Долоон одой өвгөний гоморхол
Саяхан бид РТВС-ийн шинэ жилийн баярт Сэтгүүлчийн 2А
ангийнханы хүсэлтээр оролцлоо. Дээрх нөхдүүдийн хэлснээр манай сургууль их
онцлогтой, радио-телевизийн уран бүтээлчид, инженер техникийн ажилчид болох
учраас алив зүйлийг олж харах, сэрж мэдрэх, баярлаж хүндэтгэх сэтгэл нь их өөр
гэсэн учраас бид долоо мэндчилгээ бэлтгэх ажилдаа шаламгайлан орлоо. Юуны өмнө
өдөр дутам өмсдөг эгэл хувцсаа өөрчлөх хэрэгтэй хэмээн ярилцаад Санто-Клаусын
дүрээр орох болов. Тэгээд зах дэлгүүрээр явж даавуу худалдаж аваад оёдолчны
газар очиж, хувцас захиалан хийлгэлээ. Дараа нь тус сургуулийн мэргэжлийн
онцлогыг тусгах гэж бодон бодон толгой мөр холболоо. Үүндээ ямар их баярласан
гээч. Угтаа бидний зохиосон дөрвөн мөртийг сонсоод алга нижигнүүлэн ташина гэж
онгирсон хэрэг л дээ. За тэгээд бүжиглэхээр шийдэж богино хөлөө эцэж сульдтал
хэдэн хоног бэлтгэл хийлээ. Мөнхөд үүрэглэж явдаг унтаахай, алив ажлын хойно
үлдчих гээд байдаг залхуудай, бүгдийг мартчихаад будилж мунгинаж явдаг
мартамхай оодой, тэр дундаа юуг ч үл тоомсорлодог ихэмсэг оодой хүртэл бүгд
идэвхтэй оролцож, шинэ жилийн үдэшлэг болох өдрийг тэсэн ядан хүлээсэн. Бид бүр
зүүд нойрондоо хүртэл шүлгээ уншиж, бүжгээ хийдэг байсан гээд боддоо.
Хүлээсэн өдөр ч ирлээ. Гэтэл зохион байгуулагчид
мэндчилгээ хүргэх дуртай юм бол такс авч ор гэж сандаргалаа. Эцэст нь ойлголцож
бид долоо гүнжээ дагуулан дэвхэрч цовхорсоор тайзан дээр явж очлоо. РТВС-ийнхан
бидний хичээл мэрийлтийг хараад алга ташиж баяр хөөр болон угтаж авах юм гэж
бодсон маань том эндүүрэл болж, бид сандарч тэвдэж эхлэв. Тиймдээ ч бүжгээ
санаснаараа сайхан хийж чадаагүй байх. За тэгээд мэндчилгээгээ хэлэх болсон
чинь микрофон байдаггүй ээ. Уг нь зохион байгуулагчдад утасгүй микрофоноо өгч
тус болоорой гэж дуулгасан юмсан. Тэгэж тэгэж нэг микрофон ирж бид бүтээлээ
уншлаа. Бидний чин сэтгэлийн мэндчилгээг чих тавин сонсож, тойрон хүрээлж, дэмжин
сайшааж алга таших юм гэж санасан чинь ёстой өнөө “их санасан газар долоон
хоног хоосон хонов” гээч юм болов. Хол байгаа хэд нь яая гэхэд хажууханд байгаа
нь дуугаа намсгаад, биднийг бага боловч анхаараад өгөөсэй гэж бодогдож байсан
шүү. Шүлгээ дахиад нэг уншия даа.
Одой-1: Агуу эрдмийг мутарласан нэгэн боть номын
Алтан үгээр
бичигдсэн нэгэн хуудас
Амьдралын их
далайд хөл тавин алхах
Аз жаргалаар
дүүрэн оюутан нас минь.
Одой-2: Үзэг цаасаар зэвсэглэж үнэнийг өгүүлдэг
Үзэл бодлоо
уралдуулан шинийг бүтээдэг
Үгийн хүч оюуны
чадлаа гайхуулсан
Үнэний төлөө
тэмцэгч Ган үзэгтэн билээ бид.
Одой-3: Уран сэтгэмж хосгүй ухаанаар
Урлагийн тэнгэрт мөнхийн бүтээл цацруулж
Ур чадвар авьяас билэг төгс
Уран бүтээлч Найруулагч билээ бид.
Одой-4: Цагаан сэтгэл цагаан сүүний он жилүүд
Цаглашгүй
бүхнийг тань дуурсган
Аз жаргал,
амьдралын тань хором бүрийг
Алтан камертаа
мөнхлөн үлдээдэг Зураглаач билээ бид.
Одой-5: Та бүхний техникийн асуудлыг
Таарч болох гэмтэл бүхнээс хамгаалж
Зохион бүтээх ухаан, математикийн аргаар
Золгүй гэмтэл
бүрийг шийддэг Инженер билээ бид.
Одой-6: Орчин үеийн техник технологийг ашиглан
Олон түмний
сэтгэлийг баясган ухаан тэлэгч
Олон нийтийн
радио-телевизийн нэгэн бүтээгч
Онгой авьяас
чадвартай Мультмедиа мэргэжилтэн билээ бид.
Одой-7: Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан
сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Айлчлан ирж буй шинэ оны мэнд хүргэе.
Бүгд: Улиран одож
буй хуучин он минь уйтгар гунигийг дагуулан одог
Айлчлан ирж буй шинэ он минь амжилт бүтээл
авчрах болтугай.
Ингэж бид шүлгээ уншиж дуусаад бие болоод сэтгэлээсээ хандаж байгааг минь огтхон
ч үл тоох залуучуудаас бушуухан холдож явахсан гэхээс өөр юу ч орж ирэхээ
болив. Сүүлчийн бүжгээ хийх сонирхол ч салхинд хийсэн одож, бид долоо богинохон
хөл дээрээ дэвхрэн цовхорсоор үүд рүү зүглэсэн боловч сэтгэлдээ нэг л зүйл үгүйлсээр,
хүлээсээр...
Бусад нь үгүй юмаа гэхэд хөтлөгчид нь “Долоон оодой,
гүнжхэн минь, баярлалаа. Замдаа сайн яваарай” гэж араас минь хэлэх болов уу гэж горьдсоор хаалгаар
гарсан юм. Бидний мэндчилгээ хөтлөгчдийн төлөвлөгөөнд байгаагүй ч тухайн цагийн
мэдрэмж үгүй бол ямар хөтлөгч байх билээ. Чухам эндээс л тэдний мэргэжил эхлэх
бусуу. Бусад нь ч ялгаагүй дээ, ялгаагүй. Залуус та нар бие биедээ урам
хайрлаж, хүндэтгэж сурмаар даа.
Бяцхан оодой бидний энэ мэндчилгээ анхных биш билээ. Тээр
жил Монголын Үндэсний Радио-Телевизийн шинэ жилд бид анх удаа оролцож олныг
бишрүүлж, тэр шинэ жилийн үдэшлэг дээр ирсэн ерөнхийлөгч хүртэл туйлын
баясгалантайгаар талархан хүлээн авч байсан юм шүү. Уран бүтээлчид гэдэг чухам
л тийм байдагсан даа. Ингээд бодохоор та нар уран бүтээлч болох хол байна даа,
хол байна.
Бичсэн Гомдомхой оодой
2012 оны 12 сар...
No comments:
Post a Comment