Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

ЭЭЖИЙН ХҮҮ...

/ Сонсож болно /



НЭВТ: Сонсогч та Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрын хөөмийч Баатаржавын Болд- Эрдэнийн тухай ЭЭЖИЙН ХҮҮ аялгуут хөрөг хүлээн авч сонсоно уу.
 
                                                                                / хөгжим /
 
НЭВТ: Байгаль эх ховор нандин бүтээлээ газар газрын хүмүүст хишиг болгон хувааж өгсийм гэдэг. Тэгэхдээ хамгийн нандин, хамгийн содон сайхныг нь Төв Азийн өндөрлөгийн цөөхөн монголчуудад өгсөн шиг. Яагаад гэвэл бидэнд гайхаад гайхаад баршгүй уртын дуу байна. Хос чавхдсаараа хорвоог уяраан дуурсдаг морин хуур байна. Бас өнөө ч учир зүйг нь бүрэн төгс тайлж амжаагүй өвөрмөц нэгэн урлаг болох хөөмий байна. 
 
                                                         / хөөмийн аялгуу орж ирээд фон дээр /
 
НЭВТ: Монгол газрын нэгэн содон өнгө болох хөөмийн өвөрмөц аялгуу хэзээ хэрхэн үүссэнийг эс мэдэвч цаст өндөр Алтайн түмэн эгшиглэн, мянган аялгуунаас үүссэн гэх яриа байдаг. Бараг л хүн бүхэн нь дуучин байдаг монгол газар хөөмийн урлагийг зуун зууныг дамжуулан ирэхдээ хүссэн бүхэн хөөмийч болж чаддаггүй нь нууц хэвээр байна. Байгаль эхийн ховорхон хувь хишгээс хүртсэн цөөн хүмүүсийн нэг бол Баатаржавын Болд-Эрдэнэ юм. Тэрээр Үндэсний дуу бүжгийн Эрдмийн театрын хөөмийч, энэ жил 23 настай. 
 
                                                                                       / хөгжим /
 
НЭВТ: Нов ногоон талд сувд эрдэнэ лугаа хэсэг гэр байх. Хаяа сөхөөстэй том гэр хүүхдүүдийн хөгжин инээлдэх дуунд дайвалзан хөдлөх шиг. Гэрт арав орчим насны хэдэн багачуул хөөцөлдөн тоглож байна. Хонгор сэвлэгтэй нэлээд хөдөлгөөнтэй байрын шар хөвүүн их л өвөрмөц авиа гарган үхэр болон мөөрч, дөрвөн хөллөн өнөө хэдийгээ бужигнуулан хөөх аж. Хүүгийн гаргах авиаг нөхөд нь дуурайх гээд ч чадахгүй. Байгаль  “харам” хишгээ тэр сахилагагүй шард хайрласныг хөвүүн өөрөө ч эс мэднэ. Харин эжий нь түүнийг олж ажиглажээ
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Бага ахуй цагтаа дуугарч байсан тэр авиагаа одоо гаргаж болох болов уу?
БОЛД-ЭРДЭНЭ: Өнөөдөр би мэргэжлийн хөөмийч болчихлоо. Ямар нэгэн юманд баригдмал болчихдог учраас сайн болохгүй байж магадгүй. Гэхдээ би дуугарах гээд үзье. /үхэр мөөрөх, хонь ямаа майлах чимээ гаргаж үзүүлнэ/ Одоо эргээд бодоход энэ бүхэн хөөмийний нэгэн төрөл зүйл байжээ. Тэр үед хүүхэд айлгаж, шоглож явсан минь харин миний хөөмийлөх анхны сургууль болж байж шүү дээ
СУРВАЛЖЛАГЧ: Хөөмийг монголчуудын ахуй амьдрал, мал хуй, уул уснаас үүсэлтэй язгуур урлаг гэдэг байхаа?
БОЛД-ЭРДЭНЭ: Тийм шүү. Хөөмий бол нүүдэлчин монголчуудын аж амьдрал, цаг уур, зан заншлаас үүдэлтэй. Ер нь хөөмий хүнээс их хүч шаарддаг урлаг. Тиймээс ч энэ урлаг нь монгол хүний бие бялдар, хоолойн хүч чадалтай их холбоотой шиг.
СУРВАЛЖЛАГЧ: Хүүхэд бүр л ингэж тоглодог шүү дээ. Хамгийн гол нь авьяасыг нь олж харна гэдэг чухал юм даа.
БОЛД-ЭРДЭНЭ: Тэгэлгүй яахав. Ээж л анх миний авьяасыг нээсэн хүн. Үнэндээ би урлагийн хүн болно ч гэж төсөөлж явсангүй. Ээж намайг мэргэжлийн багш дээр аваачиж шалгуулаад хөөмийч болох эхлэлийг минь тавьсан юм. Өнөөдөр өдий дайтай яваа минь ээжийн ач буян. Ер нь урлагийн бүхий л эрдмийг ээжээсээ сурч байна даа. Одоо ч суралцсаар л байна. Би уран бүтээлээ дандаа ээжтэйгээ зөвлөж ярилцдаг. Ээждээ маш их баярлаж явдаг. 
 
НЭВТ: Болд-Эрдэнийн ээж бол монголчууд бидний сайн мэдэх дуучин. Магадгүй Болд-Эрдэнийн ээж гэхээр хүмүүс мэдэхгүй байж болох. Харин Ардын дууны Даваахүү гэвэл бүгд андахгүй. Одоо нэрийг нь сонсуутаа л дуулдаг дууг нь аялж суугаа байхаа Ингээд Болд-Эрдэнийн ээжийн дуулсан дууг нь хамтдаа сонсоё.
 
                                                            / Даваахүүгийн дуулсан ардын дуунаас /
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Ээж чинь чамайг мэргэжлийн багшид шалгуулж байх тэр үед чи хөөмий гэж юу байдгийг сайн мэдэхгүй л байсан байх даа. Анх шавь орж байснаа яриач?
БОЛД-ЭРДЭНЭ: Өө, их хэцүү байсан. Хоолойгоо шахахад их хүч ордог юм. Хөөмийн гол үндэс нь хоолойгоо шахах шүү дээ. Түрүүн миний ямаа шиг дуугарсан дуугаралтанд хөөмийн гол шинж, бүх л ур чадвар нь оршдог юм. Намайг анх шавь ороход багш: “За чи нэг уул зураадах. Тэгээд тэр уулынхаа дүрсийг хөөмийлж өнгө оруулахыг хичээ” гэлээ. Тэгээд нүдэндээ нэг уул дүрсэлж бодоод тэр уулаа хөөмийлж өнгө гаргах гэж их ч цаг хугацаа зарсан, бас их ч ядарсан даа. Анхандаа их ядардаг байлаа. Толгой их өвдөнө. Зарим үед хичээл дээрээ төгөлдөр хуураа дэрлээд унтчихна. Хөөмий сурах үнэхээр амаргүй.
СУРВАЛЖЛАГЧ: Мэдээж хөөмийлөх гэдэг дуу дуулахтай адилгүй л дээ. Дууг бол хүн бүр өөр өөрийнхөөрөө дуулчихна. Гэтэл хүссэн бүхэн хөөмийлж чадахгүй. Ингээд бодохоор дуулах хөөмийлөх хоёр асар их ялгаатай шиг...?
БОЛД-ЭРДЭНЭ: Тийм шүү. Манай багш Жаажий гуай: “Зуун хүний хоёр нь л хөөмийлнө дөө” гэдэг байсан юм. Бас УГЖ Сундуй гуай: “Хөөмий гэж хүссэн бүр сурдаг зүйл биш” гэж хэлж байсан. Нээрэн л хөөмийг хэр баргийн хүн сурах боломжгүй.
СУРВАЛЖЛАГЧ: Сая чи уулыг хөөмийгөөр илэрхийлдэг гэж сонин зүйл ярилаа. Одоо би уул зурья. /цаасан дээр зурах чимээ гараад/ За, их л хурц шовх уул зурчихлаа... Одоо энэ уулсыг хөөмийн өнгөөр илэрхийлж сонирхуулна уу?
БОЛД-ЭРДЭНЭ: За тэгье. Тэгэхлээр энэ уулын эхлэл цэгээс төгсгөлийн цэг хүртэл миний хөөмийлөх өнгө гарна. Хөөмийн дэлхийд гайхагддаг нэг онцлог нь хоёр өнгийг зэрэг илэрхийлж болдогтоо байдаг юм. Одоо... энэ уулын бэл хэсэг нь хөөмийн суурь өнгө болоод уулын өгсөж уруудсан хэсэг нь дээд исгэрээ болох ёстой. За би таны зурсан уулыг дуугараад үзье дээ.
/ цаасан дээр зурсан уулыг хөөмийгөөр илэрхийлж үзүүлэх /
СУРВАЛЖЛАГЧ: /баясгалантай инээгээд/ Ингэхэд би тун сонсголонтой сайхан уул зурсан байна шүү. Энэчлэн Хөөмийн талаар сонирхуулах өөр сонин содон зүйл юу байна?
БОЛД-ЭРДЭНЭ: Хөөмийлөх нь хүнд олон ач тустай гэдэг. “Хөөмий сурсан хүнд хоолойны өвчин бараг тусдаггүй” гэж манай багш хэлж байсан. Миний мэдэхээс гэвэл манай нэг найз хүнд зодуулснаас болж нэг уушиг нь задарсан юм. Хэдэн сар эмнэлэгт хэвтэж, эцэст нь нэг уушгаа авахуулсан. Тэгээд найз маань эмнэлгээс гарч ирээд Одсүрэн багшаар хөөмий заалгаж, хөөмийлдөг болсон юм. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа нөгөө авахуулсан уушиг нь сунаж томроод эрүүл уушигтайгаа адилхан болсон байсан. Хөөмийн энэ ач тусыг эрдэмтэд үзээд ихэд гайхаж, тодорхой тайлбар өгч чадаагүй гэдэг. Үүнээс харахад хөөмий нь их хүнд урлаг гэлээ ч зөв сурах юм бол хүнийг эрүүл чийрэг, бие бялдарын зөв хүмүүжилтэй болгодог урлаг байгаа биз. Түүнээс гадна байгальтай тун ойрхон урлаг. Энд нэг жишээ сонирхуулахад, “Нэг үе УБ хотод буга орж ирдэг байлаа шүү дээ. Тэр бугын сүргийн дэргэд ойрхон очоод хөөмийлөхөд /хөөмийлж үзүүлээд/ Өнөө бугын сүрэг аажим аажмаар манай найз руу ойртож эхэлсэн. Тэгээд бүр гараараа бугыг илж байсан гээч. Угтаа бол уулын зэрлэг бугыг хүн илэх нь байтугай, ойрхон ч очиж чадахгүй шүү дээ. Энэ бүгдээс үзэхэд хөөмий үнэхээр гайхамшигтай байгаа биз? 
 
                                                    / Хол л байна даа буриад ардын дууны найруулага /
 
НЭВТ: Та бүхэн “Хол л байна даа” буриад ардын дууны найруулгыг сонслоо. Болд-Эрдэнийн энэ бүтээлд дуулж байгаа эмэгтэй бол түүний эжий дуучин Даваахүү юм шүү. Болд-Эрдэнэ бол Дорнод нутгийн хүү. Сайхан дуу хуур, бүжиг наадмаараа монгол газраа алдартай буриад зоны аялгуут дуу түүний уран бүтээлийн санд бас өөрийн гэсэн байр суурь эзэлжээ. Болд-Эрдэнэ буриад зон байтугай бүх монголчууд ч дуулах дуртай “Хол л байна даа” энэ дууны хөөмийн найруулгадаа клип хийлгэх гэнэ. Хэлмэгдүүлэлтийн хар шуурганаар залуу хосууд үүрд хагацан салсан хэдий хонгор үр нь төрснөөр хүний амьдрал төгсөшгүй гэдгийг харуулсан энэ клип удахгүй үзэгч олны гар дээр очих болно. 
 
                                                                             / хөгжим /
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Хөөмийг манай баруун зүгийн нутгийн уул уснаас үүсэлтэй гэдэг. Тиймээс ч олон алдартай хөөмийчид баруун зүг, тэр дундаа Ховдын Чандманаас төрсөн байдаг. Гэтэл өөрөө Дорнотын цэлгэр тал нутгт төржээ?
БОЛД-ЭРДЭНЭ: Тийм шүү. Олонх хөөмийчид монгол газрын уул устай хангай нутгаас төрсөн байдаг. Гэтэл би Дорнотын хээр талд төрсөн. Намайг хөөмийлөхөд нутаг ус минь сэтгэлд бууж, жижигхэн дов толгод нь нүдэнд ургаад ирдэг юм. Миний хөөмийлөхийг сонссон хүнд ч гэсэн тийм дүрслэл буудаг болов уу. Ер нь хөөмийлөхийг сонсож байгаа хүн их тайван, аядуу харагддаг юм шүү дээ. Жирэмсэн хүнд хөөмийн эгшиг сонсгоод, яг төрөх үед нь хөөмийлвөл өвдөхгүй төрдөг гэлцдэг юм билээ. Бухимдсан, ядарсан үедээ хөөмий сонссон хүн тайвширч, санаа сэтгэл нь сайхан болдог. Хөөмийг маш энгийнээр хэлбэл хүний хоолойноос гарсан өнгийг хэлээрээ тоглож байна гэсэн үг. Хүнд хүрэхдээ их сайн урлаг даа.
СУРВАЛЖЛАГЧ: Би дахиад зураг зурмаар санагдаад байна. Цэлгэр уудам талын дунд жижигхээн толгод байна. Миний энэ зураг хөөмийд яаж буух бол?
БОЛД-ЭРДЭНЭ: Би таны зурсан зургийг өөрийнхөө харснаар илэрхийлвэл... /хөөмийлөх аялгуу орж ирнэ/
 
                                                                                / хөгжим /
 
НЭВТ: Хөөмий олон төрөл гэдэг ч тогтсон тоо байхгүй. Энэ талаар хөөмийчид хийгээд судлаачид таван төрөл, долоон төрөл, арван хоёр төрөл гээд янз янзаар тодорхойлсон байдаг. Хөөмийч Болд-Эрдэнэ ярихдаа: “Минийхээр бол шахаа, хархираа, харгиа гэсэн үндсэн гурван төрөл байх бөгөөд энэ үндсэн гурван төрлөөс үелзүүр, шулуун, хархираатай исгэрээ, дандилдах гээд маш олон техник салбарлан гардаг юм. Цаашид судлах зүйл их байна” гээд үндсэн 3 төрөл болох харгиа, хархираа, шахаа хөөмийг тайлбарлан хөөмийлж өгсөн юм.
 
                                                / хөөмийн аялгуу орж ирэх /
 
НЭВТ: Сонсогч та Болд-Эрдэнийн урын сангаас коллекшин бүтээлийг сонсож байна.
 
                                                                    / тодорч ирээд дуусах/
 
НЭВТ: Болд-Эрдэнэ айлын отгон хүү. Хэзээ мөнхөд ээжээсээ дүүжлээстэй явдаг байсан гэнэ. Ээжийн эрх жаахан хүү цэрэгт мордон мордотлоо ээжийнхээ өвөрт унтах дуртай. Ямартаа л цэргээс халагдаж ирсэн өдрөө л эжийнхээ өвөрт унтаж байхав. Эжийнхээ өвөрт дурлахын учир мэдээж тодорхой. Гэвч улс орондоо төдийгүй хилийн чанадад өөрийн гэсэн фэнтэй болсон Болд-Эрдэнийн тэр нууцыг дэлгээд яахав. За тэгээд тэр хип хоп дуунд дуртай атлаа эжийнхээ дуулсан ардын дууг сонсохоор уйлмаар санагддаг гэсэн. Ингэхлээр хөөмийч Болд-Эрдэнэ яах аргагүй эжийгийн хүү байгаа биз...? 
 
                                                     / Бүлээн нурам киноны дууны найруулга /
 
НЭВТ: Болд-Эрдэнэ бага ахуйдаа өөрийгөө урлагийн хүн болно гэж төсөөлөөгүй ч явж. Харин гарын уртай, ажилч хичээнгүй буриад зоны хүү мод чулуугаар хөөрхөн юм хийчихдэг байсан болохоор мужаан болно л гэж боддог байжээ. Мужаан болно гэдэг залуу хөөмийчин болохдоо бас ч тийм амар зам туулсангүй ээ. Зул-сар хөөмийчийг дагаж ч явж, бие дааж ч үзэж. Үнэндээ хөөмий сурах амаргүй даваа хойно халшрах үе ч байсан гэдэг. Гэлээ ч тэр байгаль эхийн ховорхон заяадаг хишгийг хүртэж чадсан. Одоо улам сайн хөөмийлж, байгаль эхээ баярлуулах л үлджээ. Ингээд Болд-Эрдэнийн хөөмийлсөн “Хэрлэн” дуугаар эл нэвтрүүлгээ өндөрлөе. 
 
                                          / хөөмий – Хэрлэн дуу орж ирээд дуусах /
 
                                                                                                                              2004 он
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив