Lucky Charms Rainbow

Sunday, February 17, 2013

Нэгэн жилийн дөрвөн өнгө, дөрвөн араншин...



НЭВТ: “ТАЛЫН АНИР” продагшн толилуулж байна.
 
                                                                             / хөгжим /
 
НЭВТ: Сонсогч та “Нэгэн жилийн дөрвөн өнгө, дөрвөн арашин” нийтлэл нэвтрүүлэг хүлээн авч сонсоно уу.
 
/ хөгжим /
 
НЭВТ: Монгол хавар ярьж байна...
 
                                                                                  / хөгжим /
 
ХАВАР: Жавар хургасан хүйтэн өвлийг хөөж, цасан дороос яргуй цухуйлгаж хавар би монгол нутагт ирдэг ээ. Хүйтны ам цаашилж, хөхүүрийн ам наашиллаа... Урь орж хавар ирлээ...  гэж монголчууд хөлсөж хөөрнө. Тэд хаврын баяр буюу “Цагаан сар” гэх эртний уламжлалт баяраар намайг угтдаг юм. Энэ үед монголчууд настнаа хүндлэн дээдэлж, нэг нас нэмлээ... хатуу өвлийг өнтэй давж, хавартаа золголоо... хэмээн билэгтэй сайхан үг хэлцэж намайг угтдаг юм.
 
                                                               / нялх төлийн дуу орж ирэх /
 
ХАВАР: Анхны төлийн дуу... анхны яргуй... анхны бороо... анхны навчис... анхны болзоо... Энэ олон анхны гэсэн тодотгол хавар миний онцлог, бас хавар миний бэлэг. Монголчууд намайг “Үндэстэй бүхэн дэлгэрч, үртэй бүхэн баясдаг” сайхан улирал хэмээдэг билээ. Энэ утгаараа би нялх төлийн цангинасан дуугаар өсөн үрждэг юм.
 
                                                             /  цасан шуурга шуурах чимээ /
 
ХАВАР: Намайг нүүр нүдгүй цасаар шуурч байгааг сонсоод та гайхаж байна уу? 
Тиймээ, энэ бол яах аргагүй монгол хавар миний нэг муухай ааш, нэг дутагдал. Ямартаа л монголчууд “Хаврын тэнгэр хартай...” хэмээн надаас болгоомжлох билээ. Аргагүй шүү дээ, хэдэн өдрийн турш нар ээж, хүн малын зоо тэнийлгэн баясгаж байснаа гэнэт нүүр нүдгүй шороон шуурга тавьж, түүнийгээ бүр цасан шуурга болгон хувиргаж малчин монголчуудыг сандрааж, хэдэн зуун мал сүрэг, зарим үед бүр хүний аминд хүрдэг болохоор хавар намайг ингэж нэрлэхээс өөр яах ч билээ. Уг нь би талын малчин түмэндээ хайртай. Гэтэл эрс тэс уур амьсгалтай Төв Азийн хатуу хууль хавар надад ийм тушаал буулгадаг юм. Гэхдээ би “Хаврын салхи хавирга нэвт...”, “Хавар олон ааштай” гэж нэрлэдэг монголчуудад гомдож чаддаггүй юм. Тэд миний энэ олон аашийг бас юу гэдэг гээч...? Өглөөхөн нь нар ээж налайлгаж байснаа, бороо оруулж, удалгүй цас болгож, шуурга тавихад минь “Нэг өдрийн дотор жилийн дөрвөн улирал үзлээ” гэж хошигноход нь би тайвширч, бас хөгждөг юм.
Монгол хавар миний нэг гол онцлог бол салхи. Зарим үед цагт 30 метр хурдтай салхи тавина. Сүүлийн үед дэлхийн дулааралтын нөлөөгөөр хавар миний салхитай үе улам ч урт болоод байна. Хаврын салхи миний хөлөөр шороо тоос босож, хавийн юмыг харагдахгүй болгоно. Тэсвэр тэвчээртэй хөдөөгийнхөн миний энэ аашыг тоох ч үгүй ажил үйлээ хийсээр байдаг юм. Харин хотынхон, тэр дундаа хүүхнүүд намайг ёстой нэг үзэхгүй дээ. Надад бүр ямар нэр хайрласан гээч...? халуун дулаан орныхон “борооны улирал” гэдэг шиг тэд намайг “шорооны улирал” гэдэг юм. Уг нь би хөнгөн хийсвэр зантайдаа салхилдаг юм биш. Зулзган модоо нахиалуулах гэж, зуны улирлаа дуудах гэж исгэрэн салхилдаг юм. 
 
                                   / Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ-дууны хэсэг орж ирнэ /
 
ХАВАР: Хот газрын бүсгүйчүүд урин дулаан цаг ирлээ гэж хамгийн түрүүн баясан хөөрч зузаан хувцасаа хөнгөлж, үс гэзгээ янзлан гоёж гангалдаг. Бүсгүйчүүдийн энэ төрхийг илэрхийлсэн “Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ, хачин чамин хувцсаа өмсөөд, хайрын дуугаа дуулаарай...” гэж дуулдаг дууг та сонсож байна. Гоёж гангалсан бүсгүйчүүдийг хараад баясаж хөөрөхдөө би салхилдаг юм. Энэ нь монгол хавар миний зүггүй зан юм даа. Гэхдээ хацар гоо монгол охидын үзэсгэлэн гоог би гундааж чадаагүй ээ. Тэд өнөө л гоо сайхан хэвээрээ... Эх газрын хатуу уур амьсгалдаа дасан зохицсон монгол түмэндээ би хайртай. Учир нь тэд намайг хайрын улирал... ирж байгаа цаг... гэж нэрлэж, надад зориулж олон арван дуу зохион дуулдаг юм. Тэр л сайхан дуу хуураа сонсох гэж хавар би яаран яаран монгол нутагт ирдэг юм.
 
                                                         / усны шувуудын чимээ орж ирнэ /
 
ХАВАР: Та сонсож байна уу? Энэ бол хавар миний хамгийн уянгалаг хөг аялгуу юм. Монгол нутагт хавар намайг ирэхтэй зэрэгцээд хаа холын халуун дулаан орноос зүйл зүйлийн усны шувууд ирдэг юм. Усны шувуудтай холбоотой нэгэн уяралтай домгийг би хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Та сонс...
 
                                                                           / хөгжим /
 
ХАВАР: Хэзээ ч юм бүү мэд, балар эрт цагт монгол газар шороо нуур далай ихтэй, халуун дулаан мөнхийн ногоон орон байжээ. Тэр цагт ой шугуйд нь арслан бар хөлхөж, нуур усанд нь зүйлийн шувууд ганганан байдаг байжээ. Нэгэн цагийн хүйтрэлтээр мөнхийн ногоон орон үгүй болж, араатан амьтан нь үхэж үрэгдэж, харин усны шувууд нь түмэн бээрийн тэртээх халуун орныг тэмцэн нисэн одсон боловч уугуул нутаг усаа санахын эрхэнд хавар болмогц газрын холыг туулан ирж, цэнгэг нуур усанд нь умбан шумбаж, үр төлөө гаргаад, намрын сэрүү орохоор эх нутагтаа хорогдон хорогдон нисдэг болсон юм гэдэг. Магадгүй энэ утгаар нь монголчууд намайг хайрын улирал ч гэдэг юм билүү... 
 
                                                                                / хөгжим /
 
НЭВТ: Монгол зун ярьж байна...
 
                                                                               / хөгжим /
 
ЗУН: Хүмүүсээ, та нар жилийн дөрвөн улиралын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн тааламжтай нь аль нь гэж боддог вэ? Зун хамгийн үзэсгэлэнтэй биз дээ? Зарим газар орны хүмүүс шатам халуун шинжээр минь таашаахгүй байх л даа. Тэгвэл монголчуудын хувьд би хамгийн үзэсгэлэнтэй, бас хамгийн тааламжтай нь...
 
                                                              / Зун цаг-хүүхдийн дуу орж ирнэ /
 
ЗУН: Та сонсож байна уу? “Зун цаг зун цаг сайхандаа. Зугаатай цэнгэлтэй гоёхондоо...” гээд хүүхдүүд дуулж байна. Монголын зун энэ дуугаар эхэлж, энэ дуугаар намайг угтдаг юм. Жил бүрийн 6-р сарын 1-нд монгол газар эх үрсийн баяр болж, орон даяараа амардаг. Энэ өдөр гоё хувцсаа өмссөн хөөрхөн хүүхдүүд ээж, аавтайгаа цэцэрлэгт хүрээлэнд өнгөрөөж, хүссэн тоглоом дээрээ ёстой ханатлаа тоглоно. Тийм болохоор үе үеийн монгол хүүхдүүд энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг юм. Тэр байтугай тэсгэм өвлийн хүйтэнд хүртэл “ааваа, ээжээ зун хэзээ ирэх вэ, хүүхдийн баяр болох болж байна уу?  гэж асуухыг сонсоод би ямар их баярладаг гээч. Ингэж л би энэ хөгжилтэй, хөөрхөн хүүхдүүдийн баярын өдөртэй зэрэгцэн монгол нутагт ирдэг юм. Энэ бол монгол зун миний нэгэн онцлог, бас баяр баясгалан билээ.
 
                                                              / дуу тодорж ирээд дуусах /
 
ЗУН: Монгол зун би цаг уурын хувьд хамгийн тааламжтай нь. Миний улиралд дундажаар нэмэх 25-30 хэм байдаг. Зарим газар орны хувьд хавар, намрын улирал шиг байгаа биз? Гэхдээ дандаа ийм байхгүй л дээ. Заримдаа би монголчуудыг зүдрээх гэж 40 хэм илүү гаргаж дүрсгүйтнэ. 40 хэмийн халуун гэхээр дулаан газар орны хүмүүсийн инээд нь хүрч магадгүй юм. Халуун дулаан орон нам дор газар байх тул хичнээн халсан ч чийглэг, тэнгэр бүрхэг байх тул нар ямар их хурц шардагыг бараг л мэдэхгүй. Тэгвэл Төв Азийн өндөрлөгт оршдог Монгол орон эх газрын хуурай уур амьсгалтай, бас тэнгэр нь цэлмэг тул нар дэндүү хурц шардаг юм. Энэ үед монгол хүмүүс “өмссөн дээлнээс хярвас үнэрттэл шарж байна даа” гэж хошигнодог юм. Тэгвэл зуны энэ оргил халууныг Бээжингийнхэн “Үнэгүй сауны өдрүүд” гэдэг. Энэ хоёр хошигнолоос сонсогч та монгол орны зуны халууны онцлогыг мэдэрч байгаа байхаа. 
 
                                                             / бороо, усны шум орж ирэх /
 
ЗУН: Сонсогч та бороо, гол усны үер сонирхож байна уу?  Тиймээ энэ бол зун миний нэг онцлог билээ. Би монгол газар шороон дээр хэдэн өдрийн турш бороо оруулж, гол ус үерлүүлж сүйдэлж явсан. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүмүүс “дулаарал, хуурайшилт” гэж ярих болжээ. Байгаль дэлхийн цаг уурын энэ өөрчлөлт монгол газар бас тод илэрч байна. Энэ газар их усны үер гэхээс илүүтэй гэнэт орсон аадар бороо их гамшиг авчирдаг юм. Учир нь олон хоног хур бороогүй байснаас газрын хөрс хатаж хуурайшдаг тул гэнэт орсон аадар бороо газарт шингэхийн завдалгүй үер болон урсаж, замдаа таарсан бүгдийг хуу хамж одно. Хамгийн сүүлд өнгөрсөн зууны 70, 80-аад оны үед УБ хотод болсон хоёр удаагийн ийм үер гуу судаг орчмын айлуудыг хамж, олон хүний амь насанд хүрч байсан удаатай. Гэхдээ монголчууд тун чиг хэнэггүй хүмүүс. Тэд “Аюул хэлж ирдэггүй, хийсэж ирдэг” гэж ярьдаг атлаа жилийн жилд өнөө л гуу жалгаа дагаад буучихна. Их сонин хүмүүс...  Магадгүй, сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хот чиглэсэн нүүдлийн улмаас хотын хүн ам төлөвлөсөн хэмжээнээс 2 дахин нэмэгдсэнтэй ч холбоотой байх.За тэгээд зун намайг ирэхээр УБ-ынхан хотоос гадагш нүүж эхэлнэ дээ. Сонсогч та гайхаж байна уу...? Уугуул УБ-ынхан хотын гадна зуслан гээд уул ус жигдэрсэн сайхан газар байдаг том, жижиг модон байшин руугаа нүүж байгаа нь тэр. Харин зуслангүй нь хөдөө гарч амрахаар явна. Хотынхон ингэж уул усан дундаа зусаж байгаад зуны сүүл сар шувтрах үеэр хот руугаа эргээд нүүнэ. Тэд зун хурдан болоосой зусландаа гарахсан гээд тэсэж яддаг атлаа хоёрхон сар болов уу, үгүй юу эргээд л хот руугаа нүүх гэж яарна, их сонин хүмүүс. Хөдөөгийн монголчуудын хувьд бол бэлчээрийн сэрмүүнийг харж нэг улиралдаа хэд хэд нүүдэл хийдэг заншилтай. Харин хотынхон ингэж нүүгээд байдаг нь гайхмаар. Аргагүй дээ, тэдний судсаар нэг газраа удаан тогтож сууж чаддаггүй нүүдэлчин өвгөдийн нь цус урсаж байгаа юм чинь.
 
                                                                              / хөгжим /
 
ЗУН: 7-р сар гараад ирэх үед ус, ургамал жигдэрч миний үзэсгэлэн гоо хамгийн төгс сайхан болно. Би хамгийн тансаг цэцгэн өмсгөлөө өмсдөг үе буюу 7-р сарын 11-нд монголчууд уламжлалт наадмаа хийж хүчит бөхөө барилдуулж, хүлэг морьдоо уралдуулж, цэц мэргэнээ үзэж дэнж хотолзтол наадна. Энэ үед Монгол оронд ирэх жуулчдын тоо бүр дээд цэгтээ тулна. Ёстой л газар газраас ирсэн зүс зүсийн хүмүүс цугларна даа. Зун миний дунд сард монгол нутаг даяар найр наадам үргэжилж өгнө дөө. Энэ үед өргөн уудам монгол нутаг дээгүүр морьдын туурай тачигнаж, айраг сэнгэнэж, уртын дуу уянгалдаг юм. Хамгийн доргиотой үе нь. За тэгээд наадамчин олны өмссөн гутал хувцас, гоёл чимэглэл гээд дэндүү гоё, дэндүү тансаг. Сүүлийн жилүүдэд монголчууд монгол хувцсаа дэлгэрүүлэн сурталчлах үүднээс “Дээлтэй монгол наадам” гэж нэгэн гайхалтай арга хэмжээ зохион явуулдаг болсон нь зун миний үзэсгэлэнг улам ч нэмж, намайг хөгжөөх болсон. Энэ  наадамд найман настай балчраас ная хүрсэн буурай хүртэл оролцож монгол дээлний ганганыг, гайхамшгийг, бас монгол дээлний соёлыг  ёстой нэг гайхуулна. Юутай ч монгол наадмын тухай, монголчуудын гоёлын тухай гадаадынхан юу гэж хэлэхийг сонс. Та миний үгэнд итгэх болно.
 
/ХАЛЬС/ гадаадын хүний яриа...
 
                                                                  / уртын дуу орж ирнэ /
 
ЗУН: Эртний уламжлалт наадам, өмсгөл зүүлтээрээ зун намайг гоёж, аялгуут сайхан дуу хуураараа баясгадаг энэ ард түмнээс би салж явах дургүй ч байгалийн хуулийг зөрчиж чадахгүйн эрхээр арга буюу намар цагт зайгаа тавьж өгдөг юм. 
 
                                                                / дуу тодруулж ирээд авах /
 
НЭВТ: Монгол намар ярьж байна...
 
                                                                                    / хөгжим /
 
НЭВТ: Хараа хүрэх газар шаргалтан тунарч, салхины аясаар долгилно. Тээр алсад хөтөлгөө морьтон дарцаглан хийсээр хөтөл даван одлоо. Зүсрэн орох бороонд хангай дэлхий улам ч өнгө засна. Гэрийн яндан хонгинуулан  салхи жимбүүрдэнэ. Монгол намрын өнгө захаасаа л энэ ажгуу.
 
                                                             / салхины чимээ орж ирэх /
 
НАМАР: Сайн байна уу, эрхэм сонсогчид оо? Монголын намар та бүхэнтэй мэндчилж байна. Улирал бүхэн монгол нутгийн сонин содон өнгө төрхийг танилцуулж байна. Тэгвэл монгол намрын нэгэн онцлог энэ  сэвэлзүүр салхи. Малгай шатаам халуун алсарч сэрүүн тунамал намар цаг сайхаан. Цаг агаарын хувьд тун чиг тааламжтай. Гэхдээ нэг сонин үзэгдэл бий. Намрын эх болоод дунд сард цас орох нь ёс, сонин байгаа биз...?
Зуны улирал өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэй нь гэж байна. Тэгвэл Монгол намар би үзэсгэлэн гоогоороо зунаас дутахгүй сайхаан. Зун цаг ногоон өмсгөл, өнгө өнгийн цэцэг навчаараа гайхуулдаг бол байгаль ертөнцийн түмэн өнгө зөвхөн миний улиралд цогцлон бүрддэг юм шүү. Моддын навчисны нов ногоон өнгө хэрхэн хувирч өөрчлөгддөгийг та намар миний улиралд харж болно. Намар цагийг монголчууд өнгөөр минь алтан намар, жимс ногоо дэлгэрдэг элбэг дэлбэг чанараар минь баян намар хэмээдэг юм. За тэгээд, хөдөлмөрийн улирал гэж бас магтан дуулна. Учир нь хавар тарьсан ургацаа хураан авах, хадлан авах, өвлийн идшээ базаах гээд нөр их хөдөлмөр намар миний улиралд өрнөдөг юм. 
 
                                                     / Ургацын далай-дууг цухас оруулж өг /
 
НАМАР: Энэ дуу радиогоор явж эхлүүт монголчууд намар болжээ. Ургац хураах их ажил эхэллээ... гэцгээдэг юм. Энэ жил монголчууд арвин их ургац хураан авсан. Үүнийгээ монголчууд Атрын 3-р аян өрнүүлсний үр дүн гэж үзэж байна. Малчин монголчууд 60-аад оны эхэн үеэс газар тариалан хөгжүүлэх болсон. Тэр цагаас хойш намар бүр ургацын баяр хийдэг уламжлал тогтжээ. Энэчлэн баян намрын талаар өгүүлэх зүйл тоочиж баршгүй. Харин сонсогч танд монголчуудын “идэш бэлтгэх” ажил ойлгомжгүй байгаа биз? Тиймээс энэ тухай дэлгэрүүлэн хэлье. 
 
                                                                     / таслал /
 
Идэш гэдэг нь 4-5 ам бүлтэй монгол айл гэхэд дунджаар нэг үхэр, нэг адуу, 4-5 хонийг өвлийн идшэнд хэрэглэдэг. Тиймээс намрын сүүл сар болж, цаснаар мал нядалж, бэлтгэх ажлыг “идэш бэлтгэх” гэдэг юм. Энэ бэлтгэсэн махаа өвлийн турш хэрэглэсээр хаврын эхэн сартай золгоно. Үүнийг сонсоод та монголчууд ёстой махчин хүмүүс юм даа гэж бодож байна уу? Энэ бэлтгэсэн махнаасаа бас өвлийн сэрүү орох цагаар хатааж борцолж бэлтгэнэ. Бүтэн үхрийн махыг үнхэлцгэнд багтаадаг гэдэг үгийг та дуулсан уу? Өнө эртнээс уламжилж ирсэн энэ ёс өнөө ч бас бий. Бэлтгэж хатаасан борцоо зөвхөн хавар, зуны улиралд хэрэглэнэ. Өвлийн туж мах идэж ядарсан гэдэс дотроо монголчууд зуны улиралд амрааж, бараг мах хэрэглэхгүй, сүү цагаан идээ голдуу хэрэглэдэг уламжлалтай байжээ. Эртний энэ уламжлал эдүгээ алдагдаж, жилийн дөрвөн улиралын турш мах хэрэглэх юм гэж өвгөд нь буруушаана. За тэгээд намрын дунд сард хөдөөгийн монголчуудын уламжлалт ёс заншилтай холбоотой нэг  сайхан үйл болдог юм. Энэ нь “унага тамгалах” буюу “гүүний үрс гаргах” ёс. Зөвхөн нүүдэлчин монголчуудтай холбоотой энэ уламжлалт зан үйл намрын дунд сард болно. Хавар барисан гүүгээ намар тавих үед энэ зан үйлийг хийдэг юм.
 
                                                                                 / адууны чимээ өгөх /
 
НАМАР: Эхээс төрж, эдэлгээнд сургах эзэн хүнтэй болсны баталгаа болгож унага тамгалдаг ёс үүсжээ. Унага тамгалахдаа дурын нэг өдөр биш, билэгт сайн өдрийг сонгож тамгалдаг учиртай. Унагаа тамгалаад “тамга тасам болог” хэмээн ерөөнө. Энэ нь хат гүйцсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учиртай бэлгэдэл юм. Мөн энэ өдөр хүн бүр унага зүсэлж, түүнийгээ уралдуулан хийморь лундаагаа сэргээж, найр наадам хийдэг ёстой. Унага тамгалах өдрийг  намрын отгон найр ч гэж нэрлэнэ. Отгон найр гэхээр та гайхаж байна уу? Монголчууд их найр наадамч хүмүүс. Зун эхэлсэн найр наадам үргэлжилсээр намар бүр оргилдоо хүрнэ. Учир нь идээ будаа дэлгэрч, бүх юм элбэг байх тул тэр. Найр наадам бол монгол намар миний нэг онцлог юм даа.
 
                                                                                     / дуу хуур /
 
НАМАР: Намрын улиралд хамгийн олон хурим болдог онцлогтой. Тэр дундаа намрын дунд сарын билгийн тооллын 17-ныг монголчууд Балжинням, Дашням давхацсан сайн өдөр хэмээн бэлэгшээдэг тул энэ өдөр хуримлахыг их өлзий дэмбэрэлтэй гэж үзнэ. Энэ жилийн намрын дунд сарын энэ билэгт сайн өдөр ........ хос залуу хуримаа хийлээ шүү дээ. 
 
                                                                                       / хөгжим /
 
НАМАР: Монголчууд хаврын сүүл сард гүүгээ барьж, гүүний сүүгээр айраг хэмээх гайхамшигт ундаа хийж, зуны турш хэрэглэдэг ч намар миний улиралд хамгийн амттай, аагтай, шимтэй болдог юм даа. Ай... Айргийн амтанд нь сэтгэл согтож харихаа мартаж, салхиар тарах үнэрт нь цэцэгс согтож хагдрахаа мартаж, нар согтож жаргахаа мартаж, сар согтож шөнийг мартаж хээр хонодог, монгол нутаг.
 
                                                                                 / хөгжим /
 
НЭВТ: Монгол өвөл ярьж байна...

 
                                                                   / хөгжим /
 
ӨВӨЛ:  ..................................................................

Бичиж, хөтөлсөн Сэтгүүлчийн 3-р ангийн оюутан Уянга, Амаржаргал, Намуун,Мөнхцэцэг, найруулсан найруулагчийн 3-р ангийн оюутан Дамбадаржаа.
2011 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив