НЭВТ: “Ардын өв сангаас түүсэн есөн эрднийн хэлхээ” цуврал...
/ эхлэл
хөгжим /
НЭВТ: Эрхэм сонсогчид
оо, “Ар хөвчийн унага” ардын уртын
дууны домгоос сэдэвлэн бичсэн радио зохиомж хүлээн авч сонсоно уу.
/ хөгжим /
Хөтлөгч: Хөхөө шувуу
донгодож, хөвчийн мод найгаж, дээр нар мандаж, дэргэд ус мяралзсан дэлгэр зуны
сайхан өдөр бидний хэдэн хүмүүс чилээ юугаан тайлж, сэтгэл юугаан сэргээхээр
хөдөөгийн замд гарсан юм.
/ машинтай хүмүүс /
Хөтлөгч: Бидний зарим
нь усны дэргэд бууна л гэнэ, бас зарим нь ой модонд орно л гэнэ, нөгөө нэг нь
уулын оройд гарна л гэнэ. Ингэж маргаж тэмцэлдсээр араараа модтой өндөр уулын бэлд
бууж, гадас хатгаж майхнаа босгоод, чулуу тулж тогоогоо тавьж, хээрийн цайгаа уухаар тойрон
сууцгаалаа. Нэг хэсэг нь хол ойрын сонин
хачин хүүрнэж, нөгөө хэсэг нь байгалийн үзэсгэлэнг хальснаа буулгасаар үдэш
болгов. Сэр сэр салхи сэвэлзэж, бур бур бороо хаялж, сэрүүн хангайн амьсгал
сэтгэл дотрыг уудамшуулна.
/ байгалийн уран
дуу чимээ орж ирнэ /
Эм: Байгаль эхийн энэ дуу чимээ ай мөн сайхан аа...
Эр-1: Ёстой, ёстой энэ гайхалтай дуу чимээг сонсоод хонон өнжин баймаар байна.
Эм: Тийм шүү. Өнөө үлгэрт гардаг гэрээ мартсан Гэсэр богд болчихмоор нутаг
байна
даа...
Өвгөн: Алтай хангайн энэ сайхан дуу чимээ гэрээ мартсан эр хүнийг ч бас эргүүлэн
дууддаг юм даа.
Эм: Өвөө та энэ нутгийн тухай нэг сайхан хууч яриач дээ
Олон: Тэгээ ч дээ, өвөө...
Өвгөн: Монгол
газрын уул ус нь домогтой, дуу хуур нь үлгэртэй. Ёстой үлгэр домгийн орон гэдэг
чинь бидний нутаг шүү дээ. Өвгөн ах нь та нарт энэ нутаг устай холбоотой “Ар
хөвчийн унага” дууны тухай нэгэн домог хэлье дээ
Олон: Яасан
сайхан юм бэ...? “Ар хөвчийн унага” уртын дуу байхаа...?
Өвгөн: За
тиймээ, сонсцгоо хүүхдүүд минь...
/ хөгжим /
Өвгөн: Эрт
нэгэн цагт юм гэнэ. Зүүн зүгийн нутаг Ээж нуурын хавиар Пэрэнлэйжамц гэдэг хүн
нутагладаг байжээ. Түүний хүү Жаргал хэмээх залуу нэгэн баян айлын сайн мориор
чоно хөөж яваад хөлийг нь гэмтээчихэж. Тэгээд морины төлбөрт орохоос айн
зугтаж, алс холын Алтай хангай хэмээх нэгэн нутагт очиж, Цогт хэмээх баян айлын
адуу малладаг болжээ.
Эм: За
нэг морины хөл гэмтээсний төлөө, яршиг байна даа.
Эр-1: Тэгэлгүй
яадаг юм. Тэр цагт чинь морь шиг үнэтэй юм байхгүй, тэгээд бас сайн морь гэж
байна шүү дээ.
Эр-2: Тийм шүү, сайн морины өр төлөөс гэдэг чинь ядуу хүмүүст
бол том ял, зарим нь бүр...
Өвгөн: За хүүхдүүд минь цааш нь сонс...
Олон: За... за...
Өвгөн: Алтай
хангайгаар нутагтай тэр Цогт баяных
Янжиндулам гэдэг нэртэй, туурга нэвт туяатай гэр нэвт гэрэлтэй үзэсгэлэн
гоо охинтой юм гэнээ. Өдөр хоног өнгөрсөөр... Жаргал, Янжиндулам хоёр хайр
сэтгэлтэй болжээ. Цогт өвгөн хөгшинтэйгээ хоёул Жаргалыг номхон шударга сайн
залуу хэмээн тоож, хүргэнээ болгохоор сэм ярилцжээ. Нэгэнт л нэг гэрийн дөрвөн хүн ингэж санаа бодол нийлсэн болохоор төд
удалгүй хурим найр хийж дээ. Хуримын
анхны шөнө Янжиндулам бүсгүй эр нөхөр Жаргалынхаа энгэр цээжинд наалдан байж:
“Чи надтай энэ насаараа амьдран сууя гэж бодож байгаа бол арын өндөр уулын орой
дээр бүү гараарай” гэж учирлан захижээ. Жаргал учрыг лавласан боловч Янжиндулам
нарийн учрыг нь эс хэлэв гэнэ. Тэр цагаас хойш хэдэн жил өнгөрч дээ. Нэг өдөр
тэдний адуунаас хоёр азрага адуу алга болсон байлаа. Бачимдаж сандарсан Жаргал
уулын орой бүр дээр гарч алсын бараа хараачилсаар яваад нэг мэдсэн чинь Алтай
хангайн орой дээр гарчихжээ.
/ хөөмийн аялгуун
дээр байгалийн уран дуу чимээ /
Өвгөн: Алтай
хангайн шугуй дотроос алтан гургалдай нисэн гарч ирээд яруу сайхан донгодох
дуун уянгалан цуурайтхуйд сэржигнэсэн жаврын эрч сулран найрсаад, харгилан
урсах горхины урсгал зөөлрөн туналзаж, огторгуй дахь хөвөн цагаан үүл уудамшин
цэлийв гэнэ шүү. Алтан гургалдайн уран донгодох уяхан яруу эгшиглэнд адуучин
Жаргал уяран суухуйд алсын алсад тэнгэрийн хаяанд уран зэрэглээ жирэлзэх шиг,
Ээж говь нь үзэгдэх шиг болж, ачит эцэг эх, авааль хонгор бүсгүй нь эрхгүй
дурсан санагдаж, сэтгэл дотор нь үймрэн догдолж:
Арын өндөр
модонд
Яруу дуутай
гургалдай
Түүний дуунд
санагдсан
Аав, ээж
хоёр...
Хөх саглагар
модонд
Хөхөө шувуу
донгодно
Хөгшин
буурал ааваасаа
Хөндий хол
сууна даа, би... гэж дуулав.
/ байгалийн дуу чимээ тодорч ирээд /
Өвгөн: Дараа нь Жаргал Алтай хангайн ар бэлийн хөх шугуйгаас хоёр азарга адуугаа
олоод үдэш нь гэртээ ирэхэд нь эхнэр нь түүний царайг хараад учрыг ойлгож:
“Хонгор минь царай чинь их муу байх чинь. Чи лав Алтай хангайн орой дээр гарчээ
дээ” гээд хөөрхөн хар нүднээс нь тунгалаг нулимс мэлмэрэн ирэхүйд, хархүү ихэд
сандран хайрт бүсгүйгээ тэврэн аваад:
“Чи яаж мэдэв” гэхэд, Янжиндулам: “Алтай хангайн шугуйд алтан гургалдай
эргэлддэг юм. Алтан гургалдайн уянгалан донгодохыг сонссон эр хүн, эр морь хоёр
нутаг ус, ижлээ сүргээ санаж тогтож байж чаддаггүй гэдэг юм. Одоо чи нэгэнт
нутаг усаа санахгүй байж чадахгүй болов” гээд нулимс бөмбөрүүлэв. Эхнэр нь
хэсэг уйлж байснаа нулимсаа арчаад Жаргалд хандан: “Нутаг чинь хол шүү. Иймд чи
миний үргэлж унадаг жаахан бор морийг унаад яв даа. Өөр морь бол горьгүй шүү,
намайг санавал жаахан бороо унаад ирж байгаарай” гэж хэлжээ.
Маргааш өглөө нь адуучин Жаргал хадам аав, ээж хоёр
дээрээ орж төрж өссөн нутаг ус, гэр орон, асралт аав ээж юугаан эргэж тойрох
гэсэн санаа бодлоо цухуйлгахад, “Хүний үр болсон хойно хөөрхий дөө, эцэг эхээ
эргэж үзэлгүй яахав” гээд зөвшөөрчээ. Тэгээд Жаргал: “Би янзган тогос борыг
унаад явъя даа” гэхэд, хадам аав ээж нь: “Ээ дээ хүү минь, ямар адуугаа барлаа
гээд тэр муу жаахан борыг унав гэж. Гэвч өөрийн дураар болтугай” хэмээжээ.
/ хөгжим /
Өвгөн: Маргааш
нь Жаргал хархүү тогос бор мориндоо мордож жолоо сунган давхиулжээ. Тогос борын
дөрвөн туурай газар хүрэхтэй үгүйтэй, сүүл нь арагш намиран хийсэж зоо нуруутай
нь тэгшрэн, Жаргалын хоёр чихэнд хээрийн салхи исгэрэн шунгинаж байлаа.
Өглөөний нарнаар халхын Алтай хангайгаас гарсан тэр бээр бага үдийн алдад зүүн
хязгаарын зэрэглээтэн байдаг Ээж говьдоо ирчихсэн байв гэнэ. Жаргал төрсөн
нутагтаа ээж аав, эхнэр хүүхэдтэйгээ баяр хөөртэй олон өдөр сарыг өнгөрөөж
байлаа. Гэтэл нэг өдөр тогос бор нь уяан дээрээ үүрсэн янцгаахыг хараад Арын
сайхан хангайд буй амраг хонгор Янжиндулам бүсгүйгээ гэнэт санажээ.
/ Морь үүрсээд
залгаад хангайн сайхан хөгжим дуу чимээ /
Өвгөн: Тэгээд Жаргал тогос бор мориндоо
мордон Алтай хангай нутгийг зорив.
/ морьтой давхих
чимээ хэсэг яваад фон дээр /
Өвгөн: Өглөө
мордоод гарахад үдэд хүрчихдэг, үд өнгөрөөгөөд мордвол үдэш хүрчихдэг болохоор
Жаргал хархүү үзэсгэлэнт Янжиндулам бүсгүй дээрээ байн байн ирж очиж, нааш цааш
олонтоо явдаг болжээ. Түүнийг ирэх бүрд нь Янжиндулам бүсгүй: “Жаахан борыгоо
гамнаж эдлээрэй. Түүнээсээ салаагүй байсан цагт чи хүрье гэсэн газартаа хүрч,
уулзъя гэсэн хүнтэйгээ саатал үгүй уулзаж чадна. Морийг чинь муу хүн хорлуузай,
хичээж яваарай” гэж санаа алдан захидаг байжээ.
/ хөгжим /
Өвгөн: Нэг удаа
авааль эхнэр нь Жаргалыг хаа нэгтээ рүү байн байн яваад байгааг мэдээд ихэд
сэжиглэн хардаж, уяан дээр хөлс нь
сэвэрч амжаагүй байгаа жаахан бор морины наана цаана нь гарч шинжин сонжиж,
буруу зөв талд гарч ажиглаж харж байгаад тогос борын хоёр улаан суганд нь
хурууны өндгөн чинээ махан хэл амьсгалах тоолонгоор нь нэг бултайж, нэг далд
орж байхыг олж харжээ. Уурлаж бухимдсан тэр эхнэр “далавчтай морь гэдэг нь энэ
байх нь... Манай хар хүн байн байн алга болчихоод байдаг нь цаанаа лав учиртай” хэмээгээд, гэртээ гүйн орж үйлийн
хайчаа сэм авч ирээд тогос борын хоёр махан далавчийг хайчилж орхижээ.
/ түгшүүртэй таслал
/
Өвгөн: Нэг өдөр
Жаргал Арын сайхан хангай орж, амраг хонгор Янжиндуламтайгаа уулзахаар тогос бор мориндоо мордоод гарч өгчээ. Унасан
морь нь явах тусмаа сульдаад нэг л өөр байв гэнэ. Гэсэн хэдий ч Жаргал
Янжиндулам бүсгүйгээ санахын эрхэнд урагшилсаар л байв. Тэгтэл ус ч үгүй, унд ч
үгүй нэг цөл газар ирээд тогос бор нь
таг зогчихов. Ингээд хүн амьтангүй цөл газар морьтой, хүнтэйгээ харангатаж
хатсан юм гэдэг. Гэсэн хэдий ч Жаргал хархүү хатаж үхсэн мориныхоо молор
толгойг тэврээд:
/ Ар хөвчийн унага -
дуу орж ирээд /
Ар хөвчийн
унага
Алтанхан
жигүүртэй бор тогос
Алс холын
хүмүүнтэй
Анхнаасаа
юунд танилцав даа
Энхэр
хөвчийн унага
Эрдэнэ
жигүүртэй бор тогос
Энгийн холын
хүмүүнтэй
Ингэж юундаа
ханилав даа
Сүндэрлэн
харагдах нь
Сүмтэй
будрын чулуу
Сүүмэлзэн
сүүмэлзэн харагдах нь
Миний
хайртай алдрай
Дэнжин
нуурын чогчого
Дэнжээн
дагаад жиргэнэ
Дэмий
хүмүүнтэй ханилсан
Миний
хүүгийн сэтгэл дээ
Алтан шар
нар нь
Алтран
тунараад туслаа
Амраг
түүнийгээ санахлаар
Алсын замыг
хөөлөө... гэж гашуудан дуулсан юм гэдэг.
/ Ар хөвчийн
унага-дуу тодорч ирээд дуусна /
Олон: Ямар
гоё дуу вэ, уртын дууг домог түүхийг нь мэдээд сонсохоор бүр ч сайхан юм байна
шүү...
Өвгөн: “Ар
хөвчийн унага” гэдэг дуу ийм нэгэн түүхтэй юм даа, хүүхдүүд минь. Миний багад
настайчууд “Ар хөвчийн унага” гэх энэ дууг өндөр уулын орой дээр гарч дуулахыг
цээрлэдэг байсан юм.
Эм: Өвөө,
энэ “Ар хөвчийн унага” дууны домог Хөхөө Намжилын домогтой ямар адилхан юм бэ?
Олон: Харин тийм... Нээрэн тийм байна ш
дээ...
Өвгөн: “Ар
хөвчийн унага” дууны домог их олон хувилбартай юм гэсэн. Үзэмчин, Баргын нутагт
тархсан хувилбараар бол тогос бор морьтой нэгэн сайхан залуу өөртэйгээ эн тэнцэх сайхан хүүхнийг эрж олохоор холын замд
гардаг юм. Хөхөө Намжилын домог ч бас энэ дууны нэг хувилбар нь юм шүү дээ.
Хүүхдүүд минь, ардын дуугаа дуулж яваарай. Ардын маань дуу бүхэн нь сургаалтай,
домог бүхэн нь эзэнтэй юм шүү.
/ дуу дахин тодорч
ирээд дуусах /
НЭВТ: Та бүхэн “Ар хөвчийн унага” ардын уртын дууны
домгоос сэдэвлэн бэлтгэсэн радио зохиомж хүлээн авч сонслоо.
2010 он
No comments:
Post a Comment