НЭВТ: Та бүхэн ЦАГААН САР НЭГ Л БИШ... асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг хүлээн авч сонсоно уу.
/ хөгжим /
НЭВТ: Цагаан сар дөхөөд ирэхээр баяр хөөр болохоосоо илүү,
элий халаг юу юугүй цагаан сар боллоо. Хэдэн төгрөг хаанаас олох билээ, ууц
шүүсээ яаж болгох билээ. Бууз баншаа яаж боох билээ. Хэдэн боов боорцгоо яаж
хийх билээ. Амьтан хүний нүд хуурах тамхи тариа, хямд төсөр гарын бэлэг яаж
олох билээ гээд учирсан бүхэн шахуу хэлэх энэ үг, энэ шаналан жилээс жилд
татрах янз ер үгүй. Монголчууд
цагаан сараа яагаад ийм бэлэггүй үгээр угтах болов оо?
НЭВТ: Монголчууд бидний цагаан нэг л бишээ...
/ хөгжим /
НЭВТ: Цагаан сар бол монгол түмний хамгийн том баяр. Билгийн
улиралын тооллоор шинэ хуучин он солигдох шинийн нэгний өдрийг ёслол төгөлдөр
тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдөр хахир өвлийг давж урин хавартай золгосны
баяр. Мөн нэг нас нэмсний баяр болдог. Монголчууд төрсөн өдрийн баяр гэж тусгай
зүйл хийдэггүй. Цагаан сараар нас нэмсний баяр хэмээн нэг үгээр төрсөн өдрийн
баяраа хийдэг эртний заншилтай байжээ. Нэгэнтээ Чингэс хаан зарлиг буулгаж
улсын сан хөмрөгөөс шар алт мянган лан, цагаан мөнгө түмэн лан, зотон даавуу
арван түмэн хэсгийг гаргаж, 60 наснаас дээшихэд хоёр хувь, 80 наснаас дээшихэд
гурван хувь, 90 наснаас дээшихэд дөрвөн хувь, 100 наснаас дээшихэд таван хувь
шагнахын зэрэгцээ нэгэн зуун арваас дээших настныг надад бараадуул, нэгэн зуун
хориос дээших настныг олвол их өтгөс цол олгож таяг тулуулан надад бараадуул,
түүнээс өндөр настан байваас сүйх тэргэнд суулгаж дамнан ирж надад бараадуул.
Тэдгээрт тусгай шагнал олго хэмээн тушааж, настан өтгөсдөө төрийн хишиг
хүртээдэг байжээ.
Шинийн нэгний өдөр монголчууд тэнгэртээ мөргөж, ахас
ихэстээ золгохоос гадна төрийнхөө сүлдэнд мөргөн ёсолдог. Энэ нь цагаан сар бол
төр ёсны их баярын гэрч бөгөөд ард түмэн нь төр ёсоо эрхэмлэн дээдэлдэг, төр
засаг нь олон түмнээ хүндэтгэдэг соёл билээ. Цагаан сар нь цагаан идээний
баярын их утгаа өнөө ч хадгалсаар авай. Цагаан сүү, цагаан өнгөнд ариун сайхан
бүхэн хийгээд цайлган цагаан сэтгэлийн бэлгэ тэмдэг гэдгийг илтгэдэг ажгуу. Цагаан сар нь монголчуудын аж амьдралын
нэгэн жилийн эхлэл болдог тул тэр өдөр ямар байнав, тэр жилдээ тийм байна
хэмээн ихэд бэлэгшээдэг билээ.
Өнөө цагт монголчуудын цагаан сар нэг л бишээ... Үүнийг
би хэнээс асуух билээ гэж бодож бодож мөнгөнөөс асуулаа.
/ хөгжим /
МӨНГӨ: Би мөнгө. Мөнгө би монголчуудын цагаан сарын үеэр ямар
байдгийг хүн та мэдэх үү? За яахав, та нар бодохдоо мөнгөний хэрэгцээ урд урдынхаас илүү их болж, толгойтой
болгоны сэтгэлийг шаналгадаг эд гэж боддог байх. Тэгвэл мөнгө би цагаан сарын
өдрүүдэд маш ихээр шаналж, чухам л мөнгө болсон заяандаа гутардаг. Хэдэн зууны
тэртээгээс монголчууд цагаан сараа тэмдэглэхдээ мөнгө намайг барьж золгодог
байсан гэж үү. Ахмад настныхаа амрыг эрэн мэндчилэхдээ алаг цаас сарвайж
зогсдог байсан гэж үү. Монголчууд та
нарын эцэг өвгөд, элэнц хуланц тань бие биедээ хандах чин сэтгэлээ мөнгөөр
илэрхийлдэг байсан юм гэж үү. Гэтэл шинэ цагийн монголчууд мөнгө миний өнгөний
хувирах төдийгөөр бие биенээ үнэлж цэгнэж, бас сэтгэлийн чанар гэж тодорхойлох
болжээ. Цагийн аясыг дагаад сайхан хөгшид нь хүртэл “урт насла, удаан жарга.
Энх жаргаж мөнх яв” гэдэг үгэн бэлгээ умартаж, үнэрлэхчээ аядаад мөнгө миний өнгийг таних гэж тачир сормостой нүдээ
онийлгон ширтэх нь өрөвдөлтэй. Хөлд орж тэнцэн ядан байгаа алаг үрс нь хүртэл
божгор бор гартаа мөнгө бариад тэмүүлнэ. Айл айл хэсэж сархад хүртсээр байгаад
дэн дун болсон намбалаг эр настан буурлынхаа бэлигтэй сайхан үгийг нь сонсохын
оронд өврөө тэмтчиж мөнгө намайг хулмалзуулна. Ингэж л мөнгө би монголын цагаан
сараар хамгийн их хэрэгцээтэй зүйл болдогтоо огтхон ч баярладаггүй ээ,
баярладаггүй. Харин гомдож гутрахдаа монголчууд минь уламжлалт сайхан ёс
заншлаа эргэж нэг хараач, бодооч гэж хэлмээр байна даа.
/ хөгжим /
НЭВТ: Биүүлэх ёсон. Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр
битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улиралын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл
үзэгдэж, битүү харанхуйлахаас үүдэн
лавай хэмээх өвлийн адаг сарын гучны буцаж байгаа буурал жилийн өтлөх
өдрийг буюу оны битүүрэх хангирсах өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Монголчууд
битүүний өдрийн өмнө хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусгадаг заншилтай. Мөн
эв түнжин эвдэрсэн хүн байвал даруй уулзаж эе эвээ засдаг ёстой. Лавай сарын 29-нд
айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо шороо тоосыг гөвж, утаа
тортогыг цэвэрлэж, хот хороогоо цэмцийлгэнэ.
Айл өрх бүр гэрийнхээ баруун тотгон дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг
цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиусын орох үүдийг нээхийн хамт зүүн тотгоны
дээр өргөс харгана, шарилж тавьж муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг
заншилтай. Энэ мэт битүүний өдрийн олон ёс дэг байх боловч онцолж нэгийг хэлье.
Битүүний оройноос эхэлж
бэлгэ дэмбэрэлтэй сайхан үг хэлэлцэж, үлгэр тууль хайлж, алаг мэлхий
өрөх, дөрвөн бэрх хаях, дунд хуруу олох зэрэг уран яруу хэллэгтэй тоглоом
наадмаар их багагүй наадна.
/ бичлэг дунд хуруу
олох наадам-баруун монгол аялгуугаар тоглох /
-
Жаажийтан хамаа хоновч
-
Хаанаанд хонолоов
-
Ямрам алж өгөвөө
-
Хөөж хөөж хөх ишиг,
Хааж хааж хар ишиг
Уургалж уургалж улаан ишиг
Цаламдаж, цаламдаж цагаан ишиг алж өглөө л
-
Ямрамым нь зоовоо
-
Өвчүү, ууц хоёрыг нь зоолоо
-
Өвчүү, ууц хоёр чинь яагалаа
-
Хүр дээр тавьчихаад
Хоороон халиаж байтал
Хүрэн халтар нохой аваад
Дэрс рүү дэлд
Хулс руу хулд гээд орж одлов л
-
Дэрсэн хулсан чинь яагалаа
-
Түймэр авчихлаа л
-
Түймэр чинь яагалаа
-
Хур ороод унтраачихлаа л...
/ хөгжим /
НЭВТ: Энэ нь монголчуудын цагаан сар үгийн бэлгэ, үгийн
тансгаар наадан цэнгэдэг нэгэн зүйл баяр болохын баталгаа юм. Тэгвэл бэлгэтэй
үг хэлцдэг монголчуудын цагаан сар өнөөдөр нэг л бишээ... Үүний учрыг ҮГ-нээс асуугаад үзье.
/ таслал /
ҮГ: Үг би тун хүчтэй билээ. Үгийн утгыг юу юунаас илүү
эрхэмлэн, муу үг хутга мэснээс ч хурц гэж үздэг үндэстэн бол монголчууд та нар
билээ. Битүүний оройноос эхэлж уран цэцэн үгээр хэлэлцэж, тансаг сайхан үг
хэллэгтэй наадмаар тоглож, шинийн өдрүүдэд билэгтэй үгээр харилцан мэндэлж, ган
тулгаа тойрон чулуун хөөргөө зөрүүлэн суухдаа нутаг ус, мал сүрэг, ахуй
амьдрал, ойр тойрныхоо сонин сайхныг хүүрнэн үгийн сайхнаар бие биендээ урам
хайрладаг монголчуудын ярилцах намба, хөдлөх төрх нэн гайхамшигтай билээ. Гэтэл
өнөө цагийн монголчуудын үг яриа нэг л бишээ. Үгийн сайхнаар хэлцдэг монгол
түмний үр садад гомдохдоо үг минь хомсдож, хэл минь гацаж байна. Харин эрдэмтэн
Цэрэнсодном гуайн хэлсэн үгийг дамжуулья.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ЭРДЭМТЭН: Монголчуудын мэндлэх хүндлэ ёс нь бараг л яруу найргаар
хэлэлцэж байгаа юм шиг байдаг. Цагаан сар биш жир өдөр ч тэр. Тухайлбал Нутаг хаана вэ? гэхэд, Анхайн мухар, Авдрын
гол, Арван гурван хужиртаар... гээд газар усныхаа нэрийг толгой холбоод
шүлэглээд хэлчих жишээтэй. Үүн шиг цагаан сарын мэндчилгээ ч мөн адил шүү дээ.
Сар шинэдээ сайхан шинэлж... Онд тарган оров уу, Одоо үеийн мэнд сайн уу... гэж
байх шиг. За тэгээд даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй онд мэнд
оров уу гэж байх шиг. Хүнтэй мэндлэхдээ нас намбаны эрэмбэ дэгийг айхтар
барина. Ухаа нь настай хүнд бол та лагшин тунгалаг байна уу, амархан морилж
байна уу? гэнэ. Хүүхдэд бол ингэж хэлэхгүй шүү дээ. За тэгээд жаахан
доошлуулбал, бие амархан, сар шинэдээ сайхан шинэлж байна уу гэх. Иингэж үгийн
зэрэг дэвийн ялгаа байдаг байна. Энэ зэрэг дэвийн ялгааг онохгүй хэлчихвэл
хүндэтгэх биш харин бүр ёжилсон болчихож мэднэ. Үг бол их хүчтэй зүйл. Тиймээс
монголчууд “Муу үг тэр өдрийн дараа. Сайн үг сарын хүнс” гэж ярьдаг. Тиймээс
хүнд муу үг хэлж гомдоохгүй, сайн үг хэлж урам хайрлаж байх хэрэгтэй. Сайхан үг
хэлцэж сэтгэлийн цэнгэл эдэлж байх хэрэгтэй. Бидэнд сайхан бэлгэ дэмбэрлийн үг
байна. Зүйр цэцэн үг байна. Ер нь монголчууд “Зүйргүй үг байдаггүй, зүүдэлгүй дээл байдаггүй” гэж хэлээд мэндлэх
хүндлэх үг хэллэг нь хүртэл яруу найраг байж дээ. Одоогийн хүүхдүүд монгол
ахуйгаасаа айхтар хол хөндий өсөж байна. Иймээс сар шинийнхээ өдрүүдэд энэ
сайхан ёсоо мэдрүүлж, хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй. Ер нь явж явж хүмүүсийн
хоорондын харилцаа их чухал юм шүү дээ.
Үүнийг л бид үр хүүхэддээ мэдрүүлж ойлгуулах ёстой юм. Настай хүнтэй
мэндлэх гээд хүүхэд залуучууд дараалаад зогсож байдаг шүү дээ. Тэгэхэд настан
буурал ерөөлийн сайхан үг урсгаж гарна. Хүн бүрд адилгүй өөр өөр үг хэлнэ. Нас
намба, байдал төрх, ажил мэргэжил гээд юм юманд нь тохирсон сайхан үг хэлнэ.
Нэг ёсондоо аман яруу найргийн сайхан сургаалын үг урсаад гарч байдаг. Одоо
ажиглаж байхад настай хүнд хүүхэл залуучууд мөргөөд золгож байгаа харагдах юм.
Ахмад настан нь үнсэж үнэрлэхээс хэтрэхгүй юм. Аятайхан үг оноод хэлчихэж
чадахгүй л байна. Санаад орсноосоо хэлбэл, урт насалж удаан жарга, сайн явж
санаагаараа жарга, Энх явж мөнх жарга, тэнгэр үзэж, тэгш жарга... гээд арав
хорин хүн орж ирлээ гэхэд нэг үгийг давтаж хэлэхгүй шүү дээ. Ийм л бэлэн зэлэн
сайхан үгтэй, хэл маань ч цэгцтэй, эвдээргүй баян тансаг байж дээ. Үг гэдэг
хүчтэй эд шүү дээ. Одоо үгийг хэмнэх, хайрлахаа больж. Хэлний талаар айхтар
анхаарахгүй бол болохоо байжээ. Хэл ядуурвал сэтгэхүй ядуурна шүү дээ.
ҮГ: Үнэхээрийн баян тансаг үг хэллэгтэй монгол түмний хэл
хомсдож ядуурч байгаа энэ үед, үгүй ядаж цагаан сараараа хэлдэг сайхан үг хэллэгээ эргэн санаж, хэлж
заншия гэж ҮГ би монголчууд та нартаа захъя даа.
/ хөгжим /
НЭВТ: Эрт цагт битүүний өдрөөс эхлээд шинийн өдрүүдэд муу үг
хэлэх, муухай араншин гаргах, шинийн нэгний өдөр дэмий хэсүүчлэх, их дуу чимээ
гаргах, үймэлдэн шахцалдах, хэмжээгүй их архи уух зэрэг зохисгүй үйлдэл
гаргахыг хуульчилсан байдаг байна. Тэгвэл өнөө цагийн монголчууд бид цагаан
сараараа ямархан байдаг болоо...? Энэ үгийг ЛОНХНООС асуугаад үзье.
/ таслал /
ЛОНХ: Цагаан, ногоон, хүрэн өнгөтэй өндөр, нам, цүндгэр,
хотгор гээд зүйл зүйлийн хэлбэртэй шилэн сав миний нэрийг ЛОНХ хэмээнэ. Архи
хэмээх шошгоноосоо лонх би хичнээн их айдгийг хүн та мэддэг болов уу. Мэддэггүй
бол тогтоож нэг сонсоорой намайг. АПУ-гийн цагаан архи, экс цагаан архи, Чингэс...
гээд дориун шошготой лонхнууд цагаан сарын үеэр ёстой нэг үйлээ үзнээ.
Экспортын цагаан архи шошготой лонх би цагаан сараар илүү үнэд орж угааж
цэвэрлэсэн дотор биенд минь урд хойд зүгийн энэ тэр газрын спиртээр найруулсан
ус цэлэлзэх үед лонх би ямар их ичиж, нүүр хийх газаргүй болдог гээч. Идээний
дээж сархад хэмээн хүндэлж ирсэн монголчууд жилдээ ганцхан тохиох цагаан
сараараа жил бэлтгэж хадгалсан хамгийн сайн охио хэрэглэж ирсэн уламжлалтай
билээ. Энэ хүндтэй ундаагаа дөч хүрээд дөнгөж л амсдаг, тавь хүрээд тавьж
амсдаг, жар хүрээд жаргаж хүртдэг монголчуудын үр удам цагаан сарын баяраараа
лонх лонхоор нь ууж, хөндий хоосон зай руу намайг ёстой нэг шидэж өгнө дөө. Ээ
хөөрхий зуун зууны тэртээгээс учир нанчтай хүртдэг эрхэм энэ ундаагаа ингэж ууж
байгаа хүмүүс яаж сайхан баярлах вэ. Нүдээрээ үзэх нь бүү хэл чихээр ч
сонсомгүй хэрэг өдүүлж гарна. Зөвхөн өнгөрсөн жилийн цагаан сарын гурван өдрийн
хар хэргийн баримтыг лонх би сөхье л дөө. Намайг бүү буруутгаарай. Энэ өдрүүдэд
улсын хэмжээнд 39 гэмт хэрэг гарснаас хүн амины хэрэг 2, дээрэм болоод бусдын
эрүүл мэндийг хохироосон хэрэг 5, хулгайн хэрэг 15, зам тээврийн осол 6, золгүй
үхэл 7, амь насаа егүүтгэсэн хэрэг 3 гарчээ. Эдгээр гэм хэргийн 70 хувь нь
Улаанбаатар хотод гарсан байна.
Лонх би архийг аманд тань хийдэггүй шүү, хүн та өөрөө л
уудаг. Эрхэмлэн хүндэтгэж, барьж тавьж, бага багаар хүртдэг эрхэм ёсоо өөрсдөө
эвдчихээд архийг агуулж байдгаар нь лонх намайг муу хэлээд байх юм. Монголчууд
та нарын өвгөд дээдсийн үед би ингэж улалзаж, тэгтлээ гутарч яваагүй юм шүү.
/ хөгжим /
НЭВТ: Монголчуудын цагаан сарын баяр нүүдэлчдийн харилцааны
асар том соёл, хувь хүнээс эхлээд өрх гэр, төр засгаа хүртэл дэс дэвтэй ёслол
төгөлдөр үйлдэх зан үйлийн маш том баяр. “Ууланд бар тоглоход уяан дээр илжиг
үргэнэ” гэгчийн үлгэрээр хөдөөгийн малчид хөр цасаа давсны баяр хийж байхад хот
суурин газрынхан түүнийг дуурайн хөлсөх нь нэг л бишээ.
Үүнийг бичигч би бээр монголчуудын уламжлалт цагаан сарыг
жилийн жилд гадаадынханд тайлбарлан таниулж,
бид ингэж сайхан цэнгэдэг ард түмэн гэж бахархан гайхуулсаар ирсэн нэгэн
билээ. Ингэж явахдаа жилээс жилд нэгийг мэдэж, мэргэдээс үг сонсож, сайхан
хөгшидтэй хөөрөлдөн суухдаа сонссон дуулснаа өнөөгийн бодит байдалтай жишээд
үзэхнээ нэг л бишээ. Алийн бүгд билэгтэй сайхныг бодож үнэнийг үгүйсгэж,
өөрсдийгөө хуурч явах билээ. Дээр дооргүй нэгийг бодож хоёрыг тунгаах цаг
иржээ. Монгол хүн билгээ бодож жилдээ ганц тохиох цагаан сараа хэнээс ч доргүй
өнгөрөөх гэж дор бүрнээ л хөдөлнө. Борчуул нь 100 мянга, дундчууд нь 300 мянга,
Дээдчүүд нь 700 мянгаас цааш төгрөгөөр цагаан сараа хийдэг байна. Үүний захаас
сонирхоход цагаан сарын ширээний манлай хонины ууц 20-45 мянга, хэвийн боов
8-10 мянга гаруй, бууз банш хийх үхрийн гуя 20 мянга гээд цувж гарна. Тэгвэл
өнөөдөр айл өрх бүр бүгдийг авч чадах тэнхээтэй билүү? Үгүй ээ, ингээд ирэхээр
эрээгээ алдсан нэг нь айлын тагт руу мөлхөж хэн нэгний бэлтгэсэн цагаан сарын
зүйлийг хулуулан одно. Энд ганцхан жишээ хэлэхэд хангалттай. Өнгөрсөн жилийн
цагаан сарын өмнөхөн Чингэлтэй дүүргийн иргэн Батаа тагтан дээрээсээ үхрийн
шулсан мах, хонины ууц, мөн гулууз мах, бууз банш гээд 80 гаруй мянган
төгрөгийн зүйл алдсан байдаг. Яг энэчлэн олон баримт хэлж болно. Тэдгээр
алдагдсан зүйл хэний ширээн дээр заларч шинэ сарын идээ будаа болж өнгөрснийг
хэн мэдлээ.
Монгол хүн билгээрээ, төвд хүн бэнчингээрээ гэдэгүйсэн
биш билүү. Гэтэл бид уламжлалт зан үйлээ зохиомлоор өөрчилж байдлыг хүндрүүлээд
байх шиг. Айл бүр ууц тавих ёстой юм гэж үү. Айл бүр бууз банш жигнэх ёстой юм
гэж үү. Хөгшид бүр тамхи тариа, элдэв оймс түрий, сам шүүр барих ёстой юм гэж
үү? Уламжлалаа нэхэн үзвэл тийм зүйл байдаггүй юм байна. Хамгийн гол нь цагаан
идээ голлоод ахмад настандаа, багшдаа ёс төртэй золгож, уул ус тэнгэр дэлхийдээ
шүтэн мөргөж, төрт ёсондоо хүндэтгэл илэрхийлдэг гүн гүнзгий утга агуулгатай
төгс төгөлдөр зан үйл бүхий их баяр юм байна. Ингээд бид мөнгөний хэлсэн үг,
лонхны сануулсан сануулга, үгийн гаргасан гомдлыг дор бүрнээ тунгаан бодож,
эргэн харж, сэргээн санаж, авах гээхийн ухаанаар уламжлалт баяр цэнгэлээ сайхан
өнгөрүүлж заншицгаая, хүмүүсээ!
1998 он
No comments:
Post a Comment