Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Эхийн тухай бодлын хэлхээ...

/ Сонсож болно /


Хайрт ээждээ зориулав.
 
НЭВТ: “ЭХИЙН ТУХАЙ БОДЛЫН ХЭЛХЭЭ” дурсамж тэмдэглэл
 
                                                                        / хөгжим /
 
НЭВТ: Эхний хэсэг буюу элж хорогддог хүний заяа...
 
                                                                       / хөгжим /
 
Бага охин:      Ээжээ энэ дотор юу байгаа юм бэ, нэг л сонин юм байх шиг. Үзэж болох уу, ээжээ...?
Эх:                  Хуучин хувцас байдгым. Үзэлтгүй ээ, охин минь...
Бага охин:     Үзье л дээ, ээж... Хэнийх юм бэ, үзье л дээ...?
Хөтлөгч:        Нээрэн л хүүхэд байхад ингэж шалдагсан. Ээж минь бидний нялхын хувцасыг түлж түвдэдгүй байсан уу, эсвэл өхөөрддөг байсан уу угааж индүүдэлгүй яг тэр чигээр нь нямбайлан эвхэж даавуун уутанд хийж оёод дэрний уут угласан байдагсан. Эцэс төгсгөлгүй шалсны эцэст сая задалж үзүүлнэ. Том охин маань арваадхан насандаа намайг шалсаар байж нэг задлуулж билээ.
Эх:                  За яахав, задлая. Чи ээждээ хайч аваад ир...
Хөтлөгч:        Охин минь ямарч амттан өгснөөс илүү баярлан ухасхийж, хайч авчирлаа. Дэрнээс юу гарч ирэх бол гэж сонирхож байгаа нь илт. Бид хоёрын хөөрцөглөх чимээнээр том маань ирж суулаа. Барууны сэтгүүлээс санаа авч хийсэн гоёмсог хээтэй дэрээ өвөр дээрээ тавилаа. Дотор нь юу байгааг би хамгаас сайн мэднэ. Хэмжээ дамжаагаараа  ив ижилхэн гурван баривч энд бий. Дотор уутыг битүүлж оёсон утасны хөвөрдөөг сугалахад нялхын үнэр сэнхийж, хоёр охин минь зэрэг ухасхийн өнгийв. Би ч бас юу байдгыг мартсан мэт тэр хоёртой зэрэгцлээ.
Хүн болсоор анх өмссөн алгын чинээ баривч, өөдсөн чинээ хөвөнтэй майк, хуруун чинээ өнгө солиг хэдэн оймс, шээсний шар тогтсон мөлхөвч, загасны тосны содон үнэр шингэсэн өлгийн цамцыг охид минь өрсөлдөн гаргаж ирлээ. Тэд үүнээс илүү сонин юм үзээгүй юм шиг хөхөн хөөрч, эгнүүлэн дэлгэлээ.
Бага охин:     Ээжээ эд нар юу юм бэ? Хүүхэлдэйн хувцас шиг... ямар сонин үнэртэй юм бэ...?
Том охин:      Үгүй чиш... Энэ чинь чиний, миний, бас эжийгийн багын хувцаснууд байхгүй юу...
Хөтлөгч:        Урьд нэг удаа үзсэнийхээ хувьд эгч нь ингэж мэдэмхийрэхэд, бага маань ер итгэсэнгүй, бүр инээд алдаад:
Бага охин:     Худлаа. Тиймээ, ээжээ...? Бид яаж ийм хувцас өмсөж болохийм бэ?
Хөтлөгч:        Бүжээ хэзээнээсээ энэ чигээрээ байсан юм шиг нүдээ бүлтгийлгэн надаас дэмжлэг эрлээ.
Том охин:      Ээжээ та яагаад эднийг хадгалдаг юм бэ, ингэдэг ёстой юм уу?
Эх:                  Мэдэхгүй юм даа, охин минь. Би бас Бүжээ шиг байхдаа эжийгээ шалсаар байгаад дэрээ нэг удаа задлуулж, багын хувцастайгаа  танилцаж байсан юм. Тэгээд ингэх ёстой гэж бодсон уу, та нарын нялхын хувцасыг түлж түвдээгүй юм даа. Та хоёр энэ гурван баривчыг зэрэгцүүлээд хар даа. Өнгө хээ нь өөр ч ив ижилхэн байгаа биз? Энэ хоёр нь та хоёрынх. Аа, энэ нь миний багын баривч шүү дээ. Эмээ нь та хоёрын баривчыг хуучин дээлнийхээ өнгөөр оёж өгч байсан юм.
Том охин:      Яагаад хуучин даавуугаар оёсон юм бол?
Эх:                  Энэ нь хүүхдийн хувцас хурдан элэгдвэл сайн гэдэг монголч ёстой холбоотой юм. Харж байгаа биз дээ, энэ гурван баривчны энгэр нь урагдчихсан байгаа биз?  Чи “Эд нь хэврэг, эзэн нь мөнх” гэдэг үгийг мэднэ биз дээ?
Том охин:      Аа мэдлээ, мэдлээ... Ийм учиртай байхнээ.
Бага охин:     Хн... яг л хүүхэлдэйний хуучин хувцас...
Том охин:      Ээжээ, эмээгийн дээл таны дээлнээс жижиг юм байна шүү дээ?
 
/ хөгжим /
 
Хөтлөгч:        Би өмнөө байгаа ээжийнхээ дээлийг гайхан ширтлээ. Нээрэн ээжийн минь дээл минийхээс жижигхэн болчихож. Ээж надаас хавьгүй том дээл өмсдөг байгаагүй билүү... Өмнө минь дэлгээтэй том, бага, бүр жижигхэн дээлнүүд, сэтгэл нялхруулсан элгэмсэг үнэр намайг өнгөрсөн цаг үе рүү хөтөлнө. Ингэхэд би дөч өнгөрч, охин минь хорь дөхөж, эжий минь ная шүргэж байгаа юм байна шүү. Бүжээгийн минь угаасаа л энэ байсан шигээ санах, миний өтлөхгүй юм шиг  санаж авсан араншин... Удахгүй энэ гурван баривч дөрөв болохыг хэн үгүйсгэх юм. Баривчны тоо нэмэгдэх бүр оёсон эзний дээл жижгэрдэг юм байна. Өөрийнхөө дээлнээс хэлтэлж оёдог болохоор тэр. Ээжийн минь дээл жижгэрсний учир энэ байжээ. Ухаангүй тэнэгхэн үр хүүхэддээ үүнийг ойлгуулах гэж багын баривчийг нь хадгалдаг юм болов уу даа. Эвийдээ, жаахан буурал эжий минь...
 
                                      / Жирмийн цагаан нуур дуу нэг бадаг орж ирэх /
 
Жин жингээр дундарсан
Жирмийн цагаан нуур минь
Жилээс жилд жижгэрсэн
Жаахан буурал ээж минь...

НЭВТ: Удаах хэсэг буюу Эхийн сэтгэл...
 
                                                                                 / хөгжим /
 
Хөтлөгч:        Хоёрхон сарын өмнө дахин хүний газрыг зориход, “За охин минь, сайн яваад, их юм сураад ирээрэй. Эжийдээ санаа зоволтгүй шүү. Миний охин л сайн байвал болж байгаа нь тэр...”  гээд хацрыг минь үнсээд, “эргээд ирэхэд чинь нөгөө нь үнсэнээ” гээд хоцорсон эжий минь бүлээн зөөлөн уруулынхаа зайг хацар дээр минь үүрд үлдээгээд газар дээрх ганц охиноо хүлээж чадалгүй орчлонгийн анир чимээгүй рүү одсон юм.
 
                                                                                 / хөгжим /
 
Том охин:      Эмээ, ээж утсаар ярьж байна. Таны бие муу байна гээд хэлчих үү?
Эмээ:              Яахав нээ. Тэгэж охиндоо төвөг учруулаад юухэв. Цай нь дэврэх гээд эмээ чөлөөгүй байна гээдхээрэй. Муу охин минь юу юугүй үхчих гэж байгаа юм шиг уйлаад унана, хүний газар зовоогоод юухэв. Харин намайг сайн байна гээрэй...
Бага охин:     Ээж, ээжээ... эмээ их сайн байгаа шүү. Цай нь дэврэх байна гэнээ. Ээж, ээжээ... та надад фузь авсан уу, их гоёыг авна шүү...
 
                                                                         / утас тасрах чимээ /
 
Хөтлөгч:        Би охидтойгоо энэ тэр гэж байтал цай дэврэх зуургүй утас тасарсан юм. Хэдэн хоногийн дараа бидний ээлжит ярилцлага болж “Эхийн санаа үрд, үрийн санаа  ууланд” гээчээр би юун түрүүн хоёр охинтойгоо эхэлж ярина. Энэ удаа том охин минь яаж ч хичээсэн мэдэгдэм гунигтай ярьж байна.          -Миний охин яагаа вэ, ямар нэг юм болоо юу? гэхэд:
Том охин:      Би зүгээрээ, ээжээ... Харин эмээ л...
Эх:                  Юу... Эмээ нь яасан гэж...?
Том охин:      Эмээ ч бас зүгээр ээ. Харин сая шинжилгээ хийлгэсэн чинь хүнд өвчтэй гэсэн хариу гарсан. Гэхдээ ах эм, тариа гээд бүгдийг авсан. Биеийн байдал нь сайн байгаа...
Эх:                  Алив би ээжтэй ярья... Ээж, ээжээ та яагаа вэ...?
Эмээ:              Зүгээрээ зүгээр охин минь, юун их сандрах юм. Ээж нь байдгаараа л байна. Надад санаа зоволтгүй. Харин миний охин номоо дуусгаад ирдэг юм шүү. Дөч гарч яваа чамд дахиад олдохгүй боломж шүү...
Хөтлөгч:        Элэг зүрх минь огших шиг болж үг ч хэлж чадалгүй “ээж...ээж...” гээд уйлагнаж байтал утас тасарчихлаа.
Хөтлөгч:        “Охин минь уйланхай юм шүү дээ. Хүний газар зан мэдэхгүй хүмүүсийн дунд мэлмэрүүлж яваа байхдаа. Миний тухай хэрэгүй дуулгасан юм” гэж эжий ярьж байсан гэдэг.
 
                                / Санаж явна эжийгээ дуу- нэг бадаг орж ирэх /
 
Буянтай ээж таныгаа санаж дурсаж явна даа
Буман бээрийн газраас очиж амжихгүй явна
Буданд уулсын дундаас алсыг харуулдан суугаа
Буурал ээждээ би чинь орчлонгийн ганц наран билээ...
 
Хөтлөгч:        Ингээд би яарч сандран буцах болж жил шахам цуг сурч, хамт амьдарч байсан энэ дэлхийн газар газраас ирсэн нөхөд маань намайг үдэж мордуулсан юм. Тэд намайг тайтгаруулахын хамт аюулт өвчнийг аргалж болдог нутаг нутгийнхаа арга ухааныг хэлж зөвлөж, зарим нь бүр тарни шишлэгтэй үрлээсээ илүүчлэн аминчирхаж байлаа. Орчлон дээр эхээс унаагүй хүн байдаггүй болохоор тэр. Газар газрын хүмүүс зүс царай, хэл яриа, ёс заншил  тэс ондоо ч ор ганц адил зүйл нь эхийгээ хайрлах сэтгэл, эхийн ачийг хариулж чадахгүй гачлан ажээ.
 
       /  хөгжим орж ирээд залгаад галт тэрэгний чимээ орж ирээд /
 
Хөтлөгч:        Галт тэрэг ийм удаан явдаг юм уу. Буугаад явбал илүү хурдан явчимаар санагдана. Гэхдээ эцэж цуцдаггүй дээ газар хороож, цагийг урагшлуулж байдаг унаа юм даа.
 
                                                     / галт тэрэгний чимээ тодорч ирээд /
 
Хөтлөгч:        Уртын урт зам даган хөврүүлэх ганц бодол минь гэвэл торойгоод үлдсэн жаахан буурал эжий минь. Хацраа үнсүүлж байхдаа царайг нь нь тогтоож харсан билүү, би. Ная хүрсэн эжий минь ард минь амар амгалан байдаг байгаа даа гэж санаа зовдог ч царайг нь шинжиж таньж чададгүй нь үрийн тэнэг зан юм даа. Ээж минь биднийгээ хүн болгох гэж ганц биеэрээ зовж зүдэрсэн нь ихээ. Тэгэвч амьдралд гутаж гунина гэдгийг ер үздэггүйсэн. “Уруу дорой бодолтой байвал үйлс бүтнэ гэж үгүй. Дандаа өөдрөг сайхан сэтгэлтэй байж, бусдад сайн санаж яв. Тэгсэн цагт зовлон ч зовлон биш байдаг юм. Эмэгтэй хүн ааш тогтуун, цай сайтай, орсон гарсанд ундтай устай байна гэдэг сайн эзэгтэйн шинж. Одоогийн та нар ам түргэнтэй, ааш хурц байх юм даа. Үүнийг миний охин хичээж яваарай. Хаа очиж чи цай сайтай шүү. Харин хүн орж ирэхэд удаан хөдлөх юм даа” гэж ээж минь хэлдэгсэн. Ээж их сайхан цай чанана.  Их бага хүний хөл манайхаас тасарна гэж үгүй. Аагтай сайхан цайгаа аягалаад л... хүмүүс цайны амттайг нь магтаад л... Зарим нь “танай охин таныг дуурайсан цай сайтай юм билээ” гэхээр мөн их баярладагсан. Ингэж суух нь эжийн минь нэгэн жаргал байж дээ.
 
                            / галт тэрэгний чимээ тодорч ирээд дээр нь бүүвэйн аялгуу орж ирээд /
 
Хөтлөгч:        Ээжийн тухай бодол... эхийн тухай уянга галт тэрэгний хатуу чимээг хүртэл бүүвэйн аялгуу болгон зөөллөж чаддаг ажээ. Эжий минь бодолд минь эргэж, зүрхэнд минь бүүвэйн дуугаа аялж хэдэн хоног нойргүй явсан намайг түр ч атугай амраасан юм.
 
                                             / дан бүүвэйн аялгуу хэсэг тодорч ирээд залгаад 
                                                                 гал тэрэгний чимээ  орж ирнэ /
 
Хөтлөгч:        Галт тэрэг хотоос хот, улсаас улс дамжсаар эжий минь үнэртэй нутагт орж ирлээ. Олон удаа бууж мордосон ижил дасал болсон энэ буудалд би дандаа инээж буудагсан...
 
                                                                                / хөгжим /
 
Хөтлөгч:        Намайг тосож ирсэн хүмүүсийн царайг хараад “Ээ тэнгэр минь... Орчлонд би хамгийн азгүй хүн юм.  “Өмнөөс тосон ирж яваа хоёр охин минь урсан гарах нулимсанд минь дайвалзаж, тэднийхээ өмнө сөхрөн уналаа.
 
                                                                                 / хөгжим /
 
Хөтлөгч:        Ингэж би уйлуулж дуулуулж, инээлгэж баярлуулж, сандаргаж тэвдүүлж, аашлуулж зэмлүүлж явсан сайхан ээжийнхээ толгойг түшиж чадаагүй азгүй нэгэн болсон хэдий ч хүний эх ядарч туйлдсан ч, өвдөж шаналсан ч үрийнхээ төлөө л байдаг тэр эрхэм чанарыг нь ухаарч үлдсэн юм даа.    Сайхан эжийгээ сэтгэл зүрхэндээ мөнхөлж бичсэн эл тэмлэглэлээ би эжийдээ зул болгон барья. Буян гэж байдаг бол эжий минь буцаад бидэндээ төрөөрэй...
 
                                                 / Бүүвэй эжий-дуу нэг бадаг орж ирэх /
 
Бүтэн нойртой хонож үзээгүй
Бүлээн цайгаа ууж амжаагүй
Ганц биений жаргал эдлээгүй
Газар дээр миний ээжий
                                    Үр чинь өсөж том болжээ
                                    Үргэлж юундаа санаа тавина вэ
                                    Уул шиг том эр болсон шүү, хүү чинь
                                    Унтаж амар даа, ээжээ...
 
НЭВТ: “Эхийн тухай бодлын хэлхээ” дурсамж тэмдэглэл сонслоо.
 
                                                                                                                                1996-1997 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив