Lucky Charms Rainbow

Sunday, February 17, 2013

Маргад эрдэнийн хотоор радио аялал...



НЭВТ: “ЕРТӨНЦ” продагшна ярьж байна...
 
/ хөгжим /
 
НЭВТ: Маргад эрдэнийн хотоор... радио аялал
 
/ хөгжим /
 
НЭВТ: Хүүхдүүд ээ, та нар ид шид байдаг гэдэгт итгэдэг үү? Би лав итгэдэг ээ. Ид шидийн оронд Маргад эрдэнийн хот байдаг. Тэнд амьдардаг үлгэрийн баатрууд үгэнд сайн ордог хүүхдүүдэд хүссэн бэлгийг нь өгдөг гэсэн. Ингээд би та нарт нэгэн түүх ярьж өгье.
 
/хөгжим/
 
НЭВТ: Эрт урьдын цагт биш манай энэ үед Анужин нэртэй бяцхан охин аав, ээжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Амттан шимттэн, өмсөж зүүхээр дутдаггүй Анужин охин үсгээ цээжилдэгүй, аав ээжээсээ элдвийг нэхдэг өөдгүй муухай зантай юмсанжээ. Шинэ жилийн урьд орой Анужин аав, ээжээсээ...
Анужин: /ууртайгаар/ Ааваа, ээжээ... би болор шаахайтай болмоор байна ш дээ...
Ээж: Юу...? Болор шаахай гэж хаа байх билээ дээ, охин минь...
Анужин: Байдаг юмаа, байдаг юм.  Үнсгэлжингийн үлгэрт байдаг ш дээ... тэр болор шаахайг...
Аав: Тэр чинь үлгэр шүү дээ, охин минь. Үлгэр...
Анужин: Үлгэр худлаа гэх гэж байна уу, үлгэр үнэн...үнэн байдаг юм.
Ээж: Нээрэн үлгэр үнэн байлгүй яахав...
Анужин: Тэгээд яагаад болор шаахай авч өгөхгүй байгаа юм. Надад болор шаахай олж өг, за юу...
Аав: Миний охин аав, ээждээ ийм муухай ааш гаргаж болдог юм уу. Хөөрхөн ааштай, сайхан сэтгэлтэй, ухаантай хүүхдийн хүсэл биелдэг юм шүү дээ.
 
/ охин үргэлжлүүлэн гоншигносоор байх чимээ /
 
НЭВТ: Анужин охин ингэж өөдгүй муухай зан гаргаж, болор шаахай нэхэж шаардсаар нойр нь хүрч, унтахаар явлаа.
 
/ үлгэрийн ертөнц илэрхийлсэн хөгжим орж ирэх /
 
НЭВТ: Анужин охины зүүд нойронд өрөөний цонх нь гэнэт нээгдэж үлгэрийн дагина гэрэл цацруулсаар орж ирлээ.
 
  / шум /
 
Анужин: /гайхан биширсэн өнгөөр/ Хөөх та хэн бэ? Үлгэрт гардаг шидэд дагина мөн үү?
Үлгэрийн дагина: Тиймээ, чи болор шаахайтай болохыг хүсэж байгаа гэлүү...?
Анужин: /баярлан хөөрч/ Тийм...тийм. Та яаж мэдсэн юм бэ, би яг Үнсгэлжийнх шиг болор шаахайтай болмоор байна.
Үлгэрийн дагина: Тэгвэл чи миний хэлэх үгийг сайн сонс. Миний даалгаварыг биелүүлж чадвал би чамд болор шаахай бэлэглэе.
Анужин: /ихэд догдлон/ Тэгээд, тэр чинь юу юм бэ? Хурдан хэлээрэй... Би биелүүлж чадна аа, чадна...
Үлгэрийн дагина: Маргад эрдэнийн хотод чиний хүссэн шаахай байгаа. Гэхдээ тийшээ хүрэх зам их урт. Бас чи сайн муу олон зүйлтэй учирна. Тэр бүгдийн дундаас чи “ухаан”, “үнэ цэнэ”, “сайхан сэтгэл” гэж юу болохыг олж мэдэх хэрэгтэй. Тэгж чадвал хүссэн болор шаахайгаа авах болно.
Анужин: За мэдлээ...
Үлгэрийн дагина: Одоо миний хэлэх үгийг сайн сонс. Шөнийн 12 цаг болохоос өмнө амжих хэрэгтэй шүү.
/ хөгжим дээр шум /
 
НЭВТ: Ингэж хэлээд үлгэрийн дагина Анужинг дагуулан цонхоор нисэн гарлаа.
 
/хөгжим/
 
НЭВТ: Нэг мэдэхэд Анужин ойн гүнд зогсож байлаа...
 
/ байгалийн уран чимээ /
 
Анужин: /гайхсаар/ хөөх би хаана ирчихсэн юм болоо? Энэ лав өнөө Маргад эрдэнийн хот байх шүү.  Хөөх, ямар сонин байшин бэ... Хараачээ, далавчтай юм байна...
 
/ гэнэт бороо орж эхэлнэ /
 
Анужин: Бороо орж байна. Одоо яанаа... хаачих вэ?
НЭВТт: Анужин хэсэг тээнэгэлзэж байснаа өнөө далавчтай байшин руу орохоор шийдэв. Тэр байшинд “ухаалаг дагина” амьдардаг юм байжээ. 
 
/ шум /
 
Ухааны дагина: Сайн явж ирэв үү ?  Охин минь манай “ухааны байшинд” тавтай морил... Чи юу хайж явна даа?
Анужин: Би ухааныг хайж явна...
Ухааны дагина: Охин минь наашаа суу, би чамд ухаан гэж юу болохыг хэлж өгье. Танай монголын ард түмэн эрт дээр үеэс “Ухаан далай номоос эхтэй, Усан далай булгаас эхтэй” гэж сургаж ирсэн билээ. Анужин  чи ном уншиж чаддаг уу?
Анужин: Би одоо л үсэг сурч байгаа. Арай уншиж чадахгүй ээ...
Ухааны дагина: Тэгвэл уншиж, бичдэг болохоороо олон ном уншаарай. Номноос маш их зүйлийг мэдэж авах болно. Чиний хайгаад байгаа тэр “ухаан” номонд байдаг юм шүү дээ, охин минь...
Анужин: Мэдлээ, би хурдан уншиж чаддаг болноо. Тэгээд олон ном уншаад ухаантай болноо...
Ухааны дагина: Сайн байна. Номноос гадна монголчууд үр хүүхдээ ухаантай болгохын тулд багаас нь нас насанд нь тохирсон оньсон тоглоом, шагай тоглуулж, оньсого, таавар гээд үгэн наадмаар тоглуулж ирсэн сайхан уламжлалтай. Танайд оньсон тоглоом бий юу?
Анужин: Байхгүй, харин шагай бий. Гэхдээ би тоглодоггүй юм. Харин комьпютор тоглоом дээр тоглох дуртай. Ёстой сайн тоголдог гээч...
Ухааны дагина: Комьпютор тоглоом дээр тоглодог чинь сайн хэрэг. Гэхдээ танай монголчуудын ухаан задалдаг уламжлалт тоглоом үүнээс дутахгүй гэдгийг мэдэж аваарай...
Анужин: Мэдлээ... Би 6 нас хүрчихсэн шүү дээ...
Ухааны дагина: Мэдэж байнаа, мэдэж байна. Монголчуудын оньсон тоглоом бүр 2-3 настай хүүхдээс эхлээд бүх насны хүмүүст зориулсан байдаг. Энэ тоглоомоор сайн тоглож, оньсого таавар хурдан тайлж сурвал ухаантай, бас авхаалж самбаатай болдог юм шүү дээ.
Анужин: За мэдлээ. Би аав ээжээрээ болор шаахай биш, оньсон тоглоом, бас зөндөө их ном авахуулнаа...
Ухааны дагина: За тэр, чи ингээд ухаантай охин болчихлоо шүү дээ. Замдаа сайн яваарай, ухаантай охин минь.
/ хөгжим /
 
НЭВТ: Анужин Ухаалаг дагинад баярласнаа илэрхийлээд “Үнэ цэнэ” гэж юу болохыг олж мэдэхээр замд гарлаа.
/ хөгжим /
 
Анужин: Би энэ замыг дагаад л явах юм байхдаа. Одоо цаг хэд болж байгаа бол... Шөнийн 12 цагаас өмнө харих хэрэгтэй. Цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг юм бэ... Ямар ч богинохон юм дээ. Амжихгүй бол яанаа...
 
 / Цаг хугацааны дагина хүрч ирэх чимээг сонгож оруул /
 
Цаг хугацааны дагина: Сайн байна уу, охин минь?
Анужин: Сайн, та хэн бэ?
Цаг хугацааны дагина: Би чиний эрж хайж байгаа “Үнэ цэнэ” байна.
Анужин: Яасан сайн юм бэ? Та надад “үнэ цэнэ” гэж юу болохыг хэлж өгнө биз дээ?
Цаг хугацааны дагина: Тэгэлгүй яахав. Чи үнэ цэнийн тухай мэдэх гэж эрж хайж яваа чинь их сайн байна. Энэ орчлон дэлхий дээр юм бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг юм. Тэр дундаас хамгийн үнэ цэнэтэй зүйл нь цаг хугацаа юм. Тиймээс ч танай монголчууд “цаг бол алт” гэж ярьдаг. Цаг хугацаа ус шиг урсаад өнгөрчихдөг учир хүн цаг хугацаатай уралдан сурч мэдэж, ажиллаж амьдрах хэрэгтэй. Анужин, чи миний хэлснийг ойлгов уу?
Анужин: Ойлгосон. Хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа...
Цаг хугацааны дагина: Сайн байна. Чи шөнийн 12 цагаас өмнө амжиж “ухаан”, “үнэ цэнэ”, “сайхан сэтгэл” гэдгийг мэдэх ёстой байсан. Одоо хоёрыг нь мэддэг боллоо шүү дээ.
Анужин: Тийм, одоо “сайхан сэтгэл” гэдгийг мэдэх ёстой...
Цаг хугацааны дагина: Одоо чи буцаад харь. Сайхан сэтгэлтэй тааралдах байхаа...
Анужин: За...Баяртай...
/ хөгжим /
 
НЭВТ: Анужин охин сайхан сэтгэлтэй тааралдалгүй явсаар маш их ядарчээ. Гэнэт өмнө нь өөрийнх нь амьдардаг байшин гараад ирэв. Анужин сайхан сэтгэлийг олж мэдээгүй дээ их л гонсгор байлаа. Гэтэл нэг эмээ том ууттай зүйл бариад орцны үүд нээх гээд чадахгүй их л тэвдэж байгааг харсан Анужин: “эмээ, хүлээж байгаарай...” гээд гүйн очиж үүдийг нээж өглөө.
Эмээ: Баярлалаа, охин минь. Чи ямар сайхан сэтгэлтэй юм бэ...?
Анужин: Эмээ, та намайг сайхан сэтгэлтэй гэв үү...?
Эмээ: Тэгэлгүй яахав. Чи эмээдээ үүд нээж өгч тусаллаа шүү дээ. Энэ чинь “сайхан сэтгэл” юм шүү дээ...
/ хөгжим /
 
НЭВТ: Хүүхдүүдээ, та нар “Маргад эрдэнийн хотоор” Анужин охинтой хамт аялж, “ухаан”, “үнэ цэнэ”, “сайхан сэтгэл” гэдгийг мэдэж авлаа.
НЭВТ: Тиймээ, одоо бидэнтэй хамт аялсан хүүхдүүддээ асуулт тавина. Анхааралтай сонсоорой.
НЭВТ: Анужин охин зүүднээсээ сэрээд Үнсгэлжингийн болор шаахайны оронд юу авч өг гэж хэлэх бол?
НЭВТ: Ухаантай болохын тулд яах ёстой вэ?
НЭВТ: Хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?
НЭВТ: Сайхан сэтгэл гэж юуг хэлсэн бэ?
НЭВТ: Хүүхдүүдээ, дээрхи 4 асуултад хариу бичээрэй. Манай радио аялал та нарт таалагдсан бол маргааш дахиад энэ цагтаа уулзъя. Баяртай...
 
/ хөгжим /

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив