Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

ТЭМҮҮЛЖ ИРСЭН ГАЗАР ШОРОО МИНУ...

/ Сонсож болно /



НЭВТ: Сонсогч та МУИС-ийн профессор багш, манжич Ядамсүрэнгийн Шаарийбуугийн тухай  ТЭМҮҮЛЖ ИРСЭН ГАЗАР ШОРОО МИНУ...  хөрөг найруулал хүлээн авч сонсоно уу.
 
                                                                       / хөгжим /
 
НЭВТ: Өдгөө ч “Шаарийбуу багш” хэмээсээр буй энэ буурал нас сүүдэр хэдийн 92 хүрчээ. Бараг л бүтэн зуунтай тэнцэхүйц уртын урт энэ хугацаанд хүн юу эсийг үзэж, юу эсийг туулах билээ. Тэр дундаа нэг голыг өгсөж, уруудаж өнгөрөөгөөгүй хүмүүн заяа.
 
/ манж аялгуу орж ирээд уяан дээрх адуу болоод хонь ямаа майлах чимээ/
 
НЭВТ: Баргын уудам тал нутаг. Гадаа нь адуу мал багширсан том гэр Манжийн хааны бага түшмэл Ядамсүрэнгийнх!
Гэрт тоорцгон малгай, хар торгон хантааз хослуулан өмссөн жаал хүү бичиг ном дэлгээд Хятадын эртний сонгодог шүлгийн хэсгээс бийрийн уран бичлэгээр хичээнгүйлэн бичихийг үзвээс уг айл эрдэм номыг эрхэмлэн үздэг тухайн цагийн сурвалжит айлын шинж төгс дүүрэн.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:  Удам угсаа, бага насны тухай ярих...
 
         / хөгжим /
 
НЭВТ: Манж-Чин гүрний Хэвт ёсны төр. Түүхэнд “Сүүлчийн хаан” хэмээгддэг Генри Фү-И дотор ордноос их, бага хатадаа дагуулан гарч ирэхүйд “Хаан түм насал, түм түм насал...” хэмээн мэхийн ёслох торгон цэргийн дунд нэгэн монгол залуу байх.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
 
           / хөгжим /
 
НЭВТ: Хайлаар дахь Япон цэргийн Ерөнхий сургуулийн хөх тоосгон хэрмэн хашаан дотор идэр насны залуус эгнэн зогсоод:  “Арван түмэн цэргийг хөдөлгөж
                                                                             Ази-Европ тивийг хураан тогтооё
                                                                             Ангир, Шүхэр дөрвөн баатар
                                                                                 Алс  орныг эзлэн авъя...” гэж  “Чингэс хааны мөргөлийн дуу”-г дуулна. Тэдний дунд япон цэргийн хувцастай өндөр залуу бүр ч итгэл төгс дуулах аж.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:  Энэ  тухайгаа хуучилж яриад, дууг аялах    
                                        / багшаархан тулалдааны чимээ орж ирээд зогсох /
 
НЭВТ: Халхын сүмийн ойролцоо хиаг хялгана элбэгтэй Булан дэрс гэх газар залуу офицерийн удирдсан 7-р морьт хороо нэгэн тулалдааны дараа амсхийж байна. Ядарч сульдсан нүүрнийхээ тоосыг цагаан алчуур гаргаж ирээд арчих зуураа залуу офицер: “Үндэс угсаа нэгт ахан дүүс рүүгээ ингэж буудалцаж явах ч гэж дээ...” гээд өөрийн эргүй шүүрс алдана.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ: Энэ тухайгаа ярихын хамт япон цэргийн хурандаа биш, манж цэргийн хурандаа болохоо тодотгон ярих...
 
                                                / хөгжим залгаад нүүдлийн чимээ орж ирэх /
 
НЭВТ: Баруун хойд зүгийг чиглэн хөдлөх уртын урт нүүдэл! Тэмээн дээрх арган доторх балчир хүүхэд, жууз тэргэн дэх чинээлэг авгай, нүүдэл дагаж унаатай унаагүй явах хүүхэд хөгшид, зуу зуун адуун сүргээ гүүгийлэн хөөх адуучин эр... Эд цөм баргууд ажээ.
 
                                                                          / шум – тодорч ирээд /
 
НЭВТ: Ар Монголыг чиглэн бүтэн гурван сарын турш үргэлжилсэн Баргын их нүүдлийн сүүлчийнх нь энэ. 19 дэхь нүүдлээ удирдан яваа хүн Хөлөнбуйр аймгийн Шинэ барга хошууны удирдагчийн нэг дөч эргэм насны тогтуун төрхтэй эр байлаа.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ: Яах гэж нүүсэн, хичнээн өрх айлыг нүүлгэж ирсэн. Дорнод аймгийн Хөлөнбуйр аймгийг дээрх нүүж ирсэн айлуудаар үүсгэсэн тухай...
 
                                                                             / хөгжим-гунигтай /
 
НЭВТ: Чийг ханхалж, нуруунаас хүйт даан хайрах шоронгийн чулуун хана түшин суугаа эр: “Монголоо гэж... нутаг усны зон олноо ятгаж ухуулан энэ л газар шороог тэмүүлж ирсэн юмсан. Миний үйлээ үзэж зовж зүдрэх ч бага хэрэг. Харин бусад ах дүүс минь бага шиг хардагдаж хэлмэгдээсэй билээ” гэж түмэн бодол хөврүүлэн сууна.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:  хэлмэгдсэн тухайгаа ярих...
 
                                                                             / хөгжим –цоглог/
 
НЭВТ: МУИС-ийн Монгол хэл бичгийн танхимд орос, монгол, франц, энэтхэг гээд зүс зүсийн залуус буурал тэргүүтэй өвгөн профессорын амнаас унах үг бүрийг шүүрэн бичнэ.
СОРОНЗОН БИЧЛЭГ: шавь нарын нь хэлэх үг...
  
НЭВТ: “Монгол үндэстнээ улам хүчирхэгжүүлнэ...” гэсэн их хүсэл тээж унасан нутаг усаа орхин, тэмүүлж ирсэн газар шороо нь Шаарийбуу гуайд зуу зуун шавь, гүн хайр хүндэтгэл, үр хүүхэд, олон ач зээ заяажээ. Тэрээр өдгөө цайны сүүгээр дутмаг ч ухаан цэлмэг, сэтгэл өөдрөг аж төрөн сууна. Сэтгэлийн жаргалаас илүү жаргал гэж хаа байх билээ.
 
                                                                                        / хөгжим /
 
НЭВТ: Өнгөрөгч зууны түүхийн нэгэн зурвас үеийн амьд гэрч болсон Ядамсүрэнгийн Шаарийбуу гуайн намтар түүх арвин, үзсэн харсан нь нэн элбэг тул 15 хоромд багтаан өгүүлж дуусашгүй. Харин хэлсэн ярьсныг нь үзэж харж, сонсож дуулсантайгаа эвлүүлэн сонсогч таны сонорт өргөн барилаа.
 
                                                                                                                                            1994 он
 


No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив