НЭВТРҮЛЭГЧ: Монголын дуу хоолой радио ярьж байна
НЭВТРҮҮЛЭГЧ: Манайд ирээрэй...
/ таслал /
РЕДАКТОР: Зуны дунд сарын сүүлээр Халхын сэцэн хан аймгийн
Боржигон сэцэн вангийн хошууны Баруун Чойрын Ловон хувилгаан, гавж аграмба
Агваанданзанямын түмэн өлзий гийсэн 120 жилийн ойн хүрээнд зохиосон “Бат оршил”
наадам боржигоны намхан толгодыг өндөлзүүлэн, шингэх нарыг саатуулан гурван
хоног болсон билээ. Ингээд “Нар саатуулсан өдрүүд” аян замын цуврал
тэмдэглэлийнхээ үргэлжлэл БОРЖГИНЫХОН
хуудсаа дэлгэе.
/ хөгжим /
РЕДАКТОР: Боржигон гэх үгийг монгол газар андахгүй. Учир нь энэ
бол монголчуудын эртний гаралтай нэгэн овгийн нэр. Монголчуудын язгуурын язгуур
болох Бөртэ Чино, Гоо Марал хоёроос хойш 11 дэхь үеийн Добу мэргэний гэргий
Алун гоо хатны таван хөвгүүний нэг Бодончир мунхагаас эхлэн Боржигон овог бий
болсон байдаг. Боржигон овгийн 11 дэхь үе нь Чингэс хааны алтан ургийнхан юм.
Энэ удаа би түүх ярих гэсэнгүй, бас овгийн тухай ч хэлэх гэсэнгүй. Харин
Боржигон нутгийн тухай өгүүлэх гэж байна. Ингээд эл тэмдэглэлээ манай нэрт яруу
найрагч Бавуугын Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал” шүлгээр эхэлье.
/ хөгжим /
Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад агь хоолойд аргасан Боржигины минь бор тал
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Тааны цагаан тоосноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл бургилын туйл
Нар, хур царайчилсан газрын
саальтай хормой минь...
/ хөгжим /
РЕДАКТОР: Боржигон нутагт Төв, Дундговь, Дорноговь аймгийн тал
хээрийн сумдууд багтдаг юм. Тэр дундаа Дундговь аймгийн Говь-Угтаал,
Баянжаргалан, Цагаандэлгэр сумыг боржигин нутгийн гол цөм гэдэг аж.
Боржигончуудад бусдаас ялгарах олон сонин зүйл байх юм билээ. Тухайлбал
боржигон байшин гэж ганц ч хадаас оролцуулалгүй босгосон байшин, боржигон найр
гэж монгол газар хаа ч байхгүй хатуу ёс дэгтэй найр, боржигон дуу гэж хамгийн
ганган хээнцэр цохилог чимэглэлтэй уртын дуу бий. За тэгээд цааш нь боржигон уухай, боржигон боов... гээд олон
зүйлийг нэрлэж тоочиж болно.
Дуу гэснээс Дундговь аймаг нь дуу хуурын эх нутаг гэж
монгол газраа алдартай. Энд үеийн үед алдар цуутай дуучид төрсөөр ирсэн
онцлогтой. Ингэж сод дуучид төрөөд байдаг нь бас учиртай аж. Үүнийг боржигон
нутгаар дайрч өнгөрсөн хүн л олж мэдэхвий. Боржигон нутаг адуу олонтой.
Тэгэхээр адуу олонтой газар айрагтай гэсэн үг. Айраг байсан газар найр наадам
өрнөнө. Найр наадамтай бол дуу хуур дэлгэрэх нь жам ёс. Яагаад гэж сонсогч та
асуух байх. Цааш нь сонс...
/ адуун чимээ, гүүн зэлэн дээрх чимээ орж ирнэ /
РЕДАКТОР: Адуутай газар гүү барина. Гэхдээ адуутай бүхэн гүү
барихгүй л дээ. Тэгвэл боржигон нутагт гүү барихгүй айл гэж үгүй. Гүүгээ
өдөртөө 5-аас доошгүй удаа сааж, хөхүүр хөхүүрээр айраг бүлнэ. Боржигоны айраг
гэж уруул салгахын аргагүй, дэндүү гэмээр сайхан. Энэ сайхан амт нь дэндүү гэмээр богино настай.
Тэгэхлээр боржигончууд айргаа амттай дээр нь ууж барах гэж найр наадам
дэлгэрүүлдэг бололтой. Монгол газар дуу хуургүй найр наадам гэж үгүй. Тэгэхээр
айргаа уун дуугаа дуулж, найрлан цэнгэдэг ард түмэн бол боржигончууд. Аялж явах
зам зуур тохиосон Боржигин дууны наадмын үеэр ардын авьяастнуудтай уулзаж
ярилцахад тэд бүгдээрээ 14,15-тайдаа айлын найран дээр анх дуулж эхэлсэн гэж
ярьж байх юм. Ингэхлээр боржигон найр тэднийг дуучин болгодог бололтой. Нэг
үгээр боржигон найр уртын дууны уламжлалт дамжаа юм уу даа.
/ Боржигон найрын чимээ орж ирэх /
РЕДАКТОР: Сонсогч та Боржигон нутгийн найран дээр санамсаргүй орох
тохиол гарвал маш бодолтой байдаг юм шүү. Юуны өмнө та заавал дуу барих ёстой.
Танд дууны дугараа гээд их том хултай айраг ирнэ. Найрын хул гэдэг нь доод тал
нь литр орчим, за тэгээд 2-3 литрийн хэмжээтэй модны үндсээр хийсэн аяга юм.
Хэрэв танд дууны дугараа барисан л бол та дуулсан ч, эс дуулсан ч заавал ууж
дуусгах ёстой. Хэрэвзээ дуулж чадахгүй бол “шог” нэртэй бүр ч том хулаар айраг
ууж торгуулах болно. Айраг уудаг ч, эс уудаг ч уух л болно. Боржигон найрын
дүрмийг зөрчиж ёс алдвал бас л хул хул айргаар нэмж торгуулна. Үнэхээр энэ
нутгийнхан их сонин. Тэдний бүх зүйл нь айрагтай холбоотой шиг. Тоглож наадах
нь хүртэл айрагтай, дуу хуур нь айрагтай, бас торгуул шийтгэл нь ч айраг. Ээ
дээ, боржигоныхон үнэхээр бэрх хүмүүс юм билээ.
/ Гүүн зэл дээр чимээ дахин орж ирэх /
РЕДАКТОР: Боржигоныхон зуны дунд сараас эхлэн гүүгээ барьж, намар
орой тавина. Тэгэхлээр дөрөв таван сарын турш гүүний айраг уудаг хүмүүс ямар
байдаг бол гэж та сонирхож суугаа нь лавтай.
Гүүний айрагны ид шидийг тоочоод барахгүй. Юун түрүүн
эрүүл мэндэд нэн тустай. Айраг ууж байгаа үед өлсөнө л гэж байхгүй. Олон сар айраг уугаад ирэхээр
гэдэс дотор цэвэршээд, нүүр царай цагаараад, махлаад ирнэ. Өсөхөөсөө айраг
уудаг болоод тэр үү, Боржигин нутгийн хүүхнүүдийн зүс царай хот суурин газрын
бүсгүйчүүдээс дутахгүй гэгээлэг, тун гэрэлтэй юм билээ.
За ингээд Боржигоныхоны тухай яриагаа түр завсарлаад
Боржигон хүүхнүүдтэй хийсэн ярилцлагаа сонирхуулъя. Тэмдэглэлийн маань баатрууд
бол Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэд. Тэднийг Шинэбаяр, Шонуу,
Хандсүрэн гэдэг юм. Тавь дөнгөж гарч яваа ч олон хүүхэд төрүүлсэн тул эрт
тэтгэвэрт гарсан бүсгүйчүүд. Гэхдээ тэднийг тэтгэвэрийнхэн гэж ойлговол том
эндүүрэл болно. Олон хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ уран сайханд явж, дуу
хуураа ард түмэндээ өргөж иржээ. Залуучуудын их наадмын тухай нэгэн баримтад
кинон дээр боржигоны гурван бүсгүй залуу сайхан дүрээрээ мөнхөрсөн байх юм. Эх
баригч, цаг уурчын мэргэжилтэй Шонуу, Хандсүрэн хоёр нь ихэр. Тэд ялгахын
аргагүй ижилхэн. Харин хөгжмийн багшийн мэргэжилтэй Шинэбаяр нь хоёр ихэртэй хурдны морь унаж,
гийнгоо хадааж явсан хархан багын найз нь. Тиймдээ ч нутаг усныхан нь тэднийг
“Гурван ихэр” гэх юм билээ.
-Та гурав наснаасаа залуу, сайхан харагдаж байна. Бас их ганган юмаа?
гэхэд, Тэд: “Бид залуу зандан
насандаа урлаг, спортоос ер хоцордоггүй байсан юм. Энэ маань их нөлөөлсөн биз
дээ” гэсэн юм. Хөгжмийн багш байсан Шинэбаяр дуу хөгжмөөс гадна бас бүжиг
заадаг байж. Өнөө хоёр ихэр нь мотоцикль унаж, бас волейболийн тэмцээнд шунан
дурлаж, бүр спортын зэрэг хүртэж явжээ. Бид гурав ажил алба их, үр хүүхэд бага
балчир, бас гэр орны эх захгүй их ажилтай байхдаа ч энэ урлаг, спортоо орхиогүй
юм чинь өдий сайхан үедээ яаж зүгээр суух билээ. Ёстой “Сурсан юмыг сураар боож
болдоггүй” гэдэг шиг ингээд дуулж хуурдаж явна даа” гээд боржигон уртын дуугаа
хамтдаа дуулж сонирхуулсан юм. Дараа нь миний хүсэлтээр гийнгоолж, марзайлж,
бас тойглож сонирхуулав.
“Айрагтай нутгийнхан дуучин гэдэг нь аргагүй үнэн юм”
гэхэд, “Тийм шүү дуулахаас гадна бас айраг тойрсон олон тоглоом наадам бий. Тэр
нь бас л аялгуу...” гээд, “Алив, наашаа суучих дэмбээдэе” гэлээ. “Би чадахгүй
шүү дээ” гэхэд, зүгээрээ бид заагаад өгнө. Орой том наадам болно. Түүнд хамтдаа
орьё” гэж билээ. Боржигоны хүүхнүүдээ гэж... Унд устай, яриа хөөрөөтэй, дуу
хууртай, наргианч наадамч хүмүүс юм. Ингээд тэдэнтэй хэрхэн дэмбээдсэнээ
сонсогч танд дуулгая.
/ дэмбээдэх /
РЕДАКТОР: Үдэш нь манай аялагчид Боржигон нутагт ирсний хэрэг юу
билээ гээд хуруу гаргаж, дэмбээдэж айраг уух наадамд оролцов. Бага жаахан
байхдаа хуруу гаргахдаа адтай байсандаа найдаж боржигоныхоны тоглоомд оролцоод
ёстой балрах шахсан. Тоглоомын дүрэм хатуу. Хожигдсон л бол уух болно.
Шахуулсан айргаа тогтоож чадахгүй буцааж гаргавал тоглоомоос хасагдана. Олон
шахуулсан ч хаа очиж сүрхий тэсэж байсан би хажуудаа суусан Их сургуулийн багш
бүсгүйн хэцүүхэн байдлыг хараад болохоо байж, бид хоёр ч ар араасаа гүйн гарч уусан айргаа бүгдийг нь
гаргаж билээ. Хөөрхий, уусан айргаа тогтоож чадаагүй хотын хоёр өсөх наснаасаа
хуруу гаргаж, дэмбээдэж ирсэн хүмүүсийн хаана нь ч хүрэх билээ дээ. Гэхдээ
хөгжилтэй сайхан байсан.
/ дэмбээдэх
чимээ тодорч ирээд намсах /
РЕДАКТОР: Дэндүү хатуу дүрэмтэй ч хөгжилтэй сайхан тоглоомын дараа нутгийн хөгшчүүлтэй
сонин хачин яриа дэлгэрүүлж жаал суухдаа Боржигоны гурван хурдан хүний тухай
сонссоноо танд дуулгая.
ХIХ зууны сүүлчээр Боржигон цэцэн вангийн хошууны Чойрын
хийдэд хурдан Гэндэн, галай Тавхай, бөөр хочит Яримпил гэж их хурдан гүйдэг
гурван банди байжээ. Гэндэн, Тавхай хоёр нь онцгой хурдан, харин Яринпил тэр
хоёроос илүү хурдан ч олны өмнө уралдадгүй байжээ. Гэндэн, Тавхай хоёр айлын зуудаг нохойноос зугатахад нохой
гүйцэхгүй аахилаад зогсчихдог байсан гэнэ. Нэг удаа Тавхай нутгийнхаа Дашням
гэдэг хүний алдартай хар морьтой уралдахаар мөрий тавиад, хурдан хараас
түрүүлэн гарах үед морины хүүхэд Тавхайг эрэг ганга руу шахаж хэцүүдүүлэхэд
тэрээр ганга дээгүүр дүүлэн харайж гараад хурдаа нэмэн гүйсээр бараагүй тасарч
иржээ. Нутгийн хүмүүсийн хэлж байгаагаар бол өртөө шахам урт газар гэнэ.
Тавхайг нас дээр гарч таяг тулсан үед нь нутгийн хэдэн
зүггүй залуу түүн дээр давхин очиж “Таныг хурдан морьтой уралддаг байсан гэх
юм. Одоо бидэнтэй уралд” гэж мөрий тавьжээ. Таягт өвгөн зөвшөөрөхөд тэд:
“уралдааны газар хүртэл мориор явахгүй юм уу” гэхэд, өвгөн: “Хэрэггүй ээ, та
нар явж бай. Би араас чинь биеэ халааж явж хүрнэ” гэжээ. Тэр уралдаанд таягт
өвгөн түрүүлж мөрийгөө авсан гэнэ. Хурдан Тавхай нутгийнхаа хурдан Яринпилийн
тухай ярихдаа: “Бөөр Яринпил Гэндэн бид
хоёр шиг олны өмнө уралдахгүй ч хурдынхаа хувьд бид хоёроос хавьгүй илүү хүн
байсан юм. Ярипил нэг удаа надтай ойрын зайнд уралдахдаа миний хажуугаар салхи
татуулан өнгөрөхөд хүзүүндээ зүүсэн сахиус нь ард нь гозойж байсан юм даа” гэж
дурсжээ. Харин хурдан Гэндэн нь туулай хөөж барьдаг хүн байжээ. Энэчлэн
Боржигон нутгийнхны тухай нүд бүлтийлгэж, чих сортойлгох зүйл олоон олон.
Наргианч, наадамч энэ түмний дунд дахиад нэг хонохсон. Даан ч томилолтын
хугацаа дууссан хойно яалтай билээ...
Маргааш өдөр нь боржигон нутгийн яруу найрагч залуу
Батмөнх бидний аяны дөрөөн дээр сүүн шүлэг дусааж үдсэн юм.
/ хөгжим /
БАТМӨНХ: Усандаа цувсан адууны хөлөөр тоостой наран ургаж
Удган шуранхай гэгэлзэхүй найраг
шилгээн цацардаг
Тургилах хүлгүүд нь тунгалаг цээл урт
уртын дуутайгаа
Туурайн чийртэй талынхаа тунамал
өглөөг сэрээдэг
Уяхан гэхнээ уяхан дэндүү уяхан урт
уртын дуугаараа
Уудам талаа сэрээдэг адуутай,
айрагтай, найрагтай
Миний аялгуут сайхан нутаг минь ээ
Униартай үдлэх таанын толгойд цэнхэр
аялгуу бүжиж
Уурганы хуйваар шөргүүлэхэд уянга
хөгжөөн айзамласан
Зэрэглээт талаа уяраан өвгөн хуурын
дуун эгшиглэхэд
Зэлэндээ номхрох унагад нь угшил
холдоо хурдалдаг
Хүлэг хүлгийн шандастай нь
босоогоороо төрдөг
Хөхүүр айраг нь хөг аялгуулан исдэг
Адуутай, айрагтай, найрагтай
Ай миний аялгуут сайхан нутаг минь ээ.
/ хөгжим /
2002 он
No comments:
Post a Comment