Lucky Charms Rainbow

Monday, February 25, 2013

ЭРЧҮҮДЭЭ, НААШАА СУУГААРАЙ...



НЭВТ: Эрчүүдээ, наашаа суугаарай...
 
                                                              / хөгжим /
 
РЕД: Сайн байцгаана уу, эрчүүдээ? Уншиж байгаа сонингоо түр тавиад наашаа суугаарай, та нарт зориулсан миний нэвтрүүлэг эхэлж байна.
                                                               / таслал / 
РЕД: Энэ удаа эхлээд “Редакторын зөвлөгөө”, дараа нь “Эрчүүдийн гал тогоо”-нд саатаж “Оюун санааны хоол” гэж юу хэлдэг тухай сонирхолтой мэдээлэл сонсож, махгүй хоолны жортой танилцах болно. Харин төгсгөлд нь “Аминч яриа” байгаа шүү, сонсохоо мартуузай.
                                                            / таслал /
 
НЭВТ: РЕДОКТОРЫН ЗӨВЛӨГӨӨ...
 
РЕД: Эрчүүдээ наашаа суугаарай. Та нарт дуулгах ашигтай зөвлөгөө надад байна.
                                                                      / таслал /
РЕД: Танайх зусландаа гарчихсан тухтай сайхан байна уу? Сүүлийн үед манай хүмүүс зуслангаа сайхан тохижуулдаг болжээ. Хайрцагны модоор хийсэн жижиг амбааран байшин нүдний гэм болж,  2 давхар бүхий янз бүрийн хийц хэлбэртэй гоё гоё байшингууд элбэгшиж, зуслан гэж ёстой цэцэглэж байна даа.  Айл гэрийн эзэн эр хүн та хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө баран байж босгосон байшиндаа хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйлийг юу гэж боддог вэ...? Тиймээ, энэ бол цахилгаан шугам угсралтын асуудал юм. 2-3 сар байхын төлөө... гэж  хайнга хандаж болохгүй шүү. Ингэхэд танайх зуслангийн байшиндаа гал хамгаалагч тавьсан уу? 
 
Эр-1:   Гал хамгаалагч заавал хэрэгтэй гэж үү? 
 
Ред: Хэрэгтэйгээр барах уу даа, тун хэрэгтэй. Гал хамгаалагч гэдэг нь өндөр ачааллын
улмаас хайламхай тавигч нь шатаж цахилгаан гүйдэлгүй болгодог энгийн төхөөрөмж.
Гэхдээ үүнийг тохируулна гэдэг маш чухал... 
 
Эр-2: Өчигдөр орой гал хамгаалагчаа шатчихаар нарийн утас олдохгүй болохоор
нэлээд бүдүүн утас хэрэглэчихсэн юмсан. Гайгүй л байгаа даа...? 
  
РЕД: Юуны өмнө танайх хэр зэрэг цахилгаанжсан айл вэ...? Тухайлбал цахилгаан зуух, хөргөгч, индүү, телевизор гээд дунд зэргийн цахилгаанжсан айлд бол 10-16 амперийн автомат буюу гал хамгаалагчтай байхад осолгүй байх бүрэн боломжтой. Харин тогтоосон хэмжээнээс хэтрүүлсэн бол осолтой. Иймээс би эрчүүд та нарт гал хамгаалагчийг цэнэглэх зэс утас сонгохдоо гүйдлийн хэмжээгээр нь яаж тохируулдаг талаар хэлж өгье. Анхаарч байгаарай, бичээд авсан ч болно шүү.
                                                         / таслал /
РЕД: 6 амперийн гүйдэлд 0,25 мм диаметртэй зэс утас
10 амперийн гүйдэлд 0,35 мм диаметртэй зэс утас
15 амперийн гүйдэлд 0,45 мм диаметртэй зэс утас
20 амперийн гүйдэлд 0,55 мм диаметртэй зэс утас гэх мэтээр ачаалал ихсэж, гүйдэл өсөх тусам утасны диаметр бүдүүрдэг болохыг анхаараарай.
                                                                        / таслал /
РЕД: Гэрийн эзэн эр хүн та одоохон явж очоод гал хамгаалагчийнхаа зэс утсыг сая хэлсэн хэмжээтэй тохирч байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв гал хамгаалагчгүй бол нэн даруй гал хамгаалагчтай болоорой. Энэ зөвөлгөө хаана ч, хэнд ч хэрэгтэй. Нэг үгээр айл гэрийн эзэн эр хүн бүрийн мэдвэл зохих зүйлийн нэг юм шүү. Цахилгаан хэрэгсэл дотроо гэмтэх, утасны халалт зэргээс болж богино холбоо үүсч галын аюул гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй зүйл бол гал хамгаалагч юм шүү гэдгийг дахин сануулья.
 
                                                                       / хөгжим /
 
 НЭВТ: ЭРЧҮҮДИЙН ГАЛ ТОГОО... 
 
РЕД: Эрчүүдээ манай гал тогоонд зочлоорой. Энэ удаа би зуны дэлгэр цаг болж байгаа болохоор монгол уламжлалаа бодож махгүй хоолны жор танилцуулахаар зэхлээ. Гэхдээ одоо “Оюун санааны хоол” гэж юу болох талаар сонирхолтой яриа өрнүүлнэ. Наашаа суугаарай, эрчүүдээ.
                                                           / таслал /
 
Ред: Ингэхэд эр хүн та хоолны талаар ямар бодолтой явдаг вэ?
  
Эр: Мэдээж, хоол бол хүний амьдралын хэрэгцээ, алдагдсан энергийг нөхөж байдаг гол
хүчин зүйл...
 
Ред: Үүнийг үгүйсгэвэл яах вэ...?
  
Эр: Үгүй гээд яах билээ дээ, дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн онол шүү дээ. 
 
Ред: Тийм нь ч тийм. Гэхдээ өнөө цагт зарим эрдэмтэд үүнийг буруушааж байгаа юм. Тухайлбал манай Техникийн Ухааны доктор Лхагваг энэ чиглэлийн том төлөөлөгч гэж хэлж болно. Ер нь монголчууд  их идэх нь утга учиргүй зүйл гээд “Их идэхийн шидийг хойд хормой үздэг” гэж хэлцдэг шүү дээ. 
 
Эр: Яг ийм утгатай “Ухааны сүвийг тос бөглөнө” гэсэн үг Орос, Герман үндэстэнд байдаг юм билээ. Тэгэхлээр хоолны тухай ижил үзэл баримтлал газар нутаг алслагдсан ч олон үндэстэнд байдаг байхнээ? 
 
Ред: Хүний үйл хөдөлгөөн бүр энерги зарцуулж байдаг. Энэхүү алдагдсан энергийг хоол нөхнө гэсэн “Илчлэгийн онол” гээч нь ердөө 100-200 жилийн түүхтэй юм шүү дээ. 
 
Эр: Тиймээ, энэ онолоор бол хүн өдөрт дор хаяж 4-5 удаа хооллож байх ёстой...
 
Ред: Тиймээ, Америкт бол бүр арван удаа бага багаар хооллох ёстой ч гэдэг. Ийм онол дэвшүүлснээрээ америкчүүд өнөөдөр тарган хүнийхээ асуудлыг шийдэж чадахгүйд хүрээд байна. Гэхдээ хоолыг хэт шүтсэн, хүний бие махбодийн шинж чанарыг үгүйсгэсэн илчлэгийн онолыг буруу гэж үзээд байгаа боловч эрс няцаасан үзэл баримтлал бас хараахан гараагүй байгаа юм. 
 
Эр: Эрт цагийн монголчууд цагаан хоол, мацаг барих, гүнцэг авах, нүгнээд суух гэж яриад байдаг даа. Энэ чухам юу юм болоо...? 
 
Ред: Гүнцэг авах гэдэг нь сард хоёр удаа үдээс өмнө бага зэрэг амны идээ идэж, үдээс хойш уух юм, мах зэргийг маш бага хэрэглэхийг хэлж байгаа юм. Үүнийг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс голчилдог байж. 
 
Эр: Тэгвэл нүгнээд суух гэдэг нь...? 
 
Ред: Энэ нь сард хоёр удаа бүтэн хоног хоол хэрэглэхгүй, дуугаа хурааж ходоод гэдэс болоод сэтгэл санаагаа ариусгахыг хэлж байгаа юм. Харин мацаг барихыг манайхан бараг бүгд мэднэ дээ. Энэ бүх хязгаартай хоололтын цаана өнөө оюун санаагаар хооллох гэсэн ойлголт байгаа биз...? Яг ингэж оюун санаагаар хооллоход хүний бие өөрөө аяндаа дайчлагдаж байдаг гэдгийг монголчууд бүр эрт олж харжээ. Өөрөөр хэлбэл бага хоолоор их энерги гаргаж болохоос гадна бие махбодь шинэ залуу эсээр нөхөгдөж байдаг гэсэн үг. 
 
Эр: Гэхдээ л хүн бүрийн бие махбодь адилгүй дээ...? 
 
Ред: Тэгэлгүй яахав. Тиймээс монголчууд бадгана махбодьтой хүмүүс бага идэж, ундлах. Шар махбодьтой хүмүүс арай илүү, харин хий махбодьтой хүмүүс нөгөө хоёроосоо илүү идэж, ундлах ёстой гэж үздэг юм байна. Гэхдээ энэ онолын хүрээнд сэтгэл санаагаа ариусгаж, зөвөөр хүлээн авах тохиолдолд хүний бие махбодийн энергийн түвшингийн ялгаа арилж, хүн оюун санааны хоолтой болдог юм байна. 
 
Эр: Ингэхэд манай монголчууд хоол бага идсэнээр хүн үхдэггүй, харин их идсэнээр хүний сэтгэл санаа хордож үхдэг гэж үздэг байжээ дээ, сонин л юм. Чи зарим хүмүүс монголчуудыг үндэсний гал тогоогүй гэж ярьдаг тухай дуулсан уу? 
 
 Ред: Мэдэлгүй яахав. Гэхдээ яагаад гэдгийг ухаад үзвэл монголчуудын хоолны талаарх дээрх үзэл баримтлалтай холбоотой юм шигээ... 
 
Эр: Нээрэн тийм юм. Монголчууд ухамсраа хоолны амтанд уусгахаас санаатай зайлсхийж байсан нь шинжлэх ухааны нэг том мэдлэг байжээ дээ. 
 
Ред: Тийм шүү. Эрт цагаас монголчууд хоолоо хэлбэр агуулга гэж хоёр хуваадаг байж. Хэлбэрийг нь  амтлаг, гашуун, исгэлэн, эхүүн... гэх зэрэг 6 амттай гээд, харин агуулгыг нь дөрвөн махбодь болох шороо, ус, гал, хийгээр төлөөлүүлдэг байжээ. Үүнээс гадна ямар юм ямартайгаа харшлах, ямар хоёр нь нийлэхээрээ гэдэс тасалдаг, ямар хоёр нь нийлэхээрээ тархи хордуулдаг гэдгийг бүр судалчихсан байдаг байна. Чухам үүн дээр л монголчуудын хоол зүйн ШУ тогтсон бололтой юм. Иймээс зуу зуун жилийн турш энерги хямгадах ухааныг мэдэж хоолны амтанд нь ухаанаа уусгахаас зайлсхийж, оюун санаагаар хооллохыг эрхэмлэж ирсэн ард түмэн юм. 
 
Эр: Тэгэхлээр монголчууд шарж хайрч, хачирлаж чимэглэж, амталж чаддаггүйдээ гал тогоо нь хөгжөөгүй биш харин амт нь сайжрах, чимэглэл гоё сайхан болох тусам түүнд уусаж, хоолны боол болохоос сэргийлж байсан хэрэг байж шүү дээ.
 
Ред: Тийм шүү. Одоо та монголчуудыг өөрийн гэсэн үндэсний гал тогоогүй гэж басамжилдаг “нөхдүүдэд” хэлэх үгтэй болсон байхаа гэж бодож байна. 
 
Эр: Ёстой, ёстой...
Чука чи өнөө махгүй хоолны жороо танилцуулах болоогүй юу. Эрчүүдэд ямар хоолны жор хэлж өгөх гээд байна даа? 
 
Ред: Унгар үндэстний улаан лоолийн биточек...
Эр: Сайхан хоол байна даа... 
 
                                                                     / хөгжим /
                                               / гал тогоонд болж буй бичлэг /
 Ред:  Эрчүүдээ, юуны өмнө жороо тэмдэглээд аваарай. Улаан лооль 1кг, гурил 150 гр, өндөг 2 ширхэг, сүү 50 гр, за тэгээд яншуй юм уу цоохор майлз, нунтаг хар повоор байхад л болно.
Эр: Өө, эдгээр нь айл бүрийн хөргөгчинд байдаг зүйл байна шүү дээ. 
 
Ред: Яг тийм. Би гарын доорх зүйлийг бодолцож энэ жорыг сонгосон юм. За, эрчүүдээ жороо тэмдэглэж авсан бол одоо биточекоо бэлдэх ажилдаа орцгооё. 
 
                                     / шум - тодорч ирээд яриа фон дээр үргэлжлэх /
 
Ред: Эхлээд улаан лоолио сайтар угаах хэрэгтэй. Дараагаар нь хуурай алчуураар эгштэл нь арчаад хөндлөн огтлолтоор зузаахан хэрчээрэй. За... бэлэн болсон бол одоо өндөг, сүү, гурилаараа шингэвтэр зуурмаг бэлдэнэ. Бэлэн болсон бол өнөө хэрчиж тавьсан улаан лоолийг давс, повоороор амт оруулж гурилан зуурмагтаа дүрээрэй... 
 
Эр: Мэдээж бид нэвтрүүлгийн эхэнд давсны хорын тухай ярьсан болохоор давсаа бага хийхэд гэмгүй байх шүү, эрчүүдээ. 
 
Ред: Санаж байгаад чинь баярлалаа. Одоо хайруулынхаа тавган дээр ургамлын тос хийгээд сайн халаагаад улаан лоолийн зуурмагаа хийгээрэй. Эрчүүдээ, хайргадас тогттол нь шараад өгөөрэй...
                                               / шум - хоёулаа хоолоо амталж үзэх /
Ред: За ямар болж байна...?
Эр: Хачин сайхан болжээ...
Ред: Одоо шарсан лоолийн биточек дээрээ жижиг хэрчсэн ногоон навч, эсвэл ногоон сонгино цацаад өгсөн ч болно. Энэ хоолонд хүүхдүүд их дуртай байдаг юм. Тэгэхлээр эрчүүд та нар манай гал тогоонд оролцсоноор хүүхдүүдээ баярлуулах юмтай боллоо шүү дээ.    
 
Эр: Нээрэн тэглээ. Би ч бас гэртээ очоод энэ хоолыг чинь хийх юм байна шүү. 
 
                                                                     / хөгжим /
 
НЭВТ: Эрчүүдээ, манай “Аминч яриа” булан “Баяжиж хөлжихөд насны хязгаар бий юу?” сэдвээр үргэлжилж байна.
РЕД: Эр хүн та тэтгэвэрээ тогтоолгочихоод хийх юмгүй гиеүрч суугаа юм биш биз...?  Монголчууд бид ярьдаг. Эр хүн 20 хүрээд бяр суугаагүй бол хэзээ ч бяр суудаггүй. 30 хүрээд ухаан суугаагүй бол тэнэг чигээрээ хоцордог. Харин 40 хүрээд баяжаагүй бол нэгэнт оройтсон гэж. Магадгүй л юм. Үнэндээ энэ үг бол хийх ёстой юмыг цагт нь хийж, болгох ёстой юмыг цагт нь болгох учиртайг сануулсан болохоос биш хүний боломжийг тэр чигээр нь үгүйсгэчихсэн аксиом биш бололтой. Хэрэв эр хүн танд бэлжих, хөрөнгөжих санаа байгаа л бол та хэдэн настай байсан ч санасандаа хүрэх бололцоотой. Тийм учраас санаа сэдэл байвал та баяжих хөлжих гэсэн ганцхан цэг дээр төвлөрлө...
“Худалдаачин хүнийг цэцэрлэгчтэй, олон түмнийг хөрс шороотой адилтгаж болно. Цэцэрлэгч ургац авахын тулд үр суулгадаг. Хэрэв хөрс шороонд бордоо хэрэгтэй бол бордох л ёстой. Багваахай цэцэг тарьсан газраас сарнай ургадаггүй. Газар шороо шударга хуультай. Түүнээс дуслуулсан хөлснийхөө хэрээр шан хүртдэг” гэж Г.Н.Кессон хэлжээ.  
Бүтэлгүйтэл гэдэг аливаа ажил хэрэг, амьдрал, хайр гээд аль алинд тохиолддог жирийн бөгөөд зайлшгүй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхлээр эрчүүдээ, аль болохоор өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлз. Юм үзэж, халуун чулуу долоосон хүмүүсийн хэлж ярьж байгаагаас үзвэл, монгол эр хүний 30-60 нас бол ёстой ид ажиллаж амьдардаг нас аж. Залуу хүмүүс мөрөөдлийнхөө боол нь болчихдог, хөгширч өтлөөд ирэхээр дурсамжынхаа зарц нь болчихдог юм байна. Гагцхүү дунд насныхан эр бяр нь жигдэрч, таван хуруу нэг гарт захирагддаг шиг таван мэдрэмж нь өөрийнх нь сэдэл санааны хөтөч нь болдог байна. Харамсалтай нь манайд эр бяр нь ид жагссан 40-өөс дээш насны иргэдийг тэтгэвэрт буюу мөн чанартаа бол гудамжинд гаргачихдаг. Нөгөөдүүл нь нэг хэсэг бухимдаж байснаа удалгүй байдалтайгаа эвлэрч, сэдэл санаа, урам зориг нь эрч нь харьсан дээс шиг болж орхидог. Үнэндээ  энэ байдал нийтлэг зүйл болсон ч  тэгэхгүй шүү, эрчүүдээ... Төр засаг та нарыг тэтгэврийн хэдэн бор төгрөгөөр хуураад хаяж л байг. Харин та нар өөрсдийгөө хаях ямар хэрэг байна. Бид хэн нэгнийг үхэхээр дагаад үхдэггүй биз дээ? Тэгэхлээр амьдарсан шиг амьдрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тодорхой бизнес эрхлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд тодорхой сэдэл санаатай байх хэрэгтэй. Амьдралынхаа туршлагаар “өө сэв” дарсан сэдэл санаа та нарт л байгаа шүү, эрчүүдээ. Хэн нэгний эрэлт хэрэгцээг хангадаггүйссэн бол нэг ч ажил хэрэг байхгүйсэн. Тэгэхлээр ЭРЭЛТ, ХЭРЭГЦЭЭГ ОЛЖ ХАРААД ХАНГАГТҮН. Энэ таван үг яг л таны таван мэдрэмж шиг, таван хуруу шиг танд үйлчилж чадна. Гэхдээ та бусдад үйлчлэх гэдгийг бүр сэтгэлээсээ хүсэж, зорилгоо болгосон тохиолдолд шүү дээ. Үүний тулд яах ёстой вэ? Ухаанаа гүйлгэ. Ухаанаа хэрхэн гүйлгэх арга замын тухай “Бизнес санаа” сэтгүүл дээр маш дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байна лээ. Эрчүүд та нар өөдрөг амьдрахад тань тус болох энэ сэтгүүлийг нэг аваад үзчихэд тун гэмгүй. Би энэ талаар дуулгах хүсэл байвч нэвтрүүлгийн маань цаг хомс тул үүгээр түр завсарлая. Хэрэв та нар хүсвэл дараагийн дугаартаа үргэлжлүүлж болох юм.
                                                                / хөгжим /
РЕД: Миний нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай, эрчүүдээ
                                                                                                                         2008 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив