ХӨДӨӨХ ХҮН - ГУРАМСАН ХӨРӨГ ТЭМДЭГЛЭЛ
/ хөгжим /
НЭВТ: Хөдөө, хөдөөгийнхөн гэж ёстой гайхамшиг. Тэр чигээрээ
ухаан, бас соёл... гэж ирээд бахархан ярих хүмүүс байхад, өө хөөрхий тэр
хөдөөгийнхөнд юуны соёл байдаг юм. Ер нь бүдүүлэг хүмүүсдээ. Хөдөө ч хэцүүхэн
газар... гэж сөрөх нэгэн бас бий. Тиймдээ ч хөдөөний хүн, хөдөөх араншин... гэж
нэрлэх. Тиймээс би хөдөөний эртэй хийсэн эл ярилцлагаа “Хөдөөх эр” гэж нэрлэсэн
юм. Хөдөөх эр маань сонсогч танд нэгийг бодуулж, хөдөөх хүний тухай үзэл бодолд
тань бага атугай нөлөөлж чадвал сэтгүүлч миний олз тэр болох билээ.
/ хөгжим /
НЭВТ: Хөдөөх хүний эхний хэсэг буюу ХӨДӨӨХ ЭР...
/эмээл хазаартай морины чимээ... давхиулах чимээн
дээр уртын дуулах/
НЭВТ: /фон дээр/ Энэ дуулан давхиулж яваа эр бол Дундговь
аймгийн Дэрэн сумын малчин Дадьсүрэн. Тэрээр нас сүүдэр 60 шүргэж яваа ч
хөдөлгөөн хөнгөн шингэн, үг хэл хурц тод, хэлж ярих нь хэлэмгий нэгэн. Уг нь би
Дадьсүрэн гуайг улсын тэргүүний уран сайханч төдийгүй боржигон уртын дууг
сайхан дуулдаг, олон ч дуу мэддэг гэж сонссон тул хэдэн сайхан дуу бичиж авъя
гэж зорьж уулзсан юм. Гэтэл дуунаас үүдсэн бидний яриа олон сэдвээр цааш өрнөж
билээ. Алив зүйлийг сэтгэлээсээ, бүр хүний
ухаанд гэгээ таттал ярих энэ хөдөөх
эрийн яриаг ямарч нэмэр хачиргүйгээр тэр чигээр нь сонсогч танд хүргье.
/ дуу тодорч
ирээд дуусах /
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Сая таны дуулсан дуу ямар дуу вэ?
ДАДЬСҮРЭН: Энэ дууг “Дамжлаа” дуу гэдэг юм. Эр, эм хоёр хүн
дамжуулан дуулдаг дуу л даа. Энэ дууны зарим үг их гоё шүү дээ. Жишээ нь “Хан
суухад хагацашгүй ертөнц дөө. Харин ч холдоод явах нь хуурамч зантай ертөнц
дөө” гэж дуулдаг юм. Энэ нь өнөөдөр бид жаргаж цэнгээд сууж л байна. Маргааш
шороон дор орохыг хэн мэдлээ. Үүнийг л
бидэнд хэлж байгаа хэрэг шүү дээ. Ер нь уртын дуу тэр чигээрээ ухаан.
Уртын дууныхаа ухааныг нь ойлгож мэдрээгүй хүнд бол дуулах байтугай сонсох ч
сонирхол төрөхгүй. Харин ухааныг нь мэдэрч ойлгох тусам дуулмаар, сурмаар
болдог юм. Тэгээд ухааныг нь ойлгоод ухаараад ирвэл бүр амтархаж шунаад ирнэ
шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Та уртын дууг анх хэдийд, хэнээс сурав?
ДАДЬСҮРЭН: Миний эцэг, эх уртын дууч хүмүүс байсан юм. Би хөдөөгийн
малчин хүн. Ер нь хөдөөгийн бид уртын дууг найр наадам дээр, бас морин дэл
дээрээ сурдаг юм шүү дээ. Би уртын дууг морин дэл дээр төрсөн байх гэж боддог
юм. Яагаад гэвэл морин дэл дээр дуулж сурахад их амархан байдаг юм. Сартай шөнө дуугаа дуулаад давхиж явах ямар
сайхан гээч, ёстой жаргал гээч тэр шүү дээ. Ер нь байгаль дэлхий дуу дуулахыг
шаардаад байх шиг санагддаг юм. Сайхан уул усаа хараад ирэхээр сэтгэл хөдлөөд
өөрийн эрхгүй дуулмаар болоод ирнэ шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Та тэмээ хариулдаг гэсэн байхаа, тэмээ
хариулах амаргүй биз?
ДАДЬСҮРЭН: Тиймээ. Тэмээ хариулах болсон минь их сонин. Эхэндээ би
тэмээг “Түвдийн хараал” гээд их сүжиггүй, бас хамгийн тогтворгүй мал гэж үздэг
байлаа. Тэгээд Сэгс цагаан богдод цэргийн алба хааж байх үедээ тэмээний ид
шидийг ёстой биеэр мэдэрдэг юм байна. Гурван жилийн турш би хоёр тэмээтэй
байлаа. Тэмээ ямар гайхамшигтай гээч. Усгүйгээр хичнээн хол газар явна гээч,
тэгээд ер цуцахгүй. Цэргийн амьдрал маань намайг тэмээнд дуртай болгосон юм
даа. Өнөөдөр манай хөдөөд машин техник их хэрэглэх болж дээ. Хэдийгээр энэ нь
хөгжил дэвшил ч гэсэн газар дэлхийг маань тээрэмдээд улаан шороо болгож байна.
Өч төчнөөн утаа тортог гаргаж байгаль орчныг бохирдуулж байна. Баахан мөнгө урсгаж
байж ажил бүтээж байна. Гэтэл тэмээ гэдэг амьтан хамгийн хямд зардалтайгаар
зогсохгүй, байгаль орчныг эвдэж сүйтгэхгүйгээр, машин техникээс дутахгүйгээр
ямарч хатуу хөтүү ажлыг нугалдаг. Бас ямар ч халуунд, ямарч хүйтэнд, бүр цасан
шуурганаар ч төөрч будилахгүйгээр замаа олоод явчихна. Гэтэл машин их цасанд
явж чадахгүй, бас төөрч будилна. Би л хувьдаа техник хөгжөөсөй гэж боддоггүй.
Техник бол байгаль сүйтгэгч. Харин ч мал
аж ахуйгаа, тэр дундаа тэмээгээ ихээр өсгөхсөн гэж боддог хүн. Өнөөдөр тэмээ маань
“Улаан ном”-нд орох дөхөөд байна. Үүнд сэтгэл их зовж байна. Миний хувьд гэвэл
90-ээд оны хувьчлалаар 3 тэмээ авсан. Одоо сүргийн тоо толгой 40 хүрээд байна
даа.
СУРВАЛЖЛАГЧ: Тань шиг тэмээгээ өсгөөд байвал өнөө
тэмээний тоо толгой хорогдоод байна гэх түгшүүр байхгүй болно доо, тиймээ? Тэмээ хариулахыг бэрхтэй ажил гэх юм?
ДАДЬСҮРЭН: Залхуугүй хүнд бол ядах юмгүй ажил. Тэмээ гэдэг амьтан
их өл даадаг юм шүү дээ. Тэмээний тоо толгойг өсгөх талаар хуулийн хориг саад
тавихгүй байна. Мөн тэмээний ноосны үнийг нэмэх хэрэгтэй гэж боддог.
СУРВАЛЖЛАГЧ: Тантай яриад сууж байхад үг бүрээс тань
монгол, монголоо, монголоороо байхсан гэх үнэр илт ханхалж байна?
ДАДЬСҮРЭН: Би ер нь жинхэнэ монголоороо байхыг хүсдэг хүн. Гэтэл
бид жинхэнэ монголоороо байж чадахгүй байна. Бид өөрсдөө хүн болж чадахгүй
байгаа юм чинь үр хүүхдээ яаж хүн болгож чадах юм бэ? Үр хүүхэд маань цааш
цаашдаа үр хүүхдээрээ хүн байтугай, чоно ч хийж чадахгүй болчихоод байна.
Өнөөгийн бид ёс заншлаа гээхгүй байж, монголоороо байвал Монгол улс оршин
тогтносоор байх болно, хөгжин цэцэглэх болно, их түүхээ үргэлжлүүлэх болно. Ер
нь би тэр даяарчлал гэдэгт чинь нэг л сүжиггүй. Яагаад гэвэл манай монгол
өвөрмөц уур амьсгалтай, өвөрмөц шашин соёлтой, өвөрмөц ёс заншил, түүх
шашдиртай, өвөрмөц үзэл санаатай орон. Гэтэл гадны суурин соёл иргэншилтэй улс оронтой ижилсэх гэж тэмүүлээд байх юм.
Гэтэл тэр улсууд чинь бидний соёлыг сонирхоод байгаа юм биш үү, айн...?!
СУРВАЛЖЛАГЧ: Яаж байх юм...?
ДАДЬСҮРЭН: Хэдэн жилийн өмнө нэг америк эмэгтэй над дээр ирж уртын
дууны тухай сонирхож, олон зүйл бичиж тэмдэглэж авсан. Намайг гадны хүнд ховор
нандин соёлоо дэлгэж яриад гээд зарим хүн их зэмлэж байсан. Би мэддэг бүх
зүйлээ тэр хүнд ярьж хэлж өгсөн, яадаг юм. Өөрсдөө соёлоо сонирхож ирэхгүй
байхад, тэр хүн хаа холоос намайг тоогоод хэлж ярьж өгөөч гээд ирж байгаа биз
дээ. Уртын дуу бол монголчууд бидний том
соёл, зэвсэг минь юм шүү. Бидний өвөг дээдэс дэлхийг байлдан дагуулж явахдаа
уртын дуугаа дуулж явсан хүмүүс.
/ Уртын дуу дуулах... хэсэг яваад фон дээр /
СУВАЛЖЛАГЧ: Та өөрийгөө танилцуулна уу?
ДАДЬСҮРЭН: Би ердөө малчин хүн. Сургууль соёл, эрдэм мэдлэг гэж
байхгүй ээ. Гэхдээ “Ард түмэн” гэдэг их сургууль дүүргэсэн. Манай хөдөө нутаг,
хөдөөгийнхөн гэдэг чинь нэгэн их сургууль юм шүү. Би энэ сургуульд амьдралын
бүх мэдлэгийг олж авсан. Тухайлбал амьдрах ухааныг сурлаа, дуулж хуурдаж
сурлаа, хүнтэй харьцах том соёлыг сурлаа. Хүн хүнээ хүндлэн хайрлах их ёсыг
сурлаа. Мөн байгаль дэлхий, эх орноо хайрлах агуу үзлийг олж авлаа. Энэчлэн
тоолж тоочиж баршгүй их мэдлэгийг хүн ардаасаа сурсандаа.
СУРВАЛЖЛАГЧ: Та үр хүүхэд олонтой юу. Тэдэндээ ямар үгийг
эрхэм болгож захиж хэлдэг вэ?
ДАДЬСҮРЭН: Би арван хүүхэдтэй, бас арван ач зээтэй хүн. Би үр
хүүхэддээ “Монгол гэсэн түүхээ уншиж яв, монгол дуугаа дуулж яв, ер нь монгол
шиг байж үзээрэй” гэдэг юм.
СУРВАЛЖЛАГЧ: “Монгол шиг байж
үзээрэй...” гэдэг үг тань их содон сонсдож байна шүү?
ДАДЬСҮРЭН: Хүү минь, одоогийн хүүхдүүд улам бүр монголоо мэдэхгүй
болж байна. Дээр ярьсан америк хүүхэн баярласан сэтгэлийнхээ хариу болгож, “Та
манай Америкт ирээрэй” гэсэн юм. Миний тэр Америкт очтол хаа ч юм билээ гэж
бодоод би, “За тэгье, ирэх жилээс тормоо унаад очноо” гэсэн чинь түүний
орчуулагч жаахан бүсгүй “Тормо машин” гэдэг байх шүү. Золиг чинь, тормоо
мэддэггүй монгол байж... /хөгжилдөн инээлдэх/
НЭВТ: Хөдөөд ийм л хүмүүс ажиллаж амьдарч, хүсэж тэмүүлж явна.
Тэд дуулдаг дуу шигээ уужим бодолтой, холч ухаантай хүмүүс юм. “Хэдэн сайхан
дуу аятайхан шиг бичүүлчих байгаа даа” гэж бодож учирсан энэ “хөдөөх эр” өмнө
нь хэнд ч дуулж үлдээгээгүй олон сайхан дуугаа харамгүй дуулж өгсөн төдийгүй,
аяны минь дөрөөг энэ сайхан яриагаараа мялаасан юм даа. Хөдөөгийнхөн гэж...
уудлаад уудлаад баршгүй арвин их баялаг
юм даа.
/ уртын дуу тодорч ирээд морьтой эр давхин одох чимээ /
2002 он
/ Сонсож болно /
НЭВТ: Хөдөөх хүний удаах хэсэг буюу ТЭМЭЭЧИН БҮСГҮЙ...
/ хөгжим /
НЭВТ: Гадаа нүүр нүдгүй цасаар шуурч байвч гэрт халуу дүүгэж
тун тааламжтай. “Манай говьд цас бага унадаг юм. Харин энэ өвөл сүүлийн 40
шахам жил үзэгдээгүй их цас орж байна” гэхчлэн бид цаг агаар, нутаг орны
байдал, мал сүрэг, аж амьдралын тухай яриа өрнүүлэн сууж байв. Энэ үед “Аюуш
эгч ирж байна...” гэсээр тоодон дээлтэй жаалхүү жавар татуулан орж ирэв. “Өө
хүлээж байсан хүн маань ч ирлээ. Энэ айхтар шуурганаар тэр хол газраас яаж ирээ
бол доо, хөөрхий. Шалавхан гарч тосьё...” гээд гэрийн эзэн өндийж, би ч
зэрэгцлээ.
/ цасан шуурганы
чимээ тодорч ирэх /
НЭВТ: Битүү цасан шуурганд харагдах юм алга. Төд удалгүй
20-оод метрийн зайнаас бараан дүрс тодорсоор хоёр тэмээтэй хүн айсуй. Тэмээний
толгой, бас цээжин хэсэг битүү цан хүүрэг. Үс ноосонд нь барьцалдан тогтсон
мөсөн унжлага тэмээний явдлаар жингэнэнэ. Унасан эзэд нь ч тэмээнээсээ
дутахааргүй цан хүүрэг болжээ. Сормуусандаа тогтсон цас цангаа байн байн арчиж
харагдана. Харин нүдэндээ бамбарлан тогтсон цангаа арчиж чадахгүй тэмээ л
унасан эзнийхээ залалтаар урагшлах аж. Байгаль хийгээд хүн, малын энэ сүрлэг дүр
төрх улам тодорсоор ойртож ирэхүйд хүмүүс тосон авч, цас цанг нь арилгаж, ачаа
хөсгийг нь буулгав.
Сэврээ сумын малчин эмэгтэй Аюуш хүүгийнхээ хамт хэдэн
арван км урт цасан зам туулсаар ирж буй нь энэ. Манай сэтгүүлчид “Их говийн
зоригт хүмүүс” гэж бичих дуртай нь аргагүй юм даа гэж бодож зогссон надад эл
байдал нөлөөлсөн үү, эсвэл хошуу салгахын аргагүй ингэний сүүний идээ ундааных
уу, аль нь ч байсан би Аюуш гэх тэр эмэгтэйтэй тухлан ярилцахыг туйлаас хүсэж,
ийн хөөрөлдсөн юм.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: /амталж таашаах/ Таны энэ цагаан
идээ уруул салгахын аргагүй амттай юмаа. Би
говь нутгаар нэлээд явсан хүн. Гэхдээ ийм амттай
идээтэй тааралдсангүй, ялангуяа
энэ боз, буцалгаа хоёр ямар сайхан юм бэ. Хоолой давах гэж зүгээр л гулгаад
орчих юм?
АЮУШ: Тийм шүү, ядаргаа, хаван гээд ер нь бүх л зүйлд их
сайн.Унтахын өмнө жаахан халаагаад ингэний шар тос хөвүүлээд уучих юм бол ч
ёстой янзтай даа.
СУРВАЛЖЛАГЧ: Яаж хийдэг
байнав?
АЮУШ: Ингэний хөөрүүлсэн сүүгээ жаахан халаагаад 10 литр сүүнд
1.5 грамм айраг, бас жаахан сахар хийгээд буцалтал нь самрах хэрэгтэй. Тэгээд
буцлаад ирэхээрээ ингэж сайхан өтгөрөөд ирдэг юм.
СУРВАЛЖЛАГЧ: Хүн хүний гарын
идээ адилгүй гэдэг дээ?
АЮУШ: Үнэн, үнэн. Манай нутгийнхан миний гарын идээг онцгой
сайхан гээд их дуртай байдаг юм. Энэ боз гэдэг ундааг энэ нутагт би л хийдэг юм
шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Бодвол та хар багаасаа тэмээ малласан байх
даа?
АЮУШ: Үгүй дээ, 86 оноос хойш тэмээ малласан. Анх тэмээ маллах
амаргүй байсан. 200-гаад тэмээ хүлээж аваад 20-оод ингэ саах гэж хачин юм
болдог байлаа. Заримд нь тийрүүлж өшиглүүлж, заримд нь хөөлгөж элдүүлж явлаа.
Хүний тэмээ авсан байсан юм. Тэмээ хачин ухаантай, өөрийн эзэн биш гэдгийг хуу
мэднэ. Дуугаар нь танина шүү дээ. Тэгээд ингийг ингэж л оролдвол сааж, сургаж
болох юм байна гэдгийг өнөө хориод ингэнээсээ мэдэж аваад хойтон жил нь жараад
ингэ саадаг болсон доо. Уг нь би Хүрмэн сумын хүн л дээ. Нутагтаа бол тэмээ
маллаж байсангүй. Энэ Сэврээ сумын малчин Сумьяа тэр жилийн өвлийн зуднаар
манай нутагт оторлож өвөлжсөн юм. Тэр үед бид хоёр танилцаж, би Сэврээгийн бэр
болсноос хойш тэмээчин болсон хүн дээ. Одоо хорь гаруй жил болж дээ. Бид 8
хүүхэдтэй.
СУРВАЛЖЛАГЧ: Олон хүүхэд төрүүлж өсгөхийн хамт тэмээ
маллах ч амаргүй дээ?
АЮУШ: Малчин хүнд хар багаасаа хийж сурсан ажил нь юун хэцүү
байхав дээ. Тэмээ гэдэг чинь их хол бэлчээртэй амьтан. Хэдэн арван км хол газар
бэлчээрлэнэ. Тэмээгээ дагаад хэд
хоногоор хээрийн бэлчээрт явахдаа бага
хүүхдээ өвөртөө хийгээд гарч өгнө шүү дээ. Хээрийн бэлчээрт хүүхэд мөлхөж, унаж
тусаж боссоор хөлд орох нь ч бий. Малчин бүсгүйчүүд хээрийн бэлчээрт зүгээр
суухгүй шүү дээ. Ном сонин уншина, радио сонсоно. Бас авч гарсан ноос ноолуураа
ээрч, хэдэн хүүхдийнхээ өмсөх хувцсыг базаах гээд ажил мундахгүй дээ.
/ Аюуш өөрөө
дуулсан Хүрэн толгойн сүүдэр уртын дуу орж ирнэ /
НЭВТ: Сарны цагаан гэрэлд бараантан арсайх өндөр уулын сугаас
тэмээн сүрэг гарч ирлээ. Аажуу тайвуун алхах тэмээн сүргийн хойно зөөлөн
явдалтай хүрэн ингэ унасан залуу эмэгтэй ийн дуулан явна. Хээрийн бэлчээрт
малчин хүнд дуу хань болдог гэдэг дээ. Бие хаа тэгш, улаа бутарсан шаргал
царайтай бүсгүй дуулж байснаа түр зогсов. Тэрээр хөөргөж бүсэлсэн дээлийнх нь
энгэр өвөрт тайван нойрсох хүүгийнхээ зөөлөн сэвлэгийг үнэрлээд, “Одоо ч газар
дөхөж байна даа. Гэрт үлдсэн хэд маань яажшуухан байгаа юм бол доо. Хоол унд,
гутал хувцсыг нь тааруулж өгөөд гарсан юмсан. Том охин минь овоо болж дээ.
Хэдэн дүүгээ бөөцийлөөд хүний гар харахаагүй болсон байна лээ” гэж бодоод
унасан ингээ зөөлөн гуядаад дуугаа дуулсаар тэшүүлэв.
/ дуу тодорч ирэх /
НЭВТ: Энэ бол тэмдэглэлийн маань баатар Аюушийн 20-иод жилийн
тэртээх нэгэн дүр зураг авай. Тэмээчин хүн тэмээгээ дагаад 2-3 хоногоор хөдөө
хээр явах бол гайхах зүйл биш. Ингэж явахдаа тэд тэмээн сүргийнхээ захад тогоо
тулж хоол цайгаа хийнэ. Хээрийн бэлчээрт амжуулах ажлаа ундаргана. Өвөртлөөд
гарсан жаахан үр нь хань болно.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Аюушаа,
ийм сайхан идээ ундаа өгдөг амьтныг чинь хайрлахаас ч арга алга, тиймээ...?
АЮУШ: Харин тийм. Би хэдэн ингээ эвий минь, хөөрхий минь...
Миний үстэй эжий минь гэдэг юм. Би тэмээндээ хэдэн хүүхэд шигээ хайртай. Манай
85 ингэ 85-уулаа нэртэй.
СУРВАЛЖЛАГЧ: Би монгол хүн байтлаа ийм сайхан идээ ундаа
байдгийг мэдэхгүй өдий хүрснээ бодохоор ичмээр ч юм шиг... Ингээд бодохоор хаа
хол газрын харь нутгийн хүмүүс энэ идээнээс амсвал ёстой ухаа тавьдаг байх даа,
юу гэж хэлэх юм?
АЮУШ: Харин тийм, юу гэж хэлэх болоо...? Өнөөдрийн үзэсгэлэн
дээр миний идээ ундааг уугаад шагшраад л байсан.
СУРВАЛЖЛАГЧ: За энэ боз, буцалгаа гээд хоёр сайхан идээ
ундаанаас өөр сайхан юу байна даа?
АЮУШ: Зөндөө, зөндөө. Ингэний өрөм янзтай шүү дээ. Ямааны сүүг
нэг буцалгаж өрөм авна. Дахиж хөөрүүлэхэд өрөм гарахгүй шүү дээ. Тэгвэл ингэний
сүү эхний хөөрүүлэлтээр цагаан өрөм гарна. Дахиад хөөрүүлэхэд шаргал өрөм, бас
дахиад хөөрүүлэхэд улаан шаргал өрөм гарна. Ингэж З удаа хөөрүүлэхэд өрөм
гардаг сүү байх уу даа...?
СУРВАЛЖЛАГЧ: Ийм сайхан амттай
зүйл өгдөг амьтныг махны ихийг нь бодоод хүнслээд байдаг, мөн тоогүй ээ?
АЮУШ: Хэлээд юухэв. Би эвий минь, хөөрхий минь гэдэг юм. Энд тэнд зарим айл төхөөрөх бололтой
дөрөв, таван тэмээ уясан харагддаг юм. Нэг айл гурван тэмээний бодийг хөтлөөд
ачиж байхыг хараад би уйлсан. Дандаа залуу сайхан тэмээ, хөөрхий минь...
СУРВАЛЖЛАГЧ: Та лав залуу
тэмээгээ хүнсэнд явуулна гэж байхгүй дээ?
АЮУШ: Үгүй, үгүй. Надад хүнсэнд идэх тэмээ ер олдодгүй юм.
Хазгар доголон юм уу, хөшгин тэмээгээ л гоочлоно. Гэхдээ хэцүү дээ, хэцүү...
Зарим хүн намайг та олон тэмээтэй хүн, тэмээнээсээ зараач гэхэд би үгүй
гэдгийм. Миний тэмээ дандаа номхон. Тэр байтугай уналга эдэлгээнд гуйхад нь
хүртэл өгдөггүй юм. Тэгээд ч манай тэмээ гүйгээд ирдэг юм, ёстой хайр хүрмээр
амьтан даа.
НЭВТ: Малд хайртай, бас ингэний сүүгээр юу ч хийж болдогийг
ёстой нэг үзүүлж өгдөг болохоор нь Сэврээгийнхэн холын бэрдээ ам сайтай
төдийгүй “Манай Сумьяа буянтай хүүхэн дагуулж ирсэн юм” гээд нөхрийг нь бас
магтаад авна.
Хөдөөгийн бүсгүйчүүд, тэр дундаа говийн хүүхнүүд ажилсаг,
халуун дулаан сэтгэлтэй хүмүүс. Сонсогч таныг яваад орвол тэд нар шиг мишээж,
гэрийнхээ хамгийн хүндтэй суудалд урьж суулгаад, ингэний сүүн идээ, ундааг өмнө тань
өрөөд, ид уу гээд дайлж цайлж эхэлнэ. Говийн бүсгүйчүүд нь говь нутаг шигээ
нэг л нууцлагдмал, бас сэтгэл татам хүмүүс байдаг юм. “Зуу сонсохоор нэг үз”
гэдэг хойно сонсогч та Монголын говь нутгаар аялахдаа хэрэг болгон тэмээчин
айлд заавал ороорой.
2004 он
/ Сонсож болно /
/ Сонсож болно /
НЭВТ: Хөдөөх хүний сүүлчийн хэсэг буюу АРХЕОЛОГИЙН ОЛДВОРООС ҮҮДСЭН ЯРИА...
/ хөгжим /
НЭВТ: Тэмдэглэлийн маань баатар дөч дунд эргэм насны эргэлдсэн
алаг нүдтэй эр. Үг яриа нь дэлгэмэл, ярьж хөөрөх нь нэлээд юм үзэж харж, сонсож
дуулж явсан бололтой. Тэр бол Хүнбишийн Дэмбэрэл. Баянхонгор аймгийн Бууцагаан
сумын уугуул. Хөдөө малчин байснаа одоо алтны уурхайд дизелчин хийдэг түүнтэй
шүлэг найраг, шашин шүтлэг, хэл яриа гээд олон зүйлийн тухай ярилцаж суусан бид
ийм нэгэн сэдэв рүү орсон юм.
“Монголчууд бид дэлхийн ууган үндэстний нэг мөн үү, та юу
гэж үздэг вэ?” гэж асуухад тэр: “Мөн байлгүй яахав. Үүнийг нотлох өч төчнөөн
түүх археологийн зүйл монгол газар шороон дор, бас дээр нь ч бий шүү дээ.
Зөвхөн бидний төдийгүй хүн төрөлхтөний үүсэл гаралтай холбоотой тэдгээр эд
өлгийн зүйл бол алтнаас хэд дахин үнэтэй зүйл болохыг би нүдээрээ үзэж
мэдэрсэн хүн. Археологийн олдвор бол
түүхийн бичээс юм” гэснээр бидний яриа цааш өрнөсөн юм.
/ хөгжим /
НЭВТ: Бууцагаан сумын Магнай уулын өвөр бэлд нэгэн хот айл
өвөлждөг юм. Нэг өдөр хүү аавтайгаа бууц цэвэрлэж байгаад шар гархитай мөлийсөн
цагаан зүйл оллоо. Аав нь түүнийг их л анхааралтай ажиглаж байснаа “Энэ ямар ч
байсан зүгээр эд бишдэгээ. Эрт цагийн хэн нэгэн хүний гарын шууны яс бололтой.
Үүнийг тэр археологч Лхамсүрэнд үзүүлнээ хө” гээд нандигнан боов. Ер нь эцэг нь
хүүгээ малд дагуулж явах бүрдээ л нутаг усныхаа сонин содон онцлог зүйлийг
үзүүлж, “Манай Баянхонгор аймаг эрт цагийн хүний үүх түүхтэй холбоотой
археологийн олдвор элбэгтэй нутаг. Иймд миний хүү эртний хирэгсүүр, хөшөө
чулууг эвдэж болохгүй. Аливаа бүгдийг хайрлаж хамгаалж яваарай” гэж үргэлж хэлж
захина. Эцгийн нь хэлж ярьсан, үзүүлж харуулсан бүхэн хөдөөгийн жаахан хүүд
хэрэггүй мэт санагдавч угтаа шинжлэх ухаан, эх түүхийн юугаар ч сольшгүй ховор
нандин зүйл болохыг мэдэж авсан юм. Энэ бол жаал хүүгийн хувьд түүхийн олдворын
талаарх анхны мэдлэг нь байжээ.
/ хөгжим /
НЭВТ: Тэр цагаас хойш хэдийн 30 шахам жил өнгөрчээ. Нэг өдөр
Дэмбэрэл нутгийн Содномжамц гэх залуутай хамт Бөмбөгөр сумын нутаг дахь Арцат
ууланд ан хийж явлаа. Тэд шархдуулсан чоноо хайж уулын ноён оргил гал шовх өөд
мацаж яваад нэгэн сэнжтэй сонин хад байхыг олж харжээ. Сэнжит хад руу ороход
амаргүй байсан хэдий ч өнөө хоёр авирч мацсаар арайхийж дотор нь орлоо.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Тэгээд тэнд юу байв...?
ДЭМБЭРЭЛ: Эртний хүний шарил.
Нууж хаасан шинж байхгүй, ил байсан.
Дээгүүрээ өргөн доогуураа жаахан зуйвандуу хэлбэртэй зүйлийг сураар ороож
үдсэн маягтай бэхлэсэн байсан. Энд тэнд нь оготно мэрсэн байсан. Нэг талдаа
данхны суурины дайтай дугуй хэлбэртэй хоёр суран нугастай, нөгөө талдаа мөн
суран түдүүлэн боолтой. Түүгээрээ тагийг нь онгойлгодог бололтой. Тэгэхлээр ийм
өндөр уулын орой дээр хэрэг болгож гаргаж ирсэн болохоор лав нэр цуутай баатрын
холбогдолтой зүйл байж таарна. Тэгэхлээр эхлээд дээж болгож нэг зүйл явч явья.
Бид хоёрт хэрэгтэй юм лав байхгүй, харин улс орны түүх соёлд хэрэгтэй зүйл
байгаа байх. Үүнээс авч явж шинжлүүлье. Чингэсийн шарилыг өдий болтол эрж
хайгаад олохгүй л байгаа. Чингэсээ байг гэхэд аль нэгэн баатар эр, эсвэл хэн
нэгэн хаан ч юм билүү, том хувилгаан лам ч юм билүү, ямартаа ч жир хүн биш гэж
бодсон. Хажууд нь нэг үйсэн сав байсан. Тэгээд монгол хүн байна даа монгол ёсоо
бодоод толгой доороос эмээлийг нь аваад, өнөө үйсэн саванд хөөрөгний даалингаа
100 төгрөгтэй, бас есөн ширхэг шүдэнзний модны хамт хийгээд бурхан болоочийн
толгойны ясан доор нь хийж дэрлүүлсэн. Ингэж байхад толгойны яс нь эх биенээсээ
салаагүй, их бөх байсан. Тэнд мод нь их хөнгөн, нимгэн эмээл байсан. Миний
бодлоор ёстой өнөө анатом гээчийг мэддэг хүн хийсэн болов уу гэмээр санагдсан.
Эмээлийн доод хэсэг нь адгуусны нуруун дээр байхад тун тохирсон, дээд хэсэг нь
яах аргагүй хүний бөгсөн биенд зохицож таарахаар. Анатом сайн судалсан хүн
хийжээ гэмээр эмээл байсан.
СУРВАЛЖЛАГЧ: Хэв маягийн хувьд өнөө цагийн эмээлээс ямар
байх юм?
ДЭМБЭРЭЛ: Өө шал өөр, тийм гоё ганган биш. Хүний бие, адгуусны
нуруун дээр их зохицохыг бодож хийснээс биш элдэв гоёл чимэглэл гээд хүний
шунал хөдөлгөх юм байхгүй. Тэр цагийнхаа хийцээр хийсэн эд шиг байна лээ.
НЭВТ: Ямартаа ч Дэмбэрэл нэн эртний үеийн хүний шарил байсныг
мэдэж тэндээс эмээлийг нь авч, хүргэх ёстой газар бол Үндэсний Түүхийн Музей
байх ёстой хэмээн санаж түүхч Идшинноровт аваачиж өгчээ. Идшинноров түүнийг
ихэд олзуурхан хүлээн авч заавал шинжилж судалж, үүх түүхийг нь тогтооноо
гэлээ. Түүнээс хойш дахиад хэдэн жил улирч, өнгөрсөн хавар ШУА-ийн Түүхийн
хүрээлэн, Үндэсний түүхийн музей, Герман-Монголын хамтарсан экспедицийнхэн
нутгийн эр Дэмбэрэлээр газарчлуулж өнөө Сэнжит хадан дээр очжээ.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Шинжилгээний экспедицийнхэн түүхийн олдворт
яаж хандаж байх юм. Нүдээр үзсэн хүний хувьд сонирхуулж яриач?
ДЭМБЭРЭЛ: Эхлээд яг байгаагаар нь их удаан ажиглаж байгаад дараа
нь зөөлөн үстэй багсаар хог шороог нь зөөлхөн унагаад бүрэн бүтэн гараад ирэхээр нь
хүчтэй аппарат хэрэгслээрээ зургийг нь тал талаас нь авдаг юм байна лээ. Тэр
агуйд өөр хүн оруулахгүй, шүдэнз хавируулахгүй, тамхины утаа ч оруулахгүй.
Тэгээд олон талаас нь зургийг нь авсны дараа гар зураг хийсэн. Гарын шуу, нум
саадаг гээд бүгдийг нарийн хэмжиж тэмдэглэж байсан. Зураглал хийж дууссаны
дараа бээлийтэй гараараа зөөлөн аваад тамхины цаас шиг нимгэн цаасанд зөөлөн
ороогоод гялгар уутанд хийж скочоор ороогоод цаасан хайрцганд зөөлөн тавиад
модны үртсээр чигжиж жийрэглэж байсан.
Яг л шилэн зүйл авч яваа юм шиг хамгаалдаг юм байна. Би тэдний ингэж
нандигнаж хайрлаж хамгаалж байгааг хараад түүх археолгийн зүйл бол алтнаас ч
үнэтэй эд юм гэж бодож байсан. Алт, хүн хоёрыг үнэтэй эд гэж ярьдаг. Гэтэл тэр
археологийн олдвор түүнээс дутахгүй үнэтэй зүйл юм байна гэдгийг биеэр
мэдэрсэн. Хүн хүүхдээ ч бараг ингэж бөөцийлөхгүй байх шүү. Манийн нүдээр бол
нэг хүний яс, хэдэн мянган жилийн настай
хийц хэлбэр нь өөр болохоос биш зүгээр нэг арх... Харин дотор нь байсан зүйл нь түүхэн кинон
дээрээс үзэж хардаг байсан сум саадгыг жинхэнэ биетээр нь үзсэн дээ. Тэр сумаа
хийдэг зүйлийг нь хоромсгон гэдэг юм билээ. Тэр хоромсог нь хавтгай зэв,
гурвалжин зэв, шөвгөн зэв гээд 30-аад сумтай. Хажууд нь бас сэлэм байсан. Сэлэм
нь тун энгийн. Тэр үеийн эд хэрэгсэл тухайн хэрэгцээндээ онцгой зохицсон
байхаас биш тийм гоё ганган биш юм билээ. Илүү дутуу зүйл байхгүй. Эргүүлэхэд,
цавчихад л эвтэйхэн байхаар бүтээсэн. Ер нь хүний ухаан гэдэг ямар гайхамшигтай
юм гэдгийг тэр эрт үеийн олдворуудаас мэдэж авсан.
СУРВАЛЖЛАГЧ: Археологийн олдворын үнэ цэнэ гэдгийг
алтнаас илүү үнэтэй гэдгийг мэдэрч өөрийн чинь оюун санаанд том өөрчлөлт гарчээ
дээ?
ДЭМБЭРЭЛ: Тийм. Манай монголчуудын үүх түүх үнэхээр өргөн юм даа.
Бид чинь олон түүх туулж, олон төр өнгөрүүлж, олон нийгэм дамжсан. Хүн
төрөлхтөний үүсэл хөгжлийн үндэс угсаа шүү дээ. Ийм гайхамшигтай юм үзсэн хүний
хувьд хэлэхэд урьд хийсэн зүйлээ хойтох нь бүү устгаасай гэж хүн бүрд захимаар
байна.
НЭВТ: Энэ археологийн олдворыг урьдчилсан байдлаар МЭ-ний 6-р
зууны үед монгол нутагт оршин тогтнож байсан Түрэгийн үеийн олдвор байж болох
юм гэсэн дүгнэлт өгөөд байна. Санамсаргүй тохиолдлоор түүхийн нэгэн олдворын
гэрч, бүр анх нээж ирүүлсэн ч гэж хэлж болох Дэмбэрэл гэж хэн бэ?
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ДЭМБЭРЭЛ: Би хэдийгээр 4-дүгээр ангийн боловсролтой ч өргөмөл аав
эжий хоёр минь намайг олон дээд сургууль төгсгөсөн гэж боддог. Мал аж ахуй, эх
түүх, эх орон, эжий аав, элгэн садан, хүн хүнээ хайрлах ухаан, шашин шүтээнээ
эрхэмлэн дээдлэх ёс гээд олон ухаанд намайг сургасан гэж боддог. Хорвоо
ертөнцийг өнгө мөнгөөр хэмжих явдлыг малаас дутахгүй хүний бодол гэж үздэг. Хүн
гэдэг амьтан агуу их, хүчирхэг шүү дээ. Толгой дотор байгаа тахианы өндөгний
хяраатай зүйлд л хүн байдаг болохоос биш тэр үгүй бол хүн байхгүй шүү дээ.
Хичнээн сайхан мэдлэг, мэргэжилтэй ч юу юу ч үгүй хүн байдаг шүү дээ.
Санамсаргүй ч ийм зүйлтэй учирч үзэж харсан хүний хувьд хэлэх үг минь гэвэл алт
мөнгө бий гэж бүү онгичиж эвдээсэй. Хэрэв тэгвээс түүхийн эрхэм нандин нотолгоо
нь арилж ёстой хэнд ч хэрэггүй зүйл болж болзошгүй. Бид чинь газар шороогоороо,
түүх археологийн эд зүйлсээрээ гээд бахархаж гайхуулах юм олонтой үндэстэн юм
шүү гэж дахин хэлмээр байна.
/ эжийдээ зориулсан дуугаа дуулах /
НЭВТ: Эгэл жирийн хөдөөгийн ажилчин эртэй ярьж хөөрсөн
хэсэгхэн хугацаанд манай хөдөөд ямар бахадмаар сайхан яриа хөөрөөтэй, бодол
сэтгэлтэй, улс үндэстнээ гэсэн халуун сэтгэлтэй, хийж бүтээе гэсэн хүсэл
тэмүүлэлтэй хүмүүс байдгийг олж харсан юм. Дэмбэрэл “Сэтгэлийн уянга”, “Хоймсон
уянга” гээд хоёр ч шүлгийн номтой бас хэд хэдэн сайхан дуутай хөдөөгийн нэгэн
уран бүтээлч ажээ. Ингээд тэмдэглэлийн маань баатар Дэмбэрэл өргөж, өсгөж
өндийлгөсөн хайртай эжийдээ зориулан дуулсан дуугаар нь түүний тухай
тэмдэглэлээ өндөрлөе.
/ дуу тодорч ирээд дуусах /
1999 он
No comments:
Post a Comment