Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

Сөхөрч болдоггүй амьдрал - 5



/ Сонсож болно /


НЭВТ: Тэргэнцэртэй хүний түүх буюу “Сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн” хэмээх нэгэн бүлгийг хүлээн авч сонсоно уу. 
 
                                                               / хөгжим /
 
                                                          / утсаар ярих /
 
Эх:                 Сайн байна уу?
Энх:               Сайн, сайн байна уу?
Эх:                  Хүү минь ээ, эгч нь нөгөө нөхөн сэргээх эмчилгээний төвийн захирал Энхтуяатай ярих гэсэн юм...
Энх:                Би Энхтуяа байнаа...
Эх:                  Өө, яасан сайн юм. Эгч нь чамтай уулзмаар байна. Танай сувилалд хүүгээ явуулах гэсэн юм.
Энх:                Бололгүй яах вэ? Харин та яаралтай уулзмаар байгаа бол Шинжлэх ухаан мэдээллийн төвийн нэг давхарт нээгдсэн үзэсгэлэн дээр хүрээд ирэхгүй юу. Би энэ үзэсгэлэн дээр ажиллаж байна.
Эх:                 Тэгье, хүүхээ. Тэр газар хаа байдаг билээ дээ...?
Энх:               ТИС-ийн зүүн талд байдаг шүү дээ
Эх:                  Өө саналаа, саналаа. Одоохон яваад очьё.
Энх:                За тэг, бид ажлын цагаар хэдийд ч байж байна.
Эх:                  Баярлалаа, хүүхээ... 
 
                                                                 / хөгжим /
 
                                                   / хүмүүсийн шум орж ирээд /
 
Эх:                 Сайн байна уу? Эгч нь Энхтуяатай уулзах гэсийм.
Бүсгүй:            А, захирал уу... Тэр сууж байна.
Эх:                  Сайн байна уу? Би чамтай түрүүн утсаар ярьсан авгай байна.
Эх:                  Өө, та хүрээд ирээ юу ийшээ суу даа.
Эх:                  Миний хүү нуруу нугасны гэмтэлтэй бараг жилийн нүүр үзэх гэж байна. Саяхнаас нэг тэргэнцэртэй болсон ч сууж чадахгүй бөөн уур, бухимдал... Сонсож байхнээ тэргэнцэр дээр сууж сурахын тулд заавал сургалтанд явдаг гэнэ. Тэр нь танай “Тахилтын” сувилалд байдаг гэж дууллаа. Тэгээд тэр сэргээн засах эмчилгээнийхээ тухай ярьж танилцуулж өгөөч гэж явна даа, эгч нь...
Энх:                Ер нь эрүүл саруул хүн гэмтсэний дараа тахир дутуу амьдралд дасахад хэцүү л дээ. Би ч гэсэн 10-аад жилийн өмнө осолд орж энэ зовлонг биеэр туулсан болохоор хүүг тань сайн ойлгож байна. Таны ирдэг зөв өө. Ер нь хугацаа алдахгүй нөхөн сэргээх эмчилгээнд орох нь сайн талтай байдаг юм. Манай сэргээн засах эмчилгээ 2000 онд газрын “Өвсний үндэс” хөтөлбөрт хандаж, бас сайн санаат хүмүүсийн тус дэмжлэгтэйгээр “Тахилт” сэргээн засах эмчилгээний төвийг байгуулсан юм. Яагаад энэ сувилалыг байгуулсан юм бэ гэхээр осол аваар, гэмтэл бэртэлд орсон хүмүүсийг түргэн хугацаанд сэтгэл санаа болоод бие бялдарыг нь нөхөн сэргээх, эргэж нийгэм дунд нь оруулах, тэдэнд тохирсон хөдөлмөр эрхлүүлэх зорилготой юм. Тэгэхлээр манай төвд ирэхийн тулд эмчийн 36-р маягт хэрэгтэй. Сахиур шаардлагатай бол сахиур авна. Гэхдээ харж байхад ийм хүмүүсийг ганцааранг нь явуулсан нь дээр байдаг юм. Яагаад гэвэл бие даах чадвар хурдан суудаг юм билээ. Сахиуртай хүмүүсийн сахиур нь хамаг юмыг нь хийж ойртуулж өгөөд байх жишээтэй. Ийм учраас ганцааранг нь бие даалгаж явуулсан нь дээр гэж манай сувилалын арга зүйч, эмч нар зөвлөдөг юм.
Эх:                  Манай хүү тэргэнцэр дээрээ ч сууж чадахгүй байгаа ш дээ. Тэгэхээр манай хүүгийн найз охин бид хоёрын хэн нэг нь дагаж явах юм байна даа...
Энх:                Тийм тохиолдолд эхний 3-4 хоногт сахиуртай байж болно. Тухайн хүний сэтгэл зүйг бас дасгах хэрэгтэй байдаг. Миний бодлоор бол найз охинтойгоо хамтдаа хэдэн хоног байсан нь дээр байх. Яагаад гэвэл найз охиндоо танаас илүү дотно харьцаатай байх, бас нөгөөтэйгүүр найз нь тэнд очоод ийм хүмүүсийн амьдралтай нүдээр үзэж танилцах нь зүгээр...
Эх:                  Нээрэн тийм юм байна...
Энх:                Манайх мэргэжлийн 2 эмчтэй. Бас арга зүйч нар ажилладаг. Манай эмч нар нэлээн олон жил нуруу нугасны гэмтэлтэй хүмүүстэйгээ ажиллачихсан, дадлага туршлагатай. Шаардлагатай бүхий л эмчилгээг бид өөрсдөө хийдэг. Үүнээс гадна хувь хүн өрөөндөө цай уучих ч юм уу, ер нь эмнэлэгт хэвтэхэд ямар бэлтгэлтэй байдаг билээ. Тэр бүгдийг гүйцээнэ гэсэн үг. Манайх өөрийн гэсэн арга барилтай. Тухайлбал бөөрний ч юмуу, ямар нэгэн өвчин байвал  түүнийг нь бас эмчилдэг. Ер нь биеийн тамирын дасгал хөдөлгөөн их хийлгэнэ. Тийм болохоор биеийн тамирын хувцастай ирэх хэрэгтэй. Хүмүүс эмнэлэгт хэвтдэг шиг ойлгодог тал бий. Гэтэл бид зааланд ороод эрүүл хүний нэгэн адил дасгал сургууль хийдэг онцлогтой.
Эх:                  Тэгэхээр манай хүү танай сувилалд хэд хононо гэсэн үг вэ?
Энх:                Нэг удаагийн курс эмчилгээ 14 хоног болно. Дараа нь хэсэг хугацаанд гэртээ байх нь зүгээр. Энэ хугацаанд дасгал сургуулилтаа гэртээ хийж болно. Гэхдээ зарим дасгалыг хийдэг тоног төхөөрөмж байхгүй болохоор бас хүндрэлтэй зүйл гарна. Энэ үед “гэр асаргаагэсэн үйлчилгээ явуулах хэрэгтэй болдог. Бид “гэр асаргаа” төсөл боловсруулж байна.
Эх:                  Танай сувилалыг дасгал сургуулилт хийхээс гадна сэтгэл санааны хувьд ч засдаг гэж дуулсан?
Энх:                Хүн эрүүл саруул явж байгаад гэнэт тэргэнцэр дээр суух болсондоо маш их хямралд ордог. Бүх юм хүний хараат болчихоор их бухимддаг. Надад ч бас тэгж бодогддог үе байсан. Нийгмийн дунд ороод адилхан зовлон жаргалтай хүмүүстэй уулзаад учраад, бусдын адил ажиллаж амьдраад ирэхээр  амьдрах итгэл найдвар төрдөг юм. Үүнд манай ажилтнууд бид өөрсдөө чадах чинээгээрээ тусалж, дэмждэг. Бас тахир дутуу иргэдийг гэрт зүгээр суулгахгүйн тулд янз бүрийн сургалтанд хамруулдаг.
Эх:                  Ингэхэд эгч нь чамайг тэргэнцэртэй гэж бодсонгүй шүү, хүү минь ээ...?
Энх:                Тиймээ би ТИС-ийг дулааны инженер мэргэжлээр төгссөн ч хувь заяаны эрхээр ингээд эмнэлгийн захирал болчихоод явж байна. Зарим хүмүүс намайг тэргэнцэртэй гэж мэддэггүй л дээ. Би эрүүл хүмүүс шиг ажил хийж, нийгмийн дунд яваагаа өөрийн биеэр харуулахыг хичээдэг. Тэгээд бүр ажиллах ажиллахдаа хүнээс илүү ажиллах юмсан гэж боддог юм. Миний энэ байдал ч манай хүмүүст нөлөөлдөг байх. Намайг хараад урам авдаг гэсэн. Танай хүү ч гэсэн бидэнтэй уулзаад шал өөр болноо. Бид дөнгөж гэмтэж бэртсэн хүмүүст чадах чинээгээрээ туслахыг хичээдэг. Бүх юм сайхан болноо, эгчээ.
Эх:                  За, тэгэхээр танай төвд бид яаж очих вэ?
Энх:                Бид унаа байхгүй болохоор өөрсдөө хүрээд очоорой. Манай төв УБ хотоос 50 км-т байдаг. Тогтмол эмчлүүлдэг хүмүүсээ нэг баг болгоод микроавтобус хөлслөөд явдаг юм.
Эх:                  Ойрд их хүйтэн байна. Танай сувилал дулаахан уу?
Энх:                Төслийн шугамаар саяхан манай сувилалын халаалтын шугамыг засаж найдвартай болгосон. Энэ жилийн хувьд дулаахан сайхан байна. Бид хүмүүсээ аль болох тав тухтай байлгахыг хичээдэг юм.
Эх:                  За гялайлаа, хүү минь... Бид удахгүй хүрээд очноо, Баяртай. 
 
                                                                         / хөгжим /
  
                                                         / Төмөр сонин уншиж байна /
 
Төмөр:           Сувдаа чи энэ сонинг хар даа. Энд суугаа волейболын үндэсний багийн багш дасгалжуулагч Баярмагнай гэдэг хүний тухай бичсэн байна. Зурагтайгаа гарчихаж. Энэ хүн ажил албаа гүйцэтгэж яваад осолд орж, бүр гурван мөчгүй болсон юм байна шүү дээ.
Сувд:              Алив харья... Үгүй нээрэн нэг хөлтэй юм байна шүү дээ. Тэгээд бас                           тамирчин болчихсон байдаг. Хүнд ер нь ямар их нөөц хүч байдаг юм дээ.
Төмөр:           Харин тиймээ, бас тэгээд тахир дутуу иргэдээс анх удаа “Алтан гадас” одон хүртсэн, олон улсын хүмүүнлэгийн аялалд оролцож эх орныхоо хойноос урагш хүртэл аялсан гээд... бичсэн байна.
Сувд:              Ер нь бид эрүүл саруул байхдаа ийм хүмүүсийг огт ажигладаггүй байж шүү. Энэ нь ёстой эрүүл хүний муу тал юм даа. Одоо бол өөр болжээ. Хүмүүс бид бие биенээ хайрлаж, дэмжиж тусалж байх ёстой юм гэдгийг улам бүр ухаарах боллоо.
Төмөр:           Бас ДОХ-той тав дахь залуу бүртгэгдлээ... гээд л энэ сонинууд янз бүрээр л бичих юм. Ер нь хэн байх нь ямар хамаа байна. Өвчин гэдэг хэлж ирэхгүй хийсэж ирдэг хойно, гайхаж шуугиад баймааргүй л санагдах юм.
Сувд:              Тийм шүү. ДОХ гэдэг өвчин халдварлах зам, үхэлд хүргэх аюулаараа бусад өвчнөөс ялгаатай л болохоос биш, ердөө нэг өвчин шүү дээ. Хэрвээ хэн нэгэн хүн шар туслаа гэхэд, бөөрний өвчтэй болжээ гэхэд тэгтлээ их гайхаад шуугиад байдаггүй биз дээ.
Төмөр:           Хүн зовлон үзэж байж хатуужиж, бас ухааждаг бололтой юм. Би тэр ДОХ-той хүмүүсийг өрөвдөж хайрлаж байна. Тэднийг хүмүүс бас ойлгож, тусалж дэмжиж амьдраасай... 
 
                                                                / хонх дуугарах /
 
Төмөр:           Энэ лав ээж...
Сувд:              Тийм, эгч байх шүү   
            
                                                       / хаалга нээх чимээ гараад /
 
Сувд:              Өө, эгч... Алив би хувцсыг тань авья. Гадаа нэлээд хүйтэн байгаа байхнээ.
Эх:                  Сүрхий чанга байна. /гэснээ их л хөгжилтэйгээр/ Гадаа хүйтэн миний доторх халуун хоёр яг тэнцэхээр байна.
Төмөр:           За ээжийн дотор яахаараа халчихдаг билээ. Зуу татчихаа юу... /инээнэ/
                        / Сувдаа ч бас инээнэ... /
Эх:                  Зуу татсанаас ч илүү халуун байнаа, хө.
Сувд:              Яасан хэрэг бүтэмжтэй юу?
Эх:                  Бүтэмжтэй, тун бүтэмжтэй. Тэгээд л миний дотор халуун байгаа хэрэг шүү дээ.
Төмөр:           Ээжээ энд суу. За... хурдан яриарай, юу гэнэв. Намайг тэр сувилалд авна гэнэ үү?
Эх:                  Авахаар барах уу даа. Биднийг дуртай үедээ хүрээд оч гэж байна. Тэнд тун сайхан гэнэ дээ. Тэргэнцэр дээр сууж сурах төдийгүй бие бялдараа хөгжүүлдэг гэнэ. Бас хөдөлмөр эзэмших сургалтанд сурдаг гэнэ. Тэнд хүн ямар сайхан болдогын жишээг ээж нь сая үзэж танилцаад ирлээ.
Хоёул:            /зэрэг/ Юу үзэв, яриач...
Эх:                  Эхлээд нэг юм үзүүлье...
 
                                   / гялгар цаас шажигнуулаад нэг зүйл гаргаж ирж байгаа чимээ /
 
Хоёул:            /гайхсан өнгөөр/ юу вэ...?
Сувд:              Ямар хөөрхөн юм бэ?
Төмөр:           Загас байна шүү дээ, түлхүүрийн оосор юм байна.
Сувд:              Ямар хөөрхөн юм бэ та хаанаас худалдаж аваа вэ?
Эх:                  Та хоёр сайн хар... хаанахын зүйл бололтой байна..?
Сувд:              Ёстой мэдэхгүй. Дорно зүгийн юм уу даа...
Төмөр:           Ээж та хэнд авсан юм бэ?
Эх:                  Надад бэлэглэсэн юмаа?
Хоёул:            Хэн...?
Эх:                  Саранцэцэг гэж нэг тэргэнцэртэй бүсгүй... Би Энхтуяатай уулзах гээд очсон чинь ямар их сонин сайхан зүйл үзэж, дуулаваа. ..
Төмөр:           За... за яриад байгаарай, ээжээ...
Эх:                  Тахилт сувилалын газрын дэд захирал Энхтуяа гэдэг бүсгүй чинь бас тэргэнцэртэй юм байна. уг нь инженерийн мэргэжилтэй байснаа ослын улмаас нуруу нугасны гэмтэлтэй болсон гэнэ. Тийм байтлаа ажил хөдөлмөр эрхлээд, зовлон нэгтнийхээ төлөө зүтгэж яваа сайхан бүсгүй юм.
Сувд:              Одоо өнөө сувилалын газрын дарга гээд байдаг уу?
Эх:                  Тиймээ. Би бас тэнд олон сайхан хүмүүстэй танилцлаа. Тэдний бүтээлийн үзэсгэлэнг үзэж харлаа. Үйлдвэрийнхнээс дутуугүй юм хийдэг хүмүүс байна. Уран зангилаагаар бэлэг дурсгалын зүйлээс эхлээд бүс, цүнх, малгай гээд юу эсийг бүтээж болдогыг анхи удаагаа харж биширлээ. Одоо та хоёрын хараад, гайхаад байгаа энэ загасны дүрстэй түлхүүрийн оосорыг Саранцэцэг гэдэг бүсгүй надад бэлэглэсэн юм. Тэр бүсгүй охидуудад газар дээр нь гар утасны зүүлт, гарын бугуйвчийг ердөө хэдэн минутын дотор зангидаад өгч байсан.
Төмөр:           Тэгвэл энэ загас... Ёстой сэтгэл шингэсэн бүтээл байна даа.
Эх:                  Тийм шүү, хүн амьдралд зорилготой, зоригтой амьдрахын үлгэр жишээ болсон сайхан хүмүүс тэнд байсан. 
 
                                                                            / хөгжим /
 
Сурв: Эрхэм сонсогчид оо, “Сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанаас ярьж байна. УБ хотын төвд байх Шинжлэх ухаан Мэдээллийн паркад Ноос ноолуур, арьс шир нэхий эдлэлийн үзэсгэлэн худалдаа нээгдэж, хэдэн хоног хөл ихтэй байна. Тус үзэсгэлэнд үндэсний манлай үйлдвэрүүдээс гадна тахир дутуу иргэд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ оролцсон байв.
Тахир дутуу иргэдийн хөдөлмөр оролцоог нэмэгдүүлэх төслийн лого хадсан хэсэгт бусдаас илүү хөлтэй байна. Энд тавьсан савхин эдлэл, эсгий болоод ноос ноолууран бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлийг үйлдвэрлэгчид нь тахир дутуу иргэд. Тахир дутуу иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт сайн байв. Яагаад юм бол...?
/ХАЛЬС/ ЭТ: Энэ үзэсгэлэнд оролцоход биднийг тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төслийнхөн их дэмжсэн. Манай сургалтанд хамрагдсан 6 тэргэнцэртэй хүн бүтээлээрээ оролцлоо. Энэ сургалтанд нийт 40-өөд хүн хамрагдсан. Манай хүмүүс материал түүхий эдээ өөрсдөө олж гэрээрээ ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой хэмжээний орлого олж байна. Хамгийн гол нь эдгээр хүмүүс нийгмийн дунд ороод, бусадтай адил ажиллаж хөдөлмөрлөөд явж байгаа нь сэтгэл санааны их дэмжлэг юм. Манай хүмүүс бүтээгдэхүүнээ бүгдийг гараар хийдэг болохоор өндөр үнэлэгддэг. Хэрэглэгчид ч бүтээгдэхүүний чанарыг ялгаж таньдаг болжээ. Бүтээгдэхүүн сайн борлогдож байгаад бид баяртай байна. Тэргэнцэртэй хүмүүс эмчилгээ хийлгэхийн чацуу сургалтанд хамрагдаж эдгээр бүх зүйлийг хийсэн юм шүү дээ. Учир нь бид эмчилгээнд ирж байгаа хүмүүсээ гар урлалын сургалт давхар явуулдаг юм. Энэ ажил маань хүмүүст их таалагдаж байна. Би энэ хүмүүсээр бахархдаг. Маш их тэвчээртэй, сэтгэл зүйн хувьд өндөр чадвартай хүмүүс байдаг. Ямар ч юм заасан хурдан сурдаг, урамтай хүмүүс. Бид компьютер, зөөлөн тоглоом, гар урлал гээд хэд хэдэн сургалт явуулсан. Мөн спортын төв ордонд тэргэнцэртэй хүмүүсийн газрын теннисийг долоо хоногт гурван удаа явуулж байна. Багш нарыг гайхтал хурдан сурдаг.
Ер нь монголд тэргэнцэртэй иргэд ажил хөдөлмөр эрхлэнэ гэдэг их хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл эдгээр хүмүүст зориулсан дэд бүтэц, зориулалтын бие засах газар, унаа тэрэг, зам гарц байхгүй. Ажил хийхийн тулд маш их зардал гаргадаг. Өдөр болгон таксидана гэж байхгүй шүү дээ. Гэтэл энэ хүмүүс энэ бүгдийг сэтгэл зүрхээрээ хийж байгаа нь бахархууштай. 
                                                / таслал /

                          /ХАЛЬС/ Сурв: Өөрийгөө танилцуулна уу?
СЦ: Намайг Саранцэцэг гэдэг. Би одоо 38 настай, 4 хүүхэдтэй. 98 онд автын осолд ороод нуруу нугасны гэмтэл авсан. Гэртээ 3 жил хэвтэрт байсан. Дөрөв дэх жилээс нь аажим аажмаар хөдөлж, сүүлийн нэг жил ажил хөдөлмөр эрхлээд явж байна. Хүмүүсээс захиалга аваад сарын орлого 20-30 мянгаас тасрахгүй. Хүн өөрөө хичээгээд сэтгэл гаргавал юуг ч хийж болно, болохгүй юм гэж үгүй. Энэ үзэсгэлэнд уран зангилаа бүтээлээр оролцож байна. Борлуулалт сайн байна. Залуучууд болон гадаадын хүмүүс их сонирхох юм. Ялангуяа япон, солонгос, оросын жуулчид их авч байна.
                                  / таслал /
Сурв: Одоо та бүхнийг нэг залуутай танилцуулъя. Ганболд гэх 30 гаруйхан настай энэ залуу циркийн агаарын гимнастикчин явжээ.   90-ээд оны дундуур Герман улсад тоглолтоор явж байхдаа агаараас унаж нуруу нугасандаа гэмтэл авсны улмаас арваад жил тэргэнцэр дээр амьдарч байгаа юм байна. Циркчин байсан залуу амьдрахын эрхээр янз янзын юм хийж сурчээ. Нэг үе малгай, буриад гутал хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд савхин бээлийгээр дагнан ажиллаж байна. Өнөөдөр тэрээр савхин эдлэлийн багш болж, олон арван хүмүүст савхин бээлий яаж хийхийг зааж сургаж байна. Анх герман бээлийг задалж эсгүүр, оёдлыг нь судалж байгаад сурсан гэнэ. Одоо түүний яриаг сонсоё.
                        /ХАЛЬС/ Сурв: Хэнээр ч  багшлуулаагүй, өөрөө өөртөө заажээ дээ?
ГБ: Урьд нь юм оёх нь битгий хэл утас зүү ч барьж үзээгүй байсан. Тэгээд зүгээр сууж чаддаггүй юм чинь янз янзын юм сурсан. Өнөөдөр газрын тенниссээр хичээллээд явж байна даа.
                        Сурв: Савхин бээлийг яаж оёдог вэ?
ГБ: Эхлээд хийхэд хэцүү. Янз янзаар үзнэ. Анхандаа гараар цоолдог байсан бол сүүлдээ машинаар цоолж нүхэлж байгаад оёдог болсон. Энэ арга нь арай дөхөм юм. Өнөөдөр тэргэнцэртэй залуучуудад савхин бээлий оёж сураад амьдрал ахуйгаа өөд татаад явж байна.
Сурв: Энэ үзэсгэлэнд үйлдвэрийн олон бээлий байхад танай бээлийг л хүмүүс их сонирхож, худалдан авч харагдах юм. Хийц дизайныг өөрөө гаргасан уу?
ГБ: Тийм. Бид өөрсдөө гаргасан. Манайд зураач мэргэжилтэй хоёр, гурван залуу байдаг юм. Тэд маань хээ хуар, өнгө үзэмж, яаж нүхлэх вэ гээд өөрсдөө сэтгэсэн. Уул нь машинаар дотор талаас  оёх нь хурдан байдаг боловч ханзрах нь их Иймээс гараар гаднаас нь тойруулж оёх нь илүү сайн. Наанадаж ханзарсан тохиолдолд өөрсдөө гаднаас нь оёж болдог давуу талтай.
Сурв: Хийц дизайн сайхнаас гадна сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн гэж хэлмээр байна?
ГБ: Тийм шүү. Өдөртөө нэг бээлий гаргадаг. Нилээн цаг хугацаа, хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнийг маань сонирхож байгаад бид их баяртай байна.
Сурв: Хичнээн хүнд багшилсан бэ?
ГБ: Нэг ээлжинд 7-8 хүнд заадаг. Эд маань цаашаа ээж, аав ар гэрийнхэндээ заадаг. Жилдээ 350 мянган төгрөгийн орлоготой байдаг.
Сурв: Циркчин хүн гэнэт тэргэнцэр дээр суухад их л хүнд байсан байх даа?
ГБ: Мэдээж. Гэнэт суугаа болоод ямар хэцүү гээч? Үгээр хэлэх аргагүй. Эхний хоёр жил гэртээ маш их бэлтгэл хийдэг байлаа. Нугасны хүнд бэртэл тийм ч амар босч ирдэггүй юм байна. Гэхдээ тэргэнцэртэй хүн гэдэг чинь хараагүй хүнийг бодвол бас ч учиртай. Гэрийнхэндээ дарамт учруулахгүйн тулд янз янзын юм оролдож хийж сурч байна. Тахилт сувилалд очоод олон найз нөхөдтэй болж, сэтгэл санааны хувьд ч өөдрөг болсон.
Сурв: Энэ зуур сонсогч танд сонирхуулахад, үзэсгэлэн худалдаан дээр ирсэн манай хүмүүс төдийгүй гадаадынхан үйлдвэрийн савхин бээлийг авахаасаа илүү тахир дутуу иргэдийн гараар оёсон савхин бээлийг илүү авч байсан юм. Хэрэвээ та захиалгаа өгвөл савхин бээлийг тань таны хүссэн өнгө, загварын дагуу хоёр өдөрт багтаан гаргаж өгөх юм байна.
Сурв: Та бүхэн “Сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн” үзэсгэлэн- худалдаанаас хийсэн сурвалжлага сонсголоо. 
 
                                        / хөгжим залгаад ахуйн шум орж ирээд /
 
Төмөр:           Ямар сайхан юм бэ? Би ерөөсөө савхин бээлийн оёдог хүн больё.
Эх:                  Миний хүү ч гарын уртай хүн дээ. Савхин бээлий байтугай юуг ч хийх хүн шүү дээ. Гэхдээ эхлээд тэргэнцэр дээрээ сууж сурах хэрэгтэй, найз нөхөд, хамт олонтой болох хэрэгтэй. Тахилтад чамайг олон найз нөхөд чинь хүлээж байгаа. Миний хүүд амьдралд дахин хөл тавих цаг ирнээ.
Сувд:              Нээрэн тийм шүү.
Төмөр:           Тиймээ, ээжээ, Сувдаа та хоёр намайг хараарай. Би бусадтай адил амьдрах болно. 
 
                                                                            / хөгжим /
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив