Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

Их хотын элгэмсүү хүмүүс...



НЭВТ: Аяны богц задлахуй...
 
                                                                  / хөгжим /
 
РЕДАКТОР: Монгол нутгийн өвлийн дунд сарын шувтрагаар цас бударсан нэгэн өглөө “Нарлаг монгол” галт тэрэг Улаанбаатараас Москваг зорин хөдөлсөн юм.
 
                                                 / галт тэрэгний шум орж ирэх /
 
РЕДАКТОР: /фон дээр/  Монголын радио, Оросын дуу хоолой радио хоёрын уламжлалт хамтын ажиллагааны дагуу бидний гурван хүн түрүү үеийн сэтгүүлчдийн тависан зам мөрөөр ийн аялж явна. Уртын урт зам гудаст оросын алдарт цагаан хусан ой, цэнгэг уст байгаль нуур, цасан өмсгөлөө нөмөрсөн Шивэрийн их тайг, өөр өөрийн онцлогтой олон хот, тосгод тасралтгүй үргэлжлэх нь хэзээний танил дүр зураг авай. Харин хэдэн жилийн өмнө огтхон ч байгаагүй нэгэн шинэ дүр зураг, дуу чимээ бий болсон нь аян замын минь сонин сайхан байлаа.
Улаанбаатараас-Москва хүртэл дайран өнгөрдөг 20 шахам их, бага зогсоол дээр өдөр шөнийн алинд ч өвлийн жаврыг эс тоон ойр дотны нөхрөө, садан төрлөө тэсэн ядан хүлээх мэт үй олон хүн бужигнана. Эд бол садан төрлөө ч биш, сайн нөхрөө ч биш харин монголын ганзагчдыг тосож хэрэгтэй зүйлээ хямд төсөр үнээр худалдаж авах гэсэн олон ажээ. 
 
                     / орос, монгол хүмүүсийн  наймаа хийх хөгжилтэй дуу чимээ /
 
РЕДАКТОР: Энэ дуу чимээ, энэ дүр зураг өдөр ч шөнө ч, үүрээр ч үдшээр ч зогсоол бүр дээр тасралтгүй үргэлжсээр бид Моквад ирж билээ.
Сайн байна уу, Москва минь...
 
                                            / их хотын дуу чимээ орж ирэх /
 
РЕДАКТОР: Бидний суусан гадт тэрэг Москва хотын төвд орших Ярословскийн вокзалд орж ирэхэд  бас л урд өмнө үзээгүй нэгэн дүр зураг угтлаа. Тийм ч бага биш энэ вокзал дээр буухдаа орос нутагт ирэв үү? Аль эсвэл монголдоо эргээд ирчихвүү гэж эндүүрмээр олон монголчуудыг олж харлаа. “Монголчуудыг 2 сая гэдэг нь худлаа байхаа” гэж хэн нэгэн хошин эрийн хэлсэн үг энэ үед өөрийн эрхгүй санаанд орж ирж билээ.
Биднийг Оросын дуу хоолой радиогийн албаны хүмүүс угтан авснаар бид бүхэл бүтэн 17 вагон бүхий 5-р галт тэрэгний нийт зорчигчдын 7 хүрэхгүй хувийг эзэлсэн албан ажлаар яваа буюу арилжаа наймааны бус хэргээр зорчиж яваа хүмүүсийн нэг болж ялгарсан юм.
 
                                / их хотын дуу чимээг залгаад хөгжим орж ирэх /
 
НЭВТ: Их хотын Монголд элгэмсүү хүмүүс...
 
                                                                     / хөгжим /
 
РЕДАКТОР: Москва хот... их хот. Москва хотын өвлийн жавар эх нутгийн минь жавар шиг магнай дундуур тас буулгахгүй ч хацар хайрч, ар нуруу жиндүүлнэ. Бид их хотын баярлаж хөөрсөн, яарч сандарсан, хийх юмгүй холхисон, бас баярхсан, хоосорсон түмэн хүний урсгалд ороод хамтдаа урсаж явна. Москва хотын хүн ихтэй төв гудамжаар явахдаа шууд шулуухан явах хэрэгтэй аж. Бид анхандаа талын хүний зангаараа айвуу тайвуу алхалж, ийш тийш харан зогсож, гэнэт эргэж буцах зэргээр хүн урсгалд саад болох явдал их гаргадаг байлаа. Москвагынхан яг л усны урсгал шиг тасралтгүй эрчимлэг хэмээр урагшилна. Хэрэв замд нь саад болбол тийм ч таатай биш харах. Гэхдээ бид нэг их удалгүй их хотын хөдөлгөөнд дассаан. Энэ түм түмэн хүний дунд монголд элгэмсүү хүмүүс явж л байгаадаа...
 
                                                               / их хотын чимээ /
 
РЕДАКТОР: Биднийг Москва хотын Найрамдлын ордон болох хуучин цагийн сүрлэг барилгын үүдэнд ирэхэд Орос-Монголын анд нөхөд нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга Евгений Григорьевич Михайлов угтан авсан юм.
Хөлийн өрөөнд хувцсаа өлгүүлж байх үед хүйтэн жаварт нүүр нь улайж ягаарсан 70 хол гарсан бололтой нэг өвгөн шаламгайлан орж ирснээ, биднийг хараад хэзээний танил хүн шиг инээмсэглэн: “Сайн байцгаана уу?” гэж их л элгэмсүү мэндлэхэд гайхаж баярласан бид аргагүй “Найрамдлын ордон мөн байна даа” гэцгээж билээ. Энэ элгэмсүү найрсаг дүр төрх надад 15 жилийн өмнөх нэгэн хөгжилтэй явдлыг эрхгүй эргэн бодогдуулсан юм.
1980 оны намар цагсан. Би Вьетнамын Олон улсын радиод дадлагажиж байсан юм. Бидний амьдардаг Зан-чу хэмээх буудалд Ханой хотод тоглолтоор очсон Оросын жүжигчид ирсэн анхны өдөр байв. Хоолны танхимд бидний гурван монгол үдийн хоолоо идэхээр сууж байлаа. Миний хараа чиглэсэн зүгт гарах үүд ойрхон байсан юм. Тэр үед 30 гаран насны инээд алдсан нэг эр биднийг их л элгэмсүү харсаар үүдээр гарснаа ямар нэгэн юмаа мартсан шиг гэнэт эргэж орж ирээд бидэн рүү хараад: “Найрамдаал” гэж бага зэргийн аялгуутай мэндэлж билээ. Хүний газар удаан хугацаагаар байсан бид гуравт гадны хүнээс эх хэлээрээ ийм үг сонсох ямар сайхан байсан гээч. Тэр үед социалист орны жүжигчид монголд тоглолтоор ирэхдээ тоглолтынхоо төгсгөлд “Найрамдаал... найрамдаал...” гэж дуу нийлүүлэн хэлдэг байсан шүү дээ. Тэр нэгэн хөгжилтэй эрийн элгэмсүү төрхийг энэ удаа дахин олж харлаа.
Ингээд би энэ ордонд Орос-Монголын анд нөхөд нийгэмлэгийн гишүүдтэй хийсэн ярилцлагаа “Их хотын монголд элгэмсүү хүмүүс” гэж нэрлэсэн юм. Сонсогч та ч эл ярилцлагын дараа аргагүй л бидэнд элгэмсүү хүмүүс юм даа гэж бодохвий. Юутай ч эхлээд тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга Евгений Григорьевич Михайловын яриаг сонсоё.
СОРОНЗОН БИЧЛЭГ- оросоор:
Михайлов: Би тус нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар тасралтгүй 13 жил ажиллаж байна. 81-91 онуудад энэ ажлаасаа түр хөндийрч УБ дахь Зөвлөлтийн Соёл, ШУ-Техникийн ордны Дархан хот дахь салбарын захиралаар ажиллаж байсан. Энэ завшааныг ашиглан намайг таньдаг бүх хүмүүст мэнд хүргье. Орос-Монголын найрамдлын нийгэмлэгийн хувьд их зүйл яримаар байгаа боловч товчильё. Мэдээж түрүү үеийн найрамдлын нийгэмлэгийн үйл ажлыг одоогийнхтой харьцуулшгүй. Тэр үед бүхий л мөнгө, санхүү болоод материаллаг тэтгэлгийг засаг төрөөс өгдөг байсан болохоор хоёр талын мэргэжилтэн солилцох, хамтран ажиллах, харилцан туршлага солилцохоос эхлээд улс, олон нийтийн чанартай нийгэм, соёлын томоохон арга хэмжээг хоёр орны найрамдлын нийгэмлэгийн шугамаар чөлөөтэй явуулдаг байсан. Харин одоо бидний үйл ажиллагааны чиг хандлага, нийгмийн тогтолцоо шал өөрөөр эргэж, өнөө засаг төрөөс өгөх авах тухай харж суудаг цаг өнгөрсөн. Аливаа олон нийтийн байгууллага улсын төсвөөс санхүүжиж, материаллаг туслалцаа авахгүйгээр үндсэн үйл ажиллагаа явуулах тухай Үндсэн хуульдаа заачихсан. Гэлээ гээд манай нийгэмлэгүүдийн бодож санах, хийж бүтээхийг хориглоогүй. Харин ч үйл ажиллагаагаа дорвитой бэхжүүлэхийг үндсэн зорилт болгон зааж өгсөн. Одоо шинэхэн нийгэмлэг маань хөл дээрээ босож амжаагүй байгаа болохоор бүтэц зохион байгуулалтын хувьд, санхүү, эдийн засгийн хувьд зохистой бодлого явуулж, үйл ажиллагааныхаа үндсэн чиг зорилтыг тодорхойлох шаардлагатай байнаа. Юутай ч манай нийгэмлэгт монголд элэгтэй хүмүүс нь тунаж үлдсэн болохоор үйл ажил маань бүтэмжтэй байх нь гарцаагүй ээ.
Сурв: Танай нийгэмлэгийн гол онцлог юу вэ?
Михайлов: Хамгийн гол онцлог нь манай нийгэмлэг монголд элэгтэй хүмүүсээс бүрдсэн гэж хэлж болно. Өнөөдөр манай улсад Орос-Франц, Орос-Голланд, Орос-Финлянд гээд олон нийгэмлэг ажиллаж байна. Тэд үйл ажиллагааныхаа 99 хувийг аялал жуулчлалд чиглүүлж, олон хүмүүс энэ чиглэлийн үйл ажил эрхэлж ашиг орлого муугүй байна. Тэгвэл манай нийгэмлэгт ямарч ашиг орлого хараагүй, монгол, монголчууд гэсэн сэтгэлээ шүтэж, нэгдэн нийлсэн хүмүүс байдаг юм. Нэг үгээр “Монголд элгэмсүү хүмүүсийн клуб” ч гэж хэлж болно. Энэ л бидний гол онцлог юм даа.
 
РЕДАКТОР: Дараа нь монголчууд бидний сайн мэдэх сансрын нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар , Монгол улс, Вьетнам улсын баатар Виктор Васильевич Горбатко ярьсан юм. Тэрээр Орос-Монголын анд нөхөд нийгэмлэгийн ерөнхийлөгч юм.
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
ГОРБАТКО: 1971 онд Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга байсан Семён Михайлович Будденнын орлогч даргын үүрэгт ажлыг хашиж эхэлсэн тэр цагаас л миний ажил амьдрал монгол орон, монголчуудтай салшгүй холбоотой болсон юм. 1974 онд тус нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдон ажилснаас хойш эдүгээ хориод жилийг ардаа орхижээ. 1991 оны 12-р сар. Үндсээрээ хөрвөн өөрчлөгдөж, шинэ цагийн агаараар нэгэнт амьсгалах боллоо. Хуучин ЗХУ задран унаж, туурга тусгаар улсууд бүрэлдэн тогтсоныг та мэдэж байгаа. Яг энэ үед нийгмийн хямрал, тэмцлийн гал дундаас  Орос улс нэрээ олж босож ирсэн. Хүндхэн энэ цаг үед төр улсаас хараат байж үйл ажлаа явуулдаг олон нийтийн байгууллага, чухамдаа Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэг цаашид хэрхэх тухай асуудал ярвигтай болж ирсэн. Нэр усаа өөрчлөхөөс эхлээд хийх ажил мундахгүй болов. Орос орон олон үндэстний нутаг. Тэгээд ч хэдийнээс бие биеэ сайн мэднэ. Энхийн цагт ч, дайн тулалдааны цагт ч ахан дүүсийн барилдлагаатай явж ирсэн манай хоёр орны ард түмний сайхан уламжлалыг бэлгэдэн бид нийгэмлэгээ  “Орос-Монголын анд нөхдийн нийгэмлэг” гэж нэрлэсэн. Манай хоёр орны уламжлалт сайхан харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд үргэлжлэх болно.
 
РЕДАКТОР: Семён Александр Матеевич гэвэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануурын бүтээн байгуулалтанд оролцож явсан хүмүүс сайн мэдэх бизээ. Амьдралынхаа 30 гаруй жилийг Монгол улсын бүтээн байгуулалтад зориулж, тухайн үедээ хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт оролцож явсан энэ эрхэм тус нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүний нэг бөгөөд тэрээр монгол нутаг, монгол нөхдөө ийн дурсан санаж байна.
            СОРОНЗОН БИЧЛЭГ - оросоор:
МАТЕЕВИЧ: Юуны өмнө хоёр орны найрамдлын нийгэмлэгийн ахмад зүтгэлтний хувьд монгол түмэндээ халуун мэнд хүргье. Би амьдралынхаа 31 жилийг монгол орон, монголын ард түмэнтэй холбож ирсэн хүн. Дарханы нүцгэн хээр талд анхны инженерийн хийцтэй байгууламжыг ЗХУ болон бусад социалист орны тусламжтайгаар байгуулахад, мөн Эрдэнэтын уулын баяжуулах комбинатыг үүсгэн байгуулахад гар бие оролцож, хөдөлмөр бүтээлээ зориул, мөн монголд инженер-техникийн боловсон хүчин бэлтгэх үйлс болоод монголын эдийг засгийг өргөтгөн зузаатгахад өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулж явлаа. Үүгээрээ ч бахархаж явдаг. Ямарч атугай УБ, Дархан, Эрдэнэт, Багануур хот болоод монгол орны өнцөг булан бүрт зөвлөлтийн техник, эдийн засгийн тусламжаар байгуулагдсан хүнд хөнгөн үйлдвэрийн цогцолборууд, УААА-н олон салбарын байгууламж, орон сууцны хорооллуудыг эргэн дурсахад сайхан санагддаг юм. Одоо ярианыхаа сэдвийг өөрийн эрхгүй эдийн засаг руу хандуулья. Өнөөдөр хүн бүхний сэтгэлийг зовоогоод байгаа зүйл бол мөнгө мөөн. Мөнгө хэдийгээр материал баялагийн эх үүсвэр мөн ч түүний ач холбогдлыг хоёрдугаарт тавьж, оюуны тэжээлийг эн тэргүүнд үзэх хэрэгтэй гэж боддог. Та ч бас надтай санал нэгдэх бизээ. Юуны өмнө манай хоёр орны ард түмэн өнгөрсөн түүхээ бүү мартаасай. Аливаа улс гүрэн хэвлэл мэдээллийг 4 дэхь засаглал гэж үздэг. Тийм болохоор энэ хүчтэй хэрэгслээрээ дамжуулан ирээдүй хойч үе болох хүүхэд залуучуудтай түүхийн үнэнийг өгүүлж, тэднийг түүх уламжлалаа хүндэтгэн хайрладаг, эв эеийг хичээдэг болгон хүмүүжүүлж, урд өмнийн үлгэр дуурайлалтай сайн сайхан бүхнийг, тэр дундаа манай хоёр орны ард түмний үнэнч нөхөрлөлийг, мөнхөд орших амьдралын үнэнийг хэлж сургаасай гэж бодож байна.
 
РЕДАКТОР: Одоогоос 50 гаруй жилийн тэртээх тулалдаант жилүүдэд манай хоёр орны ард түмэн сэтгэл зүрхээрээ нэгдэн нийлсэн төдийгүй дайны талбарт ч мөр зэрэгцэн тулалдаж явсныг түүх гэрчилнэ. Халхын голын тулалдаанд оролцож явсан ахмад дайчин Алексей Митрафанович Кривил ингэж ярьж байна.
СОРОНЗОН БИЧЛЭГ- оросоор:
КРИВИЛ: Оросын ард түмэн, монголын ард түмэн хоёр зүрх сэтгэлээрээ гагнагдсан түмэн гэж би боддог. Халхын голд монгол нөхдийнхөө хамт  тулалдаж явсан 57 буурал дайчид сайн санааны үүднээс тус нийгэмлэгт нэгдэн нийлсэн. Бид нийгэмлэгтэй хамгийн хүндтэй байр суурийг эзэлдэг юм. Манай бүрэлдэхүүн нийт 74 хүнтэй бөгөөд олонх нь Халх голын дайчид. Бидний 8 нь генерал, 8 нь ЗХУ-ын баатар. Би эдгээр дайчдынхаа өмнөөс Халх голын дайчин анд Шархүү болоод бусад олон монголчууддаа чин сэтгэлийн халуун мэнд хүргье. Дэлхий ертөнц дээр олон улс орон бий. Гэхдээ би монголтой үхэн үхтлээ зүрх сэтгэлээрээ хамт байх хүн юм шүү гэж онцлон тэмдэглэе.
 
РЕДАКТОР: Энэ удаад яриаг нь сонсгож амжаагүй бусад хүмүүс “Талын салхи татуулж ирсэн та нөхөд минь монголын ард түмэнд ирж байгаа 1995 он дүүрэн билэгтэй, өлзий учрал бүрдсэн жил байх болтугай. Бидний зовлон бэрхшээл, саад тотгор нэгэн адил гэдгийг бид зүрх сэтгэлээсээ мэдэрч байдаг юм шүү. Та бид аль аль нь бага зүдэрч, ирээдүйдээ итгэл дүүрэн аж төрж, хойч үедээ түүхийн үнэнийг зөв таниулж, зовсон ч, жаргасан ч сэтгэл зүрхээрээ хамтдаа явцгаая гэж бодож явдгыг минь заавал уламжлаарай” гэж захисныг эл тэмдэглэлийнхээ эцэст дуулгая. Аргагүй л монголд элгэмсүү хүмүүс юм даа...
 
                                                                     / их хотын чимээ орж ирнэ /
 
РЕДАКТОР: Их хотын гудамжаар түм түмэн хүн нааш цааш зөрөн өнгөрнө. Энэ хүн урсгалын дунд монголчууд бидний анд нөхөд, бидэнд элгэмсүү хүмүүс явж л байгаа...
 
                                                                                                                                    1995 он
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив