Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Гарын арван хуруу

/ Сонсож болно /



НЭВТ: Эрхэм сонсогчид оо "Гарын арван хуруу" ардын дууны домгоос сэдэвлэн бэлтгэсэн радио зохиомж хүлээн авч сонсоно уу.
 
                                                                                 / хөгжим /
 
Хөтлөгч:       Мөнгөн чимэгтэй хилэн хар морь унаж, ханцуйг нь хар торгоор эмжиж, энгэрийг эрээн хоргойгоор гоёсон цагаан нэхий дээл хөөргөн бүсэлж, улаан торгон бүчтэй хурган малгайгаа ар шил дээрээ хаячихсан ханхар том эр бор шаргал царайгаа улаа бутруулан дуулан давхиж явна. Нас залуу өлчир эрийн унасан морь, өмссөн гутал хувцсыг нь харваас их л бийлэгжүү нэгэн бололтой.
/ Давхиулж яваа морьтон, үзэмчин ардын уртын дуу /
Хөтлөгч:        Энэ бол Баруун үзэмчин хошууны Олгой голын хойд дээгүүр Эрдэнэ овоо, Бүлээн хөндийгөөр нутагладаг шар тайж Донровын их хүү Дүүрэндэлгэр билээ. Эцгийн хайрласан нэр Дүүрэндэлгэр боловч, эдүгээ түүнийг Дүүрэн-Заан гэх болжээ. Шар тайж Донров цагийн сайханд гайгүй сайн барилдчихдаг, бөх гэхээс амиа тавьчихдаг нэгэн. Хорвоо түүнд хоёр хүү заяаж магнайг нь ганц тэнийлгэжээ. Тэднийгээ хар багаас нь эрүү өвдгийг барьж нэг үзэж, барилдуулж нэг үзэж, хэр сайн бөх болох бол хэмээн шинжиж сонжино. Бас өөрөө ч барилдаж, зааж сургана. Хар багын л шөрмөстэй их хүү нь өсөж том болоод аймаг хошууны олон найр наадамд зодоглож, ногт хоосонгүй ирдэг болжээ. Хүүгийн нь өмнө гишгэх бөх байхгүй болохоор шар Донров шиг жаргалтай хүн энэ нутагт үгүй ээ. 
 
                                                         / чимээ тодорч ирснээ гэнэт зогсох /
 
Хөтлөгч:        Цас манаруулан давхиж явсан Дүүрэн-Заан гэнэт мориныхоо амыг татаж алсыг ширтэн харлаа. Цэвцийж цайсан цагаан тал үргэлжилсээр тэнгэрийн хаяатай нийлэх алсаас цасан тоос манарах авай. Төд удалгүй цэвцгэр цагаан тал дээр цагаан зүсмийн голдуу олон адууг адуучин эр гүүгийлэн хөөсөөр гарч ирэв. Цаахантаа нь уртын урт нүүдлийн цуваа үргэлжилж харагдана. Залуу эр айсуй нүүдлийг тосон хүрч хилэн хар мориноосоо тэвхийн буугаад нүүдлийн тэргүүн, живэр сахалтай хижээл эртэй амар мэнд эрэн золгож, хаанаас хаа хүрч явааг сонирхов. Эл нүүдэлчид Хөлөнбуйр аймгийн Барга хошууны Баян дэрстээр нутагладаг түмэн цагаан адуутай гэгддэг Хунгарынх аж. Нутагт нь зуд болж, Баруун үзэмчний Бүлээн хөндийд өвөлжихөөр ирж буй нь энэ. Тэд Үзэмчиндээ төдийгүй хол ойрд зард гарсан залуу бөхтэй нүүдлийн замд учирсандаа их л олзуурхан нутаг ус, өвс бэлчээр ярилцан хэсэг саатах ахуйд мухлаг тэрэгний эсгий үүдийг нарийхан цагаан хуруу үл ялиг сөхөөд цолмон хар нүдтэй бүсгүй өөрийг нь их л сонирхон харж буйг залуу эр яахан анзаарахгүй байх билээ. Тэрээр мориндоо мордоод өнөө хар нүдэн бүсгүй рүү эргэж хараад инээмсэглэхэд даруй мухлаг тэрэгний эсгий үүд хаагдаж, нүүдэл ч хөдлөв. 
 
/ нүүдэл холдон явах чимээ орж ирээд холдон явах  /
              /  залгаад хөгжим орж ирээд  /
                           / Шувууд жиргэж, гол ус урсах, хос морьд тургилах, амгай хазаар                            харших чимээ гээд  хөдөөгийн үзэмжийг дуу чимээгээр дүрслээд  фон дээр /
 
Зулцэцэг:       Дүүрээн, чиний дээлний ханцуйг хар торгоор эмжиж, энгэрийг нь эрээн хоргойгоор чимэглэсэн байх юм. Энэ содон гоёл ганц чинийх юм шиг санагдах юм?
Дүүрэн:          Бараг тийм юм даа. Тэр жил хошууны найран дээр анх барилдахад ээж минь ийм гоёлтой дээл хийж өгсөн юм. Анхны барилдаан маань одтой хийморьтой байсан болохоор аав, ээж хоёр ихэд бэлэгшээж, миний хүүгийн гоёл энэ болог гээд ийм дээл хийж өгдөг болсон юм.
Зулцэцэг:       Тэгэхлээр үүнээс өөр гоёлтой дээл өмсөж болохгүй гэсэн үг үү? Тэгвэл би чамд эрээн эмжээргүй дээл хийж өмсгөнө дөө... /хөгжилтэй инээх/
Дүүрэн:          Яалаа гэж дээ, чинийхээ урласан дээлийг өмсөлгүй яахав. Харин чи хэзээ миний дээлийг хийж өгөх юм дээ. Нутагтаа буцаад намайг мартчих байлгүй дээ... /санаа алдах/
Зулцэцэг:       /сандран/ Яалаа гэж дээ...
Дүүрэн:          Танайх тэгээд хэзээ нүүх гээд байна даа?
Зулцэцэг:       Аавын хэлж байгаагаар бол тун удахгүй бололтой. Миний хувьд хоног хойшлох тусам сайхан л байна. Сүүлийн үед аав ээж хоёр "мал ч тогтохоо байлаа, нутаг усаа санаж байгаа бололтой" гэж ярих нь ч их болж.
Дүүрэн:          Нутаг усаа гэж тэмцдэг нь хүн, малын ёс юм даа. Танай нутаг өнгө засаж байгаа дуулдсан. Юм ээлжтэй хойно ирэх өвөл манай энд зуд болж, манайх танай тийшээ нүүх ч юм билүү? /хөгжилтэй инээх/
Зулцэцэг:       Хош гэм. Монгол хүн байж ийм юм ярьдаг юм уу?
Дүүрэн:          Чамтайгаа цуг байхын тулд байгаль дэлхийг хүртэл өөрчилмөөр санагдах юм байна шүү.
Зулцэцэг:       Сэтгэл байвал газрын хол ч яамай... гэдэг биз дээ. Харин чи намайг явахаар мартчих биз дээ? 
Дүүрэн:          Зуны сүүл сарын шинэдээр би чамайг очиж авна. Чи минь намайгаа хүлээж байгаарай... 
 
                                                                     / хөгжим /
          / залгаад ус урсаж, шувууд жиргэсэн байгалийн чимээ орж ирээд фон дээр /
 
Хөтлөгч:        Цээжин биеэ нүцгэлсэн хүдэр эр нэг том үхэр чулууг сураар бэхлэн үүрээд даваа өөд мацаж явна. Тэрээр өргөн магнайг нь даган урсах хөлсөө гараараа шувтран мацсаар даваан дээр гарч ирээд өнөө чулуугаа газар доргиж, шороо манартал түс хийн хаялаа. Гэтэл...
Эцэг:              Дүүрэн, чи ямар удаан явж байнаа. Өдийд 5-6 чулуу гаргаж ирдэг атал одоо ердөө гурвыг гаргаж ирлээ. Ер нь чи сүүлийн үед нэг л биш, яагаад байгаа юм. Одоо энэ гурвыгаа буцаагаад бэлд хүргэ... хурдал...
Хөтлөгч:        гэж эцгийн зандрах дуу сонсдов. Залуу эцэг өөдөө гэмшингүй харснаа өнөө чулуугаа өргөж үүрээд доош уруудлаа. Хүүгийнхээ хойноос харж суусан шар Донров мод толгой нийлүүлэх зуураа:
Эцэг:              Муу хүү дээ арай л хатуудчих уу даа. Энэ лав өнөө бүсгүйгээ л бодоод байгаа хэрэг. Уг нь удам сайтай хүний үр юм. Гэтэл бас сүй тавьсан бүсгүй байдаг, яалтай ч юм билээ дээ. Сүй буцаасан гээд гол усаар нэг шуугих байх даа. За яахав, хол хошууны тэр бүсгүйг ингэсхийгээд мартах байлгүй. Гэхдээ Хунгарын тэр охин ч нүд нь цогтой, царай нь гэрэлтэй, үг нь цэцэн ёстой л гэрийн чимэг болмоор бүсгүй дээ... 
 
                                                                                       / хөгжим /
        / голын урсгал, алсад хонь ямаа бэлчих чимээ орж ирээд фон дээр/
 
Хөтлөгч:        Салхи сэвэлзэж, дэрсний толгой найган намрын шинж хэдийн оржээ. Зөөлөн шаргал талын дундуур мяралзан урсах тунгалаг уст Мэлгэр голын хөвөөн дээр ижилссэн юм шиг улаан өнгийн торгон шанхаар үсээ даруулан боосон хоёр бүсгүй ярилцаж сууна.
Бүсгүй:          Зулаа, чи энэ хонгорзул цэцгийг ямар гоё хатгаа вэ, аргагүй л сэтгэл гаргаж урлаж дээ. Бодвол Дүүрэн-Заандаа өгөхөөр хийгээ биз?
Зулцэцэг:       Тиймээ, энэ хонгорзул цэцэг манай Дүүрэнгийн нутагт маш элбэг байдаг юм. Ер нь баруун Үзэмчингийн цэцэг газар газрын цэцэгнээс илүү өнгөлөг юм шигээ.
Бүсгүй:          Хүүеэ... Хүний нутгийн цэцэг нь хүртэл өөрийн нутгийнхаас илүү санагдах болж гэнэ. /тас тас инээгээд/ Ёстой цагаан зээр, бүсгүй хүн хоёрт нутаг байдаггүй гэж үнэн юм даа.
Зулцэцэг:       Намайг шоололтгүй. Чи ч бас хэзээ нэгэн цагт бүсгүй заяагаа дагах л болно.
Бүсгүй:          Тэгэх л байх. Гэхдээ би нутаг хошуунаасаа гарахгүй ээ. Хүний нутгийн жавар хэцүү гэдэг юм. Үгүй... ингэхэд Дүүрэнгээс хавьд сурагтай юу?
Зулцэцэг:       Үгүй... Гэгээний найр дээр барилдах гээд зав зай муутай байгаа дуулдсан...
Бүсгүй:          Миний найз санаагаа хураасан нь дээр биз дээ. Дүүрэн чинь бидний зэргийн эгэл бүсгүйг тоохгүй нэр цуутай хүн. Бодвол нутаг хошуунд нь түүнийг харж баясаж, сэтгэл алдарч явдаг бүсгүй олон л байдаг биз. Хөөе... Дүүрэнд багын сүй тавьсан бүсгүй байдаг гэсэн шүү....
Зулцэцэг:       Би мэднэ ээ, гэхдээ би Дүүрэндээ итгэдэг юм шүү.
Бүсгүй:           Тэгвэл яагаад одоо хүртэл сураггүй байгаа юм. "Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ" гэдэг юм, найз минь. За, за... хонь ч холдчихлоо, би явлаа... 
 
                                                                                 / хөгжим /
 
Хөтлөгч:         Зулцэцэг газар байсан шилбүүрээ шүүрэн аваад мориндоо яаран мордох найзынхаа хойноос гунигтай хараад үлдлээ.
Зулцэцэг:        Дүүрэнгээс сураг тасраад удаж байна. Зуны сүүл сар гэхэд яваад очно, намайгаа хүлээж байгаарай гэсэн хүн шүү дээ. Гэтэл зуны сар хэдийн шувтарч намрын сар гарчихаад байдаг. Нээрэн Бүжингийн хэлдэг ортой байх шүү
Хөтлөгч:         Зулцэцэгийг уйтгар гунигийн манан бүрхэн авлаа. Тэрээр хөхрөн дуниартах тэнгэрийн хаяаг ширтэн хэсэг сууснаа:
Хар өнгийн торгоор нь ханцуйгаа юундаа эмжив             
Харийн хошууны чамдаа хайраа юунд өгөв дөө
Эрээн өнгийн хоргойгоор нь энгэрээ юундаа эмжив
Энгийн хошууны түүнтэй ингэтлээ юунд даслаа даа... гэж шүлэглэв. Гэсэн хэдий ч бүсгүйн сэтгэл тайвширсангүй улам ч гэгэлзэж, хөөрхөн хар нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн ингэж дууллаа. 
 
                                 / Гарын арван хуруу дуу орж ирээд дуусах /
                      / хөгжим залгаад хэсэг морьтон давхих чимээ тодорч ирнэ /
 
Хөтлөгч:        Дөрөө шүргэм өвс халиурсан Хөлөнбуйрын уудам талын дундуур хэдэн морьтон давхин явна. Тэдний унасан морь, өмссөн гутал хувцсыг харваас баяр наадамд явж буй мэт. Донров тайж "Бидний ихэс дээдэс эртнээсээ Хөлөн-буйраас бэр буулгаж ирсэн түүхтэй гэдэг. Миний хүү ч бас бүсгүйн сайныг шилж авах ёстой" хэмээн шийд гаргаж, хүү Дүүрэнгээ дагуулан бэр буулгахаар довтолгон буй нь энэ ажээ. 
 
                                / морьтны төвөргөөн тодорч ирээд хөгжим /
                                                   / хот айл, хөдөөгийн чимээ орж ирэх /
 
Хөтлөгч:        Баруун Үзэмчингээс бэр буулгахаар түмэн цагаан адуут Хунгарынд хүмүүс иржээ гэх дуулиан салхинаас ч хурдан түгэж, айл саахалтын олон сониучирхан Хунгар баяны хот айлд цугларчээ. Хунгар баян холын гийчиддээ мах шүүс бэлтгэж, идээ будаагаа дэлгэж ёстой нэг бийлэгжүү загнан гэрийнхээ хойморт улаа бутран суух авай.
Хунгар:          За... Бүсгүй хүн өөрийн гэрээс гарч хүний хүн болдог нь орчлонгийн жам юм хойно би юунд татгалзах билээ. Харин хүргэн хүүгийн хүчийг сорьдог эртний ёсыг манай нутагт дээдэлж ирсэн уламжлалтай билээ. Тиймээс манай нутагт хүргэн хүү хүзүү нугалахад хутга хэрэглэдэггүй юм. Хүү минь, малын минь хишиг буяныг бүү гомдоогоорой, энэ хүзүүг үе үеэр нь нугалж тавина уу...
Хөтлөгч:        гээд мөнгөн тавган дээр тависан бүдүүн ирэгний дутуу чанасан хүзүүг Дүүрэнаанд барив.
Донров:         /дотроо бодох/  Хн...Үгүй тэр, дутуу чанасан гээд байгаа юм. Шал шүүрхий бараг л түүхийгээрээ байгаа юм биш үү...
Хөтлөгч:        Донров тайж ийн эгдүүцэн бодож суутал хүү нь мөнгөн тавагтай хүзүүний махыг их л хүндэтгэлтэй тосон авч, өмнөө тавих үед гадаа цугласан олон үзэмчин хүргэний хүч чадлыг нүдээр үзэх гэж гэрийн бүрээсийг сөхөж, цавагны завсраар сониучирхан шагайлцана. Дүүрэн-Заан өмнөө байгаа бярууны хүзүү гэлтэй өнөө том хүзүүг авч эргүүлж тойруулж нэг харснаа үе үеэр нь нугалан тавилаа. Үүнийг харсан бүхэн гайхан биширч, өөрийн эрхгүй дуу алдлаа.
Хунгар:          Тэр хө, бөх хүн гэсэндээ өөр байна шүү. ха...ха... ха...
Хөтлөгч:        Хунгар баян хүргэн болох залууг их л тааламжтай харж, живэр сахлаа илбэн тун бахархалтай ийн инээхэд, Донров тайж "миний хүү танай нутагт олдохгүй л хүргэн дээ" гэсэн шиг мишилзэн сууна. Илүү гэрт найз бүсгүйнхээ хамт сэтгэл түгшин суусан Зулцэцэг бүсгүй хүргэн хүүгийн сорилго гайхалтай... гайхалтай... ёстой гайхалтай... хэмээн цугласан олны шагшин хөөрөх чимээнээр өөрийн эрхгүй бослоо...
  
                                                                                  / хөгжим
 
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, та бүхэн "Гарын арван хуруу" ардын дууны домгоос сэдэвлэн бэлтгэсэн радио зохиомж хүлээн авч сонслоо.
 

2009 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив