Lucky Charms Rainbow

Wednesday, February 20, 2013

Үзэмчин цагаан адуу...


/ сонсож болно /


ХӨТ: Сайн байцгаана уу, хүндэт  сонсогчид оо? “Тэмүүлэн продагшны бэлтгэсэн “Алтайн нуруунаас цуурайтах үзэмчний домог”  аялгуут тэмдэглэл хүлээн авч сонсоно уу.
/ Үзэмчин нутгийн дуу /
 
ХӨТ: Алтайн нуруунаас цуурайтах үзэмчний домог...
 
/ дуу тодорч ирээд /
ХӨТ: Монгол угсаатны нэг үзэмчин түмний уг гарвал, угсаа түүхийг ярихын тулд 13-р зууны үеийн түүхийн хуудсыг эрхгүй сөхөх болноо.
Үзэмчин аймаг Чингис хааны үеийн 70 гаруй аймгийн  нэг бөгөөд хожим  Чингис хааны 15-р үеийн  ач Батмөнх даян хааны  их хөвгүүн Төрболдод очсон түүхтэй. Үзэмчин аймаг 16-р зууны эхээр Алтай, Хангай, Үзмийн цагаан уулаар нутаглаж байсан бөгөөд Бодь Алагийн 3-р хөвгүүн  Онгон Дурал ноён харьяат аймгаа Үзэмчин  хэмээн нэрийдсэн гэдэг. Бас түүхэн сурвалжид үзэмчингүүдийг  Үзмийн уулнаас ирсэн хүмүүс ч гэдэг. Иймээс Үзэмчин түмэн өөрийн нутаг ус, Үзмийн цагаан уулаа дурсан санагалзахдаа дуу шүлэгтээ оруулж ирсэн түүхтэй.
                        Үзмийн цагаан уулнаас нүүдэллэж ирсэн  үзэмчин
                        Өнө эртний түүхтэй домгийн  буурал үзэмчин
                        Өншиг сайхан байгальтай  буянт нутаг үзэмчин
               Өв их соёлтой  өлзийт орон  үзэмчин  гэж сэтгэл бахдам уншихад  өвөг дээдсийнхээ элээж  өнгөрөөсөн  мянган жилийн түүхэнд Алтайн цэнхэр барааг алсаас бараадан бараадан сэтгэл зүрхэндээ сүслэн залбирч,  таныхаа элгэнд хүрч тэврүүлмээр, зулайгаа үнсүүлмээр санагддаг юм.
/ хөгжим /
ХӨТ: Үзэмчин түмэн Өвөрмонголын Шилийн гол аймагт нүүдэллэж хүрээд 500 гаруй жилийн түүхийг элээхдээ нүүдэлчин өв соёлоо үр хойчдоо уламжилсаар ирсэн түмэн. Мөн Монгол улсын Ховд, Сүхбаатар аймагт цөөн тооны үзэмчин  уугуул нутгийнхаа буурчийг сахин сууж хилийн наана цаана үзэмчин нэрээрээ бие биеэ таньж,  сэтгэл зүрхээрээ холбогдсоор буй.
/ Туулын тансаг Үзэмчин-дуу /
 
ХӨТ: Уртын дууны өлгий, удамт бөхийн нутаг үзэмчин түмэн монгол  уур соёл, үг хэллэг, ёс уламжлалаа  бүрэн хадгалсаар буй монголчуудын нэг хэсэг болой.  Ингээд энэхүү бичвэртээ  Өнийн тансаг үзэмчин нутгийн минь  таван эрдэнийн нэг болох Үзэмчин цагаан адуу хэмээх хийморь хишигт амьтныг бичиглэж сонсогч таны хийморийг сэргээе. 
 
ХӨТ: ҮЗЭМЧИН ЦАГААН АДУУ...
 
/ адуун сүргийн давхих чимээ орж ирэх /
ХӨТ: Монголчуудын  түүх морин дэлэн дээр бичигдсэн гэдэг. Тэнгэрийн  дор бурхан зурж өгсөн тэнэгэрхэн талаар  хуй салхи мэт давхилдах  түмэн цагаан үзэмчин адуу бүр ч онцгой содон бөлгөө. Юуны учир билээ гэж та сонирхож байна уу,  тэгвэл хамтдаа түүх хүүрнэж энэ оньсогыг тайлья.
/ адууны чимээ тодорч ирээд Үзэмчин цагаан адуу – дуу орж ирэх /
 
ХӨТ: Эрт урьд цагт гэнэ. Эзэн Чингис хаан их Монгол улсаа байгуулсны дараа төр төвшин, түмэн амгаланг бататгахын тусад тэнгэр лусын эзэн-сахиус тахих их найр сөгнөх билэг дэмбэрэлтэй газрыг эрж сураглуулахаар элч мордуулжээ. Олон олон үзэмж төгс уул усан дундаас  Алтайн Хангайн үзэмж арвин атлаа тунгалаг хэмээн элч нар мэдүүлж иржээ. Ингээд Чингис хаан өөрөө тэргүүлэн мордож, Алтайн оронд морилон хүрч  ард иргэдээ цуглуулан арван түмэн адуугаа хурааж,  81 цагаагч гүүгээ зэллэн, ариун хөнөгтөө цэгээ дүүргэж, аргал хусаар бүлүүр, угалзын  эврээр утгуур хийж гэнээ. Дархан сархадаа хас эрдэнийн  саванд агуулж есөн бэлэгт цацлаар 99 тэнгэр, 77  удган эх, алтан дэлхийн эзэн бүхэнд есөн ес наян нэгэн цацал өргөж, төвшин жаргалын бэлэгт ерөөл дэвшүүлжээ. Энэ үед үзэмчингүүд Алтайгаар нутаглаж байсан болохоор эзэн хааны 81 цагаагч гүүний эх хишгийг хүртэж, арван түмэн адуудын охь үржлийг дээдэлснээр Үзэмчин адуу цагаан зүсмийн болсон юм гэж  нутгийн настан буурлууд бахархан хуучлах бөлгөө.
Сонсогч та үзэмчин адуу Чингис хааны  цагаан адууны үргэлжлэл болохыг эл домгоос олж мэдсэн байхаа. Үзэмчин цагаан адуу нь Чингис хааны адууны цагаан зүс нь байсныг домгоор сийрүүлэх нь бүү хэл түүхэн үнэн тэмдэглэл ч бий. Одоо энэ тухай өгүүлье.
/ хөгжим /
ХӨТ: Сонсогч таны сайн мэдэх  Марко Пологийн  аян замын тэмдэглэлд Их хааныг  түмэн морь хийгээд түмэн гүү тэжээдэг бөгөөд “цагаан ану цас мэт” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь дээрх домгийг улам ч батлах бизээ.
Бүх монгол даяар өнөөг болтол  цагаан адууг их тоогоор уламжлан адгуулж ирсэн нь зөвхөн үзэмчин аймаг юм. Иймээс Үзэмчин нутгийг эзэн Чингисийн цагаан адууны хишиг буян шингэсэн газар орон гэж хэлж болно. Үзэмчингүүд өнөө ч гэсэн цагаан өнгийг ихэд бэлэгшээж цагаан морио унаж, цагаан сүлдээ тахиж, чандган цагаан өргөөгөө барьж, мөн цагаан цамц өмсөж, цагаан өнгийн алчуураар толгойгоо ороодог ёс заншилтай билээ. Энэ бүхэн нь Алтайн цагаан уулстайгаа холбоотой буюу. Мөн нутгаа сахиж хоцрогсодтойгоо дахиж учрахын бэлэгдэл болгосон зан үйл ч юм билүү.  
/ хөгжим /
ХӨТ: Цагаан морь нь үзэмчингүүдийн тахилгын шүтээнд ордог нэгэн зүйл байжээ. Чингис хааныг шүтэн бишрэх олон зан үйл монголчуудын ёс заншилд уусан  шингэсэн байдаг.  Дээр зууны 60-аад оны дунд болтол Үзэмчин айл өрх бүр  сүлд бурхан гэж залж тахидаг байжээ. Үүнийгээ настайчууд Чингис хааны хөрөг хэмээнэ. Эл бурхан цагаан морь унасан байдаг нь мөнөө л цагаан адууны домогтой  холбоотой.  Үзэмчин  монголын эрт үеийн  бөө дуудаач нар ч  мөн цагаан  морь унаж, цагаан өмсгөл өмсч, зандран тарнидаж тэнгэрээс хүн малын явдлыг авран тусладаг байжээ. Үзэмчин ардууд цагаан морио эрдэнэ мэт хайрлан шүтэж, найр наадам болбол жагсаалын эхэнд цагаан сүлдээ өргөсөн цагаан морьтонгууд талбайд орж ирнэ. Хүүхэд багачуудын үлгэр домог, оньсого таавар ч  мөн л цагаан морьтой холбоотой.
Энэчлэн унаган нутаг усныхаа тухай бахархан яримаар, шүлэглэн бичмээр зүйл дэндүү их юм. Юутай ч үзэмчин цагаан адуу гэж бичиж эхлэх тэр л агшинд шүлгийн цагаан мөрүүд тархинд харван ирсэн унаж туссан алтан шороо, ухаажиж томоожсон үзэмчний минь цагаан адуу улам олон болохыг  зөгнөн бэлэгдсэн “Үзэмчин цагаан адуу” шүлгээрээ эл тэмдэглэлээ  жаргаая.
/ хөгжим /
ХӨТ: Үзэмчин цагаан адуу...
Алтай  уулнаас цагаан адуу ергөн айсуй
Нууц товчооны алтан хуудсыг сөхөн айсуй
Дөрөө хангинуурын хавцлаас
Дөмөг морьдын үүрсээн дуулдан айсуй
                                    Түүхэнд мөнхөрсөн  Үзэмчин цагаан адуу
                                    Талын салхи савлан айсуй
                                    Үүл хөлөглөн давхих  Үзэмчин цагаан адуу
                                    Уртын дууны шуранхай алдуулан айсуй
Өнөр баян  үзэсгэлэнт нутгийн өрцөнд
Үлгэр домгийн алтан хэлхээ дуудан айсуй
Эзэн Чингисийн  наян нэгэн цагаагч гүүний хишгийг хүртэж
Арван түмэн адууны охь үржлийг дээжлэн айсуй
                        Өнө эртний Үзмийн цагаан уул сүндэрлэн харагдана.
                        Нүүж явсан үзэмчин  түмнээ үгүйлэн харагдана.
                        Цаст цагаан уултай өнгө ижилсэн хуйларсан
                        Цагаан адууны үүрсээг чагнан харагдана.
Хуурын чавхдасанд янцгаасан цагаан адууны аялгуу
Наадмын талбайд сонордох ардын дууны эгшиг
Нарны дор дэлээ цацруулан давхисан
Үзэмчин цагаан адуугаа үлгэрээс дуудан уянгарна.
                        Цал буурал буман  түүхийг аргаддаг үзэмчинчүүд
                        Цагаан морио унаж цагаан сүлдээ тахисаар
                        Шүтээнт дархан сахиус- адууны хийморийг даллана
                        Эрт дээдээс заяа барилдлага холбосон
                        Эзэн Чингисийн адуу-Үзэмчин цагаан адуу
Хурай... хурай... хурай...
 
/ хөгжим /
 
ХӨТ: Та бүхэн “Тэмүүлэн” продагшны бэлтгэсэн “Үзэмчин цагаан адуу” аялгуут тэмдэглэл хүлээн авч сонслоо. Тэмдэглэлийг бичсэн оюутан Өнөрсувд.

                                                                                                                         2013 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив