Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

Тэмээтэй, бас салхитай наадам...


/ сонсож болно /


НЭВТ:  Монголын дуу хоолой радио ярьж байна.
НЭВТ: Манайд ирээрэй...
 
                                                                                  / хөгжим /
 
НЭВТ: Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн Сэврээ суманд болсон “Тэмээний баяр”-аас хийсэн “Цасан далайг туулсан дөрвөн хоног” сэтгүүлчийн аян замын тэмдэглэлийн дараа олон сонсогчид захидал ирүүлж, ирэх жилийн “Тэмээний баяр”-ыг тэсэн ядан хүлээж байна гэж бичиж байсан. Ингээд бид сонсогчдийнхоо хүлээлтийн хариу болгож “Тэмээтэй, бас салхитай нааадам” сэтгүүлчийн замын тэмдэглэл дуулгах гэж байна, хүлээн авна уу.
 
                                                                       / хөгжим /
 
РЕДАКТОР: Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос баруун тийш 70-аад км зайтай орших “Говийн гурван тэмээ” жуулчны бааз дээр бид Цагаан сарын шинийн гуравны орой хүрч очлоо. Эл бааз тун тохилог юм. Хаа холоос 600-гаад км зам туулж ирсэн бидний хэдэн аялагчид аяны шороогоо гөвж, усанд орж халуу дүүгсэн монгол гэрт тухаллаа. Хот газрын тохилог орчныг хөдөө газар цогцлуулж чадсан нь энэ баазын нэг онцлог гэлтэй.
 
                                    / салхины исгэрэн шуугих чимээ орж ирэх /
 
РЕДАКТОР: Салхи хүүгэн исгэрэх чимээнээс өөр аниргүй, нам гүм орчинд нойрсох ямар таатай гээч. Хоолой хорсгох утаа тортоггүй орчинд амьдардаг энэ хүмүүст атаархмаар. Сонин юм шүү, саяхандаа саяхан нийслэлд ирсэн гадаадынхан цэнгэг агааар, цэвэр усыг нь гайхан биширч, Улаанбаатарчууд бидэнд атаархдаг байсан. Гэтэл одоо бид эндхийн агаарын тунгалагийг гайхаж суух юм даа. Ийн бодсоор гэрийн тоонон дээр буусан тэнгэрийн оддыг сонирхон харсаар унтлаа.
 
                                                                     / хөгжим /
 
РЕДАКТОР: Маргаашийн их үдэд Булган сумын төвд эхэлсэн Тэмээний баярын нээлтэнд оролцлоо. Олон тэмээтэй хүн жагссаж явах нь ямар сүрлэг гээч. Тэмээний баярыг зохион байгуулагчдын, дэмжин оролцогчдийн, оролцож байгаа сумдын туг далбаа салхины аясаар дэрвэн хийснэ. “Түмэн тэмээ” аялалын холбоо, “Гурван тэмээ” жуулчны бааз, Аялал жуулчлалын газар, Булган сум хамтран энэ жилийн “Тэмээний баяр”-ыг зохион байгуулж байгаа юм байна.
Өнгөрсөн жилийн Тэмээний уралдаан бин битүү цасан дунд болж өнгөрсөн бол энэ жилийн тэмцээн салхин дунд болж байна. Лавтай 15 метрээс илүү хурдтай салхи бололтой. Хотын бид толгой өргөж чадахгүй шахам байхад хөдөөгийн наадамчид юу ч болоогүй аятай ажрахгүй байх юм. "Танай нутаг дандаа ийм салхитай байдаг юм уу? гэхэд, “Тийм шүү. Арц Богдын ар хоолойгоор төчнөөн метрийн хурдтай салхитай гээд цаг агаарын мэдээгээр байнга л зарлаж байдгийг та анзаардаггүй юм уу. Манай Булганыг монгол нутгийн салхины төв цэг гэж ойлгосон ч болно” гэж ирээд салхиараа бахархан ярих хүн олон.
Сонсогч та монголчууд салхийг олон янзаар нэрлэдэгийг мэдэх үү? Гүйгүүл салхи, сэвшээ салхи, хонгор салхи, хуй салхи... за тэгээд хөх салхи, цагаан салхи, хар салхи, шороон салхи гээд өчнөөн олон янз. Ямартаа л монгол хүн харийн нутагт явахдаа салхиа хамгаас илүү үгүйлэх билээ.
Үнэхээр салхи өнгөтэй, үнэртэй, амттай, хэлбэр дүрстэй, сүр хүчтэй болохыг, бас тэсвэр тэвчээр шалгадаг болохыг энэ салхины нутагт ирж байж л мэднэ. Өдий цаг бол тэмээний бие хаа тэгширч, хамгийн сайхан үе нь байдаг бололтой. Салхины аясаар үс ноос нь хийсээд улам ч сүр хүчтэй харагдана.
Сонсогч та манай нэвтрүүлгээс “морьтой наадам” гэж олонтоо сонсож байсан. Харин тэмээтэй наадам гэж дуулаагүй болов уу. Наадамд цугларсан зуу зуун хүмүүс цөм тэмээтэй гээд дүрслээд үз дээ. Ямар байна...? Сүр хүч гэж чухам үүнийг л хэлэх байх.
                                          / тэмээний уралдааны шум орж ирэх /
 
РЕДАКТОР: Та бүхэн тэмээний уралдаан сонож байна. Энэ жилийн уралдаан нартай, бас салхитай ч сайхан болж байнаа. Бидний хэдэн хүмүүс зурхай руу явж байгаа тэмээнүүдийг хараад “Ээ, энэ амьдад хэзээ давхиж ирнэ дээ” гэж байсан юм. Гэтэл бариа руугаа давхихаараа гайхалтай хурдан юм гээч. Биднийг машинаасаа бууж зураг авч, бичлэг хийгээд эргээд суух хооронд бараагүй шахам давхичихна. Хойноос нь нэхэж хөөгөөд урд нь гарч амжиж зураг аваад эргээд сууна. Энэ мэтээр ээлжлэн урд хойноо орсоор бид цугтаа шахуу барианд орж ирлээ.
Энэ уралдаанд газар газраас ирсэн 100 шахам тэмээ 17 км-ийн зайнаас уралдаж, Мандал-Овоо сумын малчин Амраагын улаан тэмээ түрүүлж, Дэлгэрхангайн Мөнхбатын хүрэн тэмээ удааллаа. Түрүүлсэн тэмээг унасан эзэн нь бүсгүй хүн байв. Монгол газар хурдан морьдыг бага насны хүүхэд унадаг бол тэмээг насанд хүрсэн эр, эм хэн ч унадаг онцлогтой. Одоо түрүүлсэн бүсгүйн яриаг сонсоё.
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
- Та өөрийнхөө тэмээг унаж уралдав уу, уралдаан ямар болов доо ?
-Тэглээ, өөрийнхөө тэмээг унасан. Салхи сөрж, бас газар өгсүүр байсан болохоор амаргүй байлаа. Гэхдээ тэмээнийхээ ааш   зангийг нь мэдэх хойно давхиулах газраа давхиулж, барих газраа барисаар орж ирлээ. Би ийм уралдаанд арав гаруй удаа оролцож байгаа болохоор  харьцангуй туршлагатай хүн л дээ.
 
      / Ботгоны тухай дуу тус сумын дунд сургуулийн сурагч дуулна /
 
РЕДАКТОР: Энэ жил нас бие гүйцсэн тэмээнээс гадна тором уралдсан. Сонсогч та тором гэж ямар амьтан болохыг мэдэх үү? Энэ бол дороо нэг юм уу, хоёр дүүтэй, дөнгөж хөхнөөс гарч яваа жаахан тэмээ. Мориор бол даага, хүнээр бол гурван настай хүүхэд. Та бодоод үз дээ, дөнгөж хөхнөөс гарч яваа амьтан гэхээр ямар байх билээ. Ааш аяг нь өхөөрдөм хөөрхөн. Уралдаж явснаа мартаад өөр тийшээ давхиж мэдэх л амьтан. Уралдааны замд нэг тором урагш давхихгүй, адарч унасан жаахан эзнээ мөн ч их зовоож харагдана билээ. Бас нэг тором уралдаж байгаагаа мартчихаад эргэж хараад зогсчих гээд л... Хэрэв унасан эзэнгүй бол ч уралдааны замаас гараад явчихаар байсан. Манай үндэсний телевизээр  гардаг “Мөлхөө тамирчид” нэвтрүүлгээр хэдэн маамуу уралдаж, зарим нь ээж рүүгээ зүтгэж уралдааны замаас гарч амьтан хүнийг инээлгэж байсан шиг явдал мөнөө л торомны уралдаан дээр гарч байлаа. Эхний зургаад давхиж явсан торомны овсгоотой эзэн бариан дээр эхийг нь буйлуулахад зургаад орж ирэх байсан тором эх рүүгээ ухасхийн хурдалснаар айргийн тавд орж хурсан олныг хөгжөөн баясгаж билээ. Ингэж хөгжилтэй, өхөөрдөм наадам болсноороо торомны уралдаан хамгийн сайхан нь байлаа.
 
                                                 / поло тоглож байгаа чимээ орж ирнэ /
 
РЕДАКТОР: Тэмээн поло... Энэ үг одоо монголчуудад сонин содон биш болжээ. Тэгээд ч Тэмээний баярыг поло тэмцээнгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ жилийн тэмцээнд 12 баг оролцож, тун өрсөлдөөнтэй тэмцэлдлээ. Тэмээн поло гурван өдөр үргэлжилсэн гээд боддоо. Тоглогчдийн ур чадвар түрүү түрүү үеийнхээс эрс дээшилсэн нь илт харагдаж байв. Ингээд Булган сумын Дэн бригадын Самдан, Ханхонгорын Саранхүү ахлагчтай баг тунаж, Булганы баг түрүүлж алтан цомын эзэн болсон юм.
Тэмээн поло шимтэн үзэж байсан хүмүүсийн нэг бол Швейцарийн жуулчин эмэгтэй байсан юм. Би түүнээс тэмээн поло ямар санагдаж байна даа? гэхэд, тэрээр: “Тун сонирхолтой юмаа. Тэмээ гэж ийм том амьтан унаад цохиурын тусламжтай бөмбөг тоглох амаргүй ч энэ хүмүүс их дадамгай тоглож байна. Зөвхөн поло үзэхийн тулд дахин дахин монголын говьд ирмээр санагдаж байна шүү” гэсэн юм.
РЕДАКТОР: Тэмээний баярын бас нэг сонирхолтой хэсэг нь “Тэмээтэй буухиа” тэмцээн байсан юм. 
 
                                                / Буухиа тэмцээний чимээ орж ирэх /
 
             РЕДАКТОР: Биеэр тийм ч өндөр биш хорь гаруй насны турьхан бүсгүйн шидсэн
             бугуйл хангал тэмээний толгойг алдахгүй буухад хүмүүс дуу алдаж байсан юм.
              Бугуйл  шидэж хангал тэмээг барьж авсны дараа хамтдаа дарж унагаад хамрыг нь                       цоолж буйллахад, нэг нь унаж номхруулаад, бусад нь ачаа ачиж, бас буулгах зэргээр
              тэмцэлдсэн энэ буухиа тэмцээн бяр чадал, овсгоо самбаа, хурд хүч шаардана. Энэ
              зуур сонсогч танд нэмж тайлбарлахад, буйллах гэдэг нь тэмээг унагаж дарж байгаад    
              хоёр талд нь үзүүр гаргаж бэлтгэсэн шор модоор хамрыг нь цоолж шургуулахыг 
              хэлдэг юм. Тэрхүү буйлнаас бурантаг гэх дээс уяад тэмээг жолоодож зална явна. 
              Сонирхолтой нь Ичинхорлоо ахлагчтай багийн 5 гишүүн бүгд бүсгүйчүүд байсан юм. 
              Эрчүүдтэй эн зэрэгцэн ана мана үзэлцсэн говийн хүүхнүүд үнэхээр гайхалтай    
              байсан. Эмэгтэй шинжээ алдсан тэдний юуг нь гайхаж бишрээд байгаа юм 
               гэж  зэмлэх хүн байвал дараах ярилцлагыг сонсоорой.
 СОРОНЗОН БИЧЛЭГ:
Сурв: Чи хэдэн настай вэ. Бугуйл мөн сайхан шидэв ээ, эрчүүд бүр дуу алдаж байсан шүү?
Бүсгүй-1: Би 24–тэй. Багаасаа л адуу малтай хөөцөлдөж бугуйл шидэж сурсан. Манайх тэмээнээс илүү адуу олонтой айл л даа. Манай говьд уурга хийчих мод байх биш, тэгэхлээр бугуйл шидэж сурна шүү дээ.
Сурв: Хамгийн амаргүй хэсэг нь юу байв даа?
Бүсгүй-2: Хангал тэмээ сургах хэсэг. Харамсалтай нь бидний сургах тэмээ олигтой булгиж өгсөнгүй. Уг нь бүсгүй хүн хангал тэмээг яаж номхруулдагыг харуулах гэсэн юм.
Сурв: Эрчүүд тэмцэлддэг энэ уралдаанд бүсгүйчүүд оролцох нь тийм таатай зүйл гэж үү?
Бүсгүй-3: Говийн бүсгүйчүүд хэзээнээсээ эрэмгий. Эрчүүдээс дутахгүй бүгдийг хийж сурсан хүмүүс. Харин сүүлийн үеийн бүсгүйчүүд хатуу  хөтүүгээс зугатах болжээ. Тиймээс бид залуу үеийхэндээ үлгэр дуурайл болох гэж энэ тэмцээнд оролцсон юм. Манай багт ээж, охин хоёр байгаа. Хамгийн ахмад нь 56 настай.
Сурв: Тэмээ буйллах эмэгтэй хүнд бүр ч хэцүү ажил шиг санагдлаа. Танай нутагт энэ ажлыг эмэгтэй хүн хийдэг юм уу?
Бүсгүй-4, 5: Хийлгүй яахав. Ер нь аль чаддаг нь хийхээс биш, заавал эр хүн хийнэ гэсэн юм байхгүй. Харин энэ тэмцээнд бид тав хамтарч тэмээ унагаж буйллаж байна. Амьдрал дээр аль ганцаараа тэмээ малтай ноцолдохыг тэр гэх вэ. Ганцаараа тэмээг дарж унагаж байгаад ноослох явдал зөндөө шүү дээ.
 
РЕДАКТОР: Сонсогч та энэ эрэмгий таван бүсгүйчүүдийг том биетэй, бараг л эр хүн шиг булиа гэж бодож байна уу? Үгүй ээ, тэд ердөө жижигхэн биетэй, уяхан туяхан юм. Говийн хүүхнүүд гайхмаар байгаа биз...?
 
                                                                               / хөгжим /
 
РЕДАКТОР: Тэмээний баярын төгсгөл буюу хамгийн өнгөлөг, бас хамгийн уянгалаг хэсэг нь “Говийн сайхан хос” буюу говийн мисс, мистер шалгаруулах тэмцээн байсан юм. Унасан тэмээнийхээ нас, зүсийг ижилсүүлэн гоёхоос гадна, өөрсдийнхөө өмссөн хувцас, зүүсэн гоёл чимэглэлээ ижилсүүлэн гангарсан 10 хос наадмын талбайг гурвантаа тойрон явахад хүмүүс уухайлан дэмжиж байлаа. Гоо сайхан аливааг өмнөө сөхрүүлдэг гэсэн үгийг батлах шиг нүүр нүдгүй салхилж, унагачих шахан байсан салхи хаачихваа гэмээр нам тайван болсон нь бүр ч гайхалтай. Үргэлж салхилж, эсвэл нар шарж байдаг нутгийн хүмүүсийг өнгөлөг, бас царайлаг байх нь ховор гэж хэн хүнгүй л бодох бизээ. Гэтэл байгаль ийм хатуу хөтүү цаг агаартай газар оронд зурсан юм шиг, нар сар шиг сайхан бүсгүйчүүдийг харамгүй заяажээ. Эрт урьдын домог түүхэнд ч говийн үзэсгэлэн гоо хатад, бүсгүйчүүдийн тухай олонтоо бичсэн байдаг.
Ингээд говийн “тэргүүн” сайхан хосоор Мандал-Овоо сумын малчин хос шалгарсан юм. 200-гаад тэмээтэй ажилсаг, бас золбоотой, сэргэлэн байрын эр зүс царай, нуруу туруугаараа нутаг ус байтугай гадныхныг ч алмайруулсан сайхан гэргийтэй гэдгээ наадамчин олонд ёстой нэг гайхуулсан. Бас говийн сайхан бүсгүй Батдолгорын ялдам хөөрхөн дүр төрх гадаад, дотоодын жуулчдын дуранг мөн ч их мялаасан даа. Ингээд сайхан хосын яриаг сонсгоё.
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
-          Сайхан хосыг ямар шалгуураар шалгав даа?
-          Бидний тэмээний зүсийг их сайхан, бас унасан тэмээг минь өндөр ширээ бөхтэй, бие хаа сайтай сайхан тэмээ байна гэсэн.
-          Тэмээний бурантаг, энэ тохом их сайхан юмаа. Бас та хоёрын энэ ганган дээл, хантаазыг бүсгүй та урласан байх даа?
-          Тиймээ. Бид хоёрын энэ гоёл энэ жилийн цагаан сарын гоёо юм шүү дээ. Би эгчтэйгээ хамжиж байгаад битүүний орой оёж дуусгасан. Харин тохом болоод бусад зүйлийг би өөрөө урласан.
-          Таны энэ зүүсэн монгол эрийн гоёл сайхан эд байна шүү, үе дамжиж ирсэн үү?
-          Тиймээ гурван үе дамжиж ирсэн 60 лангийн дарьганга хийцийн мөнгөн хэт хутга. Говийн эрчүүдийн гоёл энэ мөнгөн эд юм шүү дээ.
-          Таны гэргий их сайхан бүсгүй юм. Зөрсөн болгон эргэж хараад байх юм. Танд хардах сэтгэл төрдөг үү?
-          Яалаа гэж, сайханд нүд буруугүй гэдэг биз дээ. Бид хоёр гэрлээд таван жил болж байна, хоёр хүүхэдтэй. Хөдөөгийн малчин хүмүүс...
 
РЕДАКТОР: Тиймээ, сайн эр эхнэрийн сайхныг дагуулж, гоо үзэсгэлэн ямагт эр зоригийг дагаж байдаг хойно доо...
 
                                                                             / хөгжим /
 
РЕДАКТОР: Наадмын үдэш би “Гурван тэмээ” жуулчны баазын тохилог өргөөнд оройн зоогоо идэж уух зуураа Хүүхдийн асрамжийн төвийн ажилтан, АНУ-ын иргэн хадагтай Бэвэрли Рүда, Америкийн Олон улсын хөгжлийн агентлагийн захиарал Жонотан Эдлтон, Элайно, бяцхан Камерон, Катриона нартай Тэмээний баярын сонин сайхныг хөөрөлдсөн юм.
СОРОНЗОН БИЧЛЭГ - ангилаар:
-          Тэмээний баяр их сайхан боллоо. Поло тэмцээн их сонин байлаа. Гэхдээ жинхэнэ поло-гоос жаахан өөр байсан шүү. Ийм өндөр тэмээнд дээрээс тонгойж ирээд бөмбөг цохих их сонин санагдсан.
-          Бид энд монгол гэрт 3 хонолоо. Монгол гэр тун тохилог, бас дулаахан юм. Ер нь жуулчид буудалд буухаас илүүтэй гэрт байх дуртай л даа. Яагаад гэвэл монгол гэр монголчуудын тодоос тод онцлог шүү дээ.
-          Тэмээ сүр жавхлантай тун сайхан амьтан юмаа. Бидний зарим нь бүр Америкаас тэмээний баяр үзэхээр зорьж ирсэн. Баяр их сайхан байлаа. Тэмээ ноос ноолуур нь гуужаагүй байхдаа их сүрлэг байдаг юм байна. Салхинд үс ноос нь босоод бүр ч сүртэй байсан шүү.
-          Тэмээний уралдаан их таалагдсан. Бас өөрсдийнхөө сонгож оноосон тэмээг түрүүлэх болов уу гэж хүлээж зогсох бүр ч сонирхолтой, харамсалтай нь миний тэмээ түрүүлээгүй...
-          Би их олон газар оронд очиж үзсэн.Говийн хүмүүс их эрэмгий, хүчтэй сайхан хүмүүс юм. Тэр дундаа хүүхнүүд нь бүр ч онцгой юм.
-          Монголд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх боломж их байна. Тэмээний баяр аргагүй л өвөл зохицсон наадам юм. Өнгөрсөн жил би Хөвсгөлд очсон. Тэнд бүр Швейцариас тэшүүрчид ирчихсэн гулгаж байсан. Энэчлэн монголд зөвхөн зун биш, өвлийг үзэхийн тулд улам олон жуулчид ирэх болно гэдэгт итгэлтэй байна.
-          Үнэхээр монголд өвөл ирэх нь сонин юм байна. Монгол орон хуурай уур амьсгалтай болохоор Пенселванд 20 жил даарсан шиг монголд даарахгүй гэж хэлж болно. Тэгэхлээр монголд өвөл ирэх хэрэгтэй юм байна шүү. Монголын өвөл хэдий хүйтэн ч нар ээж байдаг юм, хүмүүсээ.
 
                                                                                    / хөгжим /
 
РЕДАКТОР: Ингэж тэмээтэй нутгаас хийсэн салхитай, тэмээтэй сурвалжлагаа  өндөрлөөд  ургах нар тосон давхисаар Даланзадгад хотод ирж, гадаадын жуулчид, бас зарим төлөөлөгчид тэнгэрээр онгоц хөлөглөн Улаанбаатар руу буцаж, харин би “Гурван тэмээ” жуулчны баазын менежер бүсгүй Мөнхөө, фото сурвалжлагч Ганаа, Цогоотой хамт газраар машин хөлөглөн буцлаа.
Мандалговиос хөдлөөд 10 гаруй км-ийн зайд гэнэт шороон шуурга босож, улмаар зам харагдахгүй болж, аргагүйн эрхэнд үе үе зогсож явлаа. Эргэн тойрон юу ч харагдахгүй болох үед үнэхээр түгшүүртэй юм билээ. Гэсэн хэдий ч үүрэг юм хойно бичлэг хийж амжсан шүү.
 
                                                      / хүчтэй шороон шуурганы чимээ /
 
РЕДАКТОР: Энэ дуу чимээг та сонсож байгаа биз. Төмөр дээвэр дээр хүчтэй мөндөр бууж байгаа мэт байна уу?
Бид наад зах нь 15-16 км газар ийм шороон шуурга туулсаар нар гийсэн талд гарч ирлээ. Нар үзэхээр хүний сэтгэл уужирдаг юм хойно саяны аймшигт шороон шуурганы түгшүүр ард үлдэж, би өнгөрсөн жилийн Тэмээний баярт оролцож явахдаа цасан шуургатай учирснаа, бас 45 км  цасан замыг 6 цаг туулснаа сонирхуулж ярьж явлаа... Гэтэл УБ хотоос 120-оод км зайд орших Дов хэмээх газрыг өнгөрөх үед хүссэн юм хүзүүгээр татна гээчээр өнөө битүү цасан далайтайгаа учрах нь тэр. Бидний машин цасанд сууж, бие биенээ ээлжлэн татсаар 20 км орчим газар туулах үед өмнөөс ирэх цасан бүрхүүлтэй машин, бас хээрийн зам дээр бүтээгээд хаясан олон машинтай тааралдах боллоо. Зөрж өнгөрөх машины жолоочоос замын байр байдлыг асуухад “Бага үдийн алдад гэнэт цасаар шуурч, машины зам мөр цасанд булагдаж, цас ухсаар арай хийн гарч ирлээ” гэж ярьж байна. Хотоос бага үдэд гарсан тэд элбэг 80 шахам км газрын цас ухаж урагшилсаар ийн үдшийн 10 цагийн алдад цасан далайн зах үзэх гэж яваа нь энэ ажээ. Биднийг хотоос гарах үед  цас ханзарч, газар бүхэлдээ харлаж байсан энэ нутаг дөрвөн хоногийн дараа ингэж танигдахгүй болтол хувирчээ. Хаврын тэнгэр хартай гэдэг энэ дээ.
Үдшийн 8 цаг гэхэд гэртээ ирчихсэн байх бид ийн нийслэлийнхэн зүүд нойрондоо ид умбасан шөнийн 1 цагт утаа үнэртсэн хотдоо орж ирснээр энэ удаагийн аялал өндөрлөсөн юм. Аялал бүхэн адал явдал дүүрэн байдаг хойно доо.
Адал явдалд дуртай аялагч та Монголын өвөл ирвэл бүр ч сонирхолтой байх болно. Сонсогч та манайд ирээрэй...


                                                                                                                        2004 он 
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив