Lucky Charms Rainbow

Sunday, February 17, 2013

Харьд мордсон хатдын мөрөөр...



Гадаадын чиглэлд...

НЭВТ: “ТАЛЫН АНИР” продагшн толилуулж байна.
 
                                                             / эхлэл орж ирэх /
 
НЭВТ: Энэ удаа Радио-Телевизийн сургуулийн сэтгүүлчийн 2-р ангийн оюутан Болорцэцэг Монголын түүх, түүхэн хүмүүсийн талаар сонирхдог сонсогчдод зориулж “Харьд мордсон монгол хатдын мөрөөр...”  тэмдэглэлээ сонсгохоор манай студид ирээд байна.
 
                                                                  / таслал /
 
ХӨТ: Сонсогч та хаант төрийн хос баганы нэг-монгол хатдын талаар сонсож байсан уу. Тэгвэл би ярьж өгье. Наашаа дөхөөд суугаарай.
 
                                                                  / хөгжим /
 
ХӨТ: Одоогоос 800 гаруй жилийн тэртээд монголчууд их хүчирхэгжиж, дэлхийн талыг эзэлж байсныг хүн төрөлхтөн баргаараа мэднэ. Монголчууд их хатдын түүхийг Алунгоо хатнаас эхтэй гэж үздэг юм. Тун энгийнээр хэлбэл, монголчууд бидний эртний эмэг нь энэ хүн. Үүнээс хойш Өүлэн, Бөртэ, Сорхогтана, Чимбай, Мандухай, Ану... гээд олон олон ухаант хатад бий. Монголын түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд ч өөрийн нэмрээ оруулсан ухаалаг, баатар хатдыг бүгдийг нь ярих юм бол цаг хүрэхгүй.
 
                                                               / хөгжим /
 
ХӨТ: Сонсогч та намайг сонсож байна уу, би одоо гол зүйлээ хэлэх гэж байна. Холч ухаантай, эгэл даруу, цэргийн эрдэмд гарамгай монгол хатад бүр хил алгасан, тив дэлхий, далай тэнгис нэвтлэн улс төрийг төвхнүүлж явсан тухай та сонсож дуулж байсан уу? Ер нь та дэлхийн түүхийг хэр сонирхдог вэ? Солонгосын 31 дэх хааныг Гон Мин гэдэг, тийм биз?
Их Монгол улсын үед зарим ноёд харь орноос хатан буулгадаг байсан бол хаа холын Солонгос орны 26-31 дэх үеийн хаадууд бас талын монголоос хатан буулгадаг байжээ. Энэ уламжлалаар Солонгосын Гон Мин хаан 6 зууны тэртээд Юан гүрний үеийн нүүдэлчин аймгийн 15 орчим насны охиныг хатан болгож авчээ. Түүний нэрийг нь Но Гү гэдэг. Но гү хатныг мэдэхгүй солонгос хүн гэж үгүй гэнэ. Сонсогч та солонгос найз нөхдөөсөө асуугаад үзээрэй. Тэд “Но Гү-гийн нулимс” гэхлээр андахгүй.  Солонгост очсон талын охин суурин иргэдийн тансаг шилтгээнд идээшихгүй, дүнхийсэн өндөр хөх уулсын дээгүүр нутгаа санан ширтэн суудаг байжээ. Гон Мин хаан хайртай хатнаа өрөвдөхдөө өнөө өндөр хөх уулыг нь сэтлээд, бэлд нь нуур бий болгож өгчээ. Но Гү хатан 18 насандаа бие давхар болсон хэдий ч үрээ төрүүлж чадалгүй насан өөд болсон гэдэг. Хатнаа нас барснаас хойш Гон Мин хаан 3 жил ганцаар явсаар 45 насандаа өөд болсон гэлцдэг. Ай даа, ер нь тэгээд Гон Мин хаан их ухаантай, үнэнч хүн байж шүү. Учир нь хаан нас барахаасаа өмнө хайртай хатандаа зориулж монгол гэр хэлбэртэй бунхан бариулж Солонгосын ард түмэнд тэр бунхныг үргэлж эргэж тойрч байхыг зарлиг болгосон юм билээ. 
 
                                                / хөгжим /
 
ХӨТ: Саяхныг хүртэл Солонгосчууд Но Гү хатны бунхныг эргэж тойрдог заншилтай байжээ. Харин өнөө сэтлүүлсэн ууланд нь хөх цэцэгс ургасан гэдэг. Түүнийг солонгосчууд “Но Гү-гийн нулимс” гэдэг гэсэн. Сонин байгаа биз? Харин тэр хөх цэцгийг манайд “Бэр цэцэг” гэж нэрлэдэг юм. Нарийхан иштэй, томоо толгойтой бөгтөр цэцэг. Монгол хатан Но Гү маань их л холын бэр байж дээ, хөөрхий. Хэдийгээр ахархан хугацаанд амьдарсан ч хаан болоод солонгос түмний сэтгэл зүрхэнд ийн мөнхрөн үлдэх болсон нь монгол бүсгүйн ухаан, хүч нөлөө их байсных бизээ гэж бодно. Хэрэв та монгол хатны бунхныг үзэхийг хүсвэл Солонгосын Пхеньян дүүргээс хойш 200 км-т орших “Гэ-Сөн” хотод байдаг гэсэн шүү. Сураглаад нэг очоорой. 
 
                                                               / хөгжим /
 
ХӨТ: Хүлээгээрэй, миний тэмдэглэл арайхан дуусах болоогүй байна. Та арай залхаагүй биз дээ? Одоо би дахиад нэг харьд мордсон монгол хатны түүх өгүүлэх гэж байна. Хятадын түүхэнд 300 шахам жил ноёрхсон Чин гүрний түүхийг хүн бүхэн мэднэ. Чин гүрний хаадын өвгийг Нурхач гэдэг. Нурхачийн 8-р хөвүүн Хунтайж 15 настай монгол охинтой ураглаж, хатнаа болгосон юм. Түүний монгол нэрийг Амирлангуй гэх боловч зарим хүн Ху-ванхэү нэрээр нь илүү таних байхаа. Амирлангуй хатан Чин гүрнийг төвхнүүлэх үйл хэрэгт өөрийн хүч, оюун ухаанаа шавхаж байсан юм. Хунтайж нас барж, түүний хүү Сүнжи хааны ор залгаснаар Чин гүрний анхны он тоолол буюу “Эеэр засагч”-ийн төр эхэлсэн түүхтэй. Эеэр засагчийн дараагаар хаан ширээний төлөөх тэмцэл хүчтэй өрнөв. Энэ үед Амарлингуй хатан маш няхуур аргаар төр улсаа удирдаж байсан гэдэг. Ингээд хатны ач хүү Шао Ван Еэ 1662 онд 8 настайдаа хааны их сууринд заларч, Кан-си буюу “Энх-Амгалан”-гийн төр эхэлжээ. Танил нэр байгаа биз? Хятадын түүхэнд нэр нь мандсан Чин гүрний их хаан Энх-Амгалан гэж. Тэрээр монгол бүсгүйн сургаал дор ухаан сууж, өсөж өндийсөн хүн. Энх-Амгалан хаан Амирлангуй хатан эхийн мэргэн ухааныг чанадлан сахиж, тулгар төрөө удирдсан түүхтэй. Монгол хатан 1687 онд 75 насандаа өөд болсны хойно Энх-Амгалан хаан эмэг эхдээ “Танхимдуу, Амарлингуй, Гэгээн сод Ху-ванхэү” хэмээх цол нэхэн өргөмжилсөн гэдэг. 
 
                                                             / хөгжим /
 
ХӨТ: Эрхэм сонсогчид оо, Талын монгол хатад ийн улс орондоо төдийгүй харьд  ч баатарлаг сайн үйл бүтээж явжээ. Би энэ удаа тэнгис далай, уул ус алгасан одсон бяцхан Но Гү, эрэлхэг Амирлангуй гэх монгол хатадын түүхийн өчүүхэн хэсгийг нэхэн дурслаа. Магадгүй танай улсын түүхэнд ч талын монгол удмын хатад байж ч магад, судлаад үзээрэй.
Өнөөдөр дэлхий дахинаа эгэл агаад эрхэмсэг, эрдэмт монгол хатад, охидын тухай их бичих болжээ. Тухайлбал, “Хэрэв Чингэс хааны ухаант охид байгаагүйсэн бол дэлхийн талыг эзэлж чадах байсан гэж үү...” гэж Америкийн түүхч, судлаач Жак Уэтэрфорд “Монгол хатадын түүхэн товчоо” хэмээх номондоо бичсэн байдаг. Тиймээ, тэр нэгэн цагт их эзэн Чингэс хаан хайртай охиноо хадамд мордох үед нь:
“Хатан хүнд гурван эр буй
 Анхны эр нь алтан төр
 Удаах эр нь ариун нэр
 Дараах эр нь авсан эр болой...” гэж захиж хэлж байжээ. Тэр цагаас хойш гайхамшигт монгол хатад эзэн Чингэсийн сургаал дор явж иржээ. 
 
                                                                   / таслал /
 
НЭВТ: Сая та бүхэнд оюутан Болорцэцэг “Харьд мордсон хатадын мөрөөр” тэмдэглэлээ сонсголоо.
 
2010 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив