НЭВТ: Эрхэм сонсогчид оо, “Дуунаас үүдсэн шинэ цагийн домог”
радио зохиомж хүлээн авч сонсоно уу.
/ хөгжим /
/ залгаад байгалийн дуу чимээ орж ирэх /
Хөтлөгч: Хөдөөгийн
сайханд хэсэг хүмүүс үдэлж буй бололтой, нэг залуу хадан чулуун дээр суугаад
гартаа транзистор барьчихсан ямар нэгэн дуу их л шимтэн сонсож байна.
/
таранзистороор “Идэр жинчин” дуу хэсэг яваад залуу дагаж аялна /
Хөтлөгч: Залуу дууг дагаж аялах бөгөөд үгийг нь сайн мэдэхгүй тул нэлээн будилах
янзтай.
/ дуу тодорч ирээд
дуусах /
Сүх: Хүүе,
найз нараа... би та нарт нэг юм хэлэх үү? Би ер нь урд насандаа жинчин хүн
байсан шигээ. Энэ дууг сонсохоор сэтгэл хөвсөлзөөд явчихдаг юм. Тээр тэнд газар
тэнгэрийн заагаар уртын урт тэмээн жингийн цуваа тэнгэрт үүлэн дунд яваа ч юм
шиг...
Балт: Энэ Сүхийгээ ёстой нэг бурж байна
даа. Тэмээ гэж амьтныг бараг мэдэхгүй шахуу байж жинчин байж гэнэ... ха ха ха
/ түүнийг дагаад
бусад нь инээлдэнэ /
Сүх: Хөөе, та нар намайг шоололтгүй. Би тоглоомгүй үнэн
хэлж байна.
Балт: За
тэгвэл цааш нь яриач дээ. Урд нас чинь тэгээд яаж харагдаж байх юм?
Хөтлөгч: Сүх нүдээ аниад, үнэхээр харж буй мэт
гараа алгуур хөдөлгөн ярьж эхэллээ.
/ хөгжим орж ирээд
жинчдийн чимээ орж ирэх /
Сүх: Үзүүрсгэн
нэхий дээл өмсөж, үнэгэн лоовууз сөхөж тавьсан хэдэн хүдэр эр атар тарган
тэмээн дээр ачаа ачиж татлагыг чангалахад чимээгүйн дунд хамар шуухитнуулан
ярдаглан “гав гув” дуугарган, амнаасаа хивдэс гарган хаяна. Жинчид төдөлгүй
ачаалж дуусаад үүр хаяарах зүг хөдөллөө. Аян жинд олонтоо явж ижил дасал болсон
тэмээд санаа шулуудсан мэт хүнд ачаагаа дэнхэлзүүлэн, өвсөн толгойг бүрхсэн
цагаан хярууг унагалан өргөн шаргал замыг хойноо хаян тавхайгаа гялалзуулан
алхана. Хүрэх газар холоо хол. Хэдэн сар явж хүрэх газар. Жинчид бараг өдөрчийн
газар явснаа, тэмээ бүрийг хэвтүүлж, татлага юуг нь тайлж, шорыг нь мултлан
хаяж байна. Тэд буудаллах шинжтэй...
Хоёр нь майхнаа босгож, нэг нь усанд явж, бас нэг нь гишүү түүж ирээд бяцхан тулганд гал ноцоон тогоо тавьж цай
чанаж байна...
/ жинчдийн чимээ
тодорч ирэх /
Хөтлөгч: Түүний ийн ярихыг сонссон зарим нь бараг хажууд энэ үйл явдал болж буй мэт
эргэн тойрноо харж, зарим нь бүр мэл гайхан үг хэлэх сэхэлгүй амаа ангайн цааш
сонсохыг хичээх бөгөөд харин Бат хэмээх балтгар залуу амаа ангайн хэсэг сууж
байснаа, гэнэт сэхээ орсон аятай тойрон суугаа хүмүүсийг давхийн цочтол ха ха
ха... ха ха ха гэж үнэн голоосоо шоолон инээлээ. Нөгөө хэд нь сая л ухаан орсон аятай даган инээцгээлээ.
Залуу-1: Сүхээ чи зүгээр үү...?
Бүсгүй-1: /инээгээд/ Манай Сүх ёстой
хүн үнэмшмээр ярьж байх шив... Яг л жинчдийн тухай кино үзэх шиг боллоо...
Балт: Тэмээ
гэдэг амьтан дээр мордох нь байтугай ойрхноос
ч хараагүй юм байж ёстой авч өгч байна даа. Ха ха ха... Харин би говийн
хүн болохоор чиний дэргэд тэмээ ярина шүү...
Залуу-2: /түүнийг шоолонгуй/ Тэмээн дээрээс нар ойрхон харагддаг гээд л...
Балт: /эгдүүцсэн байдалтай/ Хэрэв чи тэмээн
дээр гарч үзсэн бол “нээрэн нар ойрхон харагддаг юм байна” гэж дуу алдах байсан
даа.
Хөтлөгч: Залуусын яриаг сонсож суусан Балтын өвөө Сүхийн ярьсныг үнэхээр гайхан
биширсэн янзтай, толгой сэжээд:
Өвгөн: Хүү минь
чи үнэхээр үнэн ярилаа. Би залуудаа жин тээж явсан хүн. Тэр үеийн минь
амьдралын нэгэн дүр зураг харагдах шиг боллоо...
Балт: Өвөө, та
битгий хүүхэд хошгируулаад бай...
Өвгөн: Хош гэм,
тарвага биш... хошгируулах гэдэг чинь юу гэсэн үг юм. Барагтайхан байгаарай... /Сүх рүү хандаад/ Хүү минь, чи аль нутгийн хүүхэд вэ?
Балт: Өвөө
наадах чинь, ганц тэмээтийн нутгийнх... Би хэлээд байна ш дээ. Тэмээг ойроос
хараагүй хүн гээд... Харин тэмээний зургийг бол зөндөө л харсан байх.... /дахиад инээнэ,
залуус дагаад инээнэ/
Сүх: Өвөө,
энэ “Идэр жинчин” гэдэг дууг сонсохоор үнэхээр сэтгэл хөвсөлзөөд ирдэг юм. Би
жинчдийн тухай сонсож, унших дуртай л даа. Сая би энэ дууг сонсоод нэг уншсан
номынхоо хэсгээс хэлсэн юмаа.
Өвгөн: Хүнд урд
нас гэж байдаг юм. Чухам энэ сайхан дуу чиний урд насыг бодогдуулсныг хэн үгүй
гэх юм. Жинчин явсан би хүртэл залуу насаа өөрийн эрхгүй дурсаж байна. /гээд тун бахархалтайгаар/ Чиний наад
бие хаа ч гэсэн ёстой урд цагийн жинчин эрчүүд шиг юм. Хаанаас нь ч харсан хав
дөрвөлжин эр байна шүү...
Залуу-1: /бахархалтайгаар / Ахаа наад Сүх
чинь мундаг барилддаг хүн. Цээжний бяр ихтэй. Ёстой зүслэг, бярлаг эр
дээ...
Залуу-2: Хав
барьцнаас бусгана, задгай золгооноос зайлна. Ачна, этнэ, ташина, тонгорно.
Ахиулж лавлана, өргөнө, хавирна, араас нь залгаад гуядана, гуддана...
/ залуус цагаахнаар
хөгжилтэй инээлдэнэ /
Өвгөн: Урьдны
жинчин эрчүүдийн олонх нь барилддаг байсан юм. Ер нь жин тээнэ гэдэг бяр
тэнхээтэй байгаад зогсохгүй, бас их хатуужил шаарддаг ажил. Тиймээс ч зарим ухаантай эцэг хүүгээ хал
үзүүлж, хад суулгах гэж жинчин дагуулж явуулдаг байсан юм даа.
Сүх: Өвөө, та сонин юм яриач дээ. Энэ дууны үгийг та лав мэдэх байх. Уртын дуу
болохоор үг нь сайн мэдэгдэж өгөхгүй юм. Та хэлж өгөөч...
Өвгөн: Дуулж л
явлаа, хүү минь... Гэхдээ энэ харьцангуй хожуу үеийн дуу юм шүү дээ. Миний жин
тээж явснаас бүр хойно юмдаг, түрүү зууны 20-оод онд Магсаржав хурцын Дугаржав
гэдэг хүн ардын дууны уламжлалт хэв маяг, ая дан дээр үндэслэн зохиосон гэдэг
юм. За байз, үг нь юу гэдэг билээ дээ...
Сүх: Алс холын замыг алхаагаараа
товчилдог...
Өвгөн: Аа тийм дээ. Алс холын замыг
Алхаагаараа
товчилдог
Ачаа хүндийн
жинг
Амархнаар
нэвтрүүлдэг
Асар их
хүчтэй
Атан олон
тэмээд мину зэ
Шингэн
лимбийн дуугаар
Миний
нутгийг санагдуулдаг
Ширээ тэгш
бөхөөрөө
Жингийн
хүндийг өргөдөг
Шилдэг
байсан атууд минь
Шилийн
говийг бүрхэнэ дээ...
Идэр жинчин
бид
Эрэмгийн
чадлаа гаргаж
Энх замын
аяныг
Энх
тааваараа туулаад
Энэ орны
ардуудыг
Эд баялагаар
хангацгаая, зэ
Олон: Тэмээгээ
магтсан дуу байхнээ...
Өвгөн: Тэмээ гэдэг чинь магтахаас ч аргагүй сайхан амьтан шүү дээ. Их хүч
тэнхээтэй. Тийм байтлаа тэмээ шиг уян зөөлөн амьтан байхгүй... Нутгийнхаа
барааг харангуутаа л бөөн бөөн нулимс бөмбөрүүлээд л тэшүүлж өгнө шүү дээ...
Олон: Өвөө, та
нэг сайхан домог хууч ярьж өгөөч...
Өвгөн: Урьд нэг ийм дуу байдаг байсан юм.
Арван тэмээ ачаатай... гэж
Олон: За...
за... тэгээд...
Өвгөн: Урьд
цагт нэг айл хөхөж байсан ботгоноос эхийг нь салгаад хүүхнийхээ инжэнд өгөөд
явуулчихаж л дээ. Өнөө айл нь инжэнд ирсэн тэмээг жинд явуулжээ. Жингийн цуваа
өнөө хөөрхий ботгоны байсан газраар ойрхон өнгөрөхөд ботго эхийгээ үнэрээр нь
таниад голын эрэг дээр гүйн очсон боловч гол гаталж чадалгүй бөөн нулимс
бөмбөрүүлэн буйлж гэнэ. Ботгоны гуниглан буйлахыг сонссон гол урсгалаа татаж
өгсөнд ботго эх дээр очиж эхийгээ хөхсөн юм гэдэг. Эх үрийн энэ уяралт явдлыг
харсан жинчид “Арван тэмээ ачаа” дууг
зохион дуулж, тэр цагаас хойш “Цагаан сүүт амьтныг бүү салга” гэсэн ёс монгол
газар дэлгэрч хүн, малын аль алиныг нь ялгалгүй хөхний сүүнээс нь салгахыг
цээрлэдэг болсон юм гэдэг.
Олон: Жинчдийн
зохиосон тэр дууны үг нь ямар утгатай юм бол...?
Өвгөн: Арван тэмээ ачаатай юу даа, ээж минь бөн бөн
Алсын
газрыг зорио юу даа, ээж минь бөн бөн
Хорин
тэмээ ачаатай юу даа, ээж минь бөн бөн
Холын газрыг зорио юу даа, ээж минь бөн бөн
Дэрсний үзүүрийг тахийлган байж
хазаарай даа, ээж минь бөн бөн...
Дэлдэн хоёр чихэндээ намайгаа сонсов уу, ээж минь бөн бөн
Хулсны намиаг нугалан байж хазаарай даа, ээж минь бөн бөн
Хомоолон хоёр чихэндээ
намайгаа сонсов уу, ээж минь бөн бөн
Урсгал ихтэй голыг урвуулж байгаад ирээрэй, ээж минь бөн
бөн
Усгал хоёр нүдэндээ
нулимстай юу даа, ээж минь бөн бөн... гээд цааш нь их урт даа, урт. Одоо
дуулахгүй байсаар байгаад мартаж дээ, хүүхдүүд минь.
Олон: Та нар
их хол газар явдаг байсан байх даа. Хэдэн хоногоор явах вэ?
Өвгөн: Хэдэн
хоног гэж ярихгүй шүү дээ. Хэдэн сараар явна. Нутгаасаа гараад Хүрээ орно, за
тэгээд Чойр, Замын үүд, цаашлаад Жанчхүү гээд Бээжин хүрнэ. Олон хоног сарын
уртад их ч юм үзэж, их ч хүнд бэрхийг туулна. Замын дээрэмчдэд тонуулна,
хаягдаж гээгдэнэ. За тэгээд хүний газар гүний нутагт шорон оронд суух ч явдал
бий. Гэхдээ сайн сайхан нь олон байлгүй яахав. Ёстой эр хүний жаргал эзгүй хээр
гэдгийг амталж, мэдэрч, амьдралын ухаан, хад сууж явдаг юм даа. Бидний урт замд
ардын маань уртын дуу л хань болно шүү дээ.
Бүсгүй: Өвөө, би
уртын дууг холын замд дуулвал зам уртасдаг гэж сонссон юм байна?
Өвгөн: Тийм
яриа байдаг л юм. Гэхдээ бид уртын дуугаа дуулж явж л замаа хорооно шүү
дээ./инээнэ/ Ямартаа л “Идэр жинчин” дуу гарч байх билээ дээ.
/ “Идэр жинчин” дуу дахин орж ирнэ /
Хөтлөгч: Ардынхаа
сайхан дууг сонсоод уярч суусан залуус Сүх өөд их л талархангуй хараад: “За Сүх
минь ийм сайхан ярианы эхлэл тавьж өгсөн чамд баярлалаа. Нээрэн чи урд насандаа
жинчин ч явсан юм бил үү...” гээд хөгжилдөн инээлдэв.
/ дуу тодорч ирээд /
НЭВТ: Та бүхэн “Дуунаас үүдсэн шинэ цагийн домог”
радио зохиомж хүлээн авч сонслоо.
2011 он
No comments:
Post a Comment