Lucky Charms Rainbow

Sunday, February 17, 2013

Монголын утга зохиолын "өндөр ээж" ...




Монголын утга зохиолын ертөнцөнд өндөр ээж болсон С.Удвал ахайтныг хойч үеийнхэн мартах учиргүй ээ.  Тиймээс энэ эрхэм хүнийг мөнх дурсан санаж явах үүднээс
ӨНДӨР ЭЭЖ – булан нээсэн юм.

1.      Ухааны учигтай хүн...
 
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, “Монгол төрийн мэргэн өвөө” Ж. Самбуу гуай нэг удаа хөдөө явж ирээд гэргий Нямаадаа “Гадаа тэргэнд хоёр амьтан байгаа нэгийг нь оруулаад ир” гэж. Эхнэр нь гарч үзвэл хөнгөн тэрэгнийх нь ард нэг охин, чонын бэлтрэг хоёр харагдаж. Хоёуланг гээгүй юм чинь хүнийг нь оруул гэсэн хэрэг  биз гээд охиныг  гэртээ оруулжээ. Чухам эндээс л монголын түүхийн нэгээхэн хэсгийг бүтээсэн С.Удвал гуайн намтар эхэлсэн юм.
            “Их хувь заяа” романыг мэдэхгүй хүн ховор билээ. Энэ романд Хатанбаатар Магсаржавын бага наснаас эхлээд ардын хувьсгалт цэргийн суут жанжин, төрийн зүтгэлтэн болох хүртэл үеийг харуулж, шаргуу тэмцлийнхээ үр дүнд эрх чөлөө, аз жаргалант амьдралыг байлдан олж, энэ их үйлст хичээн зүтгэснийг “Их хувь заяа” гэж бахархан буйг зохиолч гол шугам болгож харуулсан байдаг.
            Харин миний бодлоор С.Удвал гуай өөрөө их хувь заяаны эзэн юм. Чийчаан тэрэгний ард чонын бэлтрэгтэй хамт ачигдаж ирсэн жаахан охиныг  хожим  МЭХ-г 40 жил, МЗЭ-ийг 13 жил удирдаж, арван удаа депутатаар сонгогдож, 22 жил АИХ-ын тэргүүлэгч гишүүн байж, 40 жил төр барилцаж явна гэж хэн ч бодоогүй бизээ.
            Доромжлох тусам долоон бурхан шиг гялалзана гэдэг шиг хүнд хэцүү амьдрал, хойд эхийн дарамтанд байсан бяцхан охин Монгол улсын төрийн шагналт зохиолч, Ази-Африкийн зохиолчдын сэтгүүл “Лотус”-ын шагнал хүртсэн ганц зохиолч, дэлхийн энх тайвны шагнал-Жюлио Кюрийн шагнал хүртсэн 3 хүний нэг, Францын нэрт зүтгэлтэн Эжени Коттоны медалаар шагнуулсан Монголын эмэгтэйчүүдийн  байгууллагын ганц дарга болсон юм.
            Миний өмнө энэ эрхэм хүнтэй холбоотой олон ном, дурсамж тэмдэглэл, гэрэл зураг байна. Хар цагаан өнгөтэй нэг сонирхолтой зурган дээр бөмбөгөр оройтой малгай өмссөн, цэрэг хувцастай таван бүсгүйн баруун талын эхэнд зогсож байгаа нь С.Удвал гуай. Тэрээр “1938 онд Дотоод яаманд бичээч, Намын хороонд эмэгтэйчүүдийн зохион байгуулагчаар ажиллаж байсан” гэж намтартаа бичжээ. Анх багшийн сургуульд суралцахаар ирсэн боловч Хотын эвлэлийн хороо түүнийг Дотоод явдлын яаманд шилжүүлсэн хэдэн залуучуудтай хамт гал командад бичээчээр ажиллуулах болжээ. “Энэ бол миний амьдралд нэгэн шинэ үеийг нээсэн юм. Томбогор оройтой саравчтай малгай, суран бүс, цэрэг хувцастай болно гэсэн сонирхолдоо хөтлөгдөн уг ажилд орсон” гэж С.Удвал гуай дуусгаж амжаагүй намтартаа дурсан бичсэн байна. “Жагсаалын сургууль хийж өвлийн хүйтэнд ус шүршүүлсэн даргар өмд цамцанд нь мөс бөжигнөн молцоглож, алхаж гишгих тоолон шар шар хийн дуугардаг нь сонихон байсан. Хотын гудамжыг эзэгнэж, хэдэн уул цуурайтан хангинасан хурдан улаан машин дээр найзуудтайгаа сууж, сургууль хийж явах цагт амьтны анхаарлыг татаад бахтай ч юм шиг санагддагсан. Тэр үед сахилга бат гээч ийм юм байдаг байж гэх анхны мэдэгдэхүйнтэй болж эхлэхдээ миний амьдралын турш тэр маань хэрэг болох нэгэн чухал зүйл гэж үнэндээ ойлгоогүй явжээ” дуртгалдаа дурсан бичсэн байна. Тэрээр өөрийн тухай шүлэгтээ:
Уншихад түвэгтэй ном билээ би
Учирхад түвэгтэй нөхөр билээ би
Уншсан хойноо хаямааргүй ном байхсан
Учирсан хойноо салмааргүй нөхөр байхсан... гэж бичжээ.
Би Удвал гуайг шүлэг шигээ амьдарчээ гэж бодож байна. Яагаад гэвэл бидний бишрэн хүндэлдэг хүмүүс түүнийг дээдэлдэг болохоор тэр.
            СТА, ерөөлч Х.Цэрэнчимэд бичихдээ: “...МЗЭ-ийн хорооноос гараад гэр рүүгээ явж байх зам зуур Удвал гуай: Би энд ирэх дуртай. Хөөрхийдөө хэдэн зохиолчдоо их загнаж, муу үгээр ёжилж байсандаа. Хайрламаар сайхан уран бүтээлч, хүүхэд шиг хүмүүс юм шүү” гэж хэлж байсан нь одоо ч чихэнд сонсдож, нүдэнд харагдах шиг болдог юм. Монголын хүүхнүүдийн дундаас энэ хүн шиг гайхамшигтай зохиолч, удирдагч, хүнийг хүнлэг энэрэнгүйгээр хайрладаг цагаан сэтгэлтэй суут хүн олон төрөөсэй гэж мөрөөдөж суудаг юм” гэжээ. Тэгвэл Ардын уран зохиолч Т.Галсан хэлэхдээ: “...Залуучуудад ээж нь, багш нь болдог. Ахмад үеийнхэндээ нэг ангийн хүүхэд шиг дотно сэтгэлээр хандаж амьдрал ахуй, уран бүтээлд нь тусалдаг. Нийгэм утга зохиолын их үйл хэрэгт тэднийг бүгдийг нь татан оролцуулж чаддаг агуу хүн байсан” гэж дурсжээ.
            Ардын уран зохиолч Сүрэнжав  “...Ээж нь хүүхэддээ, эгч нь дүүдээ бичихийн адил энгийн бөгөөд шулуун үг надаас гарахаас биш, хан тэнгэрийн оргилд эс гаргаж, хаан титэм үл өмсгөнөм чамд. Сайн хүн сэтгэл дотроо сансрын өндөрт хүртэл магтавч, нүүрэнд дээр нь зөвхөн дээвэр хүртэл магтан сайшаадаг нь нисчихвий гэж айсных...” Ийм л бичээс, ийм л мөрүүдийг Москвад суугаа надад Берлинээс бичиж үлдээсэн юм гэж нэгэнтээ дурссан байдаг.
            Удвал гуай монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй. Нэг зохиолч Москвад Р.Гамзатовтой уулзаад “Улаанбаатарыг Азийн цагаан дагина” гэдэг хэмээхэд, цаадах нь “Яалаа гэж Удвалыг хэлдэг байхгүй” гэсэн гэдэг. Энэчлэн дэлхий хаана ч Удвал гуайг хүндэтгэсэн, асууж сурагласан, эмэгтэй хүнийх нь хувьд бахархсан, дотноссон нэрт хүмүүс олон байсан гэдэг. Ч.Айтматов, С.Залигин, Е.Евтушенко, А.Алимжанов нар түүний дотны найз байжээ.
            Удвал гуай долоохон настайдаа Халиугчин Боролзой хошуунд тал бичээч, 12 настайдаа Өмнөговь аймгийн яам, цэргийн хэлтэс, намын хороонд бичээч хийж явсан байх юм. Өнөө цагийн долоон настай хүүхэд төрийн албанд ажиллах уу? УБ хотын 2-р дугаар дунд сургууль, З-р дугаар дунд сургуульд тус тус нэг жил сурсан боловч төгсөөгүй ажээ. Өнөө цагийн ойлголтоор бол бага, дунд сургуулийг алгасч шууд дээд боловсролтой болсон байх юм. Тэр цаг өөр байжээ гэж өөрсдийгөө бүү зөвтгө. Үнэхээр биширмээр хүндэлмээр намтар... 
Сод ухаан, авьяас билэг, хөдөлмөр тэмцэл, хүнлэг чанараараа өөрийгөө дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан С.Удвал гуайн намтар түүх, бүтээл туурвил өнөө цагийн бэлэнчлэх  сэтгэлгээтэй  залуус бидэнд яах аргагүй сургамж болох буйзаа хэмээн бодном.
            Ухааны ураар учиг бүрийн ээдрээг тайлж, учирсан бүхнээ хайрлан энэрч, уулзсан бүхнээ сайнаар дурсан санадаг, бүхний хүндэтгэл хайрыг хүлээсэн эрхэм хүн байжээ, та. Өнөө цагийн биднийхээр дэлхийн одтой зүйрлэвч үл чамлагдах эрхэм хүн байжээ, та.
РТВС-ийн Зб ангийн оюутан З.Тэмүүлэн
 

2.      Удвал ахайтаан, намайг уучлаарай...
 
Энэ удаа би “Удвалын ертөнцөөр” эссе бичих гэсэнгүй. Бичье гээд ч чадвар минь эс хүрнэ. Гагцхүү Удвал нэрнээс үүдсэн тэнэглэл намайг хэрхэн ухааруулсан тухай нэгэн түүх хэлэх гэсэн юм. Бусдад маань хэрэг болох юун...
...Багш орж ирээд, за хүүхдүүдээ “Удвал сан”-гаас зарлаж байгаа эссе бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцоорой гэхэд, би “Өнөө хүнд өвчтэй Удвал охин уу...?” гэж асуухад манайхан нирхийтэл инээлдэж, багш над руу арга тасарсан янзтай хараад,  “Даан ч дээ, Удвал гуайг мэдэхгүй гэж үү...? гээд хэсэг дуугүй байснаа бидэнд С.Удвал гуайн талаар танилцуулсан юм.
Энэ эрхэм хүний тухай сонсох дутам ичиж улайж, болдогсон бол газар доогуур орчихмоор санагдаж суулаа. Намайг ажигласан багш ичих гэдэг том ухаарал. Мэдэхгүй чадахгүйгээсээ ичиж чадаж байвал чи хүнээрээ байна гэсэн үг. «Ухаалаг хүмүүсийн мөн чанарт өөрийн төгөлдөр бусыг мэдрэх авьяас билиг суусан байдаг. Ийм учраас байгаль бидэнд ичих мэдрэмж заяажээ» гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг юм. Тэгэхлээр чи өнөөдрөөс эхлээд Удвал гуайн ертөнцөөр аял... Хэрэв залхуурах юм уу, хойш тавибал чи ичээгүй гэсэн үг” гэсэн юм.  
Ингээд би хичээлийн завсарлагаар сургуулийн номын санд орж, Удвал гуйн зохиол бүтээлийг эрж хайлаа. Ямартаа ч эрлийн үзүүрт шар тос гээчээр “Одгэрэл” туужийг оллоо. “Ховор хүн” туужийг олчих санаатай номын дэлгүүрүүдээр явж, эрж сурлаа. Үнэндээ энэ бүтээл нэр шигээ ховорджээ. Гэхдээ би эрлээ үүгээр хягаарлахгүй цааш явах болно. Эрж сурна, уншиж судална. Ямартаа ч энэ удаад Удвал гуайг мундаг зохиолч, нийгмийн том зүтгэлтэн, сайн удирдан зохион байгуулагч, соён гэгээрүүлэгч төдийгүй 4 хүүхдийн сайхан ээж, олон ач зээгийнхээ хайртай эмээ, дэндүү гэмээр эгэл эмэгтэй болохыг мэдэж авсан. Магадгүй дараа нэг удаа “Удвалын ертөнцөөр” эссе бичлэгийн уралдаан болбол би заавал оролцоно. Тэр үед би энэ эрхэм хүнийг танихгүй будилж, ичих нүүр минь намайг хэрхэн өөрчилж чадсаныг харуулнаа. Ичгүүртэй явдал хүнийг ухааруулж, сайн үйлд хүргэдэг  явдал бий гэж багш хэлсэн. Одоо миний ширээн дээр С.Удвал гуайн 1957 онд бичсэн “Одгэрэл” тууж байна. Өнөөдөр надад их зохиолчийн ганцхан бүтээл байгаа боловч цаашид өдөр өдрөөр нэмэгдэх болно. Би итгэлтэй байна. Бас сайд руу орж Удвал гуайн намтар түүхтэй танилцаж, “Ханийн үг” шүлгийг нь хуулж авлаа. Цаг хугацаа тулсан тул олсноо гүйцээж уншиж амжаагүй ч эх хэлнийхээ энгийн агаад агуу чанарыг мэдэрч байна.
Удвал ахайтаан, та одоо бидний дунд байхгүй ч мунхаг намайг ухааруулж, өөрийнхөө ертөнцөд нэвтрэн орох үүдийг нээж өглөө.
            Магадгүй та амьд сэрүүн байсан бол «алдагдсан ичгүүр эргэж ирдэггүй» юм. Ичих нүүргүй бол хэчнээн ухаантай боловсролтой, хэдий чинээ их бэл бэнчинтэй байгаад ч хол явахгүй, бусдын хүндлэл хүлээхгүй. «Ичгүүрээ алдсан хүнийг үхсэнд тооцох хэрэгтэй» гэсэн мэргэдийн үг байдаг юм, хүү минь. Зоригтой бай. Ном их унш, дэлхий ертөнц тэр чигээрэй номонд багтдаг юм шүү” гэх байсан болов уу.
Залуусаа, та нар өөрийгөө байнга шаардаж, үргэлж ахиж дэвших хүсэл эрмэлзэлтэй яваарай. Миний тэнэглэлийг хэн ч бүү давтаарай...
РТС-ийн 2в ангийн оюутан Нармандах
 
 

3.      Тэнгэрт дэлбээлсэн удвал цэцэг
 
Эрс тэс уур амьсгалтай эх нутагт минь жихүүцэн даарахаас эмээлгүй ургадаг удвал цэцэг. Тод өнгө, хурц үнэргүй, чамин ганган биш ч ялдамхан бүдэг ягаан, бас цав цагаахан давхарласан олон дэлбээтэй удвал цэцэг. Энгийн хирнээ гол дундаасаа тэнгэр өөд тэмүүлсэн тодоос тод шар дохиуртай удвал цэцэг тайван, эелдэг даруухан мэдрэмж төрүүлнэ.
            Хүмүүс удвал цэцгийн сайхныг бишрэн харж, баярлан хөөрч, нандин сайхан бүхнийг нь мэдрэвч тасалж эс зүрхлэх. Бага жаахан байхдаа удвал цэцгийн нууц ертөнцөд нэвтэрч, таньж мэдэхийг хүсдэг байлаа.
Байгаль эх удвал цэцгийг эх дэлхийд элбэг заяадаг ч 90 жилийн тэртээ дахин давтагдашгүй нэгэн содон Удвал цэцгийг монголчууд бидэнд заяасан юм. Эгэл атлаа эгэлгүй, ховор нандины төгс зохицол болсон Удвал цэцэг монголын утга зохиолд дэлбээлсэн нь бүр ч сайхаан.
Тэр Удвал цэцэг хүмүүсийг үгээрээ ухааруулж, ажил үйлсээрээ үлгэрлэж байгаад гандаж хаталгүй тэнгэрт од болон дэлбээлсэн юм.  Тэнгэрт дэлбээлсэн-Удвал цэцгийн ертөнц рүү нэвтрэх их зам өмнө минь байна. Удвал цэцгийн энэ өргөн замаар орвол монголдоо төдийгүй дэлхийд нэртэй эгэлгүй ухаантай эрхэмсэг бүсгүй тосон авч яруу найргаар сэтгэлийг минь хөглөж, “Одгэрэл”, “Ховор хүн” нь хүний сайхан сэтгэлийг таниулж, “Их хувь заяа”, “Намрын халуун өдрүүд” нь түүх хүүрнэж, “Үер” нь ахан дүүсийн найрамдал өгүүлж, захидал нийтлэл нь дэлхий ертөнц рүү хөтөлнө. Энэчлэн тэнгэрт дэлбээлсэн Удвал цэцгийн ертөнцийг туулаад туулаад барахгүй ээ. Тэнд ер бүгдийг таньж мэдэж, ухаарахын зэрэгцээ эх хэлнийхээ яруу тансгийг биширч, эх оронч сэтгэл минь бадран асдаг юм. Туулах зам урт ч цааш аялах зориг минь мохоогүй ээ...
РТВС-ийн 2б ангийн оюутан Г.Хулан
 

4.      Их аянд гарахын өмнөх бодол...
 
Би С.Удвал гуайн талаар юу мэдэх билээ гэж бодож сууна. Үнэндээ маруухан, хэлэхээс ч ичиж байна. Гэвч ичгүүртэй явдал хүнийг ухааруулж, сайн үйлд хүргэдэг явдал бий. “Ичих нүүргүй бол хэчнээн ухаантай, боловсролтой, хэдий чинээ бэл бэнчинтэй байгаад ч хол явахгүй, бусдын хүндлэл хүлээхгүй” гэсэн мэргэдийн үг байдаг гэж багш хэлсэн. Тиймээс тэр ичгүүр, нэрэлхэл гэдгийг авч хаяад энэ эрхэм хүний ертөнцөөр аялах их аянд гарахын өмнө өөрт төрсөн бодлоо та нартаа хуваалцахыг хүслээ.
Өнөө үеийн бидний үнэлэмж хүн төрөлхтний анхдагч үнэлэмжээс тэс өөр юм. Чи зөвхөн ял, бусдад муугаа бүү үзүүл. Ядуу бол чи тэнэг. Уучилж байвал чи дорой гэх мэт ойлголтууд шил даран урсана. Гэтэл эсрэгээрээ ялагд, тэгвэл чамд ялалт ирнэ. Уучил, тэгвэл чи өршөөгдөнө. Өг, тэгвэл чи авна гэж яагаад болохгүй гэж. Нөгөө талаар хүмүүсийн бие биедээ хандах үнэлэмж бас л хачин. Чиний өмссөн хувцас брендийнх биш бол, унадаг унаа чинь үнэтэй, хүчтэй биш бол хэн нэгэнд өөрийгөө илэрхийлэх боломж чинь хэдэн хувиар доошилно... энэ мэтчилэн цааш ундарна.
Хэрэв Удвал гуай өнөө цагийн биднийг харсан бол юу гэж хэлэх байсан бол? Энэ эрхэм хүн өндөр мэдлэг боловсролоороо, уран бэрийн ухаанаараа, эхийн элбэрэл хайраараа, болд мэт хатуужлаараа халуун нурам дундаас босож иржээ.
Малчны гэрт төрсөн эгэл охин яаж ийм өндөрлөгт гарч ирэв ээ, гайхмаар. Тэгээд энэ өндөрлөг дээрээс ямарч ихэмсэглэлгүйгээр бусдыг харж, сэтгэл зүрхэнд нь цэцэг ургуулж, түүнийг хайраараа усалж, тэтгэж, сэргээж иржээ. Хэн нэгнийг мунхаглан загнахын оронд хатуухан ёж үгээр ухааруулж, сургаж иржээ. Удвал гуай ХАЙР, ИТГЭЛ бэлэглэгч байжээ. Зөвхөн зах зухаас нь сонсож дуулахад энэ. Тэгэхлээр энэ бүх гайхамшигт чанар түүний зохиол бүтээлд туссан л байж таарна. Тиймээс багшийн хэлснээр бүгдийг нь ширхэгчлэн үзэж харж, таньж ухаарах хэрэгтэй юм байна. Танилцах биш бүр судлах хэрэгтэй юм байна. Тэр дундаа би сэтгүүлч болох хүн. Ямартаа ч нөхдийнхөө хамт "Удвалын ертөнц"-өөр аялахаар сэтгэл шулуудлаа. Намайг хүлээгээрэй, хамтдаа явья...
Орчлон хорвоо оосор бүчгүй юм
Оноо, алдаа хоёрын үзүүр нь харагдахгүй юм
Олон даваа нугачаатай хувь заяаны замаар
Ойчин босон мацсаар маргаашийг бүтээнээ...
 
РТВС-ийн 2В ангийн оюутан Го.Оюунсувд


No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив