Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

Сөхөрч болдоггүй амьдрал - 2


/ сонсож болно /


НЭВТ: Тэргэнцэртэй хүний түүх буюу “Сэтгэлийн эрхтэн бүтэн байхын учрыг ухаарсан нь” гэх удаах хэсэг. 
 
                                                                          / хөгжим /
 
                                         /Айл гэрийн шум орж ирээд утас дуугарна /
  
Эх:                  Байна уу...  Өө миний охин уу даа...?
Сувд:              Тиймээ, би байна. Таны бие сайн уу?
Эх:                  Сайн, сайн. Хичээл ном шалгалт шүүлэг нь сайн биз дээ.
Сувд:              Сайн, сайн. Түрүүн таньтай ярьснаас хойш нэлээд зав муутай байсан. өчигдөр шалгалт дууссан, одоо амралт эхлэж байна. Эгч ээ, Төмөр сайн биз дээ. Бие нь ямар байна. Уурлаж бухимдах нь яаж байна?
Эх:                  Зүгээр, сайн байгаа. Өдөр ирэх дутам овоо л болж байна.
Сувд:              Эгч ээ... Би очмоор санагдаад байх юм...
Эх:                  Цаадах чинь чамайг гомдоож явуулснаас хойш их гэмшиж байгаа. Гаднаа юм хэлэхгүй ч дотроо чамайг их л хүлээдэг бололтой. Сэтгэл санааны хувьд гайгүй болсон шүү. Их ч юм бодсон байх. Чи ирье гэж байгаа бол ир л дээ. Төмөр чамайг хараад их л баярлана даа. Чи... чи миний хүүд үлдсэн ганц найз нь шүү дээ.
Сувд:              Тэгье эгч ээ, би дэлгүүр хоршоогоор ороод үдээс хойш яваад очьё.
Эх:                  Тэгээ тэг, охин минь...
Сувд:             Баяртай...
 
                                                        / Эх  Төмөрийн өрөөнд орж ирнэ /
 
Эх:                  Май... миний хүү шинэ сонингууд...
Төмөр:           Өө, яасан сайн юм бэ? / сонин эргүүлэх чимээ /  Ойрд сонгууль гээд энэ хэдэн сонин унших юмгүй болжээ. Харин Монголын радио ч өөр юмаа. Сонгуулиа ч яриад ... нэвтрүүлгээ ч хийгээд...
Эх:                  Миний хүү “ганц найз”-ыгаа ёстой магтаж байх шив, аан.../инээнэ/
Төмөр:           /бас л хөгжилтэйгээр/  Ээж ч харин зөв хэллээ шүү. Ээжээ, сая хэн ярив...?
Эх:                  Аа... тэр үү? Ээжийнх нь танил ярьсан юмаа.
Төмөр:           Би Сувдааг юм болов уу гэж бодсийм. Сувдаа ярихгүй л юм байх даа...?
Эх:                  Чи хөөгөөд явуулчихсан юм чинь яаж ярихав дээ.
Төмөр:           Ээжээ... Би Сувдаагүйгээр амьдарч чадахгүй байхаа? Тэглээ гээд ийм болсон хүн яах ч билээ дээ. Ёстой санаанаас цаашгүй гэдэг л энэ байх даа...
Эх:                  Төмөрөө... Миний хүү...
Төмөр:           Манай Сувдаа их хөгжилтэй, дандаа хүн инээлгэж байдаг юм. Сувдаа... ирэхгүй л юм байх даа...
Эх:                  /инээвхийлсэн өнгөөр/ Ирэхгүй биз дээ. Чамд их гомдсон байх.
Төмөр:           Гэхдээ надад ирэх л юм шиг санагдаад байгаа юм даа... 
 
                                                  / хаалга цохих чимээ орж ирээд /
 
Төмөр:           /ихэд догдолсон өнгөтэй/ Тээр хэлээгүй юу, ээжээ. Сувдаа яг мөн... тэр хаалга ингэж цохидог юм. Мөн байна, мөн байна. Хурдлаарай ээжээ, үүдээ тайлаарай...
Эх:                  /мөн л баяртайгаар/ Одоохон, одоохон. Ээж нь...
 
                                        / Үүд тайлах чимээ гараад Чингэлтэй дүүргийн өрхийн эмч                                                                                          нар орж ирэх чимээ /
 
Эх:                  Сайн байцгаана уу?
Эмч нар:        Сайн, сайн байна уу?
Эх:                  Төмөр өө... миний хүү эмч нар чинь ирж байна. За, ийшээ орцгоо доо.
Эмч-1:            Сайн байна уу, Төмөр өө...?
Төмөр:           /хүлээсэн хүн нь биш байснаас нэлээд дуу муутайхан/ Сайн, сайн...
Эмч-2:            Өнөөдөр манай Төмөр чинь ямар дуу муутай байх юм дээ...?
Эмч-1:            Янз нь бид хоёр хүсээгүй зочид нь бололтойдогоо, айн... /инээнэ/
Төмөр:           /санаа нь зовсон янзтай/ Үгүй, үгүй... эмчээ, яалаа гэж...
Эмч-2:            За Төмөр өө, үзлэгээ хийе. Бие ямар байна даа, ямар өөрчлөлт байна? 
 
                    / Нэг нь үзлэг хийж, нөгөө нь тэмдэглэл хийж байгаа чимээ /
 
Эмч-2:            Даралт 80-120... Зүрхний цохилт хэвийн... Манай Төмөр үе үе хэвтрийн хатгаа авчихдаг байснаа бодоход ч одоо мундаг болжээ.
Эмч-1:            Арьсны цооролт нь бараг байхгүй болжээ. Манай Төмөр ч өдрөөс өдөрт овоо болж байна. Ер нь аливаа өвчинд тухайн хүний сэтгэл санаа нөлөөтэй байдаг юм шүү дээ.
Эх:                  “Сэжгээр өвчилж, сүжгээр эдгэрдэг” гэдэг үг байдаг даа, тиймээ эмчээ?
Төмөр:           Ээж дандаа тэгдэг юм. Сүжиглэснээрээ эдгэрдэг болбол ч би өдийд хөл дээрээ босчихсон явж байх биз дээ. Бас хичнээн ч лам хуврага авчрав...
Эх:                  Нүгэл гэм... Бурхны ном үнэнийг өгүүлдэг юм шүү. 
 
                                                                          / харанга /
 
Хөтлөгч:        Тиймээ, бурхны номонд ч хүний сэтгэл санааг эмчлэх, хүнд сэтгэлийн тэнхэл хайрлах олон зүйл байдаг юм. Энэ талаар Дашчойлон хийдийн лам Буяндэлгэр юу ярихыг сонсоё.
 
                           / ХАЛЬС- ламын яриа............. /
 
 
Төмөр:           / их л гайхсан өнгөөр/ Юу гэнээ... сэтгэлийн эрхтэн бүрэн бүтэн байвал хөл гаргүй байсан ч бүгдийг хийж бүтээж болдог гэнээ...?
Эх:                  Ямар гайхалтай юм бэ?
Эмч-2:            Ямарч эм тангаас илүү эмчилгээ байна даа, тиймээ хө...?
Эх:                  Хэлээд юухэв. За хүү минь сонсоо биз? Сэтгэлийн эрхтэн бүрэн бүтэн байвал хөл гаргүй ч хөл гартай мэт байж болдог гэнэ шүү...
Бүгд:              Ёстой, ёстой...
Төмөр:           /сэтгэл нь хөдөлсөн аястай/ Тэгвэл би одоо эхэлье л дээ...  /гээд орны хөлнөөс нь бэхэлж өгсөн уяаг татаж хэд дахин өндийж дасгал хийх чимээ /
Эмч-1:            Та Төмөрт орноосоо татаад өндийж байх сайхан бөх бат уяа хийж өгчээ дээ...?
Эх:                  Өө тийм, би үүнийг Өвөрмонголын “Одон” телевизээр гарсан нэг кинон дээрээс олж харсан юм. Хүү өдөр бүр үүнээс татаж дасгал хийдэг болоод байгаа. Одоо сав л хийвэл ээж, ээж... гээд дуудаад байхаа больсон шүү дээ.
Эмч-2:            Төмөр өнөөдрийг хүртэл дүүргийн гэмтлийн эмчийн хяналтанд байж, гэмтлийн эмчийн чөлөө авч байсан. Одоо гурван сар болж байгаа тул урт хугацааны чөлөө буюу бидний хэлж заншснаар группэд орох шаардлагатай.
Эх:                  Тэгэхээр... одоо яах билээ?
ЭМЧ-2:          Группэд орохын тулд юуны өмнө нэгдсэн клиникийн зөвлөхийн баталгаа гаргуулдаг юм. Чиний хувьд Гэмтэл Согогын Улсын клиникийн зөвлөхийн баталгаа гаргуулна гэсэн үг.
ЭХ:                 Энэ юу гэсэн үгэв?
Эмч-1:            Энэ бол бэртэж гэмтсэн хэсгийн зураг, бас зөвлөх эмчийн тодорхойлсон оношлогоо бичиг л дээ.
Эмч-2:            За тэгээд Төмөрийн хувьд шинээр группэд орж байгаа тул дүүргийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн дүгнэлт байх хэрэгтэй.
Эх:                  Тэгэхээр эмч ээ, манай Төмөр чинь...
Эмч-2:            Тиймээ, Төмөр босож чадахгүй болохоор эмч нар гэрээр нь ирж үзлэг хийх болно. Хэдийд яаж хийлгэ:ж болох талаар асрамжилж байгаа хүн нь эмч нартай тохирох ёстой. За тэгээд хуьийн бичиг баримт бүрдүүлэх гэж нэг чухал ажил бий дээ.
Эх:                  За...
Эмч-1:            Юуны өмнө иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгал, за тэгээд улсад хэдэн жил ажилласныг баталгаажуулсан бичиг баримт...
ЭХ:                 Манай хүү... улсад ажиллаж байгаагүй ш дээ...
Эмч-1:            Тийм бол дүүргийн нийгмийн халамжийн даатгалаас улсад ажиллаж байгаагүй гэсэн баталгаа авах хэрэгтэй. Үүний дагуу дүүргийн нийгмийн халамжаас мөнгө төгрөг авна шүү дээ... 
 
                                                 / хонх дуугараад гаднаас Сувд орж ирнэ / 
 
Төмөр:           /Алсаас Сувдааг олж харчихаад баяртайгаар/ Ээжээ, тэр Сувдааг хараач ээ. Би хэлээгүй юу даа... Сувдааг ирнээ гэж...
Сувд:              Сайн байцгаана уу...?
Бүгд:              Сайн, сайн байна уу...?
Сувд:              Төмөрөө... миний найзын бие сайн биз дээ. Царай зүс гэж ёстой мундаг байна шүү дээ.
Төмөр:           Наашаа суу... миний энд суу... алив ээжээ, намайг бүр өндийлгөөд өгөөч... Би Сувдаатай яримаар байна. Сувдаа... Сувдаа...
Эмч:               За бид хоёр ч явья даа. Төмөрийн хүлээсэн зочин ч ирлээ...
Төмөр:           Уучлаарай эмчээ...
Эмч нар:        Зүгээрээ, зүгээр. Харин дүүргийн эмч нарын зөвлөгөөн ирэх 3 дахь өдөр болно. Бараг бүтэн 7 хоногийн хугацаа байгаа тул группэд ороход шаардлагатай зүйлээ сайн бүрдүүлээрэй.
Эх:                  Мэдлээ, эмчээ. Асууж тодруулах зүйл гарвал наана нь очиж уулзана. Хүүгийн найз ирчихээд... одоо юм хэлээд ч ухаан санаа тогтоохгүй нь бололтой.
Эмч нар:        Харин тэгэх нь бололтой. Бид ч явья, баяртай...
Бүгд:              Баяртай... баяртай.
 
                                                                         / хөгжим /
 
Төмөр:           Сувдаа... би чамайг хичнээн их хүлээв дээ. Чамайг бүр ирэхгүй бол яана гэхээс... /хоолой нь эвгүйрхэнэ/
Сувд:              Би ч чамайг их санасан. Гэхдээ чамайг сэтгэлийн тэнхээтэй болоосой, бүгдийг эргэцүүлж үзээсэй гэсэндээ л ирэхгүй байсым. Одоо өдөр бүр дэргэд чинь байх болноо..?
Төмөр:           Би чамайг дэргэдээ уяа ёсгүй л дээ. Би.. ямар хүн билээ дээ. Ер нь нуруу нугасны гэмтэл бол нөхөн төлждөггүй тул бүрэн гүйцэт эрүүл болно гэж байхгүй гэж эмч нар ярьж байна лээ. Би насан туршдаа тэргэнцэр дээр байх хүн шүү дээ....
Сувд:              Төмөр өө, битгий ингэж ярь даа...
Төмөр:           Сувдаа, би бүгдийг ойлгосон. Чи өөрийнхөөрөө л байгаарай... Харин болж өгвөл... зав гарвал над дээр ирдэг юм шүү. Би чинийхээ хөгжилтэй хөөрхөн аашыг ямар их үгүйлдэг гээч. Чи минь өөрт тохиолдсон бүхнээ надад ярьж бай, би чинийхээ баяр баясгаланг хуваалцаж явья. Харин чамтайгаа зүүдэндээ л учирч байя даа... /санаа алдах/
Сувд:             Төмөр өө.../ уйлна /
 
                                                                  / дуу орж ирнэ /
 
Хөтлөгч:        Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нарын ээлжит зөвлөгөөн болоод тарж байна. Өрхийн эмч Ганчимэгтэй уулзаж, түүний үгийг сонсоё. 
 
/ХАЛЬС/ Эмч: Төмөрийн хувьд гэмтлийн улмаас ........................ зааснаар 10-ын 7-гын В-гийн заалтаар 50-70 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзсэн тул хөдөлмөрийн нөхцлийг солих шаардлагатай. 10-ын 7-гын В гэдэг нь сээр харцага нурууны нугасаа дараагүй хугаралт зэргийг заасан зүйл. Иймээс 70 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзсэн тул эхний удаад нэг жилийн хугацаатай групп тогтоож байна.
Сурв: Энэ хугацаанд эмнэлгийн талаас үзүүлэх үнэ төлбөргүй эм,    эмчилгээ гэж бий юу?
Эмч: Манай талаас тийм зүйл байхгүй л дээ. Харин байдлыг тодорхойлж өгсний үндсэн дээр нийгмийн халамжаас тусламж дэмжлэг авах болно.
                         Сурв: Дашрамд бусад хүмүүст хандаж хэлэх үг юу байна?
Эмч: Юуны өмнө бичиг баримтыг бүрэн бүрдүүлж байх хэрэгтэй. Бичиг баримтын дутуугаас олон дахин буцах явдал байдаг. Манай эмнэлгийн талаас гэвэл тухайн өвчтөн эмчийн хяналтанд байж, сард нэг удаа үзүүлж байх хэрэгтэй.Дор хаяж 3 сард нэг удаа үзүүлж, 6 сард нэг удаа шинжилгээ хийлгэж, жилд нэг удаа эмнэлэгт хэвтэж байх ёстой байдаг.
Сурв: Төмөрийн хөдөлмөр чадвар алдагдал 70%-тай гэж үзэж байгаа болохоор энэ хүн цаашид хөдөлмөр эрхлэх боломж байна гэсэн үг үү?
Эмч: Тийм. Хувь хүн өөрөө хичээвэл хөдөлмөр эрхлэж бололгүй яахав. Энэ заалтанд бас хөдөлмөрийн нөхцлийг солих гэж байгаа шүү дээ.
                          Сурв: Энэ юу гэсэн үг вэ?
Эмч: Хүнд ажил хийх боломжгүй, ойр зуурын буюу   өөртөө үйлчлэх чадвартай гэсэн үг    л дээ. 
 
                                                                      / хөгжим /
 
                                                     /  Гудамжны шум орж ирээд /
 
Авгай:            Хүүе, Нансал уу даа?
Эх:                  Өө, Надмид... Сайн байна уу?
Авгай:            Сайн, сайн. Сайхан зусаж байна уу? Хүүгийн нь бие сайн уу даа?
Эх:                  Санаснаас бүр овоо шүү. Өнөөдөр эмч нарын зөвөлгөөнөөр ороод групп тогтоолгоод явж байна.
Авгай:            Алив хоёулаа ийшээ суугаад хэдэн үг сольё доо.
Эх:                  Тэгье, тэгье. Уулзалгүй удлаа. Танайхан сайн биз дээ.
Авгай:            Бид ч яах вэ, дажгүй. Муу Төмөр маань л гайгүй байгаа бол боллоо доо хөөрхий...
Эх:                  Хөөрхий минь дээ... Миний аль насандаа хийсэн үйлийн лай ингэж ганц хүү дээр минь унаж байгаа юм бүү мэд дээ. Хүүгээ өрөвдөх юм. Амьдрал үзээгүй амьтан шүү дээ. Мөнгөтэй болоод л эжийгээ жаргаана гээд л... хүний ганц юм болохоор тэр үү, олон хүүхэдтэй болноо. Тэгээд эжийгээ олон сахилагагүй бандиар дарж өгнө дөө... гэж ирээд л инээж суусан хүн шүү дээ. За тэр ч яахав, үр минь амьд мэнд эжийдээ үзэгдэж байвал боллоо доо.
Авгай:            Амьд хүн аргатай, аргатай... тэгээд эмч нар юу гэх юм дээ?
Эх:                  Айн... юу?
Авгай:            “Тусламжийн тэргэнцэр сан” гэж байдаг гэнэ. Өнөө телевизээр яриад байдаг Золжаргал гээд сэтгүүлч залуу тэр сангийн нэг чухал хүн гэсэн. Саяхан манай нэг танил түүний тусламжтайгаар тэргэнцэртэй болсон байна лээ.
Эх:                  Юун сайн юм. Чи ч надад ёстой чихэр шиг мэдээ дуулгалаа. Шалавхан очиж хүүдээ хэлэх минь...
Авгай:            /инээгээд/ За, за.. тэгж үз. Төмөр хүүд мэнд дамжуулаарай.
Эх:                  Баяртай, Чи манайхаар нэг очооч дээ, хө.
Авгай:            Тэгнэ тэгнэ. Баяртай. 
 
                                                                                      / хөгжим /
 
НЭВТ: Та бүхэн Тэргэнцэртэй хүний түүх буюу “Сэтгэлийн эрхтэн бүтэн байхын учрыг ухаарсан нь” гэх удаах хэсгийг хүлээн авч сонслоо. 
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив