Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

Хүүхэн хутагтын дуу...



 / Бичлэгтэй, сонсож болно /

НЭВТ: Эрхэм сонсогчид оо, Хүүхэн хутагтын тухай дуу буюу “Бор бор бялзуухай” ардын уртын дууны домгоос сэдэвлэн бэлтгэсэн радио зохиомж хүлээн авч сонсоно уу.

        /Бор бор бялзуухай дууг морьтой хүн дуулан давхих чимээ орж ирээд фон дээр/

Хөтлөгч:        Үзэмчний номин ногоон талын дундуур усан санхьюү гөлөмтэй ганган улаан зээрд морь унаж, дөчин лангийн жийжүү дөрөө жийж, барим дэлэм зандан ташуур тулж, далан хоёр товчтой даадар хамбан дээлэн дээр бүүдэг хээтэй торгон бүс бүсэлсэн гоолиг  эр хонин тэлмэн жороо морь хөтлөн дуулан давхих авай. Түүний дуулах дууны үгийг чих талбин сонсвоос:
Хөх хотыг хөвөөлүүлээд
Ар хотыг хаяалуулаад
Наймаа хотыг оруулаад
            Ная наян лангаар  дүйлгэчихлээ
Хүүдээ бэлэг болгож
Агар зандан аяга авлаа шүү
Ээждээ бэлэг болгож
Эрднийн зандан эрэх авлаа шүү
Ахдаа бэлэг болгож
Алаг манан хөөрөг авлаа шүү
Эгчдээ бэлэг болгож
Ээмэг бөгж авлаа шүү
Дүүдээ бэлэг болгож
Дүйгүүр тоглоом авлаа шүү
Ханьдаа бэлэг болгож
Хамба торго авлаа шүү
Дагуулдаа бэлэг болгож
Даадар хамба авлаа шүү
Угтуулдаа бэлэг болгож
Усан санхьюү авлаа шүү
Хүлээж авах нөхөртөө
Хүрэн тэрэм авлаа шүү
Алсыг заах нөхөртөө
Алтан эрднийн бүс авлаа шүү
Харж явах нөхөртөө
Халиун буга авлаа шүү
Айлынхандаа бэлэг болгож
Аншиг саншиг юм авлаа шүү
Улс нутгийнхандаа зориулж
Увуу цувуу юм авлаа шүү... гэж дуулах авай.

                                             / дуу тодорч ирээд дуусах /

Хөтлөгч:        Ганган эр ийн дуулсаар оройгүй хөх уулын хойрмойд харагдах хэсэг айлаас алсуурхан давхиулж өнгөрлөө. Түүний эл байдал хот айлынхныг шуугиулаад явчих нь тэр. “Хүүхэн хутагт яагаад буугаад мордсонгүй вэ” , “Их л яаруу яваа юм байх даа...”, “Арай манайханд гомдоогүй байгаа даа...” гэхчлэн хөгшин залуугүй хөлсөв.  Эмгэд хойноос нь сүү өргөж харагдана. Харин ойролцоох үхрийн зэлэн дээр гурван хүүхэн ийн ярилцана.
Бүсгүй-1:       Хүүхэн хутагт манайхнаар яагаад буусангүй вэ?
Бүсгүй-2:       Саахалт айлын Бодьмаа хүүхэн  рүү яарч яваа байлгүй дээ
Бүсгүй-1:       Бодьмаа энэ хоёрыг хамт явахаар нэг л сонин санагдаад байдаг юмаа...
Бүсгүй-3:  Харин тиймээ, үеийн хоёр бүсгүй явж байгаа юм шиг... /инээх/
                                             / гурвуулаа айлгүйтэн инээлдэнэ /
Бүсгүй-2:       Нээрэн тийм шүү, Хүүхэн хутагт царайлаг ч гэсэн нэг л эр хүний шинжгүй харагдаад байдаг юм.
Бүсгүй-1:       За, та хоёр болиоч дээ, та нар Хүүхэн хутагтын хишгийг чамгүй л хүртсэн дээ. Наад зүүж яваа ээмгийг чинь Жийжүү хотоос авчирч өгөө биз дээ...?
Бүсгүй-2:       Хүүе, би та хоёрт нэг юм хэлэх үү? / шивнэх / Би... Хүүхэн хутагтыг нэг сар эмэгтэй, нэг сар эрэгтэй болж явдаг гэж дуулсан шүү...
Бүсгүй-1:       Тэр нь ч юу юм бэ, харин би хүүхэн хутагтыг эмэгтэй хүн гэж хэлцэхийг сонссон...
Бүсгүй-3:       Нээрэн тийм байх шүү. Эр хүн шиг хувцасладгаас биш, тэр үс зүс яг бүсгүй хүн... Тэгэхдээ бүр царайлаг бүсгүй гээч...
                                            / дахиад бүр ч айлгүйтэн инээлдэнэ /
Бүсгүй-2:       Тэр нарийхан саран хөмсөг, урт сормостой эрэвгэр алаг нүд...
Бүсгүй-3:       Бас бүсгүй бүхэнд заяагаад байдаггүй сүү шиг цагаан царай, сүмбэ шиг нарийхан хуруу...
Бүсгүй-1:       Хамгийн гайхалтай нь, сайн эрчүүдтэй адил шилийн амьдралаар явж, цаг үргэлж хөдөө хээр хоноглож, адуу мал хөөж явдаг хүн гэхэд зүс нь гандаж, гар хуруу нь эвдэрдэггүй нь сонин юм шүү...
Хөтлөгч:        Гурван хүүхэн ийн хошуу холбон шивнэлдэж, жиг жуг гэж байхыг харсан хичээл эр чулуун соруултай урт гаансныхаа үнсийг гутлынхаа өсгий дээр цохиж унагаад, босож үхрийн зэл рүү пар пар хийн алхаж очоод:
Эр:                  /их л бухимдангуй/ Та гурав чинь юу болоод хошуу холбоод ухаан алдчихаав. Наад хэдэн тугал чинь та нараас өмнө үнээний чинь дэлэнг шувтарч  гүйцлээ...
Бүсгүй-1:       Аав... бид яасан юм, саалийн дараа гол руу явах тухайгаа л ярьж байна...
Өнөө хоёр:     /зэрэг шахуу/ Тийм, тийм...
Эр:                  Тийм байхаа, та гурав. Хүүхэн хутагтыг л гоочилж байгаа биз, сайхан мэдээрэй. Энэ хүний буяныг хотлоороо л амсаж байгаа бус уу. Энэ насаараа хөлсөө шавхан ихэс дээдэст зүтгэчихээд унааны ганц морьгүй явсан биднийг хөл дүүжлэх унаатай болгож, бас авчирч өгсөн аргамаг хүлгийг нь  арилжиж цайны сүүний хэдэн үнээтэй болоо биз дээ...?
Бүсгүй-1:       Аав... та юу хэлээд байгаа юм дээ. Бид цөм л мэднэ шүү дээ...
Эр:                  Тэгээд юуг нь гоочлоод байгаа юм?
Бүсгүй-1:       Хэн гоочлоо вэ?
Эр:                  Наад царай дээр чинь илхэн байна. Ер нь... та нар үнээгээ сааж дуусаад, аахар шаахар ажлаа эртхэн амжуул. Үдэш айл хотлын багачуудыг манайд цуглуул. Би Хүүхэн хутагтын тухай та нарт ярьж өгье...
Бүсгүйчүүд: /дуртай нь аргагүй/ За ааваа... мэдлээ ахаа...

                                             / морин хуурын аялгуу орж ирэх /

Эр:                  За хүүхдүүд минь бүгд ирээ юу, дээшээ сууцгаа, айраг цэгээ уу...
Олон:                         Жа...жа...
Эр:                  Бид хошуу хотлоороо Хүүхэн хутагтыг сайн эр гэдгээр нь мэднэ. Гэхдээ сүүлийн үед энэ хүний талаар элдэв цуу үг ярьдаг болоод байна...
Хөтлөгч:        гээд Асал гуай чулуун соруултай урт гаансаа гутлынхаа түрүүнээс гаргаж ирээд тамхи хийж асаагаад удаан гэгч соров.
Эр:                  Хүүхдүүд минь... Энэ хээнцэр сайн эрийг яагаад “Хүүхэн хутагт” гэж нэрлэснийг, бас аль нутаг усны үр  болохыг манай нутагт тэр бүр мэдэхгүй. Одоо би та нарт юм мэдэх хүнээс сонсож дуулснаа хэлж өгье.

                                                  / хуурын аялгуу тодорч ирэх /

Эр:                  Хүүхэн хутагт бол Ар халхын 8-р богд Жавазандамба хутагтын “тамгатай” есөн хутагтын нэг бөгөөд ер бусын увидас чадал нь тодорсон хүн гэнэ. Уг нэр нь Найдансүрэн, уугуул нутаг нь Хан Хэнтий аймгийн Мэргэн гүний хошуу гэнэ. Халхын ноёд, хатад хүүхэн хутагтад мөргөж сүсэглэе гэхээсээ илүүтэй түүнийг харж баясаж, сэтгэлээ сэргээж, танилцаж хөөрөлдөе гэдэг байжээ. Түүнээс гадна энэ хүний увидас шид  нэн их...
Бүсгүй:          Хүүхэн хутагт бас увидастай хүн байх нээ... одоо яанаа...
Эр:                  Тэгэлгүй яах вэ, хутагт хүн шүү дээ. Нэг домог хэлье. Хүүхэн хутагт нэг удаа адуу хөөж яваад үдшийн бүрийгээр нэг харамч айлд оржээ. Тэгээд гэрийн эзэгтэйн хийж өгсөн багахан хоолыг идчихээд тогоог нь долоох шахаж гэнэ. Тэгсэн чинь авгай: “Хүү минь, чи мөртөө наад тогоогоо эргүүлээд долоочих” гэж л дээ. Хүүхэн хутагт хувилгааны  увидсаар тогоог нь эргүүлээд хөөтэй талыг нь дотор нь оруулчихаж гэнэ. Гэрийн эзэд сая л “ховдог” гийчин нь  эгэл хүн биш, халх даяар цуутай Хүүхэн хутагт байсныг мэдэж гэнээ...
                                                               / Бүгдээрээ инээлдэнэ /
Бүсгүй-1:       Ааваа, тийм хүн яагаад шилийн эрчүүдийн замаар орчихдог байна аа?
Эр:                  Хүүхэн хутагт их эх оронч сэтгэлтэй, баяд ноёдууд, тэр дундаа манж ноёдыг бүр ч үздэггүй хүн гэнэ. Энэ тухай олон домог яриа байдаг ч би та нарт ойрхны нэгэн түүх хэлье. Хэдэн жилийн өмнө баргын нутагт Сайнхүү гэж нэг олон адуутай баян хүн байжээ. Тэр хүн одоо ч бий байх. Сайнхүүд их хүнд өвчин тусаад Богдын хүрээнээс Хүүхэн хутагтыг их эрдэм чадалтай хэмээн залж үзүүлсэнд, Хүүхэн хутагт: “Танай адуун сүрэгт 33 шарга морь байдаг юм байна. Тэр чинь гай зовлон дуудаад байна. Тиймээс түүнийг зайлуулбал амь тань аврагдана” гэж хэлжээ. Гэтэл өнөө баян амь наснаасаа илүү морьдоо хайрлаад зайлуулахгүй байгаад байж. Тэгэхээр нь Хүүхэн хутагт  түүний амь насыг аврахын тулд хоёр шөнө отон хүлээж байгаад гурав дахь шөнө нь  33 шарга адууг нь хулгайлан  хөөж, Долнуурын хавьд аваачаад худалдчихжээ. Өвчин нь илааршиж эдгэрсэн өнөө баян адууг минь хулгайлав гэж Ар богдод заалджээ. Тэгээд богд Хүүхэн хутагтыг дуудан авчирч Сайнхүүгийн өмнө ташуурдаж шийтгэхэд,  тэрээр газар элгэдэн хэвтээд, энэ хүний амийг аврахын тулд адууг нь  хөөсөн нь үнээн гээд хэдэн тоотой адуу, хаагуур дамжуулан, хаана аваачиж юугаар арилжсан зэргийг нэгд нэгэнгүй тоочин дуулжээ. Дуулж дуусаад өндийхөд нь Хүүхэн хутагтын элгэн дороос нь нэг бор бялзуухай гарч нисчээ. Үүнийг харсан өнөө баян тун ихээр сүслэн биширч заргаа буцаасан гэдэг юм. Гэсэн хэдий ч Хүүхэн хутагт “Төр байсан цагт хулгай бий, зэм байсан цагт чоно бий” хэмээгээд шилийн эрчүүдийн зам мөрөөр орж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, баяд ноёдын адууг хөөж, ядуу зүдүү хүмүүст түгээн өгдөг болсон юм гэнэ лээ.
Бүсгүй-3:       Одоо яанаа, бид гурав өнөө өглөө учрыг мэдэхгүй байж баахан дэмий юм бурчихсан...
Эр:                  Зарим хүмүүс Хүүхэн хутагтыг зүсээ хувиргасан эмэгтэй хүн гэдэг. Ямартаа ч энэ нууцлаг хүний тухай элдэв муу үг бүү ярь, харин сүслэн мөргөж, хишиг буяныг нь хүртэж яв...
Олон:               Ёстой, ёстой... бурхан өршөө...
Эр:                   Сүүлийн үед Хүүхэн хутагтын дуулах дууг сонсоод байхнээ,  тэр энэ шилийн зам мөрөө орхих шинжтэйдэг шүү...
Залуу эр:        Ахаа, та Хүүхэн хутагтын дуулдаг дууны үгийг бидэнд хэлж өгөөч, бид дуулж явъя...
Эр:                  Зөв, хүүхдүүд минь. Хүүхэн хутагтын зохион дуулсан тэр дууг “Бор бор бялзуухай” гэдэг юм. Ер нь тэр хүн энэ дуунаасаа өөр дуу дуулах нь ховор доо. Энэ дуунд өнөө 33 шарга адууг хөөсөн тухайгаа өгүүлсэн байдаг юм. Та нар сонс:
                        Бор бор бялзуухай
                        Босон суугаад жиргэнэ
                        Болзошгүй жаахан хүүхэн хутагт
                        Баруун хойш зориод гарлаа
                        Хар талын манаач нь
                        Харин ч хэцүү манаач байна
                        Хоёр шөнө нь отлоо
                        Хойт шөнө нь авлаа
                        Айл ах дүүгээр нь бууж
                        Адууны нь манааг туршлаа шүү
                        Улсыг тань унтахлаар
                        Унага даагыг нь үлдээлээ
                        Баян баргын адуунаас нь
Баруун хойш хөөлөө шүү
Байсан олон баргууд нь
Барааг минь харалгүй хоцорлоо шүү
Хөөсөнхөн адуу минь
Гучин гурван шарга
Гурваас бусад нь
Усан тэлмэн жороо шүү.
Унаган дааганы хэвтээ дээр
Улс бүхний унтаа дээр
Шөнө дундын үед
Шүлэг нойрын эхэнд шүү
Нойр муутын гадуур
Нүргэлсхийж гарлаа
Нохой муутын гадуур
Даргиулсхийж өнгөрлөө...
Саадаг нумыг минь харвал
Сайн эрийн шинжтэй шүү
Санчиг үсийг минь харвал
Сайхан эмэгтэй шинжтэй шүү
Гурван марал гудайхад
Гургалдайн даваагаар давлаа шүү
Долоон бурхан тонгойход
Долнуур хотод хүрлээ шүү
Үүр шөнө хагацахад
Утайн давааг давлаа шүү
Үдшийн бүрийн дундуур
Үүлт хотод очлоо шүү
Дөч хоногийн замыг
Дөрөөн дээрээ тууллаа шүү
Дөрвөн зүйлийн бэрхийг
Даван туулаад гарлаа шүү
Алалдсан газрыг минь
Аав минь ч үзсэн болоосой
Арван гурван сорвийг минь
Ээж минь ч үзсэн болоосой...
Хийж яваа ажил минь бол
Хулгай самууны ажил шүү
Явж байгаа хорвоо доо
Яг таарсан ажил шүү
Энэ үйлээ бодож
Эрднийн ганжуур бүтээлээ шүү
Хойд үйлээ бодож
Хоньсон бодьсадва бүтээлээ шүү
Энэ дууны нэр нь
Бор бор бялзуухай шүү
Эрдэмтэн мэргэд нараас
Шүлэглэн холбож зохиосон шүү
Энэ дуугаа дуулбал
Элгэн садан бүгдээрээ
Энгүй цэнгэлийн далайд
Энх амар жаргана шүү... гэдэг юм даа.
Олон:            Ямар сайхан... бас ямар үнэн үгтэй юм бэ...?
Эр:                  Тэгэхээр хүүхдүүд минь, Хүүхэн хутагтыг бишрэн шүтэж, билэг оюуныг нь дээдэлж, дууг нь дуулж яваарай.
Олон:            За... за...

                                                / дуу тодорч ирээд дуусах /

НЭВТ: Сонсогч та бүхэн Хүүхэн хутагтын дуу буюу “Бор бор бялзуухай” ардын уртын дууны домгоос сэдэвлэн бэлтгэсэн радио зохиомж хүлээн авч сонслоо. 

2010 он
  

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив