Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Нойрсуулагч эмч...

/ Сонсож болно /



НЭВТ: Та бүхэн Хавдар судлалын төвийн ахмад эмч Чойндонгийн Нанзадын тухай НОЙРСУУЛАГЧ ЭМЧ хөрөг хүлээн авч сонсоно уу.
 
                                                                         / хөгжим /
 
НЭВТ: Хавдар судлалын төвийн нэгэн өрөөнд тавь эрт хэвийсэн нэг эр тамхи уугиулан бодол хөврүүлэн сууна. Тэрээр мэс заслаас дөнгөж сая гарч ирээд сурсан зангаараа ийн суухад бие сэтгэл нь тавирах шиг болдог аж. Мэс заслын дараа тамхиа татан бодол болон суудаг мөч нэгэнтээ 10 мянга шахжээ. Энэ бага тоо бишээ. Нэг үгээр хэлбэл тэр 10 мянгантаа түгшиж, 10 мянгантаа сэргэжээ гэсэн хэрэг. Гэхдээ энэ өдрийх шиг уртын урт бодол хөврүүлж суугаагүй шиг... 
 
                                                                     / хөгжим- гунигтай /
 
НЭВТ: Увс нутгийн өвөл бусад нутгийнхтай адилгүй хатуу билээ. Тас хийсэн жавартай өвлийн тэр нэг өдөр хүүгийн эх хорвоог орхин оджээ. “Бурхан болсон хүн эргэж ирдэггүй юм. Хүү минь том болоод энэ айхтар өвчнийг эдгээдэг юм шүү” гэж аргадах томчуудын үг үхэл гэдгийг мэдэхгүй жаахан хүүгийн сэтгэлд тодоос тод хоногшин үлджээ. Хожим залуу хүүгээс эцгийг нь өнөө л аюулт өвчин бас л салган оджээ. Тэр цагт залуу хүү энэ өвчнөөс хүмүүсийг ангижруулахсан гэж эрс шийдсэн юм. Өнөөдөр түүнийг их багагүй цөм “Нааяа эмч” гэж хүндэтгэн дуудах болжээ.
Нанзад эмч утаа униар дунд ийн бодолд умбан суутал, үүд нээгдэн “Нааяа эмчээ  дараагийн мэс засалд бэлтгэх цаг боллоо” гэх сувилагч бүсгүйн дуу бодлыг нь тасаллаа. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
-мэс заслын өмнөх ярилцлага...

 
НЭВТ: Чойдонгийн Нанзад 1941 онд Увс аймгийн Сагил сумын нутаг Боршоо хэмээх газар төржээ. Эмч гэсэн алдар хүртээд өнөөдөр 33 дахь зунтайгаа золгож байна. Үүнээс 30 шахам жилдээ тасралтгүй “унтуулагч эмч”-ээр ажиллаж байна. 23 жилийн өмнө Хавдар судлалын төвд унтуулагч эмчээр ирж, дараа нь Москва хотын А.П.Герцоны нэрэмжит институтад суралцаж, эмнэлэгтээ олон эмийг судсаар өгч нойрсуулдаг арга нэвтрүүлсэн нь эдүгээ “Нанзад эмчийн сургалт” гэж нэрлэгдэх болжээ. Мэс засалд оролцож байгаа эмч нарт төдийгүй өвчтөнд хор нөлөөгүй энэ арга улсдаа анхных нь байлаа. Тэрээр энэ арга барилдаа олон эмч нарыг сургажээ. Одоо түүний нөхдийн хэлэх үгийг сонсоё. 
 
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
Нарантуяа, Оюунбат нарын яриа.......

 
НЭВТ: Дөрвөн цаг шахам үргэлжилсэн мэс засал дуусаж Нанзад эмч өрөөндөө эргэн ирж өнөө л сурсан зангаараа тамхиа асааж урт гэгчийн сороод бодлоо үргэлжлүүллээ.
Сая хүндхэн мэс засал өнгөрлөө дөө. Энэ миний хувьд хорт хавдарт хийсэн 7000 дахь мэс засал болж байх шив. Нас залуу байхад ядрах нь бага, бас их зоригтой байж дээ. Гурван жилийн өмнө төрсөн ганц эгч Буньяадаа мэс засал хийж байхдаа мөн ч их түгшиж байж билээ. Өнөөдөр эгч маань эрүүл саруул хуучин янзаараа үр хүүхдүүдийнхээ дунд жаргаж сууна. Энэ эмч болсны минь хүсэл биеллээ гэсэн үг. Эжий аав хоёр маань эргээд нэг хардагсан бол “Овоо доо миний улаан хүү, хүн болжээ” гээд духыг минь үнэрлэх байсан байхдаа. Хамгийн гол нь цаг алдаж болохгүй, биеэ хянаж яваарай” гэж хүн бүрт хэлмээр санагдах юм. 
 
           СОРОНЗОН БИЧЛЭГ:
Нанзад эмчийн яриа.............

 
НЭВТ: Мэс заслын үед унтуулагч эмч хамгийн гол амин судсыг нь барьж байдаг хүн. Тиймээс ч мэс засалчид Нааяа эмчтэй нэг ээлжинд таарвал ихэд олзуурхана. Нанзад эмч мэс заслын дараа учирч болзошгүй хүндрэлээс сэргийлж 1980 онд Эрчимт эмчилгээний тасгийг үүсгэн байгуулжээ.
Нанзад эмч элэгдэж хуучирснаараа соёлтой орны музейд тавигдах шахсан хэдэн аппарат хэрэгслээ засаж сэлбэж, янзалж тордохын хувьд энэ газартаа инженер л гэсэн үг. Мөн өөрийн гэсэн арга барил, ажил мэргэжлийн арвин туршлагаараа энэ төвдөө “эцэг” нь болсон хүн. Төр засаг түүний хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон хүртээжээ. 
 
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
Өвчтний яриа үргэлжлэх............... 


                       / хөгжим /  
НЭВТ: Унтуулагч эмч гэж мэс заслын үед хүний амин судсыг барьж байдаг атлаа тэр бүр хүний нүдэнд торж тодроод байдаггүйчлэн Нанзад эмч мөн тийм хүн ажээ. Түүнд хийж бүтээсэн, хэлж ярих зүйл тун их атал “За, ингээд яриагаа дуусгах уу даа” гээд тамхи руугаа гар сунгаж билээ. Энэ нь яриа уртсаж, бодол сунав. Одоо ажилдаа орж өвчтнийхөө биеийн байдлыг ажиглая гэж буй бололтой. Дуугүй хүн дотроо ярьдаг гэдэг. Юутай ч олны хайр хүндэтгэл хүлээсэн ийм нэгэн эмч намуухан дуугарч, үе үехэн зөөлөн инээд алдан мэс заслаас мэс засалд орж гарсаар гурван арван жилийг ардаа хийжээ. Ингэж явахдаа тэр эдгэшгүй өвчин туссан хүмүүсийг амьдралд нь эргүүлэн оруулахын төлөө бие сэтгэл, оюун ухаанаа зориулж явнаа. 
 
                                                                                                                                               1997 он
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив