Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Төрсөн өдрийн бялуу...

/ Сонсож болно /


Б. Чулуунбатад зориулав.
 
            НЭВТ: “Төрсөн өдрийн бялуу” дурсамж тэмдэглэл
 
                                                                                  / хөгжим /
 
ОХИН: Миний өмнө “7-р сарын 15” гэсэн бичигтэй хатаж өнгөө алдсан жижигхэн бялуу байна. Өнөөдрийг хүртэл энэ бялуунд хэн ч гар хүрээгүй ч муудлаа гээд бас хаяж түвдээгүй юм. Энэ бол аав минь төрсөн өдрөөр минь авч өгсөн сүүлчийн бялуу.
 
                                                                                    / хөгжим /
 
ОХИН: 7-р сарын 15 миний амьдралд хамгийн мартагдашгүй гунигт харанхуй өдөр байсан юм. Надад хүүхэд бүрийн ааваас илүү сайхан аав байсаан. Гэвч одоо алга. “Яана даа охин минь, арай балчир үлдлээ дээ” гэх шиг зөөлөн харцаараа намайг энхрийлэн ширтсэн номхон дүрээ аав минь алга дарам цаасан дээр үлдээгээд холын хол байдаг гэх тэр газар руу явчихжээ.
 
                                                                                        / хөгжим /
 
ОХИН: Аав миний дэргэд үргэлж байдаггүй ч үе үехэн орж ирэхэд нь ямар сайхан байдаг гээч. Тэр өдөр шиг сайхан өдөр надад ер байдаггүйсэн. Гэр дүүрээд л манайх гэдэг айл ер дутуу юмгүй болно. Аав гараад явсан ч үлдээсэн уур амьсгал нь тэр чигээрээ баяр хөөр, аз жаргал. Би бүр бага байхдаа хүүхдийн аав дэргэд нь байгаад байдаггүй, бас тэгээд өөр гэртэй, өөр хүүхэдтэй байдаг гэж ойлгодог байсан юм. Ямартаа л манайд ирсэн эжийгийн найз хүүхнүүд надаас:
-          Бүжээ аав чинь хаачсан бэ? гэхэд, би:
-          Аав гэртээ байгаа шүү дээ... гэнэ.
-          Аавын чинь гэр хаана байдаг юм дээ? гэхээр би ухасхийн сандал шүүрч аваад цонхон дээр гараад хүйтэн шилэнд нь нүүрээ наан байж,
-          Хардаа эгчээ... Аавын гэр тэр байшингийн цаана байдаг юм гээд их л мэрийн заахад, өнөө хэд нулимсаа гартал хөхрөлдөнө. Тэгэхэд ээж минь:
-          За, за... аальгүй амьтад минь больж үз. Битгий охиныг минь дамшиглаад бай гэдэгсэн.
Үнэндээ би аавынхаа нууцхан охин, далд хайр нь байсныгаа сүүлд мэдсэн юм. Гэхдээ аав  намайг мөнхөд “нууц” чигээр нь үлдээгээгүй юм. Хорвоог гэнэт орхиж бүхнийг цочоон сандрааж байсан тэр өдрүүдэд “Би ийм жаахан охинтой юм шүү. Үйлийн үрээр төөрч будилж заяасан ганц охиныг минь бүү ад шоо үзээрэй, харж хандаж яваарай” гэсэн шиг бүхний өмнө ил гаргасан юм. Тэр өдрүүдэд аавынхаа аз жаргал, баяр баясгалан, бас шийтгэл нь болж явсан би урьдын адил хүний нүд хариулан байж “Ааваа” гэж дуудсангүй, хүний араар сэм сэм харсангүй. Бусадтай адил хэнээс ч эмээж зоволгүй “миний аав” гэж байсан юм.
 
                                                                        / хөгжим /
 
ОХИН: Би гэдэг хүн аав, эжийгээ зовоон байж үнэрхэж, тунирхаж төрсөн юм гэдэг. Олдсон цагаасаа л дутуу төрчих гээд ээж минь олон сар хавтгайгаараа хэвтэж, аав минь үзүүлээгүй эмч эмнэлэг, очоогүй бариач төлөгч байгаагүй гэсэн.
            Тэр жилийн 7-р сарын усан бороо шаагисан өдөр аав минь төрөхийн гадаа амьтан хүний нүднээс нуугдан ээжийг төрөхийг хүлээж байгаад “охин төрлөө” гэдгийг дуулаад буцсан гэдэг. Тэр өдөр цээжиндээ багтаж ядан байсан баяр хөөрөө хэнтэй яаж хуваалцахаа мэдэхгүй тун хэцүү байсан гэсэн. Хүссэн бүхэнтэйгээ хуваалцаж болдоггүй баяр хөөрөө гэж... амаргүй л байсан байх даа.
            Аав минь их хөгжилтэй. Аав байсан цагт манайх дандаа инээд дүүрэн байдагсан. Хорвоод гурван сайхан хүү төрүүлсэн аав минь ганц охиноо их л шинждэг байсан шиг. Заримдаа -Үгүй хө, энэ охин царай муутай намайг ингэж дуурайх гэж... охин хүн байж эвлэгээр нь эжийгээ дуурайдаг байгаа даа. Ер нь намайг дуурайсан хүн аятайхан хүүхэн болно гэж үү...? гээд эжийгээс асууснаа, “Ер нь тэгээд бүсгүй хүн уян, сайхан сэтгэлтэй, ажилсаг байвал болоо юм биш үү” гээд өөрийнхөө асуултанд өөрөө хариулчихна.
            Нэг удаа намайг усанд оруулж байсныг би тодоо санадаг юм. Аав миний хувцасыг тайлаад л байлаа, тайлаад л байлаа. Тэгснээ бүр гайхаж “Үгүй ер, миний охин чинь сонгины хальс шиг ямарч олон давхар хувцастай юм дээ” гэж билээ. Тэгээд чөрийсөн туранхай намайг харснаа “Иш, миний муу охин “Освенцим”-ын хүүхэд биш дээ ямарч туранхай юм дээ” гэлээ. Үүнийг сонссон ээж “Чи юу яриад байнаа. Өмнө чинь ирээдүйн монголын хувцас загварын ертөнцийг шуугиулах бүсгүй сууж байна гээд бод...” гэхэд, аав бүр үнэн сэтгэлээсээ инээд алдаж, хээцэс... говийн нэг борог эрээс тийм амьтан яаж төрөх вэ” гэж билээ.
            Миний багад манай байр их хүйтэн болохоор ээж унтахын өмнө даарчихна гээд надад хувцас давхарлан өмсгөж гарна. Үүнийг харсан аав “Би ер нь унтлаа гээд  хүн хувцсаа тайлахыг мэдэх юм. Харин та хоёр шиг унтах гэж байна гээд хувцсаа өмсдөг хүнийг одоо л харж байна гээд хөхөрдөгсөн. Аав минь их сайхан инээнэ. Нэг л сэтгэлд дотно намуухан инээнэ. Аав байсан цагт манайх дандаа инээдтэй байдагсан даа...
 
                                                 / Ширээ нуур дуу орж ирнэ /
 
ОХИН: Энэ дууг сонсох бүр аав нүдэнд ургаад л ирнэ. Аавын минь дуулах дуртай дууны нэг. Аав их сайхан дуулна. Тэр бүр дуулаад байхгүй л дээ. Энэ дууг дуулахаар ээж мөн их баярладагсан. “Аав чинь энэ дуугаараа биднийг авч явдаг юм шүү дээ. Ийм сайхан дуу сонсож өссөн хүн ямарч байсан сайн хүн болох ёстой” гээд сүйд болно. Үнэндээ би гэдэг хүн хичээл сурлагандаа төдийлөн гавихгүй. Юм юмны өмнө гүйгээд байхгүй, бараг л бүрэг ноомой нэгэн.Үүнд аав минь тун их санаа зовно. Бүсгүй хүн ам хэлээ билүүдэд хүний урдуур ороод шоволзоод байхгүй ч бас золбоолог, жавхаатай байх хэрэгтэй. Миний охин эжийгээ дуурайж өсдөг юм шүү” гэдэгсэн.  Аавд минь ээж, эжийд минь аав хүний дээд нь байж дээ.
 
                                                       / дуу тодорч ирээд дуусна /
 
ОХИН: Аав минь жил бүр төрсөн өдрөөр минь "7-р сарын 15" гэсэн бичигтэй жижигхэн бялуу авчирна. Тэгээд “Миний охин жаахан болохоор нь ийм жижигхэн бялуу авчирлаа. Том болохоор нь аав нь томоос томыг авчирч өгнө гэдэгсэн.
            Төрсөн өдрийн минь бялуун дээрх бичээс “7-р сарын 15”... Энэ бас аав минь та нарт хороогоос хальж одсон өдөр. 12 жилийн өмнө “охинтой боллоо” гээд догдолж байсан тэр өдрөө та, охиндоо хэзээ ч ирэхгүйгээр явчихлаа гэж үү...?
 
                                        / хөгжим залгаад радиогийн бичлэг орж ирэх /
 
ОХИН: Аав... миний аав ярьж байна шүү дээ. Аавынхаа дууг сонсох ямар сайхан гээч. Аав минь яг л амьд сэргүүн чигээрээ миний дэргэд, ээжийн минь дэргэд , ер нь бүх хүмүүсийн дунд оршсоор байна шүү дээ. Аавын минь дуу хоолой хүмүүст баяр баясгалан, хайр энэрэл, ухаарал гээд бүгдийг өгсөөр...
            Би ийм л сайхан аавтай ажээ.
 
                                                                                / хөгжим /
 
ОХИН: “Эцэггүй гэж хүүхдийг бүү ад үз. Тэд цэцэгнээс төрдөггүй юм. Эр нөхөргүй гэж бүсгүй хүнийг бүү зовоо. Түүнд журмаар биш ч хосоор жаргах заяа байдаг юм” гэж аавынхаа бичиж үлдээсэн эл үгээр аавдаа зориулсан дурсамжаа жаргаая...
 
                                                                                                                                             1998 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив