Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

ХҮНИЙ МӨР...




НЭВТ: Та бүхэн ахмад дипломатч Содномдоржийн Дамбадаржаагийн тухай 
ХҮНИЙ МӨР - хөрөг найруулал хүлээн авч сонсоно уу.
 
                                                                                / хөгжим /
 
НЭВТ: 17-р жарны Төмөр луу жилийн шинэ сарын нэгэн өглөө. Хотын хөдөлгөөн хараахан эхлээгүй цаг. Хаа нэг давхин өнгөрөх машин тэрэгний чимээ л бүгэдхэн сонсдоно. Орчин тойронд нам гүм. Энэ газрын эзэд нь гагцхүү эртэч шувууд бололтой... 
 
                            / орчны шум- шувуудын жиргээ, цасан дээр хүн явах / 
 
НЭВТ: Урьд шөнө орсон шив шинэхэн цасан дээгүүр анхны мөр гаргасаар нэгэн хүн айсуй. Ажваас нас өндөр авч алхаж гишгэх нь хөнгөн шингэн, хараа өөдөө, ажиж шинжих нь няхуур нямбай. Тэрээр бодол хөврүүлэн алхана.
 
                                                               / шум тодорч ирээд /
 
НЭВТ: /бодол/ Энэ жил нас сүүдэр 79 хүрлээ. Хэдэн хүүхэд маань тус тусын ажил хөдөлмөрөө эрхлээд амар тайван аж төрж, ач зээ, гуч маань өсөж том болж байна даа. Хүн болж төрснийх хийж бүтээсэн зүйлтэй, өөрийн гэсэн зам мөртэй явах хэрэгтэй. “Хүний мөр” гэж чухал юм шүү. Аав, эжий минь олон хүүхэдтэй ядуу зүдүү амьдралтай ч бид хэдийг шулуун шударга, ажилч хөдөлмөрч байх хэрэгтэй гэдэгсэн. Намайг анх 42 настай Дипломатын академид явж байхад гайхах хүн олон байсан даа. Гэтэл миний сонголт Сономдоржийн Дамбадаржаа гэдэг хүний зам мөрийг улам тодотгож өгсөн. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм даа. Алс холын Британы арал дээр монгол айлын гал голомтыг анх асааж явсан цаг саяхан шиг санагдах боловч хэдийн 30 жил өнгөрч дээ... 
 
                                               / хөгжим бодлын өрнөл хэсэг /
 
НЭВТ: 1969 оны 11 сарын 19-ны өдөр. Лондонгын гудамжаар гялалзсан зүстэй, өндөр сэрвээтэй хүрэн морьд хөлөглөсөн Англи улсын сүлд тэмдэгтэй хоёр сүйх тэргийг алтан саа бүхий гоёмсог хувцастай 4, 5 морьтон дагалджээ. Сүйх тэрэгний гадна талыг алтан товруу гарган угалзлан чимж, хатуу резинин дугуйны булыг гуйлаар дархалж хийсэн нь гоёмсог агаад сүр хүчин төгөлдөр. Гудамжаар зорчигчид цувааг нэн хүндэтгэлтэй угтан өнгөрүүлж харагдана. Ёслолын цуваа явсаар Букингамын ордны үүдэнд хүрч очиход Смокинг буюу сүүлтэй хар костюм, цагаан эрвээхий зангиа, өндөр хар бортгон малгай, цагаан бээлий, лакан хар шаахайтай идэр насны монгол эр гэргийн хамт бууж ирлээ. Тэр бол Монгол улсаас Англи улсад суух анхны Элчин сайд Дамбадаржаа билээ. Хэсэгхэн хормын дараа ёслолын танхимын үүд нээгдэхүйд  “БНМАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сономдоржийн Дамбадаржаа...” гэж өндөр дуугаар зарлан мэдэгдэв. “Миний итгэмжлэх жуух бичгийг Цог жавхлант Хатан хаан та хүлээн соёрхоно уу” хэмээн элчин сайд Дамбадаржаа итгэмжлэх жуух бичгээ хоёр гардан барихуйд хатан хаан хүлээн авлаа. 
 
                                                                       / хөгжим /
 
НЭВТ: Энэ бол 31 жилийн өмнөх үйл явдал. Монгол, Англи хоёр улс анх дипломат харилцаа тогтоосон түүхийн нэгэн агшин.
Түүх өгүүлвээс, XIII зууны эцсээр Монголын их хааны элч христосын шашны уйгар лам Бар Саум, Генуя-гийн харъяат Бускарел нар Ромын папын улс, Франц, Англи улсаар хэдэн удаа айлчилж Монгол, Европын орнуудын харилцаа, дэлхий ертөнцийн байдлуудыг хэлэлцэж байжээ. Монголын элч нар Английн хаан Эдуардад бараалхан эзнийхээ айлтгал бичиг сэлтийг гардуулан уулзсан байна. Тэдгээр элч нар Английн хаантай хэлэлцээ хийж, хоёр гүрний харилцааны тухай тохиролцоог найрсаг ёсоор тогтоож чадсан баримт түүхэн сударт ийн тэмдэглэгдэн үлджээ. Үүнээс үзэхэд аль эрт цагаас эхлэн Монгол, Англи хоёр улс бие биенээ мэддэг төдийгүй, харилцан хүндэтгэх санааны үндсэн дээр итгэмжит харилцаа тогтоож байсан байна. Харин Английн хаанд Монголын элч бараалахсан түүх 700 жилийн хугацаагаар тасарч байгаад дахин сэргэсэн нь энэ аж. Английн хааны элч Монголын тэгэхдээ феодлын бус шинэ монголын төрийн тэргүүнд бараалхаж байсан түүх бас бий. Монгол, Английн харилцаа ийнхүү шинэ үед дахин сэргэхэд гар бие оролцсон хүний нэг бол Дамбадаржаа гуай юм. 
 
                                                              / хөгжим /
 
НЭВТ: Сономдоржийн Дамбадаржаа Монгол улсын дипломат албанд 25 жил зүтгэхдээ Англи, Япон, Египет зэрэг оронд элчин сайдаар сууж, Норвег, Дани, Индонез, Филипин, Малайз, Австрали, Шинэ Зеланд, Этиоп, Ардчилсан Еймэн зэрэг орнуудыг хамаарч байжээ. Мөн ЗХУ-д элчин зөвлөхөөр ажиллаж байсан. Түүний бууж мордсон улс орны тоо 50 илүү гарна. Мөн ГХЯ-нд орлогч сайдын алба хашиж байжээ. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ -1
 

                                                                  / хөгжим /
 
НЭВТ: Намтрын хуудас сөхье...
НЭВТ: УБ хотоос тун холгүй орших Төв аймгийн Баянцогт сумын нутаг Аргал хэмээх газар малчин Сономдоржийн өнөр гэр бүлд 1921 оны хавар нэгэн хүү мэндэлсэн нь Дамбадаржаа юм. Олон хүүхэд бужигнасан Сономдоржийнх амь зуулгын төдий цөөн малтай. Голчлон нутгийн олны арьс нэхий элдэж амьжиргаандаа нэмэрлэнэ. Нутаг усныхандаа “навтас” гэж хочлогдож явсан түүний 13 хүүхдээс сайн малчин, гавъяат багш, аж үйлдвэрийн гавьяат ажилчин, эрдэмтэн доктор, дипломатч гээд удамдаа төдийгүй улс орондоо нэр хүндтэй хүн болж өсөж өндийсөн нь олоон. Мэдээж энэ бол эцэг, эхийн сургаал, өөрсдийн нь хичээл зүтгэл буйзаа.
Дамбадаржаа хүү бага насандаа бичиг үсэгтэй болсон хэдий ч амьдралын эрхээр 16 ч хүрээгүй байхдаа Аж үйлдвэрийн комбинатын заводод ажилчнаар орж байжээ. Угийн бичиг үсэгт дуртай, гайгүй сурсны хэрэг гарч нэг их удсангүй аж үйлдвэрийн санхүүд данс хөтлөгч, дараа нь нягтлан бодогч болсон гэдэг. “Эзэн хичээвэл заяа түшнэ” гэдэг үгийг Дамбадаржаа гуай хэлэх дуртай. Тиймдээ ч ЗХУ-д АХЯ-ны дээд курс, КНДС, Дипломатын академийг тус тус дүүргэж төр засгийн хариуцлагатай албанд тасралтгүй 50 гаруй жил зүтгэжээ. Түүний ажил амьдралын хоёр дахь үе нь олон улсын харилцаа буюу дипломат алба байсан юм. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ-2  
 

                                                                         / хөгжим /
 
НЭВТ: “Хүн үргэлж сурч мэдэж, нэгийг таньж явах хэрэгтэй. Хүнд асар их нөөц байдаг. Гагцхүү цагийг зөв ашиглаж сурах хэрэгтэй” гэж Дамбадаржаа гуай өөрийн төдийгүй өрөөлийн үр хүүхдэд захиж хэлнэ. Тэрээр эрдэм боловсролыг юу юунаас илүү шүтнэ. Тиймдээ ч хэдэн хүүхэд нь цөм дээд боловсролтой, төлөв түвшин хүмүүс болжээ. Ууган охин Пүрэв нь уран барилгын мэргэжилтэй, удаах охин Оюун нь орос, англи хэлний багш, отгон охин Сэргэлэн нь олон улсын харилцааны мэргэжилтэй бөгөөд Америкт эдийн засгийн ухааны магистр хамгаалаад одоо Нью-Йоркд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт алба хашиж байна. Том хүү Чулуунбаатар нь цэргийн дэд хурандаа, бага хүү Ариунбилэг нь санхүү эдийн засгийн мэргэжилтэй, гадаадын нэгэн компанид ажиллаж байна. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ-3 

  
                                                                  / хөгжим /
 
НЭВТ: Өнөөдөр манай гэр бүлийн аз жаргал, баяр хөөр гэвэл таван хүүхэд 12 ач зээ, таван гуч минь юм шүү дээ. Өвгөн бид хоёр эднийхээ дуу шуугианд жаргаж сууна даа” гэж Дамбадаржаа гуайн гэргий Дуламсүрэн гуай хуучлаад, “Эдэндээ үлдээх бид хоёрын өв гэвэл, олон улс орноор явж, олон нэр төртэй хүмүүстэй уулзаж учирч байсан гэрэл зургийн хэдэн цомог, Английн хатан хаан өөрөө гарын үсгээ зурж дурсгасан хөрөг зураг, Японы алдарт Фүжи уулын зураг, Хокайдо нутгийн хар баавгайн зормол дүрс, Египетийн алдарт зэс хөөмөл, Этиопийн  ямаан арьсан зураг, 74 орны элчин сайд гарын үсгээ зурж үлдээсэн мөнгөн цар юм шүү дээ” гэж үзүүлж сонирхуулсан юм.
Дамбадаржаа гуайн өв хөрөнгөнд хүндтэй байр эзэлдэг өөр нэг зүйл гэвэл Хөдөлмөрийн гавъяаны одон хоёр, алтан гадас одон болоод бусад медаль, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын цол, хүндэт дипломатчын тэмдэг юм. Тэдгээрийн дунд бас Япон улсын Засгийн газраас түүнийг шагнасан “Эзэн хааны мандах наран” алт, мөнгөн хос од хэмээх том одон байлаа. Энэ бол монгол иргэний хүртсэн хамгийн том шагнал ажээ. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ-4  

 
                                                     / цасан дээгүүр алхах шум орж ирээд хөгжим /
 
НЭВТ: Дамбадаржаа гуайн өглөө бүр эрт цэцэрлэгт хүрээлэнгээр ингэж явах дуртай. Шив шинэхэн цасан дээр түүний гишгэсэн мөр тодоос тод харагдана. Гэвч энэ мөр арилаад алга болчихно. Харин түүний амьдралын зам мөр нь хэзээ ч баларшгүй тодоос тод. Хүн мөртэй амьдрах сайхан гэдэг чухам энэ ажгуу. 
 
                                                                                                                          2002 он
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив