, эгч дүүс нь, элгэн садан нь сүүн цацлаа өргөн хоёр хүүгээ үдэн мордуулснаар Их аваргын хуримын ёслолын  эхний хэсэг өндөрлөсөн юм. 

 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив