Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

УРАН СУГАР




НЭВТ: Сонсогч та бүхэн УРАН СУГАР - хөрөг хүлээн авч сонсоно уу.
 
                                                                 / хөгжим /
 
НЭВТ: Монгол газар олон зуун жилийн турш уран гоё хийцээрээ алдаршиж ирсэн дархчуул олонтой. Түүхийн нэгэн үе уран дархчуул ховордож ирсэн хэдий ч удмын гайхамшигаа өвлөн авсан дархан бас цөөнгүй ээ. Тэдний нэг бол уран Сугар юм. Уран Сугар гэхээр тэр бүр хүн таньж мэдэх нь ховор. Харин хийсэн бүтээсэн зүйлийг нь тоочоод, уран гоё хийцийг нь үзүүлбэл “Аргагүй л уран хүн юм даа” гэж өөрийн эрхгүй дуу алдахвий. 
 
                                                             / хөгжим /
 
НЭВТ: 1947 оны хавар Өмнөговь аймгийн Сэврээ сумын нутаг Булаг хэмээх газар ард Сономшаравынд нэгэн хүү мэндэлсэн нь Сугар ажээ. Сугар бага сургууль дүүргэж, дараа нь мужаанаар ажиллаж байгаад 60-аад оны сүүлчээс урчуудын артельд ган сийлбэрчнээр орж ажилласанаас хойш эдүгээ хүртэл 20 гаран жил ган сийлбэр хийж явна.
Ган сийлбэрийг дархан хүн бүр хийчихдэг зүйл бишээ. Эрт цагаас монголчууд хамгийн чадалтай дархан хүн л гангаар сийлбэр хийдэг гэж үзэж, ган сийлбэр хийдэг дархныг жинхэнэ уран дархан гэж үнэлдэг байжээ. Учир нь алт, мөнгөөр сийлдэг дархан бүр ганг сийлж үл чадна. Харин ган сийлбэр хийдэг дархан бол алтаар ч, мөнгөөр ч, модоор ч сийлдэг онцлогтой. 
 
 СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУГАР: Ган сийлбэр бол бие даасан урлаг юм. Монголд эрт дээр цагт ган сийлбэр хийдэг дархчуул олон байжээ. Жишээ нь Далай-Чойнхорын ган сийлбэрчид гэж их алдартай хүмүүс байсан гэдэг. Ган сийлбэр гэдэг нь ган дээр сийлээд түүнийгээ чанаржуулаад олон хэмжээгээр хувилахыг хэлдэг юм. Гангаар хэт хутга, шатар гээд тун олон зүйлийг сийлж хийж болно. Би 68 оноос ган сийлбэр сонирхож хийж эхэлсэн. Ган сийлбэрээр ямар ч сургууль дүүргээгүй, харин багшаасаа сурч өвлөж авсан юм. Ган сийлбэрчин болсондоо бахархаж явдаг. Учир нь би голчлон одон медаль, тэмдэг хийдэг. Миний сийлсэн тив, дэлхийн болоод олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медалиудыг энэ дэлхийн газар газрын хүмүүс зүүж яваа шүү дээ. Бас миний хийсэн “Алдарт эхийн” одонг олон зуун монгол ээжүүд зүүж явдаг гэж бодохоор надад сайхан санагддаг юм. Би өөрийгөө хүн арддаа улс орондоо хэрэгтэй зүйл бүтээсэн хүн гэж бодож явдаг юм даа. 
 
НЭВТ: Уран Сугар улс эх орондоо хэрэгтэй зүйл олныг хийжээ. “Алдарт эхийн” одонг гадаадад өндөр үнээр захиалан хийлгэдэг байсан бол сүүлийн 14 жилийн турш Сугар энэ одонг олон мянгаар нь хийж олон сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. Монгол улсын “Маршалын од” одонг ЗХУ-д нэг сая гаран төгрөгөөр захиалж хийлгэдэг байсан бол Сугар хийдэг болсноор энэ одонд ердөө 200 мянган төгрөг зарцуулдаг болжээ. 
 
                                                                 / хөгжим /
 
НЭВТ: Сугарын ажил амьдралын зам дардан шулуун байсангүй. Тэрээр бага залуу насандаа алдаж эндэж явсан нь ч бий. Нэр хүндтэй ажил хийж бахархаж бардаж явсан нь ч бий. Сугар юуг ч хийж бүтээх ид оргилуун үедээ хамгаас дуртай ажлаасаа хөөгдөх шахуу гарч гомдож гутарч нэг л зүйлийг олж авчээ. Тэр нь би эх орон, ард түмэндээ хэрэгтэй зүйл хийх ёстой гэсэн эрс шулуун бодол байсийм. Тэрээр АШҮН-ийн засварын үйлдвэрт ажиллаж байхдаа эх орны үйлдвэрийн гутал чанар муутай гардагийн хамаг учир гутлын уландаа байдгийг олж мэдээд, яавал гутлын улны чанарыг сайжруулах билээ гэж бодох цаг үргэлж бодох болов. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУГАР: Манай улс гутлын үйлдвэр хэв загвар нь хуучирсан шахмал улыг гадаадаас асар өндөр үнээр худалдан авдаг байлаа. Хэрвээ монголчууд бид гутлынхаа улыг өөрсдөө хийчихвэл гутал хийж чадаж байна гэж хэлж болох байлаа. Иймээс би гутлынхаа улыг өөрсдөө хийе гэсэн санал дэвшүүлээд 2-3 янзын улны хэв хийсэн. 
 
НЭВТ: Ингэж Сугарын хийсэн гутлын улны хэвээр “Говь” нэртэй хүүхдийн гутлын ул, “Наадам” нэртэй биеийн тамирын гутлын улыг хэрэглэснээр урьд нь чанарын 3-р ангийн бүтээгдэхүүнд ордог байсан гутлууд чанарын 1-ын “А”-д бүртгэгдэж, хөдөлмөрчдийн таашаалыг хүлээх боллоо. Нэг хос гутлын улыг гадаадаас 2-3 доллараар худалдаж авдаг байсан бол ингэж өөрсдөө хийдэг болсноор өчнөөн сая төгрөгийн хэмнэлт гаргах болжээ. 
 
                                                                         / хөгжим /
 
НЭВТ: Сугарын хамгийн сүүлчийн бүтээл гэвэл Монгол улсын төрийн тамга, засгийн газрын тамга юм. Төрийн тамга бүтээнэ гэдэг маш их хүндэтгэлтэй, нэр төрийн хэрэг болох нь хэнд ч ойлгомжтой. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУГАР: Төрийн тамга бол миний сүүлийн бүтээлийн нэг. Би Сосорбарам, Батжаргал гэсэн хоёр залуугийн хамт хийсэн. Манай хоёр залуу хайрцагны чимгийг хийж, би тамгыг сийлсэн юм. Төрийн тамгын дараагаар монголын засгийн газрын тамгыг хийсэн. Манай Сосорбарам мөн хайрцагны чимгийг хийсэн. Энэ бол бидний хамтын бүтээл юм шүү дээ. Бид төрийн тамгыг 20 хоног хийсэн. Энэ хугацаанд өдөр шөнөгүй, нойр хоолгүй суух тохиолдол их байсан. Цаг хугацаа их ч тулгуу байсан. Гэвч бид төрийн ёслолын ажил эхлэх үед тамгаа үндсэнд нь хийж дуусгасан байсан. Ерөнхийлөгч болоод бусад хүмүүс тамгыг тун сайхан болжээ гэж хүлээж авсан. 
 
НЭВТ: 16 жин цалин цагаан мөнгөөр бүтээсэн алтан соёмбот монгол улсын төрийн тамга бол монголчууд бидний бахархал мөн. Эх орон гэсэн халуун сэтгэлдээ шатаж, өдөржин шөнөжин сууж, оюун ухаан, ур чадвараа ширгээн байж Монгол улсын Тусгаар тогтнолын нэгэн баталгаа болох Төрийн тамга бүтээлцсэн энэ хүмүүс хамгийн хүндтэй бахархмаар сайхан үйлстэн. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУГАР: Би Унгар, Герман, Чехэд ган сийлбэрийн мэргэжлийн дагуу дадлага хийж байсан. Гадаадынхан манай ган сийлбэрийг их үнэлдэг юм билээ. Намайг Унгар улсын мөнгөн тэмдэгтийн үйлдвэр дээр дадлага хийж байхад хүмүүс чиний мэргэжлийн төвшин муугүй байна. Ямар сургууль дүүргэж ийм хэмжээний ган сийлбэрчин болсон бэ? гэхэд би тэдэнд, “Ямар ч сургууль дүүргээгүй гэхэд ихэд гайхаж, манай энд чиний хэмжээний ган сийлбэрчин бол урлагийн нарийн мэргэжлийн дээд сургууль төгсөж дараа нь 5-аас доошгүй жил ажилласан байдаг юм. Тийм болохоор чи төгссөн сургуулиа нууж байна гэдэг байлаа. Тэгээд Унгарын мөнгөн тэмдэгтийн үйлдвэрийн захирал өөрийнхөө үйлдвэрт ирж 3-аас доошгүй жил ажиллах урилга өгсөн боловч тухайн үедээ манай Сангийн яам зөвшөөрөөгүй. Хэрэв зөвшөөрсөн бол манай улсад ган сийлбэрч хэрэг болох л байсан байхдаа гэж боддог.
СУРВАЛЖЛАГЧ: Та монголчуудын оюуны нэгэн гайхамшиг болох ган сийлбэрийг эзэмшсэн хүний хувьд залгамж хойч үеийнхэндээ өвлүүлэх талаар юу бодож явна даа?
СУГАР: Би гар урлалын үйлдвэр байгуулъя гэсэн бодолтой явдаг юм. Түүнээс гадна монгол дархны энэ нарийн мэргэжлийг залуу үедээ өвлүүлэхийн тулд нутагтаа уран дархны курс байгуулъя гэж бодож байгаа. Нутагтаа гэдгийн учир нь манай нутаг бол эртний дархчуул олонтой, бас тэдний хийц маяг их өвөрмөц, үе дамжсан дархчуул байдаг юм. Харин сүүлийн үеэс тасрах хандлагатай болоод байна. Иймд үүнийг таслахгүйн тулд ийм курс байгуулах юм. Надтай хамт ажилладаг Сосорбарам, Батжаргал хоёр маань бас л олон үеийн удамтай дархчуул. Манай монголчуудын дархан удам тасрах учиргүй юм шүү. 
 
НЭВТ: Сугар ийн өгүүлээд, би хэлэх үгээ хэлчихлээ гэсэн шиг сэтгэл хангалуун инээмсэглэж билээ. Цагтаа омог бардам шатаж шаралхаж явсан хүн гэхэд дэндүү номхон  санагдаж билээ. Ган төмрийг гарынхаа аясаар уярааж явсан Сугарыг түмэн олон нь л “Уран Сугар”  хэмээн дууддаг юм.  Тиймээ,  түүний хэлснээр монголчууд бидний дархан удам тасрах ёсгүй ээ. Тийм ч элбэг заяагаад байдаггүй ховор авьяастнаа хайрлан хүндэтгэж, урам зоригийг нь өргөх учиртайсан. 
 
                                                                                                                                 1992 он
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив