Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Өвөө эмч...

/ Сонсож болно /



НЭВТ: Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Хүүхдийн поликлиникийн тэргүүлэгч зэргийн их эмч Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Рэнцэнгийн Өсөхбаярын тухай ӨВӨӨ ЭМЧ хөрөг нэвтрүүлэг хүлээн авч сонсоно уу.
 
                                                                  / хөгжим /
 
НЭВТ: Миний өмнөхөн жаахан хүү хөтөлсөн нэг бүсгүй явна. Удалгүй Эх нялхсын төвийн хүрэн улаан байшин гарч ирэхэд “Өвөө эмчийн эмнэлэг байна. Ээжээ бид хоёр өвөө эмч дээр очих гэж байгаа юм уу” гэж хүү шулганалаа. Нэгэнтээ бидний зам нийлсэн  болохоор би бүсгүйгээс “Хүү чинь өвөө эмчийн эмнэлэг гэх юм” гэж сонирхоход, бүсгүй инээмсэглээд: “Тиймээ, миний хүүгийн өвөө эмч энд ажилладаг юм. Хүү маань Өсөхбаяр эмчийг хэлж байгаа юм. Би Налайхын хүн л дээ. Бага байхдаа хүнд өвдөж Өсөхбаяр эмчийн хүчинд хүн болсон юм гэдэг. Өсөхбаяр эмч миний ээжид бурхан эмч, харин надад бол аав эмч болсон хүн. Бид хүүгээ өвдөх л юм бол Өсөхбаяр эмч дээр очдог юм. Тэгээд ч тэр үү манай хүү өвөө эмч гэдэг юм. Ер нь Өсөхбаяр эмч олон хүүхдийн өвөө эмч болсон хүн дээ” гэж ярьлаа. Энэ яриа надад их сонин санагдаж, хэдийгээр би өөр ажлаар Эх нялхсын төвийг зорьж явсан ч бяцхан хүүгийн өвөө эмчтэй хэрэг болгон уулзаж ярилцсан юм.
 
                                                                     / таслал /
 
НЭВТ: Олон хүүхдийн өвөө эмч болсон Рэнцэнгийн Өсөхбаярын намтар тун энгийн. Тэр хүүхэд насаа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд өнгөрөөж, 1966 онд АУДС-ийг Хүүхдийн эмчээр төгсөж, Налайх дүүргээс ажил амьдралынхаа гараагаа эхэлжээ. З5 жил хүүхдийн эмч хийхдээ хэд хэдэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасгийг байгуулалцаж, эмчээр нь ажиллаж явсан хүн. Энэ бол түүний тусгай томилолт. ЭНЭШТ-ийн Хүүхдийн поликлиникийн эрхлэгчээр 25 жил ажиллажээ. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ӨСӨХБАЯР: Хүүхдийн эмчийн онцлог бол хүүхдэд хайртай хүн байх ёстой. Би гэхэд, гаднаас харахад сүртэй бараатай хүн боловч надаас хүүхэд айдаггүй л юм даа. Хүүхдийн дунд ажиллах сайхан шүү. Сэтгэл санаа өөдрөг сэргэлэн байдаг юм. Намайг залуу байхад зарим хүүхэд ааваа гэж дууддаг байсан юм шүү. Одоо бол ихэнх нь өвөө гэж дууддаг болчихоод байгаа юм. Хүүхэд их хөөрхөн амьтан ш дээ. Ер нь ямарч амьтны үр төл хичнээн хөөрхөн билээ дээ. Хүүхэд гэдэг амьтан дандаа өсөж торниж байдаг. Эмчилсэн ч эмчилгээ их түргэн авна. Архаг хууч өвчингүй. Сэтгэл санааны хувьд элдэв муу юм бодохгүй. Бид ийм л ариухан улсын дунд ажиллаж хөдөлмөрлөж байдаг хүмүүс дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Эдгэршгүй хүнд өвчин туссан хүүхэд таарч л байсан байх даа?
ӨСӨХБАЯР: З5 жил ажиллахдаа юу эсийг үзэх билээ дээ. 4 жил Сэхээний тасагт ажиллаж байсан. Тэгэхэд үнэнхүү хүнд хүүхэд таарч байсан. Тэр үед байдгаараа зүтгэж, ноцолдож байгаад  эргэж сэхэж байгаа хүүхдийг харахад сэтгэл нэг их сайхан болдог юм. Засал авахгүй хүндэрч муудаж байгаа хүүхдээ харахаар яг л түүнтэйгээ адилхан болчихно. Цусны өвчин, бөөрний өвчин хэцүү шүү дээ. Томхон хүүхдүүдийн дунд би эдгэрдэггүй юмаа гэж хэлж явдаг хүүхэд байдаг юм. Хүүхдийн сэтгэлийг сайн засаж явах хэрэгтэй. Хүний сэтгэлийг хичнээн сайн засна, эдгэрдэггүй юмаа гэхэд амьдрах хугацааг нь уртасгана шүү дээ. Сэтгэл санааг засах бүхий л боломжийг ашиглах хэрэгтэй.
СУРВАЛЖЛАГЧ: Эмч эмчийн дундаас хүүхдийн эмчийг их хүнд гэж дуулсан юм байна?
ӨСӨБАЯР: Хүүхдийн эмчийн хувьд анонис авах амаргүй л дээ. Тиймээс хүүхдийн эмчийн өөрийн гэсэн арга барил, ур чадвар их чухал. Хүүхдийн эмч хүн мэргэжил мэдлэг, ур чадвараа түргэн ахиулж байх шаардлагатай байдаг. Хүүхэд нэг талаасаа засрал түргэн авдаг шигээ бас түргэн мууддаг талтай. Тун гэмтэй, эгзэгтэй асуудал хүүхэд дээр тохиолддог. Тиймээс хүүхдийн эмч хүүхдийг муудахвий гэхээс юу юунаас илүү анхаарч, байнга сэргийлж байх ёстой.
НЭВТ: Өсөхбаяр эмчийн намтрын хуудсанд  тэр бүр эмчид байгаад байхгүй нэг содон хуудас бий. Тэр 35 жил дан монгол хүүхдийн дунд байсангүй ээ. Түүний эмчилж, эрүүлжүүлж явсан хүүхдүүдийн дунд лаос, афган хүүхэд хэдэн зуугаараа бий. Та гайхаж байна уу? Өсөхбаяр эмч гэргий Адьяагийн хамт 80-аад оны дундуур Лаос улсад мэргэжилтэн эмчээр ажиллаж байсан юм. Тэр үед Лаосын улс орны байдал туйлын хүнд байсан цаг. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ӨСӨХБАЯР: Лаост би хүн эмнэлэгийн анхны мэргэжилтэн, хүүхдийн эмчээр хоёр жил ажилласан. Тэнд лаос эмч нарыг сургах, орчин үеийн европ эмнэлэгийг хөгжүүлэх, эмчийн дадлагыг мэргэжлийн хүмүүст олгох, бусад шинжилгээ судалгааны ажил хийх гээд олон зүйлийг тэдэнд зааж сургаж, хамтарч ажиллаж байсан.
СУРВАЛЖЛАГЧ: Лаос орон халуун дулаан бүсийн орон. Цаг агаар, газар зүйн онцлогийн хувьд манайтай адилгүй. Тэгэхлээр та халуун орны өвчнийг эмчлэх, оношлох ажлыг хаана сурсан болж байнаа?
ӨСӨХБАЯР: Тэд ажиллах анхны мэргэжилтэн болох биднийг Чехсловак улсад 6 сар сургаж бэлтгэсэн юм. Тэнд халуун орны өвчний чиглэлээр сурч дадлагжсан. Тэгээд Лаост очсон хойно сурсан зүйлээс маань хэрэг болсон юм ч бий. Бас цоо шинэ зүйлтэй тулсан юм ч их бий. Лаос орны хувьд гэвэл тэргүүн зэргийн өвчний тоонд халуун орны хумхай өвчин орно. Энэ өвчин бидний ажиллаж байсан Понсаван хотод бол хүүхдийн дунд бараг 100 хувь байсан даа. Дараа нь халуун орны цус шимэгч өвчин, олон төрлийн цагаан хорхойн өвчин орно. Энэ цагаан хорхойн өвчин гэхэд л манайд байдаггүй олон тохиолдол байдаг юм. Үүнээс болоод цус багадах, бас гэдэсний өвчин их гарна. Түүнээс гадна манай оронд вакцин хэрэглээд огт гарахаа больчихсон халдварт өвчин нэлээд бий. Жишээ нь сул саажилт гэдэг саа өвчин байна. Зарим үед нутгийн шинж чанартай нуур цөөрөм тойрсон айлуудын хэмжээнд холер буюу булчин задрах өвчин их гарна. Ийм өвчнийг эмчилж явлаа. Эхний үед амаргүй байсан ч олон жил ажиллаж, хүнд өвчтөнтөй ноцолдож ирсэн туршлага маань хэрэг болж хурдан дадлагажиж, сүүлдээ манайд байхгүй өвчнийг эмчлэх, эдгэрүүлэх талаар нэлээд өндөр хэмжээнд мэргэшиж ирсэн шүү. 
СУРВАЛЖЛАГЧ: Та бүхнийг Лаос улсын хүнд бэрх цаг үед ажиллаж монгол эмчийн домгийг бий болгосон хүмүүс гэж ярьдаг. Тиймээс ч Лаос улсаас таныг найрамдлын одон медалиар шагнасан...?
ӨСӨХБАЯР: Манайхаас үнэхүү сайн эмч нар очсон юм шүү. Бид эндэх шигээ ажилладаггүй байсан. Эмнэлэг гэр хоёр бараг зэрэгцээ шахуу болохоор амралтын цаг гэж бараг байхгүй. Ойролцоогоор шөнийн  21-22 хүргээд тарна. Тэгээд гэртээ ирээд байж байтал цонх тогшоод хүнд өвчтөн ирсэн гэхээр гар чийдэнгээ бариад гарна даа. Бидний өмнө муур ороод замчлаад гүйж явдагсан. Хөдөө гадаа дуудлаганд их явна. Бас урьдчилсан үзлэгээр явна. Дайн байлдааны үе болохоор хамгаалагчтай явдаг байсан. Гэхдээ лаосын ард түмэн эсэргүүцэж барихгүй сайхан хүлээж авдаг байсан.

                                  / хөгжим /
 
НЭВТ: Өнөөдөр Өсөхбаяр эмчийн эмчилж эдгэрүүлж байсан Лаосын хар нүдэн хүүхдүүд хэдийнээ нас биенд хүрчихсэн, үр хүүхэдтэй болчихсон тэдэндээ монгол эмчийн домгийг дурсаж, хэрэвээ тэр энд байсан бол үзүүлэх байсан даа гэж ярьж хөөрч суугаа.
Өсөхбаяр эмчтэй ярилцаад сууж байтал олны танил нэрт зохиолч, сэтгүүлч Санжийн Пүрэв гуай орж ирээд намайг харснаа: “Өө, ёстой сэтгүүлч хүн шиг хүнээ олж уулзжээ, чи...” гэж олзуурхлаа. Та хэрэвээ эртний танил юм бол энэ хүний тухай цөөхөн үгээр юу хэлэхсэн бол гэхэд, тэрээр над руу нэлээд нухацтай харснаа: “Өсөхбаяр эмч үү... Энэ хүн бол од болж гялалзаагүй ч олон одыг эмчилж, эрүүлжүүлж ирсэн хүн. Миний амьдралд тэр олныг шуугиулаад байдаг одууд хэрэг болоогүй ээ. Харин энэ хүн л манай гэрт гэрэл гэгээ, баяр баясгалан авчирсан юм даа” гэж билээ. Тиймээ эрүүл хүүхэд айл гэрийн баяр баясгалан байдаг. Хүмүүст энэ л баяр баясгаланг өгдөг Өсөхбаяр эмчийн намтрын хуудсыг багцалж хэлбэл үртэй бүхэнд бурхан эмч, үрд нь аав эмч, үрийн үрд нь өвөө эмч болсон хүн юм даа.
 
                                                                                                                               2001 он
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив