/сонсож болно/
СӨХӨРЧ БОЛДОГГҮЙ АМЬДРАЛ – цуврал жүжигчилсэн зохиомжит нэвтрүүлэг
НЭВТ: Тэргэнцэртэй хүний
түүх буюу “Амьдралын үнэт зүйлийг ухаарсан нь” хэмээх тэргүүн бүлэг...
/ хөгжим /
/
айл гэрийн шум орж ирээд хэн нэгэн уурлан хашгирах дуу
гараад аяга шаазан хагарах
чимээ /
Сувд: Төмөр
өө, чи... чи арай дэндэж байгаа юм биш үү. Одоо бүр цай асгаж, аяга шаазан
хагалах дээрээ хүрдэг боллоо. Хэнд уурлаж бухимдаад байгаа юм. Би чиний дэргэд
олон сар байлаа. Гэхдээ чамаас ямар ч баяр баясгалан, ямар ч итгэл тэмүүлэл олж
харсангүй. Цаашид үүлтэй тэнгэр шиг баргар царайлсан хүний дэргэд байх хүсэл
алга. Би явлаа... бүр явлаа...
Төмөр: Сувдаа...
Чи яагаад намайг ойлгодоггүй юм дээ. Би ямар их зовж шаналж байна. Чи намайг
ойлгохгүй юм бол...
Сувд: Ойлгохий..
Ойлгож хайрласандаа өдий хүрсэн. Харин чи намайг ойлгохгүй байгаа юм биш үү.
Зовж зүдэрч байгаа нь ганц чи биш, эжий чинь, бас би байна. Одоо юу ч гэсэн
хамаа алга... Би явлаа. Өөрийн хийсэн үйлийн үрээ өөрөө эдэл... Чи хэзээ
сэтгэлийн тэнхээтэй болно, үйлийн үрээ хэзээ давж чадна, тэр үед би эргэж ирнэ.
Баяртай...
Төмөр: Сувдаа... Сувдаа...
/ хаалга тас хийх
чимээ гараад нам гүм... /
/ хөгжим /
Хөтлөгч: Төмөр орныхоо толгойг түшээд хэдэн
цаг болсныг бүү мэд. Тэр Сувдааг эргээд ирэх болов уу гэж чимээ чагнаж, үүд
ширтсээр өдрийг барлаа. Түүний орны дэргэдэх ширээн дээр үнсний саванд дутуу
унтраасан тамхи уугисаар... Гадаа хэдийн гэгээ тасарч тасалгаанд бүрэг бараг
болжээ. Залуугийн сэтгэл ч улам бүр харанхуйлсаар...
Төмөр: /бодол/ Сувдаа нээрэн явчихлаа гэж үү. Миний дэргэд үлдсэн сүүлчийн
ганц найз минь... найз бүсгүй минь байсан. Ингээд би цэл залуу 26 насандаа
тэргэнцэр дээр суусан сүг, ээжээсээ өөр харах хүнгүй, өнчин ганц эр боллоо гэж
үү... Сувдаа юу гэчих вэ. намайг өөрийн хийсэн үйлийн лайгаа давах тэнхэлгүй
гэнэ үү. Энэ юу гэсэн үг вэ. Нэг насаараа тэргэнцэртэй явах болсон минь миний
үйлийн лай гэж үү. Яагаад.. яагаад...? Тэр ослыг надаас огт шалтгаалаагүй
техникийн доголдлоос болсон гэж автынхан тогтоосон биз дээ...?
/
хөгжим /
/ Авто замын дуу чимээ орж ирээд Төмөр, Сувдаа хоёр найз
залуугынхаа хамт машин худалдаж авч байна /
Төмөр: За яг хэд гэж байгаа юм, шулуухан
хэлчих...?
Ченж: Чи харж
байгаа биз дээ, бүх зүйл автомат... шив шинэхэн...
Төмөр: Харахад тийм л байна. Гэхдээ үүнийг
батлах баталгаа бас байх ёстой ш дээ?
Ченж: Чи ямар
сонин залуу вэ. Нүдээр харахаас илүү ямар баталгаа байхым. Ийм гоё машиныг
ингэж хямдаар өгдөг хэн байх вэ?
Сувд: Төмөр
өө больё. Хэдэн төгрөгийн хямдыг хараад ийм итгэлгүй зүйл аваад хэрэггүй байх
аа...?
Найз: Сувдын хэлдэг зөв шүү. Үнэ хямдыг
харах хэрэг байна уу даа...
Ченж: Би та нарыг албадаагүй шүү. Авбал ав, боливол боль. Авах эзэн мундахгүй...
Төмөр: За, за шийдлээ. Эр улсын наймаа эргэлт
буцалтгүй гэдэг биз дээ?
Ченж: Тэгэлгүй дээ, эр хүн...
Сувд: Төмөр өө... Төмөр... Яарах юу байнаа...?
Төмөр: Чи дут.
Ер нь та нар мөнгөний үнэ цэнийг мэддэг юм уу...? Би 3 жил хүний газар муу
муухайгаа дуудуулж, зовж зүдэрч цуглуулсан хэдэн төгрөгөндөө хайртай...
Ченж: Найзхүү ёстой юм үзсэн хүн шиг байна
шүү... /инээх/
/
хөгжим /
Хөтлөгч: Тэр явдлаас хойш хэдэн сарын дараа. Нэг өдөр Төмөр дээр найз залуу нь
ирлээ.
Залуу: Төмөр
өө, найздаа тус бол. Партизанд байдаг ах маань мориноос унаад хөлөө бэртээчихэж,
түүнийг авчирмаар байдаг. Чи явж өгөөч...?
Төмөр: Өө харал. Тийм яаралтай авчрах хэрэг
болоо юу?
Залуу: Сүүжний ясандаа бэртэл авсан гэнэ. Тэгээд энд мэс засал хийлгэх
шаардлагатай юм байх.
Төмөр: Тэгвэл
зогсоод байх юу байнаа, хурдан явья. За байз... ээж удахгүй ирэх ёстой юмсан,
уулзмаар байдаг...?
Залуу: Зурвас бичээд тавьчих, удахгүй дээ.
Өдөртөө эргээд ирчихнэ...
Төмөр: За тийм дээ, хурдан явж ахыг чинь
авчирья.
/ Машинаар замд явах
чимээ орж ирээд /
Залуу: Төмөрөө, чиний машин ёстой тансаг эд
байна шүү. Намбалзаад л...
Төмөр: Тийм шүү.
Хөгшин нь аваад арван сар болж байна. Аминаасаа илүү хайртай гэвэл арай дэндчих
байлгүй дээ, тийм ээ хө... /хоёул инээлдэнэ/
/ Дараа нь тэд дуу дуулаад их л хөгжилтэй
явж байлаа. Гэнэт машины эвгүй дуугарах чимээ орж ирээд /
Залуу: /нэлээд сандарсан
байдалтай/ Яачихваа...
яагаад байнаа...?
Төмөр: /Мөн л сандарсан байдалтай/ Харин гэм... Энэ руль... яагаад байнаа, удирдлагагүй
болчихлоо...
/гээд хэлж дуусаагүй байтал машин замын хажуугын суваг руу
орж, хоёр залуугын дуу алдахтай зэрэгцээд тар няр дуугарах чимээ гараад нам
гүм... Дараа нь түргэний машин сэрээгээ хангинуулсаар ирэх чимээ орж ирэх/
/ хөгжим /
/ айлын утас дуугарна
/
Эх: Байна уу?
Сувд: Өө, Нансал
эгч үү... Эгч ээ... эгчээ... /уйлагнана/
Эх: Сувдаа юу даа? Яав миний охин,
юу болоов?
Сувд: /уйлсаар/ Эгч ээ, эгчээ... Төмөр... Төмөр...
Эх: /сандаран/ Юу... Төмөр яасан гэж...?
Сувд: Би
эмнэлгээс ярьж байна. Төмөр машинтайгаа явж байгаад осолд орчихжээ. Одоо
ухаангүй... Гэмтлийн эмнэлэг дээр байна. Та хурдан хүрээд ир... /уйлна/ Эгчээ, би
одоо авто замын газар руу явах гэж байна.
Эх: /утсаа хаячаад сандчин хувцаслах зуураа / Эвий минь, үр
минь... яачих нь энэ вэ? Партизан орчихоод орой эргээд ирнэ гэж бичсэн байсан.
Гэтэл гэрээсээ гараад цаг ч болоогүй хаана юу болчих нь энэ вэ... Тэнгэр минь,
хүүг минь өршөөж хайрла, өршөө...
/
хөгжим /
/ эмнэлэг дээрх яриа /
Сувд: Өө, Эгч ирчих ээ юу? Би авто замын газраар
ороод ирлээ.
Эх: Автынханы дүгнэлт гараа юу?
Сувд: Гарсан.
Рулийн автомат алдагдаж, жолоодлогогүй болсноос осол гарчээ гэж тогтоосон
байна.
Эх: Одоо энэ цоо шинэ машин уу даа.
Яахаараа ийм юм болдог байнаа?
Сувд: Харин тийм ээ...
Эх: Тэгээд хэний буруу болж
байнаа...?
/ харанга /
Хөтлөгч: Тиймээ, ийм
ослын буруутан нь хэн бэ? Энэ талаар Замын цагдаагын газрын Олон нийтийн
харилцаа урьдчилан сэргийлэх албаны дарга, дэд хурандаа Ганхуягын яриаг сонсьё.
/ХАЛЬС/ Ганхуяг: Бүрэн бус техниктэй
байсны улмаас Төмөр энэ осолд өртсөн. Өнөөдөр автын ослын 20 хувь нь техникийн
бүрэн бүтэн биш байдлаас болж байгаа тухай... Мөн машины эд ангиар нь оруулж
ирээд угсардаг явдал их байна. Энэ талаар хүмүүст анхааруулж хэлэх. Эдгээрийг
баримт түшиглэж ярих...
/
хөгжим /
Эх: Орох уу, эмчээ...?
Эмч: Ороо ор. Та Төмөрийн ээж үү,
наашаа суу даа...
Эх: Хүү минь ээ, миний хүү яаж
байна...?
Эмч: Та
тайван бай даа. Биеийн байдал тун базаахгүй байгаа. Нуруу нугасны маш хүнд
гэмтэл авсан байна. Бид одоо яаралтай мэс засалд оруулах гэж байна.
Эх: Хүү минь яадаг бол, эмч ээ...
Одоо яана даа... /уйлна/
Эмч: Хамгийн
гол нь тайван байх хэрэгтэй. Бид шаардлагатай бүх арга хэмжээг авах болно. Та
нарын зүгээс гэвэл юун түрүүнд Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг авчрах хэрэгтэй
байна.
Эх: Хүү
минь ээ, тэр Эрүүл мэндийн даатгал гэдэг юм чинь байхгүй шүү дээ. Хүү маань
сүүлийн хэдэн жил Солонгост ажиллаж байгаад ирсэн болохоор тийм юм байхгүй л
дээ. Эмч ээ... Эрүүл мэндийн даатгал заавал хэрэгтэй юу...?
/ харанга /
Хөтлөгч: Хэрэгтэй, хэрэгтэй байлгүй яахав. Энэ талаар мэргэжлийн хүний яриаг сонсоё.
/ХАЛЬС/ Эмч:ЭМД-ийн ач холбогдол. ЭМД-тай хүн ийм үед ямар дэмжлэг
авч болох, түүгээр ч зогсохгүй тахир дутуугын группэд ороход ямар ач тустай
болох талаар ярих. Ийм гэмтэл авсан хүн ЭМД-гүй бол мэс заслаас өгсүүлээд, эм
тарианд хичнээн үнэ өртөгтэй эм тариа хэрэгтэй болдог, хэрэв даатгалтай бол
ямар байдаг тухай... ЭМД-ийг бүрдүүлэхэд хаана, хэнд хандах тухай... зэрэг зүйл
ярих...
/
хөгжим /
/ Гэрт болж буй
явдал. Эх, хүү хоёр бохироо цэвэрлэж байна... /
Эх: Миний
хүүгийн живх дуусаж байгаа юм байна шүү. Ээж нь гарангаа аптек ороод аваар
ирье. Сувд ойрд яагаад үзэгдэхгүй байнаа...
Төмөр: Ирэхгүй байхаа... Ер нь ирээд ч
хэрэггүй биз дээ...
Эх: Яасан та хоёр муудалцаа юу. Чи
л гомдоосон байх даа?
Төмөр: Би
яахаараа гомдоох гэж? Тэр... надаас эртхэн холдсон дээр гэж бодоо байлгүй
дээ...
Эх: Сувд сайн охин шүү. Тийм санаа
лав байхгүй... Харин чамаас л ...
Төмөр: Чамаас
чамаас л гэх юм. Би яахаараа бүхний буруутан болдог байнаа. Та хүртэл намайг
ингэхлээр...
Хөтлөгч: гээд их л бухимдан шүдэнз зурж тамхи
асааж татлаа.
Эх: Төмөөр,
наад тамхиа болиоч ээ... Тамхи татдаггүй байснаа тамхи татдаг боллоо. Бас архи
уудаг болсон...
Төмөр: Ээж минь,
одоо надад танаас өөр хэн ч алга. Сайн сайхан явахад минь байсан олон найз
нөхөд минь хэдийн алга болсон. Сүүлчийн ганц найз Сувдаа ч явчихлаа. Тэгэхлээр
би энэ тамхитай нөхөрлөхөөс өөр яахийм. Үнэндээ өдөрт энэ л надад найз нөхрөөс
илүү хань болж байна шүү дээ...
Эх: Чиний
ааш бүр дэндэж байна. Ямар үхсэн биш аливаад сэтгэлийн тэвчээр хэрэгтэй...
Төмөр: Хн...
насаараа тэргэнцэр дээр хадагдах болсон хүнд ямар юмны тэвчээр хэрэгтэй гэж. Та
нар цөмөөрөө үлгэр шиг юм ярих юм. Над шиг болсон хүн л миний зовлонг ойлгох
байх...
Эх: Хүү
минь ээ, тэргэнцэртэй хирнээ ажиллаж амьдраад явж байгаа аль хүнийг тэр гэхэв.
Гагцхүү сэтгэлийн хат хэрэгтэй. Чи багын их тэвчээртэй, зоригтой хүү байсан
даа. Ээж нь чамд итгэдэг шүү... За, ээж нь аптек яваад ирье.
/ Ээж нь хүүгээ
үнсээд гарч явах чимээ /
Төмөр: /бодол/ Өө... ээж мөнгөө
авсан л байгаа даа. Энэ живхэнд хүртэл хичнээн ч төгрөг зарж байна даа. Сонин
юм даа... Би мөнгөтэй болоод сайн сайхан амьдрал зохиож олон хүүхэдтэй болж,
эжийгээ насны эцэст нь жаргаана даа гэж боддог байлаа. Гэтэл хүний газар муугаа
үзэж, зовж зүдэрч цуглуулсан хэдэн төгрөг намайг ийм байдалд хүргэж, бас хэдэн
жил хэрэглэх живхний үнэ болох шив... Хөөрхий муу ээж минь, ганц хүү тань
үнэхээр азгүй хувь тавилантай хүн юм даа... Ингэж амьдын сүг болж байхаар үхсэн
минь дээр. За байз... Өнөө шилтэй архиа хаана нуулаа даа, байз. Аа тийм энд бий
шүү дээ. / шилтэй юм гаргаж ирэх чимээ / Уунаа... ууна. Уугаад бүхнийг мартдаг
хэрэг...
/ Архи стаканд хийх чимээ гараад /
Төмөр: Ингэхэд,
миний транзистор хаа байнаа... Ойрд ганц үнэнч найзыгаа мартсан байна шүү... Аа
энд байна. За, ингээд дэргэдээ тавьчихнаа... Миний найзаар сонин юу байна
даа..? / гээд долгион хайж
байтал МҮР-ийн “чин сэтгэлийн яриа” нэвтрүүлэг орж ирнэ.
/ХАЛЬС/ Бүсгүй: Хэдийгээр би
ДОХ-ын вирустэй ч гэсэн амьдралд итгэлтэй байдаг. Хэдэн жилийн өмнө үхэх
тухай бодол салдаггүй байсан. Одоо бол үхэхгүй гэж бодох болсон. Харин ч цаг
хугацаатай уралдаж хийх юм их байна. Надад зүгээр суух зав алга.
Сурв: Таны бодол санаа өөрчлөгдөхөд юу нөлөөлсөн бол?
Бүсгүй: Амьдралын үнэ цэнэ, амьдралын үнэт зүйл гэж юу болохыг
олж мэдсэн явдал...
Сурв: Амьдралын үнэт зүйл гэнээ... тэгээд юу байх юм. Та яаж
мэдсэн юм?
Бүсгүй: Миний танил швед эмэгтэй байдаг юм. Би түүнийг их
хүндэтгэдэг. Тэр бас ДОХ-той л доо, нэг удаа бидний дунд сургалт явуулсан юм.
Бид гэдэг маань газар газраас ирсэн ДОХ-той хүмүүс шүү дээ. Тэр эхлээд бидэнд
“амьдралын үнэт зүйл юу вэ?” гэсэн асуулт тавьсан. Бид яахав үр хүүхэд... гэр
бүл... энэ тэр гээд өөр өөрийнхөөрөө хариулж байлаа. Дараа нь тэр хүн бүрийг
дуудаж гаргаад өөрийнхөө ширээн дээр нууж тавьсан нэг зүйлийг харуулаад байв.
Харсан хүн бүр нэг л хачин болоод ирж суугаад байх юм. Миний ээлж болж би
очлоо. Гэтэл тэнд ердөө нэг толь байсан. Тэр толинд би өөрийгөө олж харсан.
Хүний амьдралын үнэт зүйл бол бидний хэлдгээр үр хүүхэд ч биш аж. Гагцхүү амьд
явах л юм байна. Хүн амьд байна гэдгээ мэдэрч ухаарвал юуг ч ялан дийлж
болдгийг би тэгэж мэдэж авсан. Түүнээс хойш би амьд яваадаа баярладаг болсон.
Амьд байгаа минь миний аз жаргал, миний амьдралын үнэт зүйл...
Нэвт: Та бүхэн ДОХ-ын вирустэй бүсгүйтэй манай сурвалжлагчийн
хийсэн ярилцлага сонслоо.
/ хөгжим /
Төмөр: “Амьд явах” амьдралын үнэт зүйл гэнээ... Нээрэн амьд яваа минь энэ насны их
хувь заяа юм биш үү... Хамт осолд орсон найз минь хорвоогийн мөнх бусыг
үзүүлсэн байхад би амьд үлдчихээд юундаа гутаж гуниж, уурлаж бухимдаж найз
нөхрөө, настай эжийгээ зовоогоод байгаа юм бэ?
Ухаарал хайрласан үл таних бүсгүй чамд баярлалаа. Бурхан багшийн номоор
бол хүний заяаг олж төрнө гэдэг босгож тавьсан зүүн дээр атга будаа асгахад
үзүүр дээр нь тогтож чадсан ганц арвайтай адил гэдэг биз дээ. Тийм ховор хувь
тавилангаар хүн болж төрчихөөд тэргэнцэр дээр амьдрал өнгөрөхнээ гэж гуниглаж,
бухимдаж суудаг, би яасан тэнэг хүн бэ? Ээжээ, Сувдаа... хүмүүсээ намайг
хараарай. Би ажил олж хийнэ. Тэргэнцэртэй хүнд хийдэг ажил байж л таараа. Хүний
төлөө нийгэмд амьдарч байгаа надад ажил олдоно гэдэгт би итгэж байна.
/ хөгжим /
НЭВТ: Та бүхэн
Тэргэнцэртэй хүний түүх буюу “Амьдралын
үнэт зүйлийг ухаарсан нь” хэмээх тэргүүн бүлгийг хүлээн авч сонслоо.
Дараагын дугаар хүртэл баяртай.
2004 он
2004 он
No comments:
Post a Comment